| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0203/и |
| Дугаар | 162 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Урантолгой гэх газар оршин суух Боржигон овогт Должингийн Олдох /РД:АИ56061019/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Олдох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Олдох шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Олдох миний бие нь 1980 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн барилгын нормчиноор, 1988 оны 04 сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Төвшрүүлэх сум дахь барилга угсралтын ангид нормчиноор тус тус ажилласан. Миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт миний овог буюу эцгийн нэрийг Должин гэхийг Дулам гэж алдаа гаргаж бичсэн, үйлдвэрчний эвлэлийн батлах дээрх төрсөн он буруу бичигдсэн болон мөн 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийх байсныг тухайн онын хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй, 1983 оны хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт бичсэн зэрэг шалтгааны улмаас улсад ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг 1980 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн барилгын нормчиноор, 1988 оны 04 сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Барилга угсралтын ангид нормчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Дулам овогтой Олдох гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Олдох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Барилгад 1980 онд анх ажилд орж тасралтгүй ажиллаж байгаад 1990 онд ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь нийгмийн даатгалын нөхөн олговорт орсон. Миний улсад ажиллаж байсан байдлыг болон Дуламын Олдох гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү. Миний хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ Должин гэдгийг Дулам гэж бичсэн байсан. Яагаад ингэж бичсэнийг би мэдэхгүй байна. Миний ээжийг Должин гэдэг. Миний хөдөлмөрийн дэвтэрт Дулам гэж бичсэнийг сая тэтгэвэрт орохоор хөөцөлдөхдөө л мэдсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Олдох нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Дулам овогтой Олдохын хөдөлмөрийн дэвтэрт:
2. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 482007 дугаартай Должингийн Олдохын 1982 оны 03 сарын 25-ны өдрийн бат илэрхийлэхт: 1982 оны 03 сараас 1991 оны 12 сар хүртэл гэсэн,
3. Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1980 оны 03 сарын 5-ны өдрийн 20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: Должингийн Олдохыг 1980 оны 03 сарын 05-ны өдрөөс барилгын салбарт нормчноор авч ажиллуулсугай гэсэн,
4. Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн Аж ахуйн даргын 1981 оны 06 сарын 15-ны өдрийн “Барилгачдад аж ахуйн тооцооны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалд: 1. Б.Батбаатар даргатай аж ахуйн тооцоотой бригадын ... нарын 44 хүнийг бүгд 22878 төгрөгөөр 1 дүгээр хавсралтаад, 78 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 28-т Д.Олдох туслах ажилчин нийт 305 төгрөгөөр,
5. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 01 сарын 3-ны өдрийн 11 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: 1. ... бригадын ажилчдын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай. Хавсралтад Д.Олдох засварын бригад,
6. Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Ажилчин албан хаагч 224 хүний 1983 оны ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтаар тооцсон өдрөөс эхлэн олгосугай. Хавсралтын 66-д Д.Олдох үндсэн 15 хоног, нэмэгдэл 3 хоног, нийт 18 хоног, сайн өдөр 3 хоног, нийт амрах хоног 21, амарч эхлэх хугацаа 12 сарын 1-ний өдрөөс, албан тушаал будагчин гэсэн,
7. Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 08 сарын 31-ний өдрийн 202 дугаартай “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тушаалд: 1. Барилгачин ... нарын 51 хүнийг тушаалын 2 дугаар хавсралт ёсоор бүгд 4409 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 5-д Д.Олдох олгох шагнал 43 төгрөг гэсэн,
8. Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 сарын 12-ны өдрийн 137 дугаартай “Барилгачдыг шагнах тухай” тушаалд: 2. Барилгачин ... нарын 80 хүнийг тушаалын 2 дугаар хавсралт ёсоор бүгд 5593 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 6-д Д.Олдох туслах ажилчин, олгох шагнал 120 төгрөг гэсэн,
9. Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 08-ны өдрийн 52 дугаартай “Барилгын салбарын ажилчид шилжүүлэх тухай” тушаалд: 1. Сангийн аж ахуйн барилгын салбарт ажиллаж байсан ажилчдыг 1988 оны 04 сарын 10-аар тасалбар болгож аймгийн барилга трестийн мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтад Должингийн Олдох Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн Барилгын салбарын нормын ажлаас гэсэн,
10. Гэрч О.Чулуунцэцэгийн “Д.Олдох нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт 1980 оноос 1988 оныг хүртэл хугацаанд барилгын нормчноор, 1988 оноос 1990 оныг дуустал хугацаанд Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан юм. Тухайн үед би Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн барилгын салбарт тасралтгүй 1974 оноос 1992 оныг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан. Д.Олдох бид хоёр нэг газар, нэг салбарт ажиллаж байсан учир би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Тухайн үед барилгын салбарын дарга нь Батдэлгэр гэж хүн байсан. Барилгын салбар нь 3 бригадтай байсан бөгөөд Д.Олдох бид хоёр 2 дугаар бригадад ажиллаж байсан. Д.Олдох нь дээрх хугацаанд ажиллаж байсан нь үнэн“ гэх,
Гэрч Д.Эрдэнэчимэгийн “Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт 1972 оноос 1992 оныг хүртэл хугацаанд тасралтгүй нормчин, өрлөгчин, шаварчин будагчнаар ажиллаж байсан. Би өөрөө барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй хүн байгаа юм. Гэхдээ барилгын чиглэлийн бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Д.Олдох нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт туслах ажилчнаар 1980 оноос 1991 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа морин тэрэг хөтлөх, шавар зөөх гэх мэтчилэн туслах ажлыг хийдэг байсан. Бид хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Д.Олдох нь сайн ажилладаг байсан ба ажиллаж байх хугацаандаа янз бүрийн гавъяа шагнал авдаг байсан хэдий ч би одоо сайн санахгүй байна. Манай барилгын салбарын дарга нь Батдэлгэр гэж хүн байсан бөгөөд манай барилгын салбар аймгийн Барилга угсралтын контортой нийлж байсан юм“ гэх мэдүүлгүүд,
11. Гэрч О.Чулуунцэцэг, Д.Эрдэнэчимэг нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.Олдох нь эзэмшигч нь Дуламын Олдох гэсэн 1980 оны 02 дугаар тушаал, 1988 оны 52 дугаар тушаал, 01 дүгээр тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох болон Архангай аймгийн Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн барилгын салбарт 1980 оны 03 сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн Төвшрүүлэх суман дахь Барилга угсралтын ангид 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Дуламын Олдохын хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 03 сарын 25-ны өдрийн 482007 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн Аж ахуйн даргын 1980 оны 03 сарын 05-ны өдрийн 20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн Аж ахуйн даргын 1981 оны 06 сарын 15-ны өдрийн “Барилгачдад аж ахуйн тооцооны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 01 сарын 3-ны өдрийн 11 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 08 сарын 31-ний өдрийн 202 дугаартай “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 сарын 12-ны өдрийн 137 дугаартай “Барилгачдыг шагнах тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 08-ны өдрийн 52 дугаартай “Барилгын салбарын ажилчид шилжүүлэх тухай” тушаал, гэрч О.Чулуунцэцэг, Д.Эрдэнэчимэг нарын гэх мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
Иймд эзэмшигч нь Дуламын Олдох гэсэн 1980 оны 02 дугаар тушаал, 1988 оны 52 дугаар тушаал, 01 дүгээр тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох болон Архангай аймгийн Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн барилгын салбарт 1980 оны 03 сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн Төвшрүүлэх суман дахь Барилга угсралтын ангид 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Д.Олдохын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Олдохын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Боржигон овогт Должингийн Олдохыг эзэмшигч нь Дуламын Олдох гэсэн 1980 оны 02 дугаар тушаал, 1988 оны 52 дугаар тушаал, 01 дүгээр тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Должингийн Олдохыг Архангай аймгийн Хөдөлмөрийн гавъяаны Улаантугийн Одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн барилгын салбарт 1980 оны 03 сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн Төвшрүүлэх суман дахь Барилга угсралтын ангид 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Олдохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН