Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 23

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч М.Алтанцэцэг, иргэдийн төлөөлөгч Ж.Түвшинжаргал, хохирогч Б.Жигжид, иргэний хариуцагч Д.Баярсайхан, шүүгдэгч Д.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/, Б.Ганпүрэв /ҮД:0647/, гэрч Н.Бямбагэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “МОХ” ТББайгууллагын ерөнхийлөгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 203 дугаар байрны 11 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:АО86021311/ Өндөрийнхөн овогт Дашзэвэгийн Батбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201501000155 дугаар 105/2016/0614/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Батбаяр “МОХ”, төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны данснаас 105.000.000 төгрөг авч, итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс найз Н.Бямбагэрэлд 100.000.000 төгрөгийг нь зээлүүлэх нэрийдлээр өгч, нийт 115.000.000 төгрөгийг үрэгдүүлэн, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батбаярын: Би МОХ-ны ерөнхийлөгчөөр 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн чуулганаар нэр дэвшигдэж сонсогдсон. Нэр дэвшигдэж сонгогдохдоо мөрийн хөтөлбөртөө ажиллах хугацаандаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, сургалтын төлбөрийн тэтгэлэг зэрэг зүйлүүдийг тусгасан байсан. Тийм учраас Төрийн банктай хамтраад 3 ажилтандаа ипотекийн зээл авах хамтын ажиллагааны хүрээнд тохиролцоо хийсэн. Энэ хүрээнд 2 ажилтан маань зээл авсан. Тухайн үед байраа сонгоод бичиг баримтаа бүрдүүлээд ипотекийн зээл авах үед нь “урьдчилгаа 10% болно, байраа бэлэн мөнгөөр зарна” гэсэн зүйл хэлсэн. МОХ байнга санхүүгийн асуудалтай байдаг учраас өмнө нь удирдах хэмжээнд 100.000.000 төгрөгийг эрсдлийн сан болгоод байгууллагын нэр дээр данс нээлгэж, хүү бодогдож байгаа учраас нэг ч гэсэн ажилтны цалинг шийдэх боломжтой юм. Зуны амралт болж оюутнууд амрахаар дагаад амардаг бөгөөд нягтлан Дорнод аймаг руу явах гээд тухайн өдөр 100.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Гэтэл Бямбагэрэл “хадгаламж нээлгэх 100.000.000 төгрөгөө байр авах зээлд зарцуулаач” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан. Бямбагэрэл бид нар найзууд биш. МОХ-ны чуулганаар сонгогдсон МОХ-ны зөвлөх юм. Гүйцэтгэх албан тушаалтай ажилтны нийгмийн асуудлыг шийдэх үүднээс хадгаламж нээлгэх гэж  байсан 100.000.000 төгрөгийг Бямбагэрэлд зээлүүлсэн. Төрийн банкны захирал, удирдлагуудтай ярилцсан учраас 100.000.000 төгрөг буцаж хурдан хугацаанд орж ирэх юм байна гэсэн итгэлтэй байсан. МОХ-ны дүрэм журам болон намайг ажилтан байхад нэг ба түүнээс дээш сая төгрөгийг МОХ-ны ерөнхийлөгч дангаараа захиран зарцуулах эрхтэй байдаг. Манай байгууллага 2 жил болоод удирдлага нь солигддог бөгөөд холбогдох дүрэм журмууд олдохгүй байсан учраас энэ талаар бүрэн судлалгүйгээр дураараа мөнгө олгосондоо харамсаж байна. Би уг мөнгөнөөс хувьдаа 100 төгрөг ч аваагүй. Зөвхөн ажилчдын цалингийн зээл, 9 дүгээр сард зохион байгуулах үйл ажиллагааны санхүүжилт болон Бямбагэрэлд зээл олгосон гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жигжидийн: Тухайн 100.000.000 төгрөг нь МОХ-ны дотоод үйл ажиллагаа болох цалин, татвар, нийгмийн даатгал зэрэгт зарцуулагдах мөнгө юм. Манай байгууллагын ажилтан Бямбагэрэл /МОХ-ны зөвлөх/ байр авах гээд хүсэлт гаргаад тухайн мөнгийг МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр шийдэж МОХ-ны зөвлөх Бямбагэрэл байр авсан байсан. Иймээс байгууллагад 100.000.000 төгрөгний хохирол учирсан. Харин 5.000.000 төгрөгийг манай дэд ерөнхийлөгч, нягтлан нар цалингийн зээл гэж авсан бөгөөд цалингаараа төлсөн. Харин 10.000.000 төгрөг нь 9 дүгээр сард зохион байгуулдаг оюутны тангаргийн баярт зарцуулагдсан. Манай байгууллага Д.Батбаярыг 15.000.000 төгрөг үрэгдүүлсэн гэж үзэхгүй байгаа. Одоо байр авсан 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч уг байрыг хохиролдоо тооцож авах хүсэлтээ гаргасан.Иймд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хороолол,Энхтайвны өргөн чөлөө гудамж 57 дугаар байр 13 тоот хаягт байршилтай 79.8 мкв 3өрөө орон сууцыг манай холбоонд олгож өгөхийг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Баярсайханы: Над руу 07 дугаар сард найз Бямбагэрэл залгаад “чиний нэр дээр байр худалдаж авах гэсэн юм, боломжтой юу” гэж хэлэхээр нь болно гэж хэлсэн.Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 4 давхарт 3 өрөө байрыг гэрээ байгуулаад миний нэр дээр худалдаж авсан. Тэгээд Бямбагэрэл “чиний нэр дээр байх хугацаанд ипотекийн зээлээ хөөцөлдөөд чамаас худалдаж авах шаардлагатай байна” гэж хэлсэн. Уг байр миний нэр дээр байгаа бөгөөд байранд Бямбагэрэл амьдарч байгаа.Энэ байрыг миний нэр дээрээс шилжүүлж авахад татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Бямбагэрэлийн: Би МОХ-ны зөвлөхөөр ажилладаг,тухайн үед байр авах хүсэлт өргөдлөө ерөнхийлөгч Д.Батбаярт гаргасан байсан. Ингээд 2015 оны 7 сарын 8-ны өдөр 100.000.000 төгрөгийг МОХ-ны байранд бэлнээр Д.Батбаяраас авсан. Д.Батбаяр уг мөнгийг өгснийхөө төлөө ямар нэгэн амлалт, үүрэг хүлээлгээгүй. Тухайн байр найз Баярсайханы нэр дээр байгаа. Би тухайн мөнгийг ажил эхлэхээс өмнө буюу намар хичээл эхлэхээс өмнө өгөх байсан боловч  тухайн үед хөөцөлдөж байсан материалууд банкны шаардлага шалгуур, ипотекийн зээл 10% болно гэсэн үйл ажиллагаа зэргээс буюу банкны талаас бүтээх асуудал нь удааширч сунжирсан. Би байгууллагын мөнгөнөөс авч байна гэж ойлгож мэдэж байсан. Ипотекийн зээлээрээ эргүүлэн төлөх, тухайн үед хөөцөлдөж байсан ажил, нөхцөл байдал боломжтой харагдаж байсан учраас болгочихъё гэж бодсон боловч зээл бүтээгүй. Ямар нэгэн өөр ашиг сонирхлоор хандаагүй. Тухайн байр найз Баярсайханы нэр байгаа боловч би амьдарч байгаа.Өөрийн зүгээс 15.000.000 орчим төгрөгийг байгууллагад өгсөн.Байраа битүүмжлэлээс гаргачихвал байгууллагад учруулсан хохирлоо төлнө гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Батцоожийн: ...2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг МОХ дээр байхад манай холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр “зуны амралтын үе эхэлсэн манай холбооны дансанд байгаа мөнгийг байгууллагын хадгаламж нээлгэж, хадгалуулж хүү олж авъя” гэж хэлээд баримт дээр гарын үсэг зуруулж авсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-224-225/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бямбагэрэлийн: ... Д.Батбаяр өмнө нь холбооны мөнгийг хадгаламж нээлгэж хадгалах талаар ярьж байсан учир би Д.Батбаяраас мөнгө зээлэх талаар санал тавьсан. Би Д.Батбаяраас гуйсаар байгаад 100.000.000 төгрөг зээлэхээр болсон. Д.Батбаяр надад 100.000.000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн, уг мөнгийг би шууд байр худалдаж байгаа залууд хүлээлгэн өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-217-218/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бархасбадьхүүгийн: ... “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг би байр худалдан авч байгаа залуугийн найзтай байгуулж, нотариатаар батлуулсан. Дараа нь Гранд плазагийн подвальд байдаг Худалдаа хөгжлийн банк орж байрны мөнгө болох 100.000.000 төгрөгийг миний дансанд дансаар шилжүүлсэн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-220/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Эрдэнэбилэгийн: ...МОХ-ноос 2015 оны 9 сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбай дээр Оюутны тангаргийн баярын үйл ажиллагаа зохион байгуулсан.  ...оролцсон хамтлаг дуучдын төлбөрт өгөх мөнгөн дүн болох 8.000.000 төгрөгийг МОХ-ноос... ...авсан нь үнэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Санчирбаатарын: ...Миний бие МОХ-нд 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 10 сарын 04-ний өдрөөс хойш одоог хүртэл тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. ....2015 оны 7 сарын 9-ний өдөр байгууллагынхаа Батбаяр даргад 1.600.000 төгрөгийн цалингийн зээл авахаар өргөдөл гаргаж... ...Батбаяр дарга хүлээн аваад тухайн өдөртөө шийдэж надад 1.600.000 төгрөгийн хүүгүй зээлийг олгосон юм. Тэгээд тухайн зээлийг би аваад цалингаасаа төлсөөр 2015 оны 11 сард төлж барагдуулсан. ...Батбаярыг данснаас 105.000.000 төгрөг авсныг мэднэ.  ...Надтай хамт Батцоож зээл авсан бөгөөд тэрээр 3 сая гаран төгрөг зээлж авсан. ...Манай холбооны удирдлагууд ярилцаад зөвхөн байгууллагынхаа нийгмийн даатгал төлж байгаа 1-ээс доошгүй жил ажиллаж байгаа ажилтнууддаа цалинг нь зайлшгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цалинг нь урьдчилж зээл маягаар өгдөг юм. ...зээл олгох талаар дүрэм журам гэхээр зүйл байхгүй. Тэрийгээ ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дотооддоо яриад шийддэг юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-34/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 104 тоот:

  1. Д.Батбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Д.Батбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Д.Батбаяр нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Д.Батбаяр нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Ганчулуун, гишүүд Н.Оюунчимэг, Л.Баттулга гэсэн дүгнэлт /2хх-36-37/,

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-31, 94/, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-32/, Х.Батцоожийн хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-37/, МОХ-ны Хас банкин дахь дансны хуулга /1хх-46-49, 173-176/, МОХ-ны Улаанбаатар хотын банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-51, 171/, МОХ-ны Төрийн банкин дахь дансны хуулга /1хх-53-92, 95-170/, МОХ-ны кассын бүртгэлийн баримтуудын хуулбар /1хх-178-187/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 6/16776 тоот албан бичиг, хавсралт /1хх-197-198/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримт /1хх-202-203/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл фото зурагнууд /1хх-227-238/, Д.Батбаярын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-212, 2хх-39-42/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-69/, гэрлэлтийн лавлагаа /2хх-70/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-71/, дипломны хуулбар /2хх-72-73/, /2хх-74-76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-213/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Батбаярыг “МОХ” төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны данснаас 105.000.000 төгрөг авч, итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс найз Н.Бямбагэрэлд 100.000.000 төгрөгийг нь зээлүүлэх нэрийдлээр өгч, нийт 115.000.000 төгрөгийг үрэгдүүлэн, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жигжидийн: ...Манай байгууллагын ажилтан Бямбагэрэл /МОХ-ны зөвлөх/ байр авах гээд хүсэлт гаргаад тухайн мөнгийг МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр шийдэж МОХ-ны зөвлөх Бямбагэрэл байр авсан байсан. Иймээс байгууллагад 100.000.000 төгрөгний хохирол учирсан. Харин 5.000.000 төгрөгийг манай дэд ерөнхийлөгч, нягтлан нар цалингийн зээл гэж авсан бөгөөд цалингаараа төлсөн. Харин 10.000.000 төгрөг нь 9 дүгээр сард зохион байгуулдаг оюутны тангаргийн баярт зарцуулагдсан. Манай байгууллага Д.Батбаярыг 15.000.000 төгрөг үрэгдүүлсэн гэж үзэхгүй байгаа. Одоо байр авсан 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч уг байрыг хохиролдоо тооцож авах хүсэлтээ гаргасан.Иймд Баянгол дүүргийн 2 дугаар хороо,2дугаар хороолол,Энхтайвны өргөн чөлөө гудамж 57 дугаар байр,13 тоот хаягт байршилтай 79.8 мкв талбайтай 3 өрөө сууцыг манай “МОХ” ТББайгууллагад олгож өгөхийг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,

хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад: гэрч Х.Батцоожийн: ...2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг МОХ дээр байхад манай холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр “зуны амралтын үе эхэлсэн манай холбооны дансанд байгаа мөнгийг байгууллагын хадгаламж нээлгэж, хадгалуулж хүү олж авъя” гэж хэлээд баримт дээр гарын үсэг зуруулж авсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-224-225/,

гэрч Н.Бямбагэрэлийн: ... Д.Батбаяр өмнө нь холбооны мөнгийг хадгаламж нээлгэж хадгалах талаар ярьж байсан учир би Д.Батбаяраас мөнгө зээлэх талаар санал тавьсан. Би Д.Батбаяраас гуйсаар байгаад 100.000.000 төгрөг зээлэхээр болсон. Д.Батбаяр надад 100.000.000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн, уг мөнгийг би шууд байр худалдаж байгаа залууд хүлээлгэн өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-217-218/,

гэрч Н.Санчирбаатарын: ...Миний бие МОХ-нд 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 10 сарын 04-ний өдрөөс хойш одоог хүртэл тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. ....2015 оны 7 сарын 9-ний өдөр байгууллагынхаа Батбаяр даргад 1.600.000 төгрөгийн цалингийн зээл авахаар өргөдөл гаргаж... ...Батбаяр дарга хүлээн аваад тухайн өдөртөө шийдэж надад 1.600.000 төгрөгийн хүүгүй зээлийг олгосон юм. Тэгээд тухайн зээлийг би аваад цалингаасаа төлсөөр 2015 оны 11 сард төлж барагдуулсан. ...Батбаярыг данснаас 105.000.000 төгрөг авсныг мэднэ.  ...Надтай хамт Батцоож зээл авсан бөгөөд тэрээр 3 сая гаран төгрөг зээлж авсан. ...Манай холбооны удирдлагууд ярилцаад зөвхөн байгууллагынхаа нийгмийн даатгал төлж байгаа 1-ээс доошгүй жил ажиллаж байгаа ажилтнууддаа цалинг нь зайлшгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цалинг нь урьдчилж зээл маягаар өгдөг юм. ...зээл олгох талаар дүрэм журам гэхээр зүйл байхгүй. Тэрийгээ ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дотооддоо яриад шийддэг юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-34/,

гэрч Г.Эрдэнэбилэгийн …МОХ-ноос 2015 оны 9 сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбай дээр оюутны тангаргийн баярын үйл ажиллагаа зохион байгуулсан. …оролцсон хамтлаг дуучдын төлбөрт өгөх мөнгөн дүн болох 8.000.000 төгрөгийг МОХ-ноос … …авсан нь үнэн юм. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-33/,

гэрч Д.Мөнхчулууны …Хөлсийг анхнаасаа 2.000.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд хөлсөө бэлнээр аваад тухайн үед баримт үйлдээгүй юм. …манай хамтлагийн хувьд тус арга хэмжээн дээр 3 дуу дуулаад төлбөр болох 2.000.000 төгрөгөө бэлнээр хүлээн аваад явсан юм. ...гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-95/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батбаярыг 115.000.000 төгрөгийг үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Шүүгдэгч Д.Батбаярын гэм буруутай үйлдлээс “МОХ” ТББайгууллагад 115.000.000 төгрөгний хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч 10.000.000 төгрөгийг Оюутны тангаргийн баярын арга хэмжээнд зарцуулсан болох нь хохирогч Б.Жигжидийн мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэбилэгийн …МОХ-ноос 2015 оны 9 сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбай дээр оюутны тангарагийн баярын үйл ажиллагаа зохион байгуулсан. …оролцсон хамтлаг дуучдын төлбөрт өгөх мөнгөн дүн болох 8.000.000 төгрөгийг МОХ-ноос … …авсан нь үнэн юм. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-33/, гэрч Д.Мөнхчулууны …Хөлсийг анхнаасаа 2.000.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд хөлсөө бэлнээр аваад тухайн үед баримт үйлдээгүй юм. …манай хамтлагийн хувьд тус арга хэмжээн дээр 3 дуу дуулаад төлбөр болох 2.000.000 төгрөгөө бэлнээр хүлээн аваад явсан юм. …гэж мэдүүлсэн мэдүүлгээр, 5.000.000 төгрөгийг цалингийн зээлд олгосон нь хохирогч Б.Жигжид, гэрч Н.Санчирбаатар нарын мэдүүлэг, зээл төлсөн нотлох баримтаар нотлогдож байх тул 15.000.000 төгрөгийн үйлдлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Батбаярыг “МОХ” ТББайгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж “МОХ” ТББ-ын зөвлөх Н.Бямбагэрэлд давуу байдал олгон 100.000.000 төгрөгийг зээлүүлж, төрийн бус байгууллага,…албан тушаалтан эрх мэдлээ урвуулан “МОХолбоо” ТББайгуулагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэн прокуророос эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 болгон зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Батбаярыг төрийн бус байгууллагын албан тушаалтан …бусдад давуу байдал тогтоож хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагын ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  

Шүүгдэгч Д.Батбаярын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлоос 28.420.000 төгрөг нөхөн төлөгдсөн ба үлдэх 86.580.000 төгрөгний хохиролд иргэний хариуцагч Д.Баярсайханы нэр дээрх улсын бүртгэлийн 000.444.838 дугаар гэрчилгээтэй гэрч Н.Бямбагэрэлийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57 дугаар байр 13 тоот хаягт байршилтай 79.8 мкв талбайтай хэмжээтэй 3 өрөө орон сууцыг “МОХ” ТББайгуулагын эзэмшилд шилжүүлэн хохиролд тооцохоор хохирогч Б.Жигжид, иргэний хариуцагч Д.Баярсайхан, гэрч Н.Бямбагэрэл нар 2016 оны 5 сарын 26-ны өдөр өр барагдуулах гэрээ байгуулсан нь өр барагдуулах тухай 2016.05.26-ны 01 тоот гэрээгээр тогтоогдов. /2хх-116-117/ “МОХ” ТББайгууллага 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 1в/042 тоот албан бичгээр уг орон сууцыг хохиролдоо тооцон авах хүсэлт /2хх-116-117/ гаргасан байх тул Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар А.Ганбаярын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Н.Бямбагэрэлийн худалдан авсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай иргэний хариуцагч Д.Баярсайханы нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн 000444838 дугаар гэрчилгээтэй 79.8 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг хүчингүй болгож, уг орон сууцыг хохирогч “МОХ” ТББайгуулагад олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Батбаяр урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдов. Шүүгдэгч Д.Батбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байдлуудыг харгалзан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр ял оногдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкны зарлагын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.     

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос Дашзэвэгийн Батбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 болгон өөрчилж зүйлчилсүгэй.
  2. Дашзэвэгийн Батбаярт холбогдох хэргээс 15.000.000 төгрөгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Дашзэвэгийн Батбаярыг Төрийн бус байгууллагын албан тушаалтан бусдад давуу байдал тогтоож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар Дашзэвэгийн Батбаярыг нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Дашзэвэгийн Батбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Д.Батбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.
  7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Дамбадаржаагийн Баярсайханы эзэмшилд байгаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн 000444838 дугаар гэрчилгээтэй, 79,8 мкв хэмжээтэй талбайтай 3 өрөө орон сууцыг “МОХ” ТББайгууллагын өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
  8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкны зарлагын мэдүүлгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Дашзэвэгийн Батбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
  10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Батбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх хэвээр үлдээсүгэй.
  11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Батбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

       ШҮҮГЧИД                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                    

Б.ДУЛАМСҮРЭН