| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0120/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/257 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/257
2021 05 18 2021/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-ын Э-од холбогдох эрүүгийн 20020 0529 0001 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ /томилолтоор/, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Тамир нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д-ын Э- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбайгаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,
Үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар түүж, бэлтгэж, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хххх тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын орчимд 15-55 УАН улсын дугаартай Тоёота Чезарь загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 12.6871 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чу, Ган-Эрдэнэ нар нь манай гэрт ирээд “Батсүмбэр явъя” гээд Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. Явах замдаа дэлгүүрт ороод ундаа болон ойр зуурын юм авсан. Батсүмбэрт ирээд тариалангийн талбайгаас Чу, Ган-Эрдэнэ нарын ярьж байсан өвсийг нь түүж авсан.
Түүж дуусаад хот руу ороход Чу, Ган-Эрдэнэ нар түүсэн өвснөөсөө надад атга өвс өгсөн юм. Тэгээд Бат-Оргил, Дөлгөөн нартай уулзаад хамт хэрэглэсэн. Дөлгөөн “өвснөөсөө өгөөч” гэж гуйхаар нь өвснөөсөө өгсөн. Маргааш нь “Эрхэт Сүлд” амралтын газар очоод 2 хоносон. 2 дахь хоног дээр нь тэдгээрийн таньдаг 2 хүн ирсэн ба би тэр 2 хүнтэй сайн танилцаагүй. Маргааш өглөө нь гэр рүүгээ нөгөө 2 ахтай цуг явсан. Гэтэл тэдний нэг нь буцаж амралтын газар очоод Дөлгөөнтэй уулзаж “ярих зүйл байна” гээд машинд нь суусан. Дөлгөөний машинд суугаад 5-10 минут болоод удаад байхаар нь очиход нөгөө ах “цагдаа дуудсан байгаа, цагдаад барьж өгнө” гэхээр нь гараад зугтсан. Би гэртээ байж байхад хоёр цагдаа ирээд баривчилсан.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20020 0529 0001 дугаартай хэргээс:
1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 1-р хавтас 09-13х/,
2. Хххх тоот дахь гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /хэргийн 1-р хавтас 16-19х/,
3. Хххх тоотод үзлэг нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн явцыг бэхжүүлсэн СД 1 ширхэг баримтууд /хэргийн 1-р хавтас 22-24х, 25х/,
4. Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг хийсэн, тест тавьсан дүрс бийлэг бүхий СД 1 ширхэг /хэргийн 1-р хавтас 26-30х, 31-35х, 36-37х, 38-40х, 41-45х, 46-50х, 51-56х, 57-63х, 68-69х, 70-72х, 73-75х, 76-79х, 80х/,
5. Шүүгдэгч Д.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт, СД 1 ширхэг /хэргийн 81-87х/, хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 09-13х/,
6. Эрүүгийн 20020 0529 0001 дугаартай хэрэгт:
“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 4.9701 грамм, цэвэр жин нь 4.2508 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 11.6117 грамм, цэвэр жин нь 8.4363 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 134х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны А.Хулангийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их дэлгүүрийн урд талд байрлах “Hashtag” нэртэй пабын гаднаас найз Дөлгөөн, түүний найзууд болох Э-, Буяндэлгэр, Вероника, Бат-Оргил нар Дөлгөөний машинтай ирж намайг авсан. Тухайн үед би машин дотор явж байхдаа “та нар хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад Дөлгөөн “амралтын газар явах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд бид нар замдаа нэг дэлгүүрт зогсож, Буяндэлгэр, Вероника, Э- нар дэлгүүрээс ус ундаа, пиво аваад цаашаа амралтын газар луу явцгаасан. “Чингисийн хүрээ” гэх амралтын хажууханд байрладаг “Эрхэт сүлд” нэртэй амралтын газарт очоод, дундаа нэг гэр аваад Вероника, Буяндэлгэр нарын авчирсан пиво, ус ундаанаас бид нар уусан.
Шөнө 01 цагийн үед бид юм яриад сууж байхад Бат-Оргил, Дөлгөөн, Э- нар өвс гаргаад татаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр өвснөөс нь 2-3 удаа сорсон байх. Сүүлд тэд нарын яриаг сонсоход Э- нь өвс авчраад, Бат-Оргил, Дөлгөөн нарт өгсөн юм шиг байна лээ. Тэгээд тэр гурав нөгөө өвснөөсөө татсан гэж ярьж байсан.
Тухайн үед Вероникагаас бусад нь татаж хэрэглэсэн, Вероника жирэмсэн гээд огт хэрэглээгүй. Ойролцоогоор 03 цагийн үед бид унтсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Вероника, Буяндэлгэр хоёр “нэг хүүхэдтэй уулзчихаад ирье” гээд Дөлгөөнийг машинтай нь авч яваад, ирэхгүй нилээн удаж байгаад тэр гурав машингүй, таксигаар буцаад ирсэн. Тэгээд “машины дугуй хагарчихаар нь нисэхийн тэнд колонки дээр үлдээчихлээ” гэж байсан.
Тэгээд бид нар тэд өдрөө юу ч хийгээгүй, хөзөр тоглоод унтах гэж байхад манай найз Очироо над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь би “амралтын газарт байна” гэж хэлсэн. Тэгэхэд Очироо “тэгвэл би найзыгаа дагуулаад очлоо шүү” гэхээр нь бид нар хоорондоо ярилцаад зөвшөөрсөн юм. Шөнийн 01 цагийн үед Вероникагийн найз гээд буриад, нэрийг нь Амина гэж дууддаг эмэгтэй ирээд, удалгүй араас нь Очироо болон түүний найз Ганбаа нар ирсэн. Бид нар тэдний авчирсан пивоноос уугаад бараг 04 цаг хүртэл сууцгаасан. Тэгж байхад Очироо тасраад унтчихаар нь Дөлгөөн түүнийг гэр лүү нь оруулах гээд өргөөд даахгүй байхад Буяндэлгэр очоод шууд дээрээс нь өшиглөсөн боловч босоогүй. Дөлгөөн арай хийж өргөөд гэрт нь оруулж өгөөд, буцаж ирээд унтах гэж байхад Очироо араас нь орж ирээд Дөлгөөнийг зодоод бөөн хэрүүл болоод байсан.
Гэтэл хэн нь Ганбаад “машин дотор өвс байгаа” гээд хэлчихсэн юм, Ганбаа Дөлгөөнөөс “өвснөөсөө жаахан тасдаад өгчих” гээд гуйгаад яваад байсан. Тэгж байгаад бид нар өглөөний 06 цагийн үед унтсан. Өглөө 11 цагийн үед намайг сэрэхэд Дөлгөөн, Ганбаа, Э- нар байхгүй байхаар нь Э-ын утас руу залгасан чинь холбогдохгүй байсан.
13 цагийн үед залгахад Э-ын утас дуудаад, түүнтэй яриад “хаана байгаа” талаар асуухад “би гэртээ байна, нөгөө Ганбаа гэдэг хүн машин дээр ирээд өвс харчихаад цагдаа дуудахаар нь би зугтаагаад гэртээ ирсэн, одоо Дөлгөөн бараг цагдаад баригдсан байх, дахин надтай битгий холбоо бариарай, би утсаа авахгүй шүү” гэж хэлээд утсаа тасалсан.
Тэгэхээр нь бусад унтаж байсан хүмүүсийг сэрээгээд, бид нар амралтын газраас гараад төв зам орох гээд явж байхад цагдаа нар ирээд биднийг бариад, Хар тамхитай тэмцэх газар авчирсан. Би “Эрхэт сүлд” амралтын газарт байхдаа мансууруулах бодис татаж хэрэглэсэн. Тэр өвс гэх бодисыг Бат-Оргил, Дөлгөөн, Э- нар гаргаж ирсэн, яг хэн нь гаргаж ирснийг бол мэдэхгүй. Гэхдээ Бат-Оргил, Дөлгөөн нар Э-оос авсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 89-90х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Дөлгөөний гэрчээр өгсөн:
“...Дээрх бодис нь миний унаж явсан тээврийн хэрэгслээс илэрч хураагдсан нь үнэн. Одоогоос 2 хоногийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай найз Буяндэлгэр бид хоёр Жуковын орчимд байрлах, нэрийг нь одоо санахгүй байна, нэг буудалд хоносон юм.
Тэгээд маргааш нь 14 цагийн үед найз Бат-Оргилыг гэрээс нь очиж аваад, хамт гадуур явж байгаад Бат-Оргилын найз Э-той танилцаад, машин дотор ойр зуур юм яриад сууж байхад Э- нь “өвс татах уу” гэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэгээд Э-ын гаргаж өгсөн өвснөөс бид дөрөв татаж хэрэглэсэн.
Тэгээд бид дөрөв Буяндэлгэрийн найз охин болох буриад Вероникаг Тэнгисийн хойд автобусны буудал дээрээс аваад, тэндээсээ шууд Их Дэлгүүрийн урд байдаг “hashtag” нэртэй пабаас Хуланг аваад “Чингисийн хүрээ” гэх нэртэй амралтын газрын хажууханд байдаг “Эрхэт сүлд” гэх амралт руу явсан. Замдаа Буянт-Ухаа спортын цогцолборын Петровис колонкийн тэнд явж байхад манай машины дугуй хагарчихаар нь машинаа колонк дээр үлдээгээд, цаашаа амралт руу таксигаар явсан.
Амралтын газарт ирээд цай ундаа ууж, архи дарс хэрэглээд байж байгаад шөнө ойролцоогоор 01 цагийн үед Вероникагийн найз охин гээд дахиад нэг буриад охин ирсэн. Мөн Хулангийн найз гээд Очироо, Ганбаа гээд хоёр залуу ирээд, бид нартай хамт уусан юм. Маргааш өглөө нь 09 цагийн үед би Ганбаа, Очироо, Э- нартай хамт машин дээрээ ирэхэд Очироо “явлаа” гээд өөр тийшээ явсан. Тэгээд бид гурав машин дотор сууж байхад Э- над руу хараад “нөгөө өвснөөсөө Ганбаад жаахан таслаад өгчих” гэхээр нь би таслаад өгтөл Ганбаа өвсөө авахгүйгээр шууд цагдаа дуудчихсан юм. Тэгэхэд Э- машинаас буугаад зугтаачихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 97-98х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ганбаярын гэрчээр өгсөн:
“...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны орой өөрийн найз Очирпүрэвийн хамт хоолонд ороод, ганц хоёр пиво уугаад сууж байхад түүний таньдаг Хулан гэх охин утсаар яриад “би амралтын газарт байна, чи хэдэн пиво аваад энд хүрээд ирээч” гэхээр нь бид хоёр Хулангийн байгаа газрыг заалгуулаад дуудлагын жолоочоор машинаа бариулаад явсан. Тэгээд “Чингисийн хүрээ” амралтын газрын хажууханд байдаг “Эрхэт сүлд” гэсэн нэртэй амралтын газар байсан байх, одоо нэрийн нь санахгүй байна, 00 цагийн үед очсон.
...Очирпүрэв авчирсан пивоноосоо хоёрыг аваад Хулангийн байгаа гэр лүү яваад, би гэртээ үлдсэн. Хэсэг хугацааны дараа Очирпүрэв над руу яриад “хүрээд ир” гэхээр нь би зааж өгсөн гэрт нь очиход 4 эрэгтэй, 3 эмэгтэйн хамт сууж байсан. Би гэрт байсан хүмүүстэй танилцаад, авчирсан пивоноосоо уусан. Ууж байсан пиво дуусахад манай гэр лүү Хулан, урт үстэй Дөлгөөн, хоёр буриад охин, Буяндэлгэр буюу Буяка, Э- бид нар пиво ууцгаасан.
Тухайн үед Дөлгөөн жоохон согтуурхаад байхаар нь би “ахын дүү уусан юмаа шингээгээрэй” гэхэд миний урдаас “чи намайг ахын дүү гэлээ” гээд дайраад байсан. Тэгээд Хулан Дөлгөөнийг аваад гэрээс гарсан ба, тайвшруулж байгаад буцаж орж ирсэн. Бид нар цаг гаран хоорондоо юм ярьж сууж байгаад буцаад нөгөө гэртээ орсон.
...Өглөө 06 цагийн үед би дуудлагын жолооч дуудсан ба Очирпүрэв бид хоёр гэрээс гараад машиндаа суухад Дөлгөөн, Э- хоёр “хамт явъя, бид хоёр Нисэхийн тойрог орж машинаа авах хэрэгтэй байна, та хоёр буцаагаад хүргээд өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. Би замдаа Дөлгөөн, Э- нараас “та хоёр буцаж ирж яах гэж байгаа юм бэ, машинаасаа юм авах гэж байгаа юм уу” гэхэд “очиж байгаад харуулъя ах” гэж хэлсэн.
Тэгээд бид нар Дөлгөөний машин дээр очоод би Дөлгөөний машины жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Тэгэхэд Дөлгөөн жолоочийн суудал доороос гялгар ууттай өвс гаргаж ирээд, дахин нэг гялгар уут гаргаж ирээд тэрэндээ өвс хийгээд, надад өгөхөөр нь би машины урд талын самбар дээр тавьсан.
Би “ахын дүү нар буруу юм хийж байна даа” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд ард сууж байсан Э- “юу болоод байгаа юм бэ, нээрээ юм уу ах” гэж хэлээд машинаас гараад зугтаачихсан. Би Дөлгөөнийг бариад машин дотор нь сууж байхад цагдаа нар ирээд, амралтын газар үлдсэн хүмүүсийг очиж бариад явцгаасан юм.
Тухайн үед Дөлгөөн ярихдаа “би энэ өвсийг Э-оос авсан юм, ер нь Э- өвс өгдөг” гэж байсан. Харин 15-55 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дөлгөөний машин гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 114-115х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Очирпүрэвийн гэрчээр өгсөн:
“...Би 2020 оны эхээр байх, өөрийн үеэл ах Ганбаярын хамт ...21 цагийн үед хоол идээд, караоке орсон юм. Тэгээд караокед сууж байхад фейсбүүк найз Хулан гэх охин над руу чат бичээд “юу байна, би Чингисийн хүрээний ойролцоо нэг амралтын газар байна, чи хэдэн пиво аваад хүрээд ирээч” гэхээр нь би “чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “найз нартайгаа хамт байна, бас манай 2 эмэгтэй найз ирнэ, чи хүрээд ирээ” гэхээр нь Ганбаяр ах бид хоёр Хулангийн заасан газарт хэдэн пиво аваад очиход бид хоёрыг өөрсдийнхөө байрлаж байсан гэрт оруулсан.
Тухайн үед хэтэрхий олон хүн байхаар нь Ганбаяр ах бид хоёр өөрсдөө тусдаа гэр авсан юм. Тэгээд Хулангийн найз нартай танилцаад, авчирсан пиво ууцгаасан. ...Тэгээд нэг их удаагүй байх, би Хулангийн найз нарын гэрт нь тасраад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд нэг хүн миний дээрээс дэвсээд байхаар нь сэрээд харахад хоёр хүн намайг сугадаад Ганбаяр ахын гэр лүү оруулж өгсөн. Тэгээд би уурлаад Ганбаяр ахад “намайг зодчихлоо” гээд бид хоёр буцаж нөгөө гэрт ороод, намайг зодсон хүнийг хайгаад, Дөлгөөн гэх залуутай нь муудалцаад, хоорондоо зууралдаж аваад ганц хоёр цохилцож авсан. Тэр үед Ганбаяр ах салгасан. Тэр үед үүр бараг цайж байсан ба би дуудлагын жолооч дуудсан.
40 минутын дараа дуудлагын жолооч ирэхээр нь Ганбаяр ах, би, Дөлгөөн, Э- бид дөрөв хамтдаа машинд суугаад Дөлгөөний машин байгаа газарт ирсэн. Би жолоочийн хамт машиндаа үлдээд, Ганбаяр, Э-, Дөлгөөн нар Дөлгөөний машинд суусны дараа бараг 15-20 минутын дараа Э- гэнэт Дөлгөөний машинаас буугаад, миний сууж байсан машины хажуугаар гүйгээд алга болсон. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод “юу болоод байгаа юм бэ, энэ Э- хаашаа гүйгээд явчих ваа” гэхэд Ганбаяр ах “наадахаа орхичих” гэж хэлсэн.
Нөгөө дуудлагын жолооч “ингэж удаан хүлээхгүй” гэж уурлаад, мөнгөө аваад яваад өгсөн, харин би машин дотор ганцаараа унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд 12 цаг болж байсан ба Дөлгөөний машин байсан боловч түгжээтэй, дотор нь хэн ч байхгүй болохоор нь гайхаад дугуй засварын хүнээс утсыг нь гуйж аваад Ганбаяр ахтай ярихад “ах нь нөгөө хүүхдүүдийг дагуулаад Хар тамхитай тэмцэх хэлтэст явж байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 116-117х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байсан байх, өдрийг нарийн сайн санахгүй байна, өглөө 08 цагийн үед байх өөрийн 13-16 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ээжийг ажилд нь хүргэж өгөөд, буцаад явж байхад манай найз Чу фейсбүүк чатаар залгаад хаана байгаа талаар асуусан. Би ээжийг ажилд нь хүргэж өгөөд буцаад явж байна гэхэд “андаа чи намайг ирээд авчих, хичээлтэй, яараад байна, чи Богд-Арын автобусны буудал дээр ирээд зогсож байх уу” гэхээр нь “за тэгье, замаараа чамайг аваад хүргээд өгье” гэж хэлээд шууд Богд-Ар хорооллын арын автобусны буудал дээр очоод 5-10 минут болсон байх, төд удалгүй Чу Э-ын хамт гарч ирээд, Э- миний хажууд суусан. Харин Чу арын сандал дээр суусан. Замдаа Э- надаас “чиний машин бензин хэр иддэг вэ” гэхээр нь би “гайгүй, хот дотор 8-9 литр идэж байх шиг байна” гэсэн.
Э- надад “хөгшөөн, би чамд бензин, тос маслог нь хийгээд өгье, чи надад Булган аймгийн Хишиг-Өндөр сум яваад өгөөч” гэхээр нь би “хэр хол газар вэ, яаж явдаг юм бэ” гэхэд “70 км газар шороон замаар яваад, үлдсэн нь засмал замаар явна, ойролцоогоор 500 км газар явах байх” гэхээр нь би “шороон замаар явж болохгүй, миний машины босоо тэнцүүлэгч хугарчихсан байгаа, явж чадахгүй” гэж хэлсэн.
Тэгэхэд Э- “тэгвэл ойрхон Төв аймгийн Батсүмбэр сум яваад өгөөч, дан засмал замаар явна, өдөртөө яваад ирнэ” гэж гэхээр нь би Чут “би Э-ыг сайн танихгүй, бид хоёр хоёулхнаа явна гэвэл худлаа, чи хамт явах уу” гэхэд Чу “за за, тэгвэл найз нь өнөөдрийн хичээлээ аргалчихъя” гээд бид гурав хамтдаа явахаар болсон.
Тэгээд Э- “7 буудлаар явна, замдаа хүнээс мөнгө авчихъя” гээд явж байх замдаа Э- миний Хаан банкин дахь 5619хххх60 дугаарын дансаар 10.000 төгрөг хүнээс аваад, дэлгүүр орж ус ундаа, бензин аваад Батсүмбэр сум руу явцгаасан.
Батсүмбэр сумын төв ороход би “одоо хаашаа явах вэ” гэхэд Э- “за, одоохон” гээд гар утсаараа google map гаргаад, нэг тариалангийн талбайн зураг үзүүлээд “ийшээ явна” гэж хэлсэн. Тэгээд би заасан газар луу явж байхад Э- цонхоор харж явж байснаа “за энд зогсож байгаарай” гээд өөрөө машинаас буугаад тариалангийн талбай руу шургаж орж, баахан урт урт шарилж шиг өвс зулгааж түүсэн ба десант цүнх рүү хийгээд машинд суухаар нь би “хөгшөөн, наадах чинь юу юм бэ” гэхэд урдаас юм хэлэхгүй, “шууд чигээрээ яваарай” гэж хэлсэн.
Тэгэхэд Э- “би та хоёрт гоё юм харуулах уу” гээд тариалангийн хажууханд орос цэргүүд амьдардаг байсан гэх байшинг харуулсан. Бид гурав тийшээ орж үзсэн, энэ үед Э- гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд байшингаас гараад буцаж явж байхад Э- “байж байгаарай, би утсаа яасан билээ, унагаачихсан юм байна” гэхээр нь буцаж очоод хайж байгаад олоод авсан. Ингээд буцахдаа Ар гүнтийн даваагаар даваад, Э-ыг Андуудын автобусны буудал дээр буулгасан ба Чу бид хоёр цаашаа гэр лүүгээ явцгаасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 130-131х/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5644 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Б.Бат-Оргил УП00260996 2020.10.11” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 136-138х/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5643 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Буяндэлгэр УБ98111152 2020.10.11” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 141-143х/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5646 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Ч.Дөлгөөн УХ98010338” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 146-148х/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5676 тоот:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Чинчи 11.11.2020” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Чинчи 11.11.2020” гэж хаягласан шээснээс НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 151-153х/,
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5642 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Чинчи 11.10.2020” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 156-158х/,
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5648 тоот:
“1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “А.Хулан УП03220204” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 161-163х/,
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5641 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Серен-Доржу Ану 2020.10.11” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 166-168х/,
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5677 тоот:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Э- ГМ00231215” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Эрбод ГМ00231215” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3.4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 176-178х/,
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6249 тоот:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Чу УИ00262231 11.11.2020” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “Чу УИ00262231 11.11.2020” гэж хаягласан шээснээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 181-183х/,
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6326 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Ган-Эрдэнэ УП00263014 2020.12.01” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 191-193х/,
22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн 5640 тоот:
1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.
4. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 4.9701 г, цэвэр жин нь 4.2508 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 11.6117 г, цэвэр жин нь 8.4363 г байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 171-173х/,
23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн 5721 тоот:
1. Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн тогоо хэлбэрт оруулсан тугалган цааснаас дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.
4. “Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ бодисын агууламж тогтоох шинжилгээг уг тугалган цааснаас арчдас хэлбэрээр /дээжийн хэмжээ маш бага байсан/ дээж авч тогтоосон тул жинг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 186-188х/,
24 .Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1106 тоот шинжээчийн дүгнэлт:
1. Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өмнө нь өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Д.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Д.Э нь сэтгэцийн өвчингүй байна.
4. Д.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Д.Э нь хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Д.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7.Д.Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. Д.Э нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 207-208х/,
25. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01, 02 дугаартай тогтоолууд /хэргийн 1-р хавтас 248-250х, 2-р хавтас 01-06х/,
26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Эын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг би хэн нэгэнд худалдсан зүйл байхгүй, тэр битгий хэл худалдаалах санаа зорилго ч байгаагүй. Миний хийсэн хэргийг үнэн зөвөөр зүйлчилж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 118-119х, 120-121х, 244х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Л.Жавчивын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 125х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 2-р хавтас 21х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 2-р хавтас 30х, 65х/, “Этүгэн” Их сургуулийн тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 32х/, Булган аймгийн Хишиг Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 118х/, мөн сумын Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн суралцагчийн ололт амжилтыг тодорхойлсон тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 119-120х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд зохих журмын дагуу шалгагдсан, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж, Д.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокуророос:
Д.Эыг “Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбайгаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,
Үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар түүж, бэлтгэж, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Хххх тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын орчимд 15-55 УАН улсын дугаартай Тоёота Чезарь загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 12.6871 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх ба энэ төрлийн бодис, аливаа бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван, өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хөр хөнөөл бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан” гэж, мөн тухайн төрлийн бодисыг ямар ч зөвшөөрөлгүйгээр бүх төрлийн тээврийн хэрэгслээр санаатайгаар нэг газраас нөгөөд ил, далд хэлбэрээр зөөвөрлөхийг “тээвэрлэсэн” гэж тус тус үзэх юм.
Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,
- мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор олгоно.”:,
- мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг энэ хуулийн 6.3-т заасан тусгай зөвшөөрлийг үндэслэн Засгийн газраас тусгайлан тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.”:,
- мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хориглоно”, 13.1.4-д “эмчилгээнд хэрэглэх жагсаалтад орсноос бусад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх” гэж тус тус заасан.
Түүнчлэн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам”-ыг баталж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэж болох нийт 29 нэр төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг нэрлэн зааж тогтоосон бөгөөд дельта-9 тетрагидроканнабинол Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад багтаагүй, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд хамаарна.
Тухайн хэргийн нөхцөлд:
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбайгаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 12.6871 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,
- улмаар дээрх хууль бусаар түүж, бэлтгэж, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Хххх тоот дахь өөрийн түр оршин сууж байсан гэртээ болон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын орчимд найз Ч.Дөлгөөний жолоодон явсан Тоёота Чезарь маркийн 15-55 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан,
- Мөн 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Эрхэт сүлд” амралтын газарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус амралтын газарт хамт амарч байсан найз Ч.Дөлгөөн, Б.Бат-Оргил, Б.Буяндэлгэр, А.Хулан нарын хамт хэрэглэж бусдад өгсөн үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 1-р хавтас 09-13х/,
- Хххх тоот дахь гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /хэргийн 1-р хавтас 16-19х/,
- Хххх тоотод үзлэг нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн явцыг бэхжүүлсэн СД 1 ширхэг баримтууд /хэргийн 1-р хавтас 22-24х, 25х/
- Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг хийсэн, тест тавьсан дүрс бийлэг бүхий СД 1 ширхэг /хэргийн 1-р хавтас 26-30х, 31-35х, 36-37х, 38-40х, 41-45х, 46-50х, 51-56х, 57-63х, 68-69х, 70-72х, 73-75х, 76-79х, 80х/,
-Шүүгдэгч Д.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт, СД 1 ширхэг /хэргийн 81-87х/,
- 2020 оны 12 дугаар сарын 15-ны Мөрдөгчийн “эрүүгийн 20020 0529 0001 дугаартай хэрэгт 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 4.9701 грамм, цэвэр жин нь 4.2508 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 11.6117 грамм, цэвэр жин нь 8.4363 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон” тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 134х/,
- гэрч өсвөр насны А.Хулангийн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ....“Чингисийн хүрээ” гэх амралтын хажууханд байрладаг “Эрхэт сүлд” нэртэй амралтын газарт очоод, дундаа нэг гэр аваад Вероника, Буяндэлгэр нарын авчирсан пиво, ус ундаанаас бид нар уусан. Шөнө 01 цагийн үед бид юм яриад сууж байхад Бат-Оргил, Дөлгөөн, Э- нар өвс гаргаад татаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр өвснөөс нь 2-3 удаа сорсон байх. Сүүлд тэд нарын яриаг сонсоход Э- нь өвс авчраад, Бат-Оргил, Дөлгөөн нарт өгсөн юм шиг байна лээ. Тэгээд тэр гурав нөгөө өвснөөсөө татсан гэж ярьж байсан. Тухайн үед Вероникагаас бусад нь татаж хэрэглэсэн, Вероника жирэмсэн гээд огт хэрэглээгүй. Ойролцоогоор 03 цагийн үед бид унтсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Вероника, Буяндэлгэр хоёр “нэг хүүхэдтэй уулзчихаад ирье” гээд Дөлгөөнийг машинтай нь авч яваад, ирэхгүй нилээн удаж байгаад тэр гурав машингүй, таксигаар буцаад ирсэн. Тэгээд “машины дугуй хагарчихаар нь нисэхийн тэнд колонки дээр үлдээчихлээ” гэж байсан.
...Гэтэл хэн нь Ганбаад “машин дотор өвс байгаа” гээд хэлчихсэн юм, Ганбаа Дөлгөөнөөс “өвснөөсөө жаахан тасдаад өгчих” гээд гуйгаад яваад байсан. Тэгж байгаад бид нар өглөөний 06 цагийн үед унтсан. Өглөө 11 цагийн үед намайг сэрэхэд Дөлгөөн, Ганбаа, Э- нар байхгүй байхаар нь Э-ын утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. 13 цагийн үед залгахад Э-ын утас дуудаад, түүнтэй яриад “хаана байгаа” талаар асуухад “би гэртээ байна, нөгөө Ганбаа гэдэг хүн машин дээр ирээд өвс харчихаад цагдаа дуудахаар нь би зугтаагаад гэртээ ирсэн, одоо Дөлгөөн бараг цагдаад баригдсан байх, дахин надтай битгий холбоо бариарай, би утсаа авахгүй шүү” гэж хэлээд утсаа тасалсан.
...Би “Эрхэт сүлд” амралтын газарт байхдаа мансууруулах бодис татаж хэрэглэсэн. Тэр өвс гэх бодисыг Бат-Оргил, Дөлгөөн, Э- нар гаргаж ирсэн, яг хэн нь гаргаж ирснийг бол мэдэхгүй. Гэхдээ Бат-Оргил, Дөлгөөн нар Э-оос авсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 89-90х/,
- гэрч Ч.Дөлгөөний: “...Дээрх бодис нь миний унаж явсан тээврийн хэрэгслээс илэрч хураагдсан нь үнэн. ...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай найз Буяндэлгэр бид хоёр Жуковын орчимд байрлах, нэрийг нь одоо санахгүй байна, нэг буудалд хоносон юм. Тэгээд маргааш нь 14 цагийн үед найз Бат-Оргилыг гэрээс нь очиж аваад, хамт гадуур явж байгаад Бат-Оргилын найз Э-той танилцаад, машин дотор ойр зуур юм яриад сууж байхад Э- нь “өвс татах уу” гэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэгээд Э-ын гаргаж өгсөн өвснөөс бид дөрөв татаж хэрэглэсэн. Тэгээд бид дөрөв Буяндэлгэрийн найз охин болох буриад Вероникаг Тэнгисийн хойд автобусны буудал дээрээс аваад, тэндээсээ шууд Их Дэлгүүрийн урд байдаг “hashtag” нэртэй пабаас Хуланг аваад “Чингисийн хүрээ” гэх нэртэй амралтын газрын хажууханд байдаг “Эрхэт сүлд” гэх амралт руу явсан.
Замдаа Буянт-Ухаа спортын цогцолборын Петровис колонкийн тэнд явж байхад манай машины дугуй хагарчихаар нь машинаа колонк дээр үлдээгээд, цаашаа амралт руу таксигаар явсан.
...Маргааш өглөө нь 09 цагийн үед би Ганбаа, Очироо, Э- нартай хамт машин дээрээ ирэхэд Очироо “явлаа” гээд өөр тийшээ явсан. Тэгээд бид гурав машин дотор сууж байхад Э- над руу хараад “нөгөө өвснөөсөө Ганбаад жаахан таслаад өгчих” гэхээр нь би таслаад өгтөл Ганбаа өвсөө авахгүйгээр шууд цагдаа дуудчихсан юм. Тэгэхэд Э- машинаас буугаад зугтаачихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 97-98х/,
- гэрч Б.Ганбаярын: “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны орой өөрийн найз Очирпүрэвийн хамт хоолонд ороод, ганц хоёр пиво уугаад сууж байхад түүний таньдаг Хулан гэх охин утсаар яриад “би амралтын газарт байна, чи хэдэн пиво аваад энд хүрээд ирээч” гэхээр нь бид хоёр Хулангийн байгаа газрыг заалгуулаад дуудлагын жолоочоор машинаа бариулаад явсан. Тэгээд “Чингисийн хүрээ” амралтын газрын хажууханд байдаг “Эрхэт сүлд” гэсэн нэртэй амралтын газар байсан байх, одоо нэрийн нь санахгүй байна, 00 цагийн үед очсон.
...Өглөө 06 цагийн үед би дуудлагын жолооч дуудсан ба Очирпүрэв бид хоёр гэрээс гараад машиндаа суухад Дөлгөөн, Э- хоёр “хамт явъя, бид хоёр Нисэхийн тойрог орж машинаа авах хэрэгтэй байна, та хоёр буцаагаад хүргээд өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. Би замдаа Дөлгөөн, Э- нараас “та хоёр буцаж ирж яах гэж байгаа юм бэ, машинаасаа юм авах гэж байгаа юм уу” гэхэд “очиж байгаад харуулъя ах” гэж хэлсэн. Тэгээд бид нар Дөлгөөний машин дээр очоод Дөлгөөний машины жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Тэгэхэд Дөлгөөн жолоочийн суудал доороос гялгар ууттай өвс гаргаж ирээд, дахин нэг гялгар уут гаргаж ирээд тэрэндээ өвс хийгээд, надад өгөхөөр нь би машины урд талын самбар дээр тавьсан.
Би “ахын дүү нар буруу юм хийж байна даа” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд ард сууж байсан Э- “юу болоод байгаа юм бэ, нээрээ юм уу ах” гэж хэлээд машинаас гараад зугтаачихсан. Би Дөлгөөнийг бариад машин дотор нь сууж байхад цагдаа нар ирээд, амралтын газар үлдсэн хүмүүсийг очиж бариад явцгаасан юм. ...Дөлгөөн ярихдаа “би энэ өвсийг Э-оос авсан юм, ер нь Э- өвс өгдөг” гэж байсан. Харин 15-55 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дөлгөөний машин гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 114-115х/,
- гэрч Д.Очирпүрэвийн: “...Би 2020 оны эхээр байх, өөрийн үеэл ах Ганбаярын хамт ...21 цагийн үед хоол идээд, караоке орсон юм. Тэгээд караокед сууж байхад фейсбүүк найз Хулан гэх охин над чат бичээд “юу байна, би Чингисийн хүрээний ойролцоо нэг амралтын газар байна, чи хэдэн пиво аваад ирээч” гэхээр нь би “чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “найз нартайгаа хамт байна, бас манай 2 эмэгтэй найз ирнэ, чи хүрээд ирээ” гэхээр нь Ганбаяр ах бид хоёр Хулангийн заасан газарт хэдэн пиво аваад очиход бид хоёрыг өөрсдийнхөө байрлаж байсан гэрт оруулсан.
...Үүр бараг цайж байсан ба би дуудлагын жолооч дуудсан. 40 минутын дараа дуудлагын жолооч ирэхээр нь Ганбаяр ах, би, Дөлгөөн бид дөрөв хамтдаа машинд суугаад Дөлгөөний машин байгаа газарт ирсэн. Би жолоочийн хамт машиндаа үлдээд, Ганбаяр, Э-, Дөлгөөн нар Дөлгөөний машинд суугаад бараг 15-20 минутын дараа Э- гэнэт Дөлгөөний машинаас буугаад, миний сууж байсан машины хажуугаар гүйгээд алга болсон. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод “юу болоод байгаа юм бэ, энэ Э- хаашаа гүйгээд явчих ваа” гэхэд Ганбаяр ах “наадахаа орхичих” гэж хэлсэн.
Нөгөө дуудлагын жолооч “ингэж удаан хүлээхгүй” гэж уурлаад, мөнгөө аваад яваад өгсөн, харин би машин дотор ганцаараа унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд 12 цаг болж байсан ба Дөлгөөний машин байсан боловч түгжээтэй, дотор нь хэн ч байхгүй болохоор нь гайхаад дугуй засварын хүнээс утсыг нь гуйж аваад Ганбаяр ахтай ярихад “ах нь нөгөө хүүхдүүдийг дагуулаад Хар тамхитай тэмцэх хэлтэст явж байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 116-117х/,
- гэрч Г.Ган-Эрдэнийн: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байсан байх, өдрийг нарийн сайн санахгүй байна, өглөө 08 цагийн үед байх өөрийн 13-16 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ээжийг ажилд нь хүргэж өгөөд, буцаад явж байхад манай найз Чу фейсбүүк чатаар залгаад хаана байгаа талаар асуусан. Би ээжийг ажилд нь хүргэж өгөөд буцаад явж байна гэхэд “андаа чи намайг ирээд авчих, хичээлтэй, яараад байна, чи Богд-Арын автобусны буудал дээр ирээд зогсож байх уу” гэхээр нь “за тэгье, замаараа чамайг аваад хүргээд өгье” гэж хэлээд шууд Богд-Ар хорооллын арын автобусны буудал дээр очоод 5-10 минут болсон байх, төд удалгүй Чу Э-ын хамт гарч ирээд, Э- миний хажууд суусан. Харин Чу арын сандал дээр суусан. Замдаа Э- надаас “чиний машин бензин хэр иддэг вэ” гэхээр нь би “гайгүй, хот дотор 8-9 литр идэж байх шиг байна” гэсэн.
Э- надад “хөгшөөн, би чамд бензин, тос маслог нь хийгээд өгье, чи надад Булган аймгийн Хишиг-Өндөр сум яваад өгөөч” гэхээр нь би “хэр хол газар вэ, яаж явдаг юм бэ” гэхэд “70 км газар шороон замаар яваад, үлдсэн нь засмал замаар явна, ойролцоогоор 500 км газар явах байх” гэхээр нь би “шороон замаар явж болохгүй, миний машины босоо тэнцүүлэгч хугарчихсан байгаа, явж чадахгүй” гэж хэлсэн.
Тэгэхэд Э- “тэгвэл ойрхон Төв аймгийн Батсүмбэр сум яваад өгөөч, дан засмал замаар явна, өдөртөө яваад ирнэ” гэж гэхээр нь би Чут “би Э-ыг сайн танихгүй, бид хоёр хоёулхнаа явна гэвэл худлаа, чи хамт явах уу” гэхэд Чу “за за, тэгвэл найз нь өнөөдрийн хичээлээ аргалчихъя” гээд бид гурав хамтдаа явахаар болсон.
Тэгээд Э- “7 буудлаар явна, замдаа хүнээс мөнгө авчихъя” гээд явж байх замдаа Э- миний Хаан банкин дахь 5619хххх60 дугаарын дансаар 10.000 төгрөг хүнээс аваад, дэлгүүр орж ус ундаа, бензин аваад Батсүмбэр сум руу явцгаасан.
Батсүмбэр сумын төв ороход би “одоо хаашаа явах вэ” гэхэд Э- “за, одоохон” гээд гар утсаараа google map гаргаад, нэг тариалангийн талбайн зураг үзүүлээд “ийшээ явна” гэж хэлсэн. Тэгээд би заасан газар луу явж байхад Э- цонхоор харж явж байснаа “за энд зогсож байгаарай” гээд өөрөө машинаас буугаад тариалангийн талбай руу шургаж орж, баахан урт урт шарилж шиг өвс зулгааж түүсэн ба десант цүнх рүү хийгээд машинд суухаар нь би “хөгшөөн, наадах чинь юу юм бэ” гэхэд урдаас юм хэлэхгүй, “шууд чигээрээ яваарай” гэж хэлсэн.
Тэгэхэд Э- “би та хоёрт гоё юм харуулах уу” гээд тариалангийн хажууханд орос цэргүүд амьдардаг байсан гэх байшинг харуулсан. Бид гурав тийшээ орж үзсэн, энэ үед Э- гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд байшингаас гараад буцаж явж байхад Э- “байж байгаарай, би утсаа яасан билээ, унагаачихсан юм байна” гэхээр нь буцаж очоод хайж байгаад олоод авсан. Ингээд буцахдаа Ар гүнтийн даваагаар даваад, Э-ыг Андуудын автобусны буудал дээр буулгасан ба Чу бид хоёр цаашаа гэр лүүгээ явцгаасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 130-131х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5644 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Б.Бат-Оргил УП00260996 2020.10.11” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 136-138х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5643 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Буяндэлгэр УБ98111152 2020.10.11” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 141-143х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5646 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Ч.Дөлгөөн УХ98010338” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 146-148х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5676 тоот:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Чинчи 11.11.2020” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Чинчи 11.11.2020” гэж хаягласан шээснээс НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 151-153х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5642 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Чинчи 11.10.2020” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 156-158х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5648 тоот:
“1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “А.Хулан УП03220204” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 161-163х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5641 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэнэ. “Серен-Доржу Ану 2020.10.11” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 166-168х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5677 тоот:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Э- ГМ00231215” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Эрбод ГМ00231215” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3.4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 176-178х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6249 тоот:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Чу УИ00262231 11.11.2020” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “Чу УИ00262231 11.11.2020” гэж хаягласан шээснээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 181-183х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6326 тоот:
“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Ган-Эрдэнэ УП00263014 2020.12.01” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 191-193х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн 5640 тоот:
1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.
4. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 4.9701 г, цэвэр жин нь 4.2508 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 11.6117 г, цэвэр жин нь 8.4363 г байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 171-173х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн 5721 тоот:
1. Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн тогоо хэлбэрт оруулсан тугалган цааснаас дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.
4. “Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ бодисын агууламж тогтоох шинжилгээг уг тугалган цааснаас арчдас хэлбэрээр /дээжийн хэмжээ маш бага байсан/ дээж авч тогтоосон тул жинг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 186-188х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1106 тоот шинжээчийн дүгнэлт:
1. Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өмнө нь өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Д.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Д.Э нь сэтгэцийн өвчингүй байна.
4. Д.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Д.Э нь хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Д.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7.Д.Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. Д.Э нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 207-208х/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01, 02 дугаартай тогтоолууд /хэргийн 1-р хавтас 248-250х, 2-р хавтас 01-06х/,
- Шүүгдэгч Д.Эын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг би хэн нэгэнд худалдсан зүйл байхгүй, тэр битгий хэл худалдаалах санаа зорилго ч байгаагүй. Миний хийсэн хэргийг үнэн зөвөөр зүйлчилж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 118-119х, 120-121х, 244х/ зэрэг дээр дурдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй бөгөөд үүн дээр тухайн бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлээс гадна, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр тухайн бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох бөгөөд шүүгдэгч Д.Эын хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт аливаа хэлбэрээр хууль бус эргэлтэд оруулж бусдад худалдах, борлуулах замаар ашиг хонжоо олох санаа зорилго илэрхийлж үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн энэхүү зорилгоор тухайн бодисыг тээвэрлэсэн гэх нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Эыг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах юм.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэвэл зохих хорих ялын доод хэмжээ нэг жил, дээд хэмжээ нь 5 жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөр байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, шүүгдэгч Д.Э нь бүтэн өнчин, насанд хүрээгүй дүү нартайгаа хамт амьдарч халамжилдаг, 4 дүгээр дамжааны оюутан тул цаашид сурч боловсрон хүмүүжих боломж олгох зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлт санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх доорх үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 1-р хавтас 134х/ эрүүгийн 20020 0529 0001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 4.9701 грамм, цэвэр жин нь 4.2508 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 11.6117 грамм, цэвэр жин нь 8.4363 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 3 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 1-р хавтас 134х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 4.9701 грамм, цэвэр жин нь 4.2508 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 11.6117 грамм, цэвэр жин нь 8.4363 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис зэрэг эд зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашнямын Э-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Т овогт Д-ын Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэм буруутай болохыг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эод 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эод оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 3 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
- Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 4.9701 грамм, цэвэр жин нь 4.2508 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 11.6117 грамм, цэвэр жин нь 8.4363 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсүгэй.
6. Энэ хэрэгт Д.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Ялтан, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД