Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/306

 

 

 

 

 

 

   2021         06           04                                       2021/ШЦТ/306

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

И овогт Т-н Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0536 0289 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нислэгийн удирдагч мэргэжилтэй, ... ХХК-д ХАБ ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суудаг,

Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2010 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, И овогт Т-н Т /РД:/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... тоотод 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.Тг гар утсаа нэхлээ гэж нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салст, дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 21100 0536 0289 дугаартай хэргээс хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаа /хх-6/,

 

2. Хохирогч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Би Тийг хөдөө байх хооронд нь гэрт нь буюу Хан-Уул дүүргийн ... тоотод хэсэг амьдарч байсан ба Т өчигдөр хөдөөнөөс орж ирсэн. Өнөөдөр буюу 2021 оны 03 сарын 07-ны өдөр Т 12 цагийн үед хоёр эрэгтэй найз нэг эмэгтэй найзыгаа гэртээ авч ирж, тэр хэд архи ууж эхэлсэн ба би хажууд нь пиво ууж байсан. Би Тд гэртээ байхгүй байх хугацаандаа намайг амьдруулсанд баярлалаа гэж хэлсэн чинь Т миний гар утсыг зөвшөөрөлгүй аваад бас нэг эрэгтэй найзтайгаа гадаа гараад явчихсан ба нэг эмэгтэй найз нь бас нэг эрэгтэй найз нь үлдсэн ба би тэд нарынх нь нэрийг мэдэхгүй байна. Орой 20 цагийн үед Т намайг гадаа байх хугацаанд нэг найзтайгаа зөрөөд гэрт орчихсон байсан. Би утсаа авмаар байна, явмаар байна, найзынхаа утсыг өгчхөөч дээ гэж гуйсан чинь намайг чи одоо юу хуцаад байгаа юм бэ муу хар гичий гэж хэлээд зодсон. Мөн намайг чи надтай суу, надтай хамт амьдар гэж хэлээд зодсон бөгөөд миний бичиг баримт гар утас бүх юмыг Т авсан. Т унтлагын жижиг өрөөндөө намайг үсдэж чирч, миний нүүр нүд лүү хамаагүй зодсон. Би зугтаагаад хажуу айлын хаалгыг балбасан чинь нэг залуу тайлахаар нь ахаа намайг авраарай гээд гуйсан ба нөгөө ах намайг гэртээ оруулаад Тийн гэрийн хаалгыг балбасан ба тэд нар ерөөсөө хаалгаа онгойлгоогүй. Т нь манай найз залуу Ганзоригийн найз гэдгээр нь 2020 оны зун таньдаг болсон. Т хөдөө явахдаа намайг гэр хараад байж байгаач гээд надад гэрээ үлдээгээд явсан. Т надад хайртай дуртай гээд байдаг байсан ба манай найз залуугийн найз юм байж илт над руу чат бичдэг байсан. Т намайг зодож байх үед хажууд Тийн нэг эрэгтэй, нэг эмэгтэй найз нь байсан. Намайг зодуулж байх үед ерөөсөө салгаагүй. Т миний эд зүйлийг хэлэлгүй аваад явсан ба одоо болтол миний гар утас, бичиг баримт, миний банкны картыг өгөөгүй. Картны маань нууц дугаарыг мэддэг, дотроос нь 50,000-60,000 төгрөгийг авсан байна лээ. Надад гомдол санал гэвэл би өөрийн эд зүйлээ авмаар байна. Бэлэн мөнгө бол хамаагүй. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

-2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2098 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлийг Т учруулсан. Самсунг А-5 маркийн гар утсыг 270,000 төгрөгөөр Г, Т 2 авч өгч байсан. Хаанаас авсан хэдэн оны гар утас гэдгийг мэдэхгүй байна. Яг тэд эд гэж үнэлж чадахгүй. Тухайн гар утас нь Тийн гар утас юм. Надад түр бариулахаар өгсөн байсан юм. ...Би эмчилгээний зардал болох 800,000 төгрөгийг Төөс бэлнээр авсан тул одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суух боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

3. Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би гэртээ байж байтал манай найз охин Т залгаад намайг ирээд аваач, би зодуулчихсан байна гэхээр нь би Т дээр Тийн гэрийн гадаа ирсэн ба тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2098 дугаартай дүгнэлтэд:

- Т.Тгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салст, дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

5. Шүүгдэгч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 ны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Т нь манай найз Г-н найз охин бөгөөд 2020 оны 08 дугаар сараас манай гэрт хамт амьдарч байгаа юм. Анх түрээсэлнэ гэж хэлээд мөнгө бол өгөөгүй байгаа. 2020 оны 12 дугаар сарын эхээр Заамар луу ажилдаа яваад 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Тгийн хамт хороолол орж найз М, Ж нарыг аваад манай гэрт бүгдээрээ архи уусан юм. Ингээд би Тгийн цэнэглэж байсан Самсунг а-5 маркийн гар утсыг аваад найз Д-н хамт хороолол орж 47,000 төгрөгний барьцаанд тавиад архи уусан. Ингээд орой гэртээ ирэхэд М, Ж хоёр байсан. Т гаднаас орж ирээд гар утас хаана байна гээд намайг цохиод байхаар нь би Тд миний гар утас гэдгийг нь хэлсэн чинь Т би чамд яахаараа өгөх ёстой юм гэж хэлсэн. Тэгээд бараг 30 минут утсаа нэхсэн ба гэнэт миний уур хүрээд согтуудаа түүнийг нүүр хэсэг рүү нь 2 удаа алгадсан. Т дээрээс намайг цохиж цохиж байгаад гараад явсан. Ингээд бид 3 тасраад манай гэрт утаад өгсөн өөр юу болсон талаар санахгүй байна. ...Би тухайн гар утсыг өөрийн мөнгөөр авч байсан ба Тд гар утсыг өгөхдөө гар утсаа буцаагаад авна шүү гэж хэлж өгсөн юм. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2098 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон дүгнэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна. Би хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

 

6. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Т.Тийн гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 77-81/,

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-71/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Т.Т нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

             Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... тоотод 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.Тг гар утсаа нэхлээ гэж нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салст, дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаа /хх-6/,

 

- Хохирогч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Би утсаа авмаар байна, явмаар байна, найзынхаа утсыг өгчхөөч дээ гэж гуйсан чинь намайг чи одоо юу хуцаад байгаа юм бэ муу хар гичий гэж хэлээд зодсон. Мөн намайг чи надтай суу, надтай хамт амьдар гэж хэлээд зодсон бөгөөд миний бичиг баримт гар утас бүх юмыг Т авсан. Т унтлагын жижиг өрөөндөө намайг үсдэж чирч, миний нүүр нүд лүү хамаагүй зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

-2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2098 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлийг Т учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

- Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би гэртээ байж байтал манай найз охин Т залгаад намайг ирээд аваач, би зодуулчихсан байна гэхээр нь би Т дээр Тийн гэрийн гадаа ирсэн ба тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2098 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35/,

- Шүүгдэгч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 ны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Т гаднаас орж ирээд гар утас хаана байна гээд намайг цохиод байхаар нь би Тд миний гар утас гэдгийг нь хэлсэн чинь Т би чамд яахаараа өгөх ёстой юм гэж хэлсэн. Тэгээд бараг 30 минут утсаа нэхсэн ба гэнэт миний уур хүрээд согтуудаа түүнийг нүүр хэсэг рүү нь 2 удаа алгадсан. ...Хийсэн хэргээ хүлээж байна. Би хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Т.Ттэй маргалдан улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.

 

Иймд шүүгдэгч Т.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.Ттэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 1 удаа ял шийтгүүлсэн байх ба түүнд нэмж нэгтгэх ялгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.

-Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Т-н Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Т-н Тийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Т.Тд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч Т.Тд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН