Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 069

 

 

                                            

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2019/0069

       Баян-Өлгий аймаг

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй;

              Хариуцагч:  Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын БӨАЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, гуравдагч этгээд “Е,Б” ХХК-ийн өмгөөлөгч С.Нургайып шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн А. сумын Засаг даргын Тамгын газраас үнэлгээний хороог байгуулж тус сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын БӨААЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зарласан.

Манай компани нь тендерийн баримт бичиг, холбогдох материалаа хугацаанд бүрдүүлэн дээрх тендерт оролцсон. Үнэлгээний хороо тендерт оролцох саналаа ирүүлсэн “Е,Б” ХХК-ийг шалгаруулсан ба энэ тухай А. сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэнийг эс зөвшөөрч хуульд заасны дагуу Сангийн яаманд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/2019 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.

Сангийн яамнаас тус яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Дорждавгын гарын үсэгтэй 2019 оны 07 дугаар сарын 08-ны  өдрийн 6-1/4752 дугаартай албан бичгээр хуульд заасны дагуу гаргасан танай гомдлыг хүлээн авсан, яамнаас дээрх тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэх албан бичгийг Баян-Өлгий аймгийн А. сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч холбогдох материалыг ирүүлээгүй бөгөөд хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа дууссан, иймд гомдлоо холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж гаргах нь зүйтэй гэсэн утгатай хариу ирүүлсэн.

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус учир манай компанийн зүгээс эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Тендерийн үнэлгээний хорооноос  танай компанийн төсөв дээр хүн цаг нь 1023.23 ёстой боловч 1015.57 болгож 7.66 зөрүүтэй ирүүлсэн, тиймээс ажлын гүйцэтгэх хугацааны графикийг буруу гаргасан, мөн үнийн санал бага ирүүлсэн боловч барилгын тусгай зөвшөөрөл БА8-1 заалт болон ижил төстэй ажил хийгээгүй тул танай компани шалгараагүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Манай компани нь тендерийн холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтийг бүрэн хангаж өгсөн.

Иймд үнэлгээний хорооны Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хэргийн нөхцөл байдА. холбогдуулан манай компани нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулах гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай гэж ихэсгэн тодруулж байна.

Иймд манай нэхэмжлэлийг ихэсгэсэн тодруулсан шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын засварын БӨАЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагаанд “Е,Б” ХХК болон “Ө” ХХК оролцсон. Миний бие Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/2019 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Сангийн яамнаас тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Дорждавгын гарын үсэгтэй 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/4752 дугаартай албан тоотоор хариу ирүүлсэн. Уг албан бичигт “Танай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/2019 тоот албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн А. сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Сагсай голын гүүрний 2 талын замын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалтад оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авсан.

 Тус яамнаас дээрх тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг 2019 оны 6 дугаар  сарын 27-ны өдөр ирүүлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/4343 дугаар албан бичгийг Баян-Өлгий аймгийн А. сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл холбогдох материалыг ирүүлээгүй бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа дууссан. Иймд захиалагчийн дээрх үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлА. тул тендер шалгаруулалтын талаарх гомдлоо холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж гаргах нь зүйтэй байна” гэсэн албан тоотыг ирүүлсэн.

Уг албан тоот ирсний дараа  2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Ө” ХХК-ны 31 дүгээр албан тоотоор Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай байсан. А. сумын Засаг даргын Тамгын газраас үнэлгээний хороог байгуулж тус сумын Сагсай голын гүүрний 2 талын замын засварын БӨААЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зарласан.

Тухайн үед манай компани нь тендерийн баримт бичиг, холбогдох материалаа хугацаанд бүрдүүлэн тендерт оролцсон. Үнэлгээний хороо тендерт оролцох саналаа ирүүлсэн “Е,Б” ХХК-ийг шалгаруулсан ба энэ тухай А. сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэн.

Тухайн үед Тендерийн үнэлгээний хороо танай компанийн төсөв дээр хүн цаг нь 1023.23 байх ёстой боловч 1015.57 болгож 7.66 зөрүүтэй ирүүлсэн, тиймээс ажлын гүйцэтгэх хугацааны графикийг буруу гаргасан, мөн үнийн санал бага ирүүлсэн боловч барилгын тусгай зөвшөөрөл БА8-1 заалт болон ижил төстэй ажил хийгээгүй тул танай компани шалгараагүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Манай компани нь тендерийн холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтийг бүрэн хангаж өгсөн. Манай компани барилгын тусгай зөвшөөрлийг 2017 онд авсан. 2018 оны Хот байгуулалтын сайдын  33 дугаар тогтоолоор дүйцүүлэн үзэх ёстой байсан. Тухайн үед дүйцүүлэн үзээгүй. Мөн ижил төстэй ажил хийгээгүй гэж дурдсан байна. Манай “Ө” ХХК-ны тендерийн материА. танилцахад урьд нь Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуульд агуулгын байр барьж, спорт заалны засварыг хийсэн. Толбо сумын хүүхдийн тоглоомын талбайн засварын ажлыг хийсэн. Хавтаст хэрэгт ил байгаа нотлох баримтыг харахгүйгээр ижилт төстэй ажил байхгүй гэсэн. Хүн цаг нь зөрүүтэй гэсэн мөртлөө тодорхой хуулийн заалтыг зааж өгөөгүй. Жишээ нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  28.3-д  “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан.

28.7.1-д “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно” гэсэн заалтыг харж үзэх ёстой байсан.

 Мөн үнэлгээний хорооны шийдвэр болон Засаг даргын надад явуулсан мэдэгдлийн хуулийн заалт нь хоёулаа өөр заалтыг баримталсан өөр өөр мэдэгдэл өгсөн. Жишээ нь, Үнэлгээний хорооны дарга нь “А. сумын 3, 5 дугаар багийн газар нутаг болох Сагсайн голын гүүрний 2 талын замын БӨААЙСЗДТГ/201904001 засварын ажилд танай компанийн төсөв дээр хүн цаг нь 1023.23 байх ёстой боловч 1015.57 болгож 7.66 зөрүүтэй ирүүлсэн, ажлын гүйцэтгэх хугацааны графикийг буруу гаргасан, мөн үнийн санал бага ирүүлсэн боловч барилгын тусгай зөвшөөрөл БА8-1 заалт болон ижил төстэй ажил хийгээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу танай компани шалгараагүй. Уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтын дагуу “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулсныг мэдэгдье” гэж бичсэн байна.

Гэтэл А. сумын Засаг даргын мэдэгдэлд “Танай компани нь тус сумаас санхүүжигдэх Сагсай голын гүүрний 2 талын замын засварын БӨААЙСЗДТГ/201904001 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад тендерийн баримт бичгийн бүрдүүлэлт шаардлага хангаагүй тул  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалтыг үндэслэн тендерт шалгараагүй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг баримтлаад, Засаг дарга Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалтыг баримталсан. Засаг даргын баримталсан 14 дүгээр зүйлийн 14.3.2-д үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг гэсэн.

Хавтаст хэрэгтэй танилцахад үнэлгээний хорооны бүх гишүүд “Ө” ХХК-ны тусгай зөвшөөрөл байхгүй, ижил төстэй ажил хийгээгүй гэж шууд хууль зөрчин “Е,Б” ХХК-ыг сонгон шалгаруулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Сангийн яамнаас ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдэгдэл ирүүлсэн. Мөн Сангийн яаманд баримт бичгийг явуулаагүй учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож байгаа. Тухайн үед Сангийн яаманд хууль журмын дагуу материалаа явуулсан бол аль нэг талд шийдэгдэж дуусах байсан. Мөн ганцхан 2018 оны санхүүгийн тайланг асуусан, өмнөх 2017 оны тайланг асуух ёстой байсан.

Иймд үнэлгээний хорооны Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын БӨАЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Үнэлгээний хорооны дарга Е.Г нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах “Ө” ХХК-ийн захирал А.Назигүлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын засварын тендер нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цахимаар зарласан ба уг тендерт 2 компани оролцож, “Е,Б” ХХК шалгарсан юм. “Ө” ХХК-д бичиг баримтаа бүрэн гүйцээд бүрдүүлээгүй тул уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу шалгараагүй гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. “Е,Б” ХХК шалгарсан боловч өдий хүртэл гэрээ хийгээгүй, ажил үүргийг гүйцэтгээгүй болно. Тендерийн 20 сая төгрөг нь дансанд хадгалагдсан байгаа юм.

Иймд “Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А. сумын Засаг даргын захирамжаар Тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Тендерийн үнэлгээний хороо Сагсай голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэх тендерийг цахимаар зарласан. Уг тендерт “Ө” ХХК болон “Е,Б” ХХК орсон. Тухайн хоёр компанитай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаагүй.  “Ө” ХХК-ны гомдлын дагуу Сангийн яамнаас бичиг ирэхэд миний бие ээлжийн амралттай байсан. Манай Тамгын газрын дарга болон нарийн бичгийн дарга ирсэн албан бичгийн дагуу “Ө” ХХК болон “Е,Б” ХХК-ны материалыг явуулсан мөртлөө Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу материалыг явуулсан гэсэн албан тоот хавсаргаж явуулаагүй байна.  Тухайн албан тоотоос болж материал хүрээд ирсэн. Дараа  нь дахиж явуулаагүй байсан.

“Ө” ХХК-ны төсөв болон ажлын хүн цагийн тооцоо нь эхнээсээ буруу зөрүүтэй байсан. Бид нар үнийн санал бага компанийг шалгаруулахгүй. Тийм учраас ерөнхийдөө төсөв хүн цагийн тооцоо нь таарч байгаа “Е,Б” ХХК-ыг тендерийн хорооны 4 гишүүний саналаар шалгаруулсан. Бусад тендерт холбогдолтой материалыг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Ижил төстэй ажил гэдэгт хоёр компани хоёулаа дутмаг байсан. Гэхдээ “Е,Б” ХХК байгуулагдаад 1 жил болсон ч хэд хэдэн ажлыг хийсэн байсан. Сагсай голын гүүрний 2 талын замын засварын ажил ерөнхийдөө  замын ажил юм. Харин хоёр компани хоёулаа замын ажил хийж байгаагүй байсан.

Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгөх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Гуравдагч этгээд “Е,Б” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай компани нь А. сумын Сагсайн голын 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр шалгарч байсан бөгөөд эрх бүхий албан тушаалтантай гэрээ хийх гэж байхад “Өгөөжбарс” компани нь ямар ч үндэслэлгүйгээр гомдол гаргаснаас болж манай байгууллага ажил гүйцэтгэх гэрээгээ хийж чадаагүй юм. Иймээс хуульд заасан хугацаандаа гэрээгээ хийж чадаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5 дахь хэсэгт зааснаар тухайн тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Үнэлгээний хорооноос дахин тендер зарлана гэж байсан боловч “Өгөөжбарс” компани шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тухайн тендер зарлах ажил удаашрА. байгаа талаар сонссон. “Ө” ХХК-ийн тендерийн нөхцөл шаардлагыг хангаагүй буюу төсвийн төсөл, ажиллах цаг, тооцооллыг буруу гаргасан тул хасагдсан байсан. Тухайн үед үнэлгээний хороо “Ө” ХХК-д ямар учраас түүний тендерээс татгалзсан шалтгааныг тайлбарлаж өгч байсан.

 Өөрөөр хэлбэл, хүн цагийг дутуу тооцоолсон, зөрүүтэй байсан. Үүнээс болж ажил гүйцэтгэх хугацааны график буруу гарсан, холбогдох тооцоо буруу гарсан гэсэн үндэслэлээр татгалзаж байсан. Зөвхөн үнийн санал чухал биш тухайн ажлын төлөвлөгөө, нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байдал нь чухал гэдгийг тайлбарлан манай компанийг шалгаруулсан юм. Гэтэл одоо эсрэгээрээ манай компанийн эрх зөрчигдөж байгаа юм.  Учир нь, хуульд заасан хугацааг өнгөрүүлж, тухайн тендерийг хүчингүй болгох аргыг “Ө” ХХК хийсэн. Тэгээд ч үнэлгээний хорооноос энэхүү тендерийг хүчингүй болгож дахин тендер зарлах талаар шийдвэр хүртэл гаргаж бидэнд мэдэгдэж байсан.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Е,Б” ХХК-ийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Е,Б” ХХК-ны өмгөөлөгчөөр оролцож байгаа. “Ө” ХХК нь өөр нэг компаний эрх ашгийг зөрчиж байгаа нь харагдаж байна. Хэрэв “Ө” ХХК холбогдох байгууллагуудад гомдол гаргаагүй байсан бол “Е,Б” ХХК гэрээгээ байгуулаад хийгдэх ёстой ажлаа хийж явах байх ёстой байсан. Анхнаасаа “Ө” ХХК-ны төсөв өртөг нь буруу хийгдсэн. Төсвийн өртгийн үнийн саналын барилгын ажилчдын цалин 665000 төгрөг, тээврийн цалингуудыг нэмж үзэхэд шууд зардал нь 15754376 төгрөг гарч байгаа. Үүнд удирдлагын зардлыг нэмэгдүүлэх юм бол 17460446 төгрөг гарч байна. Төсвийн өртгийн товчоо зарим нэгэн багаж материалын зардлыг ямар ч үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Төсөв нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Ажилчдын цалингийн төсөвт өртөг нь 2800922 төгрөг байсан боловч 2665171 төгрөг гэж багасгасан. Нийт хийгдэх ёстой ажлын цаг нь 1023.23 байх ёстой байсан боловч үүнийг 1015.57 болгож 7.66 зөрүүтэй тооцоо гаргасан. Ажлын гүйцэтгэх график хүн цагийг багасгаснаар орон нутгийн төсвөөр хийгдэх ёстой ажил дутуу хийгдэх учраас тухайн компаний төсөв, төлөвлөгөө нь буруу байсан.

Иймээс шаардлага хангахгүй гэж үзэхээр байна. Үнэлгээний хорооны тэмдэглэлд зөвхөн тусгай зөвшөөрөл байхгүй, ижил төстэй ажил хийгээгүй гэсэн үндэслэлээр хассан байна, үүнийг бид нар зөвшөөрөхгүй гэж ярьж байгаа боловч тухайн “Ө” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөрчлийг өөрөө зөвшөөрч байгаа. Хүн цаг тооцооны зөрүүтэй байсан, тусгай зөвшөөрөлгүй, ижил төстэй ажил хийгээгүй гэсэн үндэслэлүүд үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдаагүй болохоос тухайн үед татгалзсан шалтгаан болж яригдаж байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар тогтоогдож байгаа.  Үнэлгээний хорооны тэмдэглэл дутуу бичигдсэн гэж үзэж байна. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх зүйл биш. Ижил төстэй ажил хийгээгүй гэдэгт аль аль маргахгүй байгаа. Тэдэнд бид нар ч маргах шаардлагагүй. Нэгэнт ижил төстэй ажил хийсэн, хийгээгүй гэдэг асуудал тендерийн шаардлагыг хангасан компанид яригдах болохоос огт тендерийн шаардлагыг хангаагүй, төсвийг буруу гаргасан компани ярих шаардлага байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл бол үнэлгээний хороо тухайн үед тодорхой нэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр түр байгуулагдсан. Тухайн чиг үүргээ хэрэгжүүлээд дууссан учраас үнэлгээний хороо өнөөдөр хариуцагч болох ёсгүй гэж үзэж байна. Тухайн үнэлгээний хороогоо байгуулсан албан тушаалтан эсвэл байгууллага нь хариуцагч байх ёстой байсан. Тухайн үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж, татан буугдаж байхгүй болсон үнэлгээний хороог хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь  өөрөө нэхэмжлэл анхнаасаа хариуцагчаа буруу тодорхойлсон нэхэмжлэл байсан. Засаг дарга үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрөөгүйгээс болж  шалгарсан “Е,Б” ХХК-тай гэрээ байгуулаагүй асуудал байгаа.

Гуравдагч этгээд “Е,Б” ХХК  гэрээ байгуулаагүй үед гомдол гаргаагүй. Тендер хүчинтэй байх 30 хоногийн хугацаанд гэрээ байгуулж чадаагүй, гэрээ байгуулахаас татгалзсан учраас орхисон. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр  ажил худалдан авах талаар гаргасан тендер хуульд заасан хугацаанд зохион байгуулагдаж дуусаагүй учраас хүчингүй болсон гэж үзэж байна. “Е,Б” ХХК-д мэдэгдэл ирүүлж хуулийн хугацаанд гэрээ байгуулж чадаагүй, гомдол гаргасан учраас гэрээ байгуулах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тендерийн асуудал маргаантай болсон учраас дахиж тендер зарлах юм уу, эсвэл тухайн ажлыг буцаагаад түр татах асуудал яригдаж байгаа. Тиймээс хүчингүй болсон тендерийн асуудалд маргах эрх нэхэмжлэгчид байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох ёстой.

Тендер тухайн жилийн төсөвт тусгагдаад тухайн жилдээ хийгдэх ёстой ажил байсан. Төсөвт жил нь 11 дүгээр сарын эцсээр дуусаж байгаа, одоо ганцхан сар үлдсэн. Шүүхээр маргаж байх хугацаанд тендерийн хүчинтэй байх 30 хоног нь өнгөрсөн. Дараагийн жилд уг тендер байхгүй болно, байхгүй болсон тендерт маргах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Хүчингүй болгосон тендерт “Ө” ХХК  маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй. Тендерийг хүчингүй болгосонд “Е,Б” ХХК маргахгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК-аас Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын БӨАЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

А. сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/84 дүгээр “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар[1] Сагсай голын модон гүүрний 2 талын зам засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Үнийн санал авах урилга”-аар[2] үнийн санал ирүүлэх огноо, тендер нээх огноог тус тус тогтоож олон нийтэд тендерийг зарлан мэдэгдсэн, энэ урилгын дагуу  “Ө” ХХК, “Е,Б” ХХК-иудаас цахим хэлбэрээр тендер ирүүлсэн, үнэлгээний хороо уг тендерүүдийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нээж, үнэлгээ хийж, хуралдаанаар[3] хэлэлцэн “Е,Б” ХХК-ийг шалгаруулан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай”  03 дугаар албан бичгээр захиалагчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналаа[4] хүргүүлсэн, нэхэмжлэгч “Ө” ХХК нь үнэлгээний хорооны  шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6-01/4752 дугаартай албан бичгээр[5] “...тендер шалгаруулалтын гомдлоо холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж гаргах нь зүйтэй байна” гэсэн хариу ирүүлснээр нэхэмжлэгч тус захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид нь эдгээр үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчээс энэхүү тендер сонгон шалгаруулалтад “Ө” ХХК-ийн тендерийг  шаардлага хангаагүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, ижил төстэй барилгын 3 ажлыг хийж гүйцэтгэсэн,  барилгын БА8-1 гэсэн тусгай зөвшөөрлийг  2018 оны Хот байгуулалтын сайдын  33 дугаар тушаалаар   дүйцүүлэн үзэх ёстой байсан,    манай компани нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн  байхад шалгаруулаагүй нь хууль бус гэж маргажээ.

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  “Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул  энэхүү шаардлагад  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  харин нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай” шаардлагыг хангах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс гаргасан ““Е,Б” ХХК-ийн үнийн саналыг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ ... Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгөх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа” гэж, гуравдагч этгээд “Е,Б” ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ ... үнэлгээний хорооноос энэхүү тендерийг хүчингүй болгож дахин тендер зарлах талаар шийдвэр  гаргаж бидэнд мэдэгдэж байсан” гэж,  гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд  “... Тендерийг хүчингүй болгосонд “Е,Б” ХХК маргахгүй” гэж тус тус тайлбарлажээ.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт   “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан, хариуцагчаас үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь “Е,Б” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй болох нь дээрх тайлбаруудаар тогтоогдож байгаа, мөн  хуульд харшлахгүй тул нэхэмжлэгчийн гаргасан сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн  шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  1. “Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж,  гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагын  тухайд:

Үнэлгээний хорооноос ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хянан үзээд “Е,Б” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид шалгарсан компанитай гэрээ байгуулах саналыг  хүргүүлсэн, энэ саналыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн  шаардлагыг үнэлгээний хороо хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн зүгээс маргахгүй гэсэн тул “Е,Б” ХХК-ийн тендерт шүүхээс үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Үнэлгээний хорооноос “Ө” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг тухайн компанид  хүргүүлсэн, уг  мэдэгдэлд[6]  “А. сумын 3-5-р багийн газар нутаг болох Сагсайн голын гүүрний 2 талын замын БӨААЙСДТГ/201904001 дугаартай засварын ажилд танай компанийн төсөв дээр хүн цаг нь 2023,23 байх ёстой боловч 1015,57 болгож 7,66 зөрүүтэй ирүүлсэн, тиймээс ажлын гүйцэтгэх хугацааны график  буруу гарсан, мөн үнийн санал бага ирүүлсэн боловч барилгын тусгай зөвшөөрөл БА8-1 заалт  байхгүй, ижил төстэй ажил хийгээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн дагуу танай компани шалгараагүй байна. Уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтын дагуу “Е,Б” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсныг мэдэгдье” гэжээ.

Үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн дээрх үндэслэлүүдээр  тендерээс нь татгалзсан боловч хариуцагчаас шүүх хуралдаанд  “... нэхэмжлэгч нь ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн, мөн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд[7] заасан “Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай БА-8.1, БА-2.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх”  шаардлагыг хангасан, тендер шалгаруулалтын үед Барилга, хот байгуулалтын сайдын  2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалыг судлаагүй байсан, харин  төлөвлөсөн төсөв дэх хүн/цагийн хувиарлалтыг буруу гаргасан үндэслэл нь “Ө” ХХК-ийн тендерийг татгалзах үндэслэл болно” гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг хянаж үзэхээр, 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”,  27.2.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө” гэж тус тус  хуульчилжээ.

Хуулийн дээрх заалтын агуулга нь хуулийн 14-16 дугаар зүйлд заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолтоос гадна захиалагчаас тогтоосон бусад нөхцөл, шаардлагыг хянаж үзэхдээ 27 дугаар зүйлийн 27.2-т заасан шалгуур үзүүлэлтүүдийг давхар харгалзан үзэхээр байна.

Захиалагчаас Сагсай голын модон гүүрийн засварын ажлын төсвийг[8] тендерийн бичиг баримтад хавсаргасан байх ба  ажлын төсөвт өртгийн товчоогоор[9]  ажилчдын хөдөлмөр зарцуулалт, цалингийн тооцоог төсөвлөсөн,  “Ө” ХХК нь  ажилчдын  цалингийн тооцоог[10] гаргахдаа дэс дугаар 2,  “Модон гүүр болон автозамын засвар арчлалт” хэсгийн 25-04-06-т заасан   “Гүүрийн хоёр талын замын даланд засвар хийх” ажлын нийт хүн цагийг 465  гэж тооцсон нь  тендерийн хяналтын төсөвт тусгагдсан 4.6500 гэж зааснаас  зөрсөн, энэ нь БНбД 81-25-07 стандартын 25-04-06 төсвийн  шифртэй “Зөөврөөр далан байгуулах” ажлын 2-т заасан зам барилгын ажилчдын хөдөлмөр зарцуулалт дундаж зэрэг 2.6, дундаж хүн цаг  9.3-т хамаарах хэсгийг зөрчсөн /465:100м3=4,65/,  үүний улмаас нийт хүн/цагийн дүн 1015.58 болж өөрчлөгдсөн байх ба дээрх хяналтын төсөвт тусгасан 4.6500 гэснийг 465 болгож тооцсон асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д заасан “...арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүү ...” гэж үзэн  залруулах  боломжгүй алдаа байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Ө” ХХК-иас  төсөвлөсөн ажилчдын цагийн цалингийн тарифт заасан хэмжээ нь  Зам тээвэр, хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар “Норм батлах тухай” тушаал гарахаас өмнө үйлчилж байсан  Зам тээврийн сайдын 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн “Авто замын салбарын техникийн баримт бичгүүд батлах тухай”  186 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох заавар”-т  заасан цагийн тарифт  цалингийн жишигт нийцээгүйгээс гадна  захиалагчаас тогтоосон  ажилчдын цалингаас  хэт доогуур төсөвлөсөн, энэ нь гүйцэтгэх ажлын чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө  үзүүлэх боломжтой байх тул хүн цагийн тооцоог буруу гаргасан үндэслэлээр  тендерийг нь шаардлагад нийцээгүй гэж  үзэн уг тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэнтэй нийцсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан  “Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-аас Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын БӨАЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Е,Б” ХХК-ийг сонгон шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.2.1, 27.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн А. сумын Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын БӨАЙСЗДТГ/201904001 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд  холбогдуулан гаргасан   “Сагсайн голын гүүрний 2 талын замын засварын ажил гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

 


[1] Хэргийн 57 дугаар хуудас

[2] Хэргийн 242 дугаар хуудас

[3] Хэргийн 46 дугаар хуудас

[4] Хэргийн 49 дүгээр хуудас

[5] Хэргийн 7 дугаар хуудас

[6] Хэргийн 6 дугаар хуудас

[7] Хэргийн 246 дугаар хуудас

[8] Хэргийн 35 дугаар хуудас

[9] Хэргийн 36 дугаар хуудас

[10] Хэргийн 233 дугаар хуудас