Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/456

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо,

шүүгдэгч Л.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____-ны өдөр ___ төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цахим худалдаа эрхэлдэг гэх, ам бүл ___ тоотод оршин суух бүртгэлтэй, ___ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б__ овогт Л.Г /РД:___/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Л.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ___ гудамжинд иргэн Г.О-г “манай гэрт салсан нөхөр Б.Б-тай хамт ирлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, гараараа толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өглөө нөхөр хүүхдийнхээ хувцсыг авна гэж ярьсан. Гэртээ ирэхэд Б-, О- нар ирсэн байсан. Б-ад “яагаад гэрт хүн дагуулж ирж байгаа юм” гэж хэлэхэд О- бууж ирээд бид хоёр маргалдаад үсдэлцсэн. О-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн, гомдолгүй гэсэн. Түр зуурын уур бухимдлаас болоод ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2008030400363 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.О-гийн: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед би өөрийн нөхөр Б.Б-, 3 хүүхдийн хамт өөрийн машинтай нөхрийн өмнөх эхнэр Г-ын гэрт Б.Б-ын хүүг авахаар очсон. Өөдөөс нэг машин гэрлээ тусгаж тулж зогсоод нөхрийн өмнөх эхнэр Г- бууж ирээд машины хаалга онгойлгоод урд талын суудал дээр сууж байсан Б.Б-ыг учир зүггүй толгой, тархи руу нь цохиж өшиглөж эхэлсэн. Би машинаас бууж тойрч очоод Г-ыг “болиоч ээ” гэж хэлэхийн завдалгүй Г- намайг үсдэж сэгсрээд нүүр лүү алгадаж орилж, чарлаад “ээжээ гараад ирээч ээ, нөгөө янхан чинь ирчихсэн байна шүү дээ” гээд орилж байхад ээж нь гэх хөгшин гарч ирээд намайг алгадаад хамт дайраад байсан. Б.Б- бид нарыг салгах гээд, машинд байсан хүүхдүүд орилолдож байж тэр хоёрыг надаас салгасан. ...Би гомдолтой байна. Тухайн үед ажилдаа явж чадалгүй эмчилгээ хийлгэж 14 хоног болсон, тархины зураг авхуулсан 200.000 төгрөг, эмчийн бичиж өгсөн эм тариа нийт 50.000 төгрөг зэрэг зардал гарсан...” гэх мэдүүлэг /хх-17/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.10.23-ны өдрийн ___дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.О-гийн биед тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал тэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. 4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-27-28/,

Гэрч Б.Б-ын: “...Г.О- болон түүний 3 хүүхдийн хамт машинтай салсан эхнэр Г-ын гэрт хүү А-ыг авч явахаар очсон. ...Би хүүхдээ “цэвэрхэн хувцсаа өмсөөд гараад ир, гадаа хүлээж байя” гээд гараад машинд хүлээж байтал хүү гараад ирсэн. Хөдлөх гэж байтал Г- машинтай хүрч ирээд машин хааж зогсоод бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгож намайг элдэв янзаар хэлж үсдэж дайраад салахгүй байсан тул О- машинаас бууж тойрч ирээд “болиоч ээ” гэсэн чинь Г- шууд О-г үсдэж дараад орилж, чарлаад ээжийгээ дуудаад байсан. Удаагүй ээж нь гарч ирээд Г-ын хамт О- руу дайраад байсан. Би салгаад тэндээс явсан. ...О- нь Г-ын эсрэг огт зодолдоогүй, зүгээр үсдүүлж даруулчхаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Гэрч Д.Б-ийн: “...Намайг гэртээ байтал Б.Б- ирээд “хүүхдээ авч явна, хувцсыг нь бэлдээд өгөөч, гадаа байж байя” гээд гараад явсан. Гадаа “ээжээ авраарай” гээд охин Л.Г-ын дуу гарах шиг болсон. Би гайхаад гартал үүдэнд Л.Г- нэг танихгүй эмэгтэйтэй үснээсээ зулгаалцаад зууралдаад орилолдоод байж байсан. Би сандарч очоод тэд нарыг салгаад “та нар ямар муухай улсууд вэ, гадаа ирээд ийм юм болох доо яадаг юм” гэсэн чинь Б- охины машиныг унаад явчихсан. Тэрний араас охинтой үсдэлцэж байсан эмэгтэй машинаа унаад явахдаа манай охиныг хаалганаас нь татахад чирээд газар унагаачихсан юм. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /хх-25/,

Шүүгдэгч Л.Г-ын сэжигтнээр өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед намайг гэрт ирэхэд хашааны гадаа Б.Б- нь явалддаг О- гэх хүүхэнтэйгээ халамцуу ирчихсэн зогсож байсан. Би машинаа өөдөөс нь гэрлээ тусгаж харж зогсоогоод бууж очоод Б.Б-ын сууж байсан талын хаалгыг онгойлгож Б.Б-ыг загнаад “чи хүүхдийн хувцас авах гэж ирсэн бол яах гэж энэ хүүхэнтэйгээ хамт ирж байгаа юм бэ?” гэж хэлэхэд О- толгойгоо сэгсчээд “Чи муу одоо яах гээд байгаа юм бэ” гээд машинаас бууж ирээд үснээс зулгаасан. Би хариу үснээс нь зулгааж зууралдаж байсан чинь О-тай хамт явж байсан охин машинаас бууж ирээд “болиоч ээ” гээд миний үснээс зуураад доош дараад байсан. Б.Б- салгах гээд миний үснээс бас зулгаагаад байхаар нь би орилоод “ээжээ эд нар чинь намайг аллаа шүү дээ” гэхэд ээж гэрээс гарч ирээд намайг тэд нараас салгахад Б.Б- миний машиныг унаад явахад О- машиндаа суугаад дагаад хөдөлсөн. ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23, 109/,

Иргэн Г.О-гаас 2020.10.18-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “Бусдад зодуулсан” гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-6, 7/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-38/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа, баримт /хх-42, 43/, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй талаарх тодорхойлолт /хх-71/, хохирлын баримтууд /хх-101-102/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Г- нь хохирогч Г.О-г “гэрт салсан нөхөр Б.Б-тай хамт ирлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний үснээс зулгаах, толгой руу цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.О-гийн “...Г- намайг үсдэж сэгсрээд нүүр лүү алгадаж орилж, чарлаад...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүх эмнэлгийн 12064 дүгээр “1. Г.О-гийн биед тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал тэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27-28/, гэрч Б.Б-ын “...Г- шууд О-г үсдэж дараад орилж, чарлаад...” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч Д.Б-ийн “...Л.Г- нэг танихгүй эмэгтэйтэй үснээсээ зулгаалцаад зууралдаад орилолдоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх-25/, шүүгдэгч Л.Г-ын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23, 109/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Г-ын хохирогч Г.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний үснээс нь зулгаах, толгой руу цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний төлбөрт 235.862 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Л.Г- нь хохирогч Г.О-г “манай гэрт салсан нөхөр Б.Б-тай хамт ирлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, гараараа толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Л.Г- бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Л.Г- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 8 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эх, 2 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа, цахим хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйүлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /“хуучин нөхөртэй хамт гэрт ирлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд үснээс зулгаах, гараараа толгой руу нь цохих үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эмчилгээний зардалд 235.862 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 8 настай хүүхдийн хамт амьдардаг, хувиараа цахим худалдаа эрхэлдэг гэх, тодорхой орлоготой/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.    

Шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, 8 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эх, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэж, харин улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь дээрх шаардлагад нийцэхгүй байна гэж үзснийг тэмдэглэж байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа цахим худалдаа эрхэлдэг, тодорхой орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Л.Г-ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР