| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0500/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/471 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/471
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат,
шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн __ дугаар хэргийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___-ны өдөр ____ төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг___ тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн _____ тоотод түр оршин суух,
урьд ____ дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ____дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар түүний өмчлөлийн газрыг хурааж, 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
____ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ____ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
____ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн _____дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Б овогт Б.Б /РД:___/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.А-, Б.Б- нарын амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн ___ тоот байрыг “___” сонинд “байр түрээслэнэ” гэж хуурамч зар тавьж улмаар зарын дагуу ирсэн Б.Ж-ыг “энэ байрыг хүмүүс түрээсэлж байгаа, энэ сарын 20-нд гарна, тэгэхээр нь танайх ороорой” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Ж-ы Сонгинохайрхан дүүргийн ____ тоотод байхдаа шилжүүлсэн 1 сарын түрээсийн төлбөр гэж 350.000 төгрөгийг өөрийн төрсөн охин О.Л-гийн эзэмшлийн ____ дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн ____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Ж-ы: “2019 оны 6 дугаар сард “Шуурхай зар” сонины “Сонгинохайрхан дүүргийн ____” гэсэн зар байхаар нь залгахад нэг эмэгтэй “сарын 300.000 төгрөг” гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа очсон. 40 орчим насны эмэгтэй байсан. Тэгээд байраа танилцуулаад “энэ байрыг хүмүүс түрээсэлж байгаа, энэ сарын 20-нд гарна, тэгэхээр нь танайх ороорой” гэсэн. Тэгээд “тог, байрны мөнгө сардаа 48,000 төгрөг гардаг, та нар түрээсийн мөнгөтэй хамт өгч байвал зүгээр байна” гэж байсан. Маргааш өдөр нь нөгөө эгч рүү яриад О.Л- гэх хүний данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 20 болоход тэр хүний утас нь холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/,
Хаан банкны “...тоот дансанд Б.Ж-ы ...тоот данснаас 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн байна” гэх албан бичиг, дансны хуулга /хх-15-18/,
Гэрч Б.А-ын: “...Би тухайн хаяган дээр 2 жил гаран амьдарч байна. ...2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр манай байрыг түрээслэдэг хүн залгаад “Сая гаднаас нэг эмэгтэй цагдаатай орж ирээд энэ байрыг түрээслэнэ гээд мөнгө авсан, авч чадахгүй байна гэж орж ирлээ” гэсэн. Гэнэт хадам эгч Батдэлгэрийг урьд өмнө иймэрхүү хэрэгт холбогдож байсан гэж сонсож байсан болохоор залгаад асуусан чинь “Би тэр хүнээс 300.000 төгрөг аваад буцаагаад өгчихсөн шүү дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-105/,
Иргэн Б.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-36-38/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-46-53/, хохирогчийн “Хохирлын мөнгө 350.000 төгрөг хүлээж авлаа” гэх гар бичмэл /хх-108/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-111/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-124/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн гэх лавлагаа /хх-125/, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх лавлагаа /хх-126/, тэтгэмжийн дэвтрийн хуулбар /хх-127/, “Номин Холдинг” ХХК-ийн ажлын үнэмлэхийн хуулбар /хх-128/, “ТҮЦ”-ний орлого, зарлагын дэвтрийн хуулбар /хх-130-131/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-133/, гэрлэлт бүртгэлтэй лавлагааны хуулбар /хх-134/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-135-151/, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-152, 153/, прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол, санал /хх-154-155, 156-157/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бусдын амьдарч байсан байрыг “Шуурхай зар” сонинд “байр түрээслэнэ” гэж хуурамч зар тавьж, зарын дагуу иргэн Б.Ж-ыг “энэ байрыг хүмүүс түрээсэлж байгаа, энэ сарын 20-нд гарна, тэгэхээр нь танайх ороорой” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Ж-ы Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод байхдаа шилжүүлсэн 1 сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөгийг өөрийн охины ...дугаар дансаар шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Ж-ы “...би маргааш өдөр нь нөгөө эгч рүү яриад О.Л- гэх хүний данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч Б.А-ын “...Би хадам эгч Б лүү залгаад “манай байранд нэг эмэгтэй цагдаа дагуулан очсон байна, энэ чамтай холбоотой юу, ямар учиртай юм бэ” гэсэн чинь өөдөөс “би тэр хүнээс 300.000 төгрөг аваад буцаагаад өгчихсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг хх-26-27/, яллагдагч Б.Б-ийн “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-105/, банкны “...тоот дансанд Б.Ж-ы ...тоот данснаас 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэх дансны хуулга /хх-15-18/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б.Б-ийн бусдын өмчлөлийн орон сууцыг түрээсэлнэ гэж хуурамч зар тавьж, хохирогч Б.Ж-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 350.000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-д 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “Хохирлын 350.000 төгрөг хүлээж авсан” гэх хүсэлт /хх-108/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Шуурхай зар” сонинд “байр түрээслэнэ” гэж хуурамч зар тавьж, зарын дагуу ирсэн Б.Ж-ыг “энэ байрыг хүмүүс түрээсэлж байгаа, энэ сарын 20-нд гарна, тэгэхээр нь танайх ороорой” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Ж-ы шилжүүлсэн 1 сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөгийг өөрийн төрсөн охин О.Л-гийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5173145001 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Б- бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хохирлын талаар маргаагүй. Улсын яллагчийн сонсгосон ялын саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Б- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /сонинд хуурамч зар тавьж хохирогчийг хуурч, тодорхой хугацааны дараа байранд оруулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР17.3