| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0493/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/455 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/455
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____-ний өдөр ____ төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “___” ХХК-д хамгаалагч ажилтай гэх, ____ тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ___ тоотод түр оршин суух,
урьд __ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ___дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,
___ аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ___дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
___ аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ___дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял,
___ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ___дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
___ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, Б овогт Д.А /РД:____/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.А- нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ___ орчим хохирогч О.Г-гийн “Айфоне 6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед М- ах хамт Ц-ынд очоод ирье гэсэн. М- ах “2 согтуу хүүхэн явж байна” гэж надад хэлсэн. М- ах тамхи татаад ард үлдсэн. Би тэр хоёр хүүхний араас очоод утсыг нь булаагаад зугтаасан. М- ахыг ирэхгүй болохоор нь баригдчихсан юм болов уу гэж бодсон. Тухайн үед миний өөрийн утсанд дуудлага ирсэн. Тэгтэл нэг танихгүй хүүхэн залуу хоёр намайг түрүүний утас хулгайлсан хүн мөн байна гээд барьж аваад дэлгүүрийн ахаар цагдаа дуудуулсан. Тэгээд би цагдаад баригдсан. Тухайн үед би намайг цагдаад битгий барьж өгөөч, утсыг буцаагаад өгье гэж зөндөө гуйсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Эрүүгийн __ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч О.Г-гийн: “2021 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед найз Бгийн хамт гэртээ харих гээд явган хүний замаар ** байр өнгөрөөд зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Цагаан өнгийн, саарал гэртэй “Айфоне 6” маркийн гар утсаа барьчихсан явж байсан. Гэнэт араас үл таних хүн гүйж ирээд утсыг булааж аваад “Р__” дунд сургууль 41 дүгээр байр хоёрын завсраар ороод хойшоо хашаа даваад зугтаасан. Бид 2 хөөсөн боловч хашаа давж чадахгүй үлдсэн. Хэсэг яахаа мэдэхгүй байж байгаад өөрийн утас руу найз Б-ийн дугаараар залгасан чинь 1 танихгүй хүн миний утсыг аваад “ахын дүү хурдан ** байрны энд хүрээд ир, утсыг чинь авч зугтаасан хүнийг бариад авлаа” гэж хэлсэн. Тэгээд очсон чинь цагдаа ирсэн байсан. Миний утсыг авч зугтаасан залууг бариад авсан байсан. Би утсаа буцааж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-17/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021.03.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний ___ дугаар тайланд: ““Iphone 6” маркийн гар утас 170.000 төгрөг” гэжээ /хх-36-37/,
Гэрч Г.Б-гийн: “...Тэр үед Г цагаан өнгийн, саарал гэртэй “Айфоне 6” маркийн гар утсаа баруун гартаа барьчихсан явж байсан гэнэт араас үл таних эрэгтэй хүн гүйж ирээд Ггийн утсыг булааж аваад хашаа даваад зугтаасан. Г бид 2 хөөсөн боловч хашаа давж чадахгүй үлдсэн. Миний утаснаас залгасан чинь нэг танихгүй хүн “ахын дүү 41А байрны энд хүрээд ир, утсыг чинь авч зугатаасан хүнийг бариад авлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Н.Б-ийн: “2021 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед ** байрны үүдний шатан дээр найз С-тэй юм яриад сууж байсан чинь “___” сургуулийн урд 1 эмэгтэй “утас аваад зугатаачихлаа” гэж орилохоор нь би босоод харсан чинь саарал куртиктэй өндөр залуу хойш чиглэлтэй, төмөр хайс даваад зугтаасан. ...Нөгөө залууг сайн харсан чинь гар утсыг авч зугтаасан залуу мөн байхаар нь би барьж аваад “чи сая хүний гар утас булааж зугтаасан залуу мөн байна” гээд дэлгүүрийн эзэн гээд нэг ахад “саяны охидуудын гар утсыг авч зугтаасан залуу мөн байна, цагдаа дуудаадах” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирэхээр нь нөгөө залууг хүлээлгэж өгсөн. Нөгөө залуугийн халаасанд дуугарч байсан “Айфоне” маркийн гар утсыг гаргаж ирээд авахад нэг эмэгтэй “та миний утсыг өгчихөөч” гэхээр нь би “утсыг чинь авсан хүнийг бариад авлаа, 41А байрны энд хүрээд ир” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-24/,
Гэрч Б.М-ын: “2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ...А- бид хоёрыг алхаж явахад харанхуй болчихоор нь буцаж ___д очиж хонох гээд явж байсан. 21 цагийн орчим 41 дүгээр байрны хажууд явж байхад А- урд гараад явсан. Би хойно нь тамхи татаад алхаж явтал гэнэт хүүхэд орилоод байсан. Гүйгээд очтол А- байхгүй, нөгөө 2 охин хэсэг зогсож байгаад цаашаа яваад өгсөн. Намайг дээшээ алхаж явахад А- залгаад “өдрийн уулзсан газраа хүрээд ир” гээд би “Эрчим” төв очиход цагдаа нар бариад авсан. А- надад “та тэр охины гар утсыг булаагаад авсан гээд цагдаад хэлчих, би буцаагаад аваачиж өгсөн гээд хэлчихье” гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/,
Шүүгдэгч Д.А-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ц- гэдэг ахын гэрт М- ах бид нар архи уусан. Сонгинохайрхан дүүргийн ***байрны тэнд байхад бид хоёрын хажуугаар 2 охин гарч явахдаа нэг нь утсаа ил атгасан явж байхаар нь би дагаж яваад утсыг булаагаад зугтаасан. М- ахыг надтай хамт явж байсан гээд бариад авсан байх гэж бодоод гар утсыг нь буцаагаад өгье гэж бодоод буцаад гараад ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр намайг “нөгөө гар утас авч зугтаасан хүн мөн байна” гээд барьж аваад 41А байрны тэнд очин цагдаа дуудаж өгсөн. Би гар утас булаах талаар М- ахад хэлээгүй, энэ талаар ярилцаагүй. Би өөрийн гэм бурууг бүрэн ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-49-51/
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1-6/, гэрч Л.С-ийн мэдүүлэг /хх-26-27/, гэрч Д.М-ы мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/, иргэний үнэмлэхийн лавлаагаа /хх-70/, “____” ХХК-ийн “Д.А- 2020 оны 4 дүгээр сараас эхлэн тус компанид хөдөө орон нутаг дахь салбарт хамгаалагчаар ажилладаг” гэх тодорхойлолт /хх-76/, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоол /хх-97/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хх-99/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-101-131/ зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.А- нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** байрны орчим хохирогч О.Г-гийн “Айфоне 6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.Г-гийн “...би “Айфоне 6” маркийн утсаа барьчихсан явж байсан араас үл таних хүн гүйж ирээд утсыг булааж зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-13-17/, гэрч Г.Б-гийн “...араас үл таних эрэгтэй хүн гүйж ирээд Гантуяагийн гар утсыг булааж зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Н.Б-ийн “...1 эмэгтэй “утас аваад зугтаачихлаа” гэж орилохоор нь би босоод харсан чинь саарал куртиктэй өндөр залуу хойшоо чиглэлтэй төмөр хайс даваад зугтаасан. ...нөгөө залуугийн халаасанд дуугарч байсан “Айфоне” маркийн утсыг гаргаж ирээд авахад нэг эмэгтэй “та миний утсыг өгчхөөч гэсэн...” гэх мэдүүлэг /хх-22-24/, гэрч Д.М-ы “...энэ залуу хүүхдийн гар утас авч зугтаагаад манай найз залуу бариад авсан зугтаах гээд хүчрэгдэхгүй байна” гэхээр нь ...гар утас авч зугтаасан гэх залууг хамжаад барилцаж байсан цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.М-ын “...А- надад “та тэр охины гар утсыг булаагаад авсан гээд цагдаад хэлчих тэгээд би буцаагаад аваачиж өгсөн гээд хэлчихье” гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Айфоне 6” маркийн гар утас 170.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-36-37/, шүүгдэгч Д.А-ын яллагдагчаар өгсөн “...нэг охин нь гартаа утсаа ил атгасан явж байхаар нь би дагаж яваад утсыг булаагаад зугтаасан. Тухайн үед би саарал өнгийн, урт өвлийн куртик, доод хэсгээр саарал өнгийн ноосон өмдтэй, шар өнгийн гутал өмсөж, маск зүүсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-49-51/ зэрэг шинжлэн судалсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.А-ын хохирогч О.Г-гийн “Айфоне 6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Г-д 170.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд “Айфоне 6” маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.А- согтуурсан үедээ 2021 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41А байрны орчим хохирогч О.Г-гийн “Айфоне 6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 170.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, гар утас биет байдлаар буцаан олгогдсон, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б__ овогт Д.А-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР