Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч М.Б холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн “Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0143024 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулуулах” дүгнэлт бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ө, прокурор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь “2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Г.Д нь Рашаант сумын 5 дугаар баг Жаргалант гэх газарт “1 ширхэг тарвага агнасан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 0143024 дугаартай шийтгэлийн хуудсаар тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгож, 400 000 төгрөгний нөхөн төлбөр оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалт нь зохих зөвшөөрөлгүйгээр тарвага агнасан гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, учир нь тарвага агнахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаартай тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жил хүртэл хугацаагаар хориглосон байна.

Иймд тарвага агнахыг хориглосон хугацаанд тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолт гэдэг зүйл огт байхгүй, иргэн Г.Д нь хориглосон хугацаанд тарвага агнасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д заасны дагуу шийтгэл оногдуулах нь зүйтэй байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0143024 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. Шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ дэмжиж оролцож байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/26 дугаар удирдамжийн дагуу хариуцаж буй нутаг дэвсгэртээ Амьтны тухай хууль тогтоомж, түүнтэй холбогдон гарсан журмын хэрэгжилтийг хангуулахаар хяналт шалгалтын тогтмол хийсэн. Хяналт шалгалт хийх явцад Их-Уул сумын иргэн Г.Д-т 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 0143024 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 150 000 төгрөгөөр торгож, 400 000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж шийдвэрлэсэн нь үнэн болно.

Энэ нь хориглосон хугацаанд тарвага агнасан үйлдэлд нь зохих зөвшөөрөлгүйгээр тарвага агнасан гэж торгууль ногдуулсан нь буруу байх үндэслэлтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд зохих хуулийн дагуу шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Д нь Рашаант сумын 5 дугаар багт 1 ширхэг тарвага агнаж Байгаль орчны хяналтын улсын байцаагчтай таарч нийт 550 000 төгрөгөөр торгуулж мөнгийг тухайн үед төлсөн. Прокурорын дүгнэлттэй танилцаад надад шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн иргэн Г-ийн Д-ын Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг Жаргалант гэх газар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 тооны тарвага агнасан үйлдэлд Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0143024 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан 150 нэгж буюу 150 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 400 000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоожээ.

Улмаар зөрчилд холбогдогч Г.Д торгууль 150 000 төгрөг, нөхөн төлбөр 400 000 төгрөгийг Төрийн сан банкин дахь 100170800952 дугаар дансанд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тушаажээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд хариуцагч М.Б 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0143024 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.Д-т 1 тооны тарвага агнасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсныг мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлүүлэх тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн.  

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг: ... 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,

Мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “... амьтныг агнах хориотой үед, ... агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 4/хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох”

Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 5.3.4.сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох” гэж заасан байдаг.

Дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/278 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал гаргаж Монгол орны тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй болон өмнөх хориглосон шийдвэр, сэргээн нутагшуулалтыг үр дүнтэй болгох зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон байх ба энэхүү хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Хэргийн оролцогчид гуравдагч этгээд Г.Д-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг Жаргалант хэмээх газар 1 тооны тарвага агнасан үйл баримттай маргаагүй.

Гуравдагч этгээд Г.Д нь амьтныг агнах хориотой үед буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тогтоосон 3 жилийн хугацаа дуусаагүй байхад тарвага агнасан болох нь тогтоогдож байх тул хариуцагч М.Б түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан зохих зөвшөөрөлгүй тарвага агнасан гэж үзэн шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Гуравдагч этгээд Г.Д-т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй, аливаа гэм буруутай үйлдэлд хариуцлага тооцох нь шударга ёсны зарчимд нийцэх тул прокурорын шүүхэд гаргасан дүгнэлт бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүх оногдуулсан шийтгэлийг нэмэгдүүлэх боломжгүй тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэв.

Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ээс дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0143024 дүгээр шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:

1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан тул гуравдагч этгээд Г.Д-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн зөрчилд хариуцлага хүлээлгэн дахин шинэ акт гаргах боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б дахин шинэ акт гаргаагүй бол түүний 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0143024 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болно.

Гуравдагч этгээд Г.Д нь торгууль 150 000 төгрөгийг Төрийн сан банкин дахь 100170800952 дугаар дансанд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тушаасан тул хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа түүнийг актын биелэлтэд тооцон үзэх нь зүй. Хэрэв шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол гуравдагч этгээд хүчингүй болсон захиргааны актын биелэлтийг буцаан шаардаж болохыг бас дурдъя.

Хэдийгээр хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн боловч энэхүү зөрчлийг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндөхөөр байна гэж шүүх үзэн ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн 1.3, 4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 4, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ээс дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0143024 дугаартай шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ээс дахин шинэ акт гаргаагүй бол түүний 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0143024 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Ариунцэцэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ШҮҮГЧ                             Ж.ГАНЧИМЭГ