| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0192/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/486 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/486
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч О.Э-,
шүүгдэгч Ч.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____-ны өдөр ____ төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, _____ тоотод оршин суух,
урьд ___ дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ____ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар 265,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Х овогт Ч.Г /РД:____/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ч.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ____тоот дахь өөрийн гэрт хамтран амьдрагч О.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан чих, толгой, хөх, гуя, биеийн бусад хэсэг рүү нь олон удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь чихний дэлбэн, зовхи, гуя, хүзүүнд цус хуралт, бугалга, мөр, ар нуруу, ууц, өгзөг, хөхөнд зулгаралт, завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 6 дугаар сарын 29-нд хөдөө 5 хоногоор ажилд явсан. Явахдаа “битгий уугаарай” гээд захисан чинь архи уугаад сууж байсан. Тэгээд “уучлалт гуйгаад” байхаар нь цуг гол явсан. Эмээлтэд найз нартайгаа тойрч архи уугаад эхнэрийн үйлдэл бодогдоод ийм үйлдэл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. “Найзуудаараа хүчиндүүлнэ” гэж хэлээгүй, “Найзуудтай банзалдмаар байна уу” гэж хэлсэн. Хохирол төлөөгүй байгаа ойрын хугацаанд төлж барагдуулна. Хэрэг гарснаас хойш хохирогчтой уулзаагүй, тусдаа амьдарч байгаа. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч О.Э- “Мэдүүлэг өгөхгүй. 2020 оны 6 дугаар сарын 30-ны орой найз охин над руу залгаад “очъё” гээд дөнгөж ирээд байсан чинь Г ороод ирсэн. Тэгээд найз нартайгаа голын эрэг орж архи уусан. Г “дэлгүүр ороод ирье” гээд Эмээлт рүү явсан. Г архи ууж байгаад намайг зодоод эхэлсэн. “Янхан шаалцмаар байна уу” гээд зодсон. Өмнө нь ч тэгэж байсан. Зөвхөн энэ удаад ч биш. Би гараад зугтсан. Сэтгэл санааны хохирлоо авмаар байна, сална гэж бодож байгаа. Эм тарианы зардлын баримтаа өгч чадаагүй. Баримттай 128.000 төгрөгөө нэхэмжилнэ. Үнэхээр гомдолтой байна, гэмээ ухаарсан зүйлгүй байгаа” гэв.
Эрүүгийн ____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч О.Э-ийн: “...Г ирээд “Та хоёрыгоо аваад гол ормоор байна” гэхээр нь хамт явсан. Нөхөр Эмээлтэд байдаг найзууд дээрээ очоод архи уусан. Би бага зэрэг уусан. Нөхөр “Чи манай найзуудтай банзалдмаар байна уу, чамайг хүчиндүүлнэ” гээд баруун гараараа миний баруун чих рүү, толгой, хөх, гуя, биеийн бусад хэсэг рүү маш олон удаа цохисон. Аман дотор гараа хийгээд ухаад байсан. Миний хувцсыг урсан, би чармай шалдан арай ядан зугтаасан. Урьд 2019 оны 5 дугаар сард намайг зодоод баривчилгаанд явж байсан. Миний биед учруулсан гэмтлүүдийг Г учруулсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.06-ны өдрийн ___ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Э-ийн биед чихний дэлбэн, зовхи, гуя, хүзүүнд цус хуралт, бугалга, мөр, ар нуруу, ууц, өгзөг, хөхөнд зулгаралт, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-26-28/,
Шүүгдэгч Ч.Т-ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай найзууд болон эхнэр Э- бид нар архи уусан. Эхнэр согтуу хэрүүл хийж агсам тавиад эхэлсэн. Би эхнэртээ уурлаад “чи манай найзуудтай банзалдмаар байна уу” гэж хэлсэн. Эхнэр охиноо аваад явлаа гэхээр нь би нүүрэн тус газар руу нь олон удаа цохисон. Нүүр, гуя, хөх, нуруу, хүзүүн тус газарт нь гараараа цохисон. Унт гэж хэлээд хувцсыг нь тайлсан...” гэх мэдүүлэг /хх-58-61/,
Аюулын зэргийн үнэлгээний: “Хуулийн дагуу арга хэмжээ авхуулах саналтай, аюулгүй зэргийн үнэлгээ “дунд” зэрэг...” гэх тэмдэглэл /хх-34-35/, гэрч Н.Э-ийн мэдүүлэг /хх-9/, хохирлын баримт /хх-23-24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тодорхойлолт /хх-39/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-41/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-43/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-45/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-73-74/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч О.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан чих, толгой, хөх, гуя, биеийн бусад хэсэг рүү нь олон удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах, баримтаар гаргаж өгсөн 128.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох саналыг шүүхэд гаргаж байна” гэж,
шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Т- согтуурсан үедээ 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 15 дугаар гудамж, 03 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч О.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан чих, толгой, хөх, гуя, биеийн бусад хэсэг рүү нь олон удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “чихний дэлбэн, зовхи, гуя, хүзүүнд цус хуралт, бугалга, мөр, ар нуруу, ууц, өгзөг, хөхөнд зулгаралт, завжинд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.Э-ийн “...Нөхөр найзуудтайгаа хамт архи уусан. Би тухайн үед бага зэрэг архи уусан. Тэгэж байхад нөхөр “чи манай найзуудтай банзалдмаар байна уу, чамайг хүчиндүүлнэ” гээд баруун гараараа миний баруун чих рүү, толгой, хөх, гуя, биеийн бусад хэсэг рүү маш олон удаа цохисон. Миний биед учруулсан гэмтлүүдийг Г учруулсан...” гэх мэдүүлэг /хх-21/, шүүх эмнэлгийн 7596 дугаар “...1. О.Э-ийн биед чиний дэлбэн, зовхи, гуя, хүзүүнд цус хуралт, бугалга, мөр, ар нуруу, ууц, өгзөг, хөхөнд зулгаралт, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-25-26/, шүүгдэгч Ч.Т-ын яллагдагчаар өгсөн “2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бид нар архи уусан. Эхнэр согтуу, хэрүүл хийгээд агсам тавьж эхэлсэн. Би уурлаад “чи манай найзуудтай банзалдмаар байна уу” гэж хэлсэн. Эхнэр охиноо аваад явлаа гэхээр нь би нүүрэн тус газар руу нь олон удаа цохисон. Нүүр, гуя, хөх, нуруу, хүзүүн тус газарт нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-57-61/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Т-ын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч О.Э-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 128.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирол төлөгдсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 37 хоногийг найман цагаар тооцон эдлэх ялаас 296 цагийг хасч, эдлэх ялыг 424 цагаар тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Уг ялын саналыг гаргахдаа ажил эрхэлдэг, орлого олдог нь тогтоогдоогүй, үйлдсэн хэрэгтээ хандах хандлага, гэмшихгүй байгаа, шүүхээс оргосон хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ” гэж,
хохирогч “Үнэхээр гомдолтой байна. Г гэмээ ухаараагүй” гэж,
шүүгдэгч “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгох ял багаар оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагчтайгаа маргалдан олон удаагийн цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 128.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн, хохирогч “Маш их гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэх, хөдөлмөр эрхэлдэггүй, түүнчлэн орлого олдог эсэх нь баримтаар тогтоогдоогүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн шатанд хохирол төлөхөөр завсарласан шүүх хуралдаанаас оргон зайлсан/-ийг тус тус харгалзан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ыг 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгч Ч.Т-ын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 (гучин зургаа) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 288 цагийг хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 362 цагаар тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ыг 650 (зургаан зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ын цагдан хоригдсон 36 (гучин зургаа) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 288 цагийг хасаж, эдлэх ялыг 362 (гурван зуун жаран хоёр) цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О.Э- гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР