| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0312/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/431 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/431
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Д.Ганчимэг,
иргэдийн төлөөлөгч Д.Э-,
хохирогч Л.Б-, Ц.Н-,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч Д.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ч-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____-ны өдөр ____ төрсөн, __ настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б__ овогт Д__ Ч___ /РД:___/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Ч- нь үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн ____ тоотод оршин суух Ч.Д-ын гэрт 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ч.Д-т “__ сайд над руу ярьж байна. 5 давхар байшингийн 3 давхарт 1 өрөө байр өгч байна. Та энийг хямдхан 1.500.000 төгрөгөөр авах уу” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ч.Д-оос 2.000.000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
яллагдагч Д.Ч- нь иргэн Э.Н-ын хүү болох Д.Г-ыг “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Н-ыг хуурч 2020 оны 07 сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ___ дотор бэлнээр 800.000 төгрөгийг, 2020 оны 07 сарын 07-ны өдөр бэлнээр 300.000 төгрөгийг тус тус авч, 2020 оны 07 сард Сонгинохайрхан дүүргийн ___ тоотоос 190.000 төгрөгийг, 2020 оны 07 сарын 15-ны өдөр ___ дүүрэгт байрлах ____ салбараас 500.000 төгрөгийг ____ дугаарын дансаар шилжүүлэн авсан, 2020 оны 08 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн ____ орчимд бэлнээр 570.000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр залилан авч бусдад нийт 2.360.000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
яллагдагч Д.Ч- нь “Өндөр тэтгэвэр тогтоолгож өгнө” гэж иргэн Ц.Н-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн ____тоотоос интернет болон мобайл банкаар шилжүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 480.000 төгрөг, 200.000 төгрөг, 15.000 төгрөг, 2020 оны 01 сарын 29-ний өдөр 395.000 төгрөг, 2020 оны 02 сарын 03-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 02 сарын 09-ний өдөр 430.000 төгрөг, 2020 оны 02 сарын 10-ны өдөр 645.000 төгрөг, 2020 оны 03 сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөг, 2.000.000 төгрөг буюу нийт 5.765.000 төгрөгийг ____ тоот дансандаа шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
яллагдагч Д.Ч- нь “Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж, тэтгэлэг гаргуулж өгнө” гэж иргэн Л.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн ____ байшинд 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 сард 2.000.000 төгрөг бэлэн, 2020 оны 09 сарын 19-ний өдөр 300.000 төгрөгийг ___ тоот дансандаа шилжүүлэн авч нийт 4.800.000 төгрөгийг бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бөгөөд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 14.925.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хандив цуглуулж хохирлын төлбөр төлсөн. Миний охин хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, миний асаргаанд байдаг. Хохирогч нараас авсан мөнгөө бөө, лам, охины эмчилгээнд зарцуулсан” гэв.
Хохирогч Ц.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч манай хүүхдийн ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга хийж байсан. Багш болон эцэг эхчүүд энэ хүнийг өндрөөр үнэлдэг болохоор итгэсэн. Аавыг өндөр тэтгэвэрт гаргаад өгье гэхээр нь мөнгө өгсөн. Хохирлоо авсан тул гомдол саналгүй байгаа. Охиных нь бие хүнд байгаа, хохирол төлсөн тул ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хохирогч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би “Хятад улс руу эмчилгээнд явах гэж байгаа гэтэл нөхөн олговор олддог юм” гэхэд нь хандсан. 2 дугаар сарын 01-нээс өмнө амжвал болох юм байна гэж бодоод мөнгө өгөөд байсан. Худлаа хэлсээр 2 жил орчим болж өдий хүргэсэн. Хохиролд 4.900.000 төгрөг авсан тул гомдолгүй. Ар гэрийнх нь байдлыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Эрүүгийн ___ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Нэг. Шүүгдэгч Д.Ч- үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн ___ тоотод хохирогч Ч.Д-т 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Сумьяабазар сайд ярьж байна, 5 давхар байшингийн 3 давхарт 1 өрөө байр өгч байна. Та энийг хямдхан 1.500.000 төгрөгөөр авах уу” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ч.Д-оос 2.000.000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ч.Д-ын: “...Ч- манай гэрт 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ирээд утсаар ярьж байгаад “Сумьяабазар сайд над руу ярьж байна. 5 давхар байшингийн 3 давхарт 1 өрөө байр өгч байна. Та энийг хямдхан 1.500.000 төгрөгөөр авах уу” гэж хэлэхээр нь би сонирхоод хүүхэд Ц-эд хэлээд 1.500.000 төгрөгийг Ч-гийн данс руу шилжүүлээд, би 500.000 төгрөгийг хүнээс зээлээд бэлнээр өгсөн. Тэрнээс хойш “удахгүй орно” гэсээр байгаад өдий хүрч байгаа. Сонсголонд 5 давхар орон сууц баригдчихсан байгаа л гэж хэлж ярьсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-6-9/,
Гэрч Ж.О-ын: “...Д.Сумьяабазар гишүүн нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос сонгогдсон. Уг тойрогт 34 дүгээр хороо хамаарахгүй. Мөн иргэн Д.Ч- гэгчийг танихгүй, ямар нэгэн хамааралгүй...” гэх мэдүүлэг /хх-11-15/,
Гэрч Ж.Ц-ийн: “...Миний эмээ Д 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр залгаад “С гишүүний тусламжаар ахмад настангуудад байр олгож байгаа юм байна. Урьдчилгаа 500.000 төгрөгийг миний хүү зээлчхээч гээд ...дугаартай данс өгөхөөр нь өөрийнхөө ...данснаас 500.000 төгрөгийг “эмээгийн охин” гэсэн утгатай шилжүүлсэн. 3 хоногийн дараа эмээ дахиж залгаад “Урьдын мөнгөн дээрээ 1.000.000 төгрөгийг нэмэх шаардлагатай байна. Өмнө шилжүүлсэн данс руугаа хийгээд өгөөч” гэхээр нь дээрх данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай эмээ орон сууцанд орсон зүйлгүй, гэр хороололд гэртээ байгаа” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Иргэн Ж.Ц-ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-21/,
Шүүгдэгч Д.Ч-гийн яллагдагчаар өгсөн: “...Д эгчид гэрт байхдаа “С гишүүн надад байр өгье гэж байна. Тэр бүтвэл танд өгье” гээд мөнгө асуусан чинь 1.500.000 төгрөг дансаар, 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Би энэ мөнгийг хүүхдийн эмчилгээнд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-41-42/,
Хоёр. Шүүгдэгч Д.Ч- нь “хүү Д.Г-ыг нь “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Э.Н-ыг хуурч 2020 оны 07 сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ___ бэлнээр 800.000 төгрөг, 2020 оны 07 сарын 07-ны өдөр бэлнээр 300.000 төгрөг, 2020 оны 07 сард Сонгинохайрхан дүүргийн ___ тоотоос 190.000 төгрөгийг, 2020 оны 07 сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах ____ салбараас 500.000 төгрөгийг ___ дугаарын дансаар, 2020 оны 08 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн ____н орчимд бэлнээр 570.000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр залилан авч бусдад нийт 2.360.000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Э.Н-ын: “...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “____т” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Нэг өрөөнд Н- гэх охин хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед манай хүү Д.Г- сургуулиа төгсөөд ЭЕШ өгөөд дуусаж байсан. Хүүхэдтэйгээ утсаар ярьж “элсэн орох сургуулийнх нь талаар ярьсан”. Н- “манай ээж Хууль Сахиулахын Их сургуульд оруулж өгч чадна, та хүссэн сургуульд нь оруулж өгөхгүй бол архичин болчихно шүү дээ” гэхээр нь хүү Д.Г- урьд “Хууль Сахиулахын Их сургуульд ормоор байна” гэж ярьж байсан болохоор сонирхож эхэлсэн. Н- ээжтэйгээ утсаар ярихдаа “энд нэг сургуульд оруулах хүүхэд байна” гэсний дараа удалгүй Н-ийн ээж гэх Ч- эмэгтэй орж ирээд “би сая Хууль Сахиулахын Их сургуульд оруулж өгчхөөд ирлээ, одоо Мөрдөнгийн ангид 1 орон тоо байна, би багштай нь яриад асууя” гээд нэг хүнтэй ярьсныхаа дараа “800.000 төгрөг багшид нь бэлнээр аваачиж өгнө, мөнгөө аваад ир” гэхээр нь 800,000 төгрөг бэлнээр Ч-д өгсөн. 2 хоногийн дараа Ч- эмнэлэг дээр ирээд “хүүхдийнхээ хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээг 300.000 төгрөгийн хамт өгчих, багшид нь аваачиж өгнө” гэхээр нь бичиг баримтыг нь авчруулаад 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ч-г ирэхээр нь бэлнээр өгсөн. ...Дараа нь наадмын үеэр Ч- залгаад “би Тэрэлжийн амралтад ДХИС-ын багш нартай зугаалж явж байна, надад 200,000 төгрөг явуулчих, багшид нь өгөх гэсэн юм” гэхээр нь өөрт байсан 190,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ч- залгаад “танай хүүхэд шууд магистрын зэрэгтэй төгсөх үү" гэхээр нь “тэгвэл сайн байна" гэхэд “зуны хувцасны 126,000 төгрөг, өвлийн хувцасны 240,000 төгрөгтэй нийлүүлээд нийт 500,000 төгрөгийг данс руу шилжүүлчих” гэхээр нь би хорооллын Төрийн банкнаас шилжүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын эхээр Ч-тай утсаар яриад “хүүхдийнхээ хувцсыг авмаар байна” гэхэд “хийж дуусаагүй байгаа, удахгүй өгнө” гэсэн. Удалгүй над руу залгаад “багшид нь дахиж 500,000 төгрөг өгөх шаардлагатай байна, бүртгэлийн 70,000 төгрөгийг чиний өмнөөс өгсөн, 570,000 төгрөгийг над руу өгөх хэрэгтэй байна” гэхээр нь 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр аваад Ч-гийн гэрт Сонгинохайрхан дүүргийн *****дугаар сургуулийн ард байдаг хашаа байшинд очиж өгсөн. Тэрнээс хойш Ч- “удахгүй оруулж өгнө” гэсээр байгаад өдий хүргэж байгаа юм. ДХИС дээр очоод асуухад “энэ жилийн элсэлтийн хүүхдүүд карентинд гараад явчихсан гэхээр нь залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-58-61/,
___ мөнгөн шилжүүлэг болон зарлагын мэдүүлгийн хуулга, ____ дугаарын данс эзэмшигчийн лавлагаа /хх-74-75, 90/,
Гэрч Э.Н-ийн: “...Н- эгч “Манай хүүхэд шалгалт өгөөд ____-д орох гэсэн чинь 10 оноо дутчихсан байна” гэхээр нь ээжийн таньдаг хүн байдаг гэдгийг санаад ээжээс асууж үзье гээд өнгөрсөн. Н- эгч, ээж хоёр уулзсан. Эгч нь “ээжтэй нь уулзаад болчихсон” гэж ярьж байсан.Тэрнээс хойш тэр хоёр яаж холбогдож, мөнгө төгрөг өгсөн эсэх талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-66/,
Шүүгдэгч Д.Ч-гийн яллагдагчаар өгсөн: “Би Н-ын “хүүхдийг сургуульд оруулж өгнө” гэж хэлээд 2.360.000 төгрөг аваад охиныхоо эмчилгээний зардалд зарцуулсан. Хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-85/,
Гурав. Шүүгдэгч Д.Ч- нь “Өндөр тэтгэвэр тогтоолгож өгнө” гэж хохирогч Ц.Н-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Сонгинохайрхан дүүргийн ____ тоотоос интернет болон мобайл банкаар шилжүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 480.000 төгрөг, 200.000 төгрөг, 15.000 төгрөг, 2020 оны 01 сарын 29-ний өдөр 395.000 төгрөг, 2020 оны 02 сарын 03-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 02 сарын 09-ний өдөр 430.000 төгрөг, 2020 оны 02 сарын 10-ны өдөр 645.000 төгрөг, 2020 оны 03 сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөг, 2.000.000 төгрөг буюу нийт 5.765.000 төгрөгийг ____ тоот дансандаа шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ц.Н-ийн: “...Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Ч- гэгч хүн байдаг байсан, таньдаг болсон. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ч- залгаж “эгчийнх нь багийн найз Нийгмийн даатгалын ерөнхий газарт насаараа ажилласан хүн байдаг. Намайг хэдэн найдвартай хүнийг тэтгэвэрт өндөр тогтоолгож хугацаанаас өмнө нь гаргаад өгье” гэж хэлсэн. Би аав, ээжээсээ асуугаад хэлье гэж хэлсэн. Ч- эгч маргааш нь залгаж “одоо 4 хүний материал өгчих юм бол 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болчих юм байна” гэсэн. “Эгч нь чамд ерөөсөө худлаа ярих зүйл байхгүй, чи эгчдээ итгэ ийм сайхан боломж олдож байхад алдаж болохгүй шүү” гэж хэлсэн. Тухайн үед 8 хүн бүрдэж хурлаар ордог 4 хүн дутсан тул чи хэрэгтэй байна гэсэн. Аав Ц-т “нэг хүн тэтгэвэрт оруулах юм яриад байна, та яах вэ” гэж асуутал “үнэн юм байх даа тэгье” гэсэн. Эхлээд 695.000 төгрөг шилжүүл гэсэн. Юу юуны мөнгө вэ гэж асуутал 15.000 төгрөг нь дэвтрийн мөнгө, бусад нь тэтгэвэрт ороход шаардагдах мөнгө гэж хэлсэн. Би ____ гэсэн Хаан банкны данс руу 2020 оны 01 дүгээр сарын 27 өдөр 480.000 төгрөг, 200.000 төгрөг, 15.000 төгрөгөөр тус тус гэрээсээ мобайл банк ашиглаж нийт 695.000 төгрөг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 395.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ч- эгч залгаж “нөгөө Нийгмийн даатгалд ажилладаг __100.000 төгрөг зээлчих гээд байна” гэсэн чинь “ямар сонин юм бэ, мөнгө төгрөггүй хүн юм уу” гэсэн чинь “тэтгэврийн юмыг чинь хөөцөлдөж байгаа байх, тэгээд мөнгөгүй болсон байхаа” гэсэн. Тэр хүнийхээ дансны дугаарыг хэлээч гэхэд тэр хүний данс руу мөнгө явуулж болохгүй эгчийнхээ данс руу явуулчих гэхээр нь шилжүүлсэн. Тэрнээс хойш ярихгүй байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б- гэгч нь ярьж байна ээж, нөхөр, өөрийн бичиг баримтынхаа зургаа дараад миний ___ гэсэн фэйсбүүк хаяг руу явуул, 430.000 төгрөг явуул гэж хэлсэн. Дээр авсан 100.000 төгрөгөө хасаж тооцсон байгаа шүү гэж хэлсэн. Би “та ч их мөнгө авч байна даа, тэтгэвэр чинь үнэн юм уу” гэтэл “эгч нь чамд юу гэж худлаа хэлэх вэ дээ” гэхээр нь 430.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр над руу Ч- залгаж 645.000 төгрөг шилжүүлэх юм байна шүү гэж хэлээд яасан бэ гэж асуутал нөхөр, та хоёрыг хүнд нөхцөлд ажилласан гээд тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлэхээр нь ...нөхрийн данснаас мобайлдаж шилжүүлсэн. Ч- эгч залгаж “одоо мөнгө төгрөг нь дууссан, тэтгэврээ хүлээж бай” гэсэн. “Б- гэдэг хүний дугаарыг өг, гарна гэсэн хугацаандаа гарахгүй байна” гэж хэлтэл ажилтай байдаг болохоор утсаа авдаггүй шүү мессеж бич гэж хэлсэн. Тэгээд би мессеж бичсэн. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ч-, Б- хоёр над руу залгаж яаралтай 3 сая 500 мянган төгрөг олоод өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм Б- эгч чинь даргатайгаа уулзах гэж байгаа гэж хэлсэн. 1.500.000 төгрөг шилжүүлж одоо байгаа нь энэ байна, үлдсэнийг нь өөр хүнээс авчих гэж хэлсэн. Хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж 2 сая төгрөг зээлж авч өгсөн. Миний мөнгийг худал хэлж авсанд гомдолтой байна. Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилладаг Б-г би огт харж байгаагүй. Би Ч- гэгч хүнд нийт 5.765.000 төгрөг шилжүүлсэн байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-105-109/,
Банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-100-104/,
Шүүгдэгч Д.Ч-гийн яллагдагчаар өгсөн: “...Н гэх эмэгтэйтэй тааралдаж “Нийгмийн даатгалын ерөнхий газарт тэтгэвэр, тэтгэмж өндөр тогтоож өгдөг хүн байгаа шүү, хүн байвал хэлээрэй, хугацаанаас нь өмнө гаргадаг” гэж худлаа хэлтэл аав, ээжээс асуугаад хэлье гэсэн. Нийт 5.700.000 гаран төгрөг авсан санагдаж байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-150/,
Дөрөв. Шүүгдэгч Д.Ч- нь “Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж, тэтгэлэг гаргуулж өгнө” гэж хохирогч Л.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын ***дугаар сургуулийн замын баруун талд 2 давхар улаан тоосгон байшинд 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 сард 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 09 сарын 19-ний өдөр 300.000 төгрөгийг дансандаа шилжүүлэн авч бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Л.Б-ын: “...Манай нөхрийн том ахтай сууж байсан Ч- хадам ээжийг бэртсэнийг сонсож ирсэн байсан. “Нуруу чинь яагаад бөхийгөөд байгаа юм” гэхээр нь “нугасны нарийсал гэсэн оноштой, хагалгааны заалттай” гэж хэлээд мөнгө цуглуулж байгаа талаар ярьсан. Ч- хоёр хоногийн дараа залгаж “надад нийгмийн даатгалд таньдаг хүн байгаа, чиний хагалгаанд тэтгэмж, тэтгэлэг олдоно” гэж хэлсэн. Тэгэхдээ “би өөрөө биш, хүнээр дамжуулж бүтээж өгнө” гэсэн. Тэтгэмж, тэтгэлэгт хамрагдахын тулд бичиг баримт бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. 2019 оны 01 сарын сүүлээр 2.500.000 төгрөгийг Толгойтын 65 дугаар сургуулийн замын баруун талд аваачиж өгсөн. Тэрнээс хойш “бичиг баримт чинь бүрдэж байна, энэ ажилд чинь тодорхой хугацаа орно” гэсэн. 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Ч- залгаж 2 сая төгрөг өгчих яг болох гээд байна гэж хэлсэн чинь эд зүйлээ ломбарданд тавьж аваачиж өгсөн. 2019 оны 8 дугаар сард Ч-гаас асуутал “нөгөө юмыг чинь хөөцөлдөөд явж байна наад ажил чинь шалгалт шүүлэг шалтгаалаад хойшлогдоод байна эгч нь яалтай билээ” гэсэн. 2019 оны 11 дүгээр сард “та нийгмийн даатгалын ажилтан отай уулзуулж өг” гэтэл нөхөр нь үймээн самуун дэгдээгээд чамтай уулзахтай мантай байна гэж хэлсэн. Тэгээд би очиж “тэр нийслэлийн нийгмийн даатгалд ажилладаг Б- гэдэг хүнтэй уулзуулж өг” гэж ууртай хэлтэл “би чиний юмыг чинь сайхан сэтгэлээр бүтээж өгье гэж байхад шинэ дээл оёж өгч байтал миний сэтгэл рүү ус цацлаа” гэж хэлсэн. Тэр нийслэлийн нийгмийн даатгалд ажилладаг Б- 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 86232352 дугаараас над руу залгаад тамгаа дарах болсон чи 300.000 төгрөг явуул, би ч их хүлээлгэлээ, чи ч удаан тэвчээр зааж хүлээлээ, одоо тамга даруулж аваад салъя” гэж хэлсэн. Тэгээд би дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-164-177/,
Иргэн Л.Б-ын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-185-186/,
Шүүгдэгч Д.Ч-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сард гэмтлийн эмнэлэг дээр явж байгаад салсан нөхөр лы төрсөн дүүгийн эхнэр болох Болортой тааралдаж ойр зуурын зүйл ярихад Болор “миний нуруу суулттай болчихсон чинь их өвдөөд байгаа” гэхээр нь “надад нийгмийн даатгалд таньдаг хүн байгаа шүү, чи нийгмийн даатгал төлдөг байсан юм чинь нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулаад өгч чадна шүү, нэг удаа тэтгэмж авахад 10.0000.000 сая төгрөг олгодог. Тэгэхдээ тухайн хүнд мөнгө өгч байж 10.000.000 сая төгрөг гаргуулж авна” гэж худлаа хэлэхэд Болор миний хэлсэн үгэнд итгээд Болортой утсаар ярьж “2.500.000 төгрөг өгчих” гэхэд “за гэж хэлээд надтай уулзахаар болж миний хуучин түрээслэж амьдарч байсан гэрт ирж бэлэн 2.500.000 төгрөг тоолж өгөөд явсан тухайн мөнгөөр нь би өөрийнхөө ахуйн хэрэглээнд хэрэглэж мөн охиндоо эм тариа авч өгч дуусгасан. 2019 оны 3 дугаар сард 2.000.000 төгрөг шилжүүлчих гэхэд гэрт бэлнээр авчирч өгсөн. Болортой надаас мөнгөө нэхээд байхаар нь 2020 оны 9 дүгээр сард “300.000 төгрөг өгчих, яг бүтэх гэж байгаа” гэхэд гудамжинд танихгүй залууг гуйж байгаад данс руу нь хийлгэж авахуулсан. Тухайн мөнгийг мөн хэрэгцээндээ зориулж дуусгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-195-196, 221/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-127/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, хүүхдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-128/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-130/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт “Э.Н-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 12 сараар сунгасан” гэх /хх-133/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-134/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлсөн баримт /2 дугаар хавтас, хх-18-24/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтас, хх-25-63, 64-65/, шүүгдэгчийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /2 дугаар хавтас, хх-66-73/, Ерөнхийлөгчийн 1992.02.11-ний өдрийн 34 дүгээр “Улаанбаатар хотын харъяат Д.Ч-г “__” одонгоор шагнасугай” гэх зарлигийн хуулбар /2 дугаар хавтас, хх-74-77/, Э.Н-ийн эмчилгээ, оношлогооны баримтууд /2 дугаар хавтас, хх-78-112/, ажил, хөдөлмөр эрхлэлтийн талаар гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-113-120/ зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Ч- нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ч.Д-, Э.Н-, Ц.Н-, Л.Б- нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 14.925.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн, хөрөнгийг өөртөө болон бусдад зарцуулж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.Ч- бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зарим гүйлгээнүүд нь зээл гэсэн утгаар орсон байгаа. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн сонсгосон гэмт хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл нь амьдралын хэвшмэл шинжтэй, шунахайн сэдэлтэй, бусдын эд хөрөнгийг өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнийг амжиргааны байнгын эх үүсвэр болгоно гэж байгаа. Гэтэл Д.Ч- амжиргаагаа өөрөө залгуулах бүрэн боломжтой. Гэмт хэрэг гарсан шалтгаан нь төрсөн охин нь бодитой хүнд өвчтэй, үлдсэн ганц хүүхдээ амьд үлдээх зорилгоор үйлдсэн. Шүүгдэгч Д.Ч-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэж,
иргэдийн төлөөлөгч “Хүмүүсээс залилж авсан мөнгөө буцаан төлсөн тул шүүгдэгч Д.Ч-г гэм буруугүй гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ч- Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын сүүлээс 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий дөрвөн хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ч.Д-т 2.000.000 төгрөгийн, Э.Н-д 2.360.000 төгрөгийн, хохирогч Ц.Н-т 5.765.000 төгрөгийн, хохирогч Л.Б-т 4.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ч.Д-ын “...1.500.000 төгрөгийг Ч-гийн данс руу шилжүүлээд би 500.000 төгрөгийг хүнээс зээлээд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-6-8/, гэрч Ж.Ц-ийн “...Сумьяабазар гишүүний тусламжаар ахмад настангуудад байр олгож байгаа юм байна. Урьдчилгаа 500.000 төгрөгийг миний хүү зээлчхээч гээд ...данснаасаа 500.000 төгрөгийг, 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-16/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-21/, хохирогч Э.Н-ийн “...хүү Галбадрахыг сургуульд оруулна гээд удаа дараа мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-58-61/, данс эзэмшигчийн лавлагаа /хх-88/, хохирогч Ц.Н-ийн “...Би Ч- гэгч хүнд нийт 5.765.000 төгрөг шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг /хх-105-109/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-100-104/, хохирогч Л.Б-ын “...2019 оны 01 сарын сүүлээр 2,500,000 мянган төгрөгийг би аваачиж өгсөн. Тэгээд хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-164-177/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-185-186/, шүүгдэгч Д.Ч-гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн мөнгийг хэрэгцээндээ зориулж дуусгасан ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-195-196, 221/ зэрэг шинжлэн судалсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ч-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.
“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав ба түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт. Шүүгдэгч Д.Ч-гийн хувьд нэр бүхий 4 хохирогчоос 14.925.000 төгрөгийг залилан авсан үйлдэлд дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй, түүнчлэн тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон гэх, тухайлбал бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, улмаар амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийгээ амжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч Д.Ч- хүмүүсээс залилж авсан мөнгөө буцаан төлсөн тул гэм буруугүй гэж үзлээ” гэх дүгнэлт нь дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй байгааг тэмдэглэж байна.
Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Д-т 2.000.000 төгрөгийн, Э.Н-д 2.360.000 төгрөгийн, Ц.Н-т 5.765.000 төгрөгийн, Л.Б-т 4.800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар “Хохирлын мөнгөө авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Д.Ч-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэхэд татгалзах зүйлгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Ч-гийн хувийн байдлын хувьд ар гэрийн нөхцөл байдал маш хүнд байгаа тул хорих ял оногдуулах боломгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн шүүгдэгчид заавал хорих ял оногдуулахгүйгээр нийгэмшүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Ч-д уг хэрэгт гэмшиж байгаагаа илэрхийлж байгааг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр 4 хохирогчийг хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо охины эмчилгээнд зарцуулсан гэх/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /4 хохирогчид нийт 14.925.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч нар “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх , шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан буюу байнгын асаргаа шаардлагатай охинтойгоо амьдардаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ч- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт Д.Ч-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б__ овогт Д.Ч-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч Д.Ч-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ч- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Б.БЯМБААБААТАР