Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 615

 

    Б.Ө-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Ө-н өмгөөлөгч Ц.Цэрэнням,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 805 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-н өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ө-д холбогдох 1803001730149 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Б-н Ө, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр .............. аймгийн .................. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... дүүргийн ..... дугаар хороо, ..... дүгээр хэсэг ........... гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Б.Ө нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн зам 4 дүгээр хэсэг 345 тоот хашааны баруун замд “Нэт капитал финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота приус” загварын, 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ө-г автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.Ө-д 7 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Б.Ө-н В ангиллын 983975 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

  Шүүгдэгч Б.Ө-н өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд,

            Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй. Б.Ө нь хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийгөө илчилсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн атал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй.

            2. Яллах дүгнэлт хууль ёсны болж чадаагүй.

Прокурорын байгууллагын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй яллах дүгнэлтээр яллан анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Яллах дүгнэлтэд хохирогчийн хүйсийг сольсон, хэргийн дугаар 3 өөр дугаарлалттай байр бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүйн улмаас алдааг засаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

       3. Хувийн байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

     Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хувийн байдлыг тогтооход чиглэсэн нотлох баримтыг цуглуулаагүйн улмаас оногдуулсан ял хүндэдсэн. Б.Ө нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд анхан шатны шүүх түүний үйлдсэн хэрэг гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзаж үзэлгүй хүнд ял оногдуулсан гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Ө-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Ө нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн зам 4 дүгээр хэсэг 345 тоот хашааны баруун замд “Нэт капитал финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота приус” загварын, 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Б-н “...Би ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш замын баруун гар талаар уруудаж байгаад машин харагдахгүй байхаар нь замын зүүн талд гарахаар зам хөндлөн гартал зүүнээс баруун тийш нэг машин гараад ирсэн. Тэгээд тэр машин мөргөөд би дороо унасан. Машинаас нэг залуу бууж ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд манай гэрийнхэнтэй эмнэлэгт хүргэж өгсөн...” /хх 20-21/,

Гэрч Л.Н-н “...Л.Б ахын эхнэр над руу залгаад ахыг гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна гэсэн...  Замын зүүн талд зам дээр цус болсон байсныг би харсан ба “энд мөргөж унасан юм байна” гэж бодсон...” /хх 51/,

Шинжээч Ш.Ариун-Эрдэнийн “...Тухайн зорчих хэсэгт явган хүний гарц, тэмдэглэлгүй учир тухайн явган зорчигч нь зорчих хэсгээр зам хөндлөн гарахаас өөр аргагүй...” /хх 77/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Л.Б-н биед ясны баруун хэсгээс гавлын суурь ясны баруун талын их далавч, баруун суурийн хөндийн урд, ар хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун дух хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун талын хацар ясны нум, хоншоорын ясны урд, доод, ар хана, баруун нүдний ухархайн гадна, дотор, доод ханыг хамарсан нийлмэл хугарал, хүзүүний 4, 5-р нугаламын арын сэртэнгийн хугарал, дух, баруун нүдний зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамар, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2844 дугаартай дүгнэлт /хх 55-56/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “... “Тоёота приус-20” загварын, 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Капот бага зэрэг хонхойж, будаг халцарсан байна. Энэ нь шинэ гэмтэл бөгөөд тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэмтэл байна...” гэх 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт /хх 64-67/,

Замын Цагдаагийн албаны шинжээчийн “...“Тоёота приус-20” загварын, 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй, явган зорчигч Л.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх 74-75/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 7-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/, тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /хх 12/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх 25-34/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, түүнд анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэн, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байгаа боловч Б.Ө нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Л.Б-н “Б.Ө-д гомдол саналгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү“ гэсэн бичгээр удаа дараа /хх 153 ар тал/ гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Ө-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Ө-н өмгөөлөгч Ц.Цэрэннямын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.