Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 30

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Иргэдийн төлөөлөгч: Г.Баатардорж, Т.Цэцэгчимэг, Г.Чанцалням

Шүүгчийн туслах: Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч: Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дарьсүрэн, А.Сугирсүрэн

Шүүгдэгч: Ё.Далайжаргал, Ш.Энхболд нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн яллагдагч Ш.Энхболд, Ё.Далайжаргал нарт холбогдох 201212000216 тоот хэргийг 2016 оны 5 сарын 24-нд хүлээн авсныг шүүн хэлэлцэв.

 

  1.  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988.10.19-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх,  ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг Өвөр-Урт гэх газар оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан /РД:ЗА88101915/ Их Адаацаг овогт Шатарын Энхболд;
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1987.10.03-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх, ам бүл 5, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Тал булагт оршин сууж байсан, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Буянт-Ухаагийн 84-22 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЕ87100316/ Харнууд овогт Ёндондоржийн Далайжаргал нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинэчлэн судлаад

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

А/ Шүүгдэгч Ш.Энхболдын холбогдсон хэргийн тухайд:

 

1/ Прокурор 2016.05.19-ний өдрийн 05а дугаарт яллах дүгнэлтийн /5-р хав.х- 119/ тогтоох хэсэгт “Ш.Энхболд нь Ё.Далайжаргалтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр ашиг олох зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Адаацаг сумын “Харийн нуур” гэх газраас иргэн Ж.Бандийн хээр азаргатай 45 тооны адууг хулгайлж бусдад 52100000 төгрөгийн хохирол учруулсан…үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллагдах үндэслэлтэй” гэжээ. 

Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014.07.29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоо

лоор Ш.Энхболдод Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар ял оногдуулахдаа  шүүгдэгч Ш.Энхболдыг  2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг “Жарангийн хөндий” гэх газраас Ж.Бандийн 45 тооны адуу хулгайлж 52100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан болох нь 74 дүгээр шийтгэх тогтоолоор /2-р хав.х 103-109/ тогтоогдож байна.

Иймд прокурор Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан зарчмыг зөрчиж, дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

2/ Шүүгдэгч Ш.Энхболд нь 2010 оны 8 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн А.Санжаасүрэнгийн 19 тооны адуу хулгайлж 13490000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн А.Баярцогтын 27 тооны адуу хулгайлж 15125000 төгрөгийн буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Шүүгдэгч Ш.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “2010 оны 8 сард Төв аймгийн “Ац холбоо” гэх газраас Ц.Агваандоржийн цагаан азаргатай адууг тууж Эмээлт дээр авч ирэхэд Чулуунбат үүгээр цагдаа ихтэй байна. Зандангийнд авааччих“ гэсэн. Тэднийд байлгаж байхад 2 хоногийн дараа ирээд аваад явсан. 8-н адуунд Партизаны сангийн аж ахуйн Эрдэнэбат гэх хүн бичиг хийж өгсөн. Бусдыг нь бичиггүй хөөгөөд Оргил худалдааны төвийн блокон хашаанд хийсэн. Хаана, ямар бойнд оруулсан гэдгийг мэдэхгүй. Мөнгийг Зандан гуйд өгсөн. Түүний 4 сая төгрөгөөр нь хүүдээ хөх өнгийн фортер машин авч өгсөн байсан” гэх мэдүүлэг
  • Хохирогч, гэрч Ц.Агваандоржийн “Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баян бараат бригад “Ац холбоо” гэх газарт өөрийн төрсөн хүү А.Санжаасүрэн, А.Баярцогт нарын хамтаар мал малладаг малчин хүн. Манай 2 хүү болон миний мал нийлээд 200 орчим адуу байдаг. Манай 2 хүү хөдөө мал дээр байдаг учир ирж байцаалт өгөх боломжгүй би өмнөөс нь төлөөлөн байцаалт өгнө. 2010 оны 8 дугаар сард наадмын дараа манай адуунаас 46 адуу алга болсон. Цагаан зүсмийн азаргатай нас гүйцсэн морь 30, бүдүүн гүү 5, байдас 1, шүдлэн үрээ 1, даага 2, унага 6, нийт 46 тооны адуугаа алдсан. Алдсан адуу маань зөв гуяндаа зөв эргэсэн хас тамгатай, мөн 3 нүд чандмань тамгатай, саран дэвсгэртэй онгитой зуузай тамгатай байсан. Адуугаа алдсан талаар Төв аймгийн цагдаагийн газарт очиж алдуул малын бүртгэлд бүртгүүлж байсан. Албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаагүй  юм” гэх мэдүүлэг  /1-р хав.х 86-87, 147-148/
  • Хохирогч А.Санжаасүрэнгийн  мэдүүлэг/3-р хав.х 15-16/
  • Хохирогч А.Санжаасүрэнгийн мал тооллогын “А” данс /2-р хав.х 247-248/
  • Хохирогч А.Баярцогтын мэдүүлэг / 2-р хав.х 18-21/
  • Хохирогч А.Баярцогтын мал тооллогын “А” данс /2-р хав.х 249-250/
  • Хохирогч А.Баярцогтын 27 тооны адууны үнэлгээ /3-р хав.х-34, 5-р хав.х 33-37/
  • Хохирогч А.Санжаасүрэнгийн 19 тооны адууны үнэлгээ /3-р хав.х-36, 5-р хав.х 28-32/
  • Гэрч Д.Зандангийн “Манайх тухайн үед тахилтын ард Шижирийн фермээс урд амандаа зусдаг жил буюу 2010 оны 8 сард өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өглөө Энхболд ганцаараа хар өнгийн мотоцикльтой манайхаар ирсэн…. Тэгж ирэхдээ Энхболд 7-8 унагатай, унаганаас гадна 20 гаран тооны бөөн сүүлтэй зээрд азаргатай адууг манай урд уулын ар дээр туугаад авчирсан байсан. Манайхаар Энхболд нэг хоноод маргааш нь Эмээлт рүү явж ирэхдээ Чука, Чинбат гэх хүмүүсийг ногоон өнгийн микро машинтай дагуулж ирсэн. Ингээд тэр хүмүүстээ авчирсан адуугаа зарсан. Зарахад нь би тэр адуунд нь Партизаны САА-н мал эмнэлгийн малын эмч Эрдэнэцогт гэх хүнээс гарал үүслийн бичиг авч өгсөн. Тэр адуунаас нь би нэг буурал духтай хүрэн зээрд морь хүүгээрээ дамжуулж авсан. Тэр морь нь саран дэвсгэртэй тамгатай байсан юм. Би цагаан азаргатай адуу Энхболд авчирсныг мэдэхгүй байна. Анх авч ирсэн бөөн сүүлтэй зээрд азаргатай адуун дотор нь 7-8 унага байсан бөгөөд түүнээс гадна 20 гаран тооны адуу байсан. Түүн дотор өөр азарга байсан эсэхийг мэдэхгүй байна. Адууны им тамга, зүсийг нь сайн санахгүй байна ” гэх мэдүүлэг /1-р хав.х-138/
  • Гэрч Б.Чинбатын “2010 оны 9 сарын эхээр Эмээлтэд надтай ижил мал махны ченж ажилтай Чулуунбаатар ах надтай ирж уулзаад энд мал зарах нэг хүн байна гэж хэлэхээр нь тэр хүнтэй чинь уулзая гээд Эмээлт дээр очиход 20 гаран настай, бор царайтай, өөрийгөө Энхболд гэж танилцуулсан залуу 12-13 тооны адуу аваад ирчихсэн гэхээр нь адууг нь очиж үзээд чамд гарал үүслийн бичиг байна уу гэхэд байхгүй гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлсэн. Тэгээд би бичиг баримт байхгүй юм чинь цагдаа дуудаж үзүүлээд худалдаж авна гэхэд Энхболд тэг тэг гэсэн. Тэгээд Нийслэлийн цагдаагийн газар руу утасдаад цагдаагийн байгууллагаас хүн ирэхгүй байсаар орой 22 цаг болчихоор нь цагдаа ирэхгүй юм байна, малын чинь бичиг баримт байхгүй юм чинь авч чадахгүй гэж хэлээд Ш.Энхболдыг явуулчихсан юм. 2 хоногийн дараа ченж Чулуунбаатар ах Энхболд гэх залууг дагуулж ирээд малын бичиг аваад ирсэн гэхээр нь хаанаас юун бичиг авсан талаар нь асуухад Зандан гэх хүнээр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооноос гарал үүслийн бичиг хийлгэсэн гэхээр Чулуунбаатар, Энхболд болон түүний найз нарыг дагуулаад өөрийн эзэмшлийн 30-36 УБП улсын дугаартай ногоон өнгийн микро машинтай Зандан гэдэг айлд очиход 12 адуунаас 1 адууг нь нядлаад тэр хавийн хүмүүст жижиглэнгээр зарж байсан. Тэгээд би Зандан гэх хүнтэй уулзаад та гарал үүслийн бичиг хаанаас яаж авсан юм бэ гэхэд СХД-ийн 21-р хорооноос хийлгэж авсан ба эдгээр адуу нь миний өөрийн адуу байгаа юм гэхээр нь хөгшин хүн худлаа ярихгүй байх гэж бодоод 8,9 адуу тус бүрийг нь 800000 төгрөгөөр худалдан авсан ба эдгээр адууны зүс, тамга, нас зэргийг нь санахгүй байна. Ямар ч байсан хоёр тооны унагатай гүү, хонгор, хээр, зээрд зүсмийн адуунууд байсан шиг санагдаж байна. Ингээд би Ш.Энхболдоор 8,9 тооны адууг Эмээлт хүртэл туулгаж очоод нядалгаанд оруулж байсан ” гэх мэдүүлэг /1-р хав.х-123/
  • ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2015.12.15-ны өдрийн лавлагаанд “2010.08.01-ний 20 цаг 08 секундэд …. дугаарын утсаар Эмээлтэд гарал үүслийн бичиггүй 40-50 орчим адуу байна гэх мэдээлэл өгсөн. Зөвшөөрлийн бичигтэй, дуудлага буцаагдсан” гэжээ. /4-р хав.х130-131/ Дуудлага өгсөн утасны дугаар нь гэрч Б.Чинбатын гар утасны дугаартай тохирч байна.  /1-р хав.х-123/
  • Гэрч Ц.Чулуунбаатарын “Энхболд гэх залуу 2010 оны 7-8 сарын орчимд байх  /он сараа сайн мэдэхгүй байна/  над дээр орж ирээд  / би тухайн үед Эмээлтийн Оргил дэлгүүрийн замын урд талд жижигхэн ТҮЦ-нд мах арьс шир авна гэсэн зар тавиад суудаг байсан юм / адуу авах уу ах гэж асуусан. Би бичиг баримт байна уу гэж асуухад иргэний үнэмлэхээ гаргаж ирж үзүүлсэн.  Тэгэхээр нь Чинбат руу дагуулж ороод энэ нэг хүүхэд адуу мал зарна гэнэ чи авах уу гэж асуусан. Чинбат намайг наад хүнээ хаанаас ирснийг нь адуу нь хаана байгаа, хэнийг таньдаг зэргийг мэдээтэх тэгж байж хоёулаа адууг нь авъя гэж хэлсэн. Би Энхболд гэх залууд чамайг таньдаг ямар хүн байна, хамт очиж адууг чинь үзье гэхэд намайг дагуулаад такси бариад Зайсанд Баттөгсийнд очсон. Тэндээс Баттөгстэй хамт амьжиргаа цагаан буюу жижиг тэвштэй цагаан өнгийн ачааны машинтай яваад Шижирийн фермийн урд аманд очсон. Тэнд очиход өмнө нь зүс таних Зандан гуай байсан. Би Зандан гуайд энэ хүний адуу мал энд байгаа гэнэ худалдаж авч болох юм уу гэхэд болно гэж хэлсэн. Би эргэж Эмээлтэд ирээд Чинбатад энэ хүний адуу Шижирийн ферм дээр Зандан гээд настай намбатай хүнийд байна. Худалдаж авч болох юм шиг байна гээд дагуулж Зандангийнд очсон. Зандангийн гадаа арав гаран тооны адуу байсан. Адуу худалдаж авах дээрээ тулсан чинь гарал үүслийн бичиг байхгүй болж таараад Чинбат худалдаж авахаа болиод бид хоёр буцаж ирсэн. Маргааш нь Энхболд Зандан гуайгаар гарал үүслийн бичиг хийлгэлээ гэж ирээд Чинбат болон /Чинбатын хүргэн нь байгаад одоо нас барсан/ Баагий гэх хүнтэй гурвуулаа очиж арваад адууг нь Чинбат худалдаж авсан. Тэгээд тэр адуугаа Энхболдоор өөрөөр нь туулгаж Эмээлт авчирч бойнд оруулсан. Чухам аль бойнд оруулсныг би мэдээгүй. Бойнд тууж оруулж байхдаа нэг адууг нь уяа чиргүүлээд алдсан гэж байсан. Би анх байцаалт өгөхдөө айж сандарсан он сараа зөрүү буруу хэлсэн байсан. 2010 оны 7-8 сард очиж авч байсан нь үнэн. Энхболдыг би нэг удаа тэр адуу зарах гэж байхад нь оролцож байснаас өөр оролцсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /4-р хав.х-58, 1-р хавх-139/
  • Гэрч Г.Эрдэнэцогтын “Надаас арав гаран адууны гарал үүслийн бичиг хийлгэж авч байсан. Зандан нь нилээн адуутай учраас өөрийнхөө адуунд гарал үүслийн бичиг авч байгаа юм байх гэж бодоод асуугаагүй. Зандан нь хэдэн адуу зарах гэсэн юм гарал үүслийн бичиг хийгээд өгөөч гэж гуйж авсан” гэх мэдүүлэг 3-р хав.х-28/
  • Гэрч М.Явуухүүгийн “Чинбат нь мал бойлуулдаг гэхдээ голцуу хонь ямаа бойлуулдаг. Чинбат 2010 оны 9 сард адуу бойлуулаагүй. Харин манай айлын Цэрэнханд гэх хүний бойнд адуугаа бойлуулсан гэж сонссон. Бойлуулж байх үедээ нэг адуугаа алдсан сурагтай байсан” гэх мэдүүлэг /3-р хав.х-29/
  • Гэрч Г.Цэрэнхандын “Чинбат 2010 онд их л мал бойлуулдаг байсан. Тэхдээ хэзээ ямар мал бойлуулж байсныг санахгүй байна. Манайд бойлуулсан малын бүртгэл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хав.х-31/
  • Гэрч З.Мягмарсүрэнгийн “2010 оны 8 сарын үед /сар өдрийг нь сайн санахгүй байна/ Энхболд Эмээлт түүхийн эдийн зах дээр ченж хийдэг Чинбаатай хамтардаг Чулуунбаатар гэх хүний хамт машинтай манайхыг сураглаж ирсэн. Тэгээд Энхболд нутгаасаа хэдэн адуу мал зарах гэж ирсэн. Зарж чадаагүй байна. Танайхаар байя гэж байсан. Энхболд надад өөрийгөө нутагтаа нилээн баян айлын хүүхэд мэтээр ойлгуулж байсан. Би манайхаар бай л гэсэн. Тэгээд Чулуунбаатар, Энхболд хоёр машинтайгаа буцаж яваад орой нь Энхболд ганцаараа адуугаа туугаад манайд ирсэн. Адуугаа манай ойролцоо байлгаж дагуулж ирсэн тэр хүмүүстэйгээ үнэ мөнгөө тохирохгүй 10 орчим хоног манайд хоносон. Энхболдын авчирсан адуу нь зээрд зүсний бөөн сүүлтэй азаргатай 40 гаран тооны адуу байсан. Тэр адуунуудыг бүгдийнх нь зүсийг сайн санахгүй байна. Голцуу бараан хүрэн, хээр зүсний адуу байсан. Зарим нь хас тамгатай байсан. Зарим нь саран дэвсгэртэй дээрээ сэрээ юм уу зуузай юмуу гэхээр тамгатай байсан. Содон гэвэл буурал гүү, шарга зүсний гүү, хул гүү байсан. Манайх Энхболдоос саран дэвсгэртэй дээд талдаа сэрээ маягийн гулгуулж дарсан тамгатай буурал духтай нас гүйцсэн хүрэн зээрд зүсмийн морь 700000 төгрөгөөр худалдаж авсан байсныг Цагдаагийн хүмүүстэй адууны эзэд ирээд аваад явсан. Мөн Баттөгс Энхболдоос хул гүү буурал гүү зэрэг 2-3 адуу авсан байснаа Батдоржийнд аваачсан байсныг цагдаагийнхан эзэдтэй очиж авсан байсан. Бусад адууг Эмээлтийн Чинбаа гэх махны ченжид зарсан Яг хэдэн төгрөгөөр яаж зарсныг нь мэдэхгүй ” гэх мэдүүлэг /1-р хав.х-142, 97-98/
  • З.Мягмарсүрэнг сэжигтнээр байцаасан тэмдэглэлд :  2010 оны 7-8 сарын үед миний танил Ш.Энхболд манай аав Зандангийнд намайг сурж ирсэн ба манай ааваар адууны гарал үүслийн бичиг хүнээс авахуулаад Чинбат гэх хүнд адуунуудаа зарсан байсан. Би тэр үед байшин барьж байсан ба мөнгөний хэрэгцээтэй байсан тэр талаараа Ш.Энхболдод хэлж байсан. Ш.Энхболд хэлэхдээ мөнгөний хэрэг гарвал найзаасаа зээлээрэй гэж байсан. Би эхнэртэйгээ ярилцаж байгаад Ш.Энхболдоос 4 сая төгрөг зээлэхээр болж тухайн мөнгөө бэлнээр авч, Бонго фронтер маркийн машин худалдаж аван байшингийнхаа барилгын материалыг хотын төвөөс машинаараа зөөж байшингаа барьж дуусгасан. Буцаагаад удахгүй өгнө гэж хэлж авсан, ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй гэжээ /5-р хав.х-66/
  • Гэрч Б.Доржготовын /З.Мягмарсүрэнгийн эхнэр/ мэдүүлэг /5-р хав.х-23/
  • З.Мягмарсүрэнгээс  Бонго фронтер маркын 39-71 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гэрчилгээний хамт хураан авч, үзлэг хийсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ /5-р хав.х 8-14/
  • АЯ№0457360 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 39-71 УНБ ачааны автомашины эзэмшигч Г.Мөнхбаяраас Зандангийн Мягмарсүрэнгийн нэр дээр 2010 оны 8 сарын 18-нд шилжсэн тэмдэглэл хийгдсэн болох нь тогтоогдож байна. /тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувь/
  • Гэрч Г.Мөнхбаярын “ 2010 оны 8 сард би өөрийн Пронтер маркийн 39-71 УНБ улсын дугаартай машинтай байсан. Тухайн машинаа танихгүй залууд 4800000 төгрөгөөр худалдсан. Машины шилжүүлгээ зарсан өдрөө хийсэн”  гэх мэдүүлэг /5-р хав.х-18/

 

3/ Шүүгдэгч Ш.Энхболд нь 2010 оны 8-9 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн С.Мөнхнасангийн бөөн сүүлтэй цавьдар зээрд азаргатай  19 тооны адууг хулгайлж, 12542000 төгрөгийн буюу бусдад онц их хэмжээний  хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Шүүгдэгч Ш.Энхболдын “2010 оны 9 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ац холбоо гэх газраас цавьдар азаргатай адууг тууж Зандан гэдэг айлд аваачсан. Чинбат, Чулуунбаатар хоёр 16-17 тооны адууг авч явсан. 3-н адуу үлдсэн байсныг Баттөгс авсан. Ченж Чинбат Занданд 4 сая төгрөг тоолж өгсөн. Дараа нь мөнгөө яасан гэтэл манайх байшингаа янзалж байгаа, түүнд хэрэглэсэн гэж Мягмарсүрэн хэлсэн” гэх мэдүүлэг
  • Хохирогч С.Мөнхнасангийн өргөдөл, тайлбар  /1-р хав.х-24, 26/
  • Хохирогч С.Мөнхнасангийн “2010 оны 8 сарын 28-29-ний өдөр дурангаар харахад манай адуунууд манай гэрээс баруун урд зүгт 10 км зайд бэлчээртээ бэлчээрлэж байсан. 2010 оны 9 сарын эхээр цавьдар зээрд зүсмийн бөөн сүүлтэй азаргатай 19 тооны адуугаа алдсан. Бөөн сүүлтэй азарга зөв талын хаан дээрээ ланзан тамгатай, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй сэрээ тамгатай хул гүү халтар унагатай, 3 тооны хээр гүү, бэлэвсэн хамар цагаан хонгор морь, 4 тооны хээр морь, хүрэн морь, ухаа зээрд морь, цавьдар морь,бэлэвсэн хамар цагаан хүрэн морь,  мөн зөв талын гуяндаа хэлтэй саран тамгатай буурал гүү шарга зүсмийн унагатай, хар морь, мөн зөв талын гуяндаа хэвтээ зуузайтай сэрээ тамгатай халтар морь нийт 19 тооны адуугаа алдсан ” гэх мэдүүлэг/1-р хав.х-83-84/
  • Булган аймгийн Баяннур сумын 3 толгой гэх газарт оршин суух Д.Батдоржоос Мөнхнасангийн эзэмшлийн хул зүсний зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй ширээ тамгатай гүү, буурал зүсний зөв талын гуян дээрээ хэлтэй саран тамгатай гүүхул зүсний зөв талын гуян дэрээ сараг дэвсгэртэй сэрээ тамгатай гүү, өөрийнх нь даага болох бор халтар даага, хул даага, хонгор унаганы хамт хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.х 43-44/”
  • Хохирогч С.Мөнхнасангийн хүлээж авсан адуу, адууны тамганы гэрэл зураг /1-р хав.х 45-51/
  • Гэрч Н.Баттөгсийн “Энхболдтой 2009 оны намар анх танилцсан. ... Түүнээс хойш Энхболд намайг таньдаг болоод манайхаар хааяа ирж очдог байсан. Тэгтэл 2010 оны намар 10 сарын орчим /сар өдрийг тодорхой санахгүй байна/ нэг өдөр Энхболд надуу руу утсаар яриад “адуутай болж байгаа хүн ганц хоёр гүү авах уу” гэж асуусан. Би үзье гэсэн чинь Шижирийн ферм дээр Зандан ахынд хүрээд ир гэсэн. Очиход Мягмарсүрэнгийнд Энхболд ганцаараа ирчихсэн байсан. Адуун дээр очиход 20 гаран тооны адуу байсан. Азрагыг нь мэдэхгүй байна. Би тэр адуунаас хул гүү, буурал гүү хоёрыг 1200000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ хоёр гүү нь саран дэвсгэртэй сэрээ тамгатай байсан. Тэр хоёр гүүгээ Булган аймгийн Баяннуур суманд Хангайгийнд байлгаж байгаад Хангайгийнх хот руу орохоор нь Батдорж гэх найзындаа тавьж маллуулж байгаад сая 2015 оны 1 сард цагдаагийн хүмүүс наад хоёр гүү чинь хулгайн адуу гээд унага даагатай нь аваад явсан. Тэр хоёр гүү худалдаж авсан адуунуудын зарим нь саран дэвсгэртэй сэрээтэй тамгатай байсан. Бүх адуунууд нь тийм тамгатай байсан эсэхийг мэдэхгүй байна. Би хулгайн адуу гэдгийг мэдсэн зүйл байхгүй. Мэдсэн бол яах гэж охин мал авч өсгөх гээд байж байх юм бэ” гэх мэдүүлэг /1-р хав.х 140-141/
  • Н.Баттөгсийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хав.х-22-24/
  • Булган аймгийн Баяннуур сумын малчин Д.Батдоржоос зөв талын гуян дээрээ хэлтэй саран тамгатай буурал зүсмийн гүү, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй сэрээ тамгатай хул зүсмийн гүү, бор халтар даага, хул даага, хонгор унаганы хамт нийт 5 тооны адуу хураан авсан тэмдэглэл /1-р хав.х 42-44/
  • Д.Батдоржоос хураан авсан 5 тооны адууны гэрэл зураг /1-р хав.х 45-50/
  • Гэрч Хангайгийн “2011 оны 1 сарын үед Баттөгс манай адуунд хул гүү, буурал гүү хоёрыг авчирч тавьсан. Баттөгс Энхболдоос худалдаж авсан гэж байсан. Манайх 2012 оноос малаа аваад Баттөгсийн малыг Батдоржийн дээр үлдээгээд Улаанбаатар хот руу орж ирсэн”гэх мэдүүлэг /1-р хав.х-143/
  • Гэрч Д.Батдоржийн “Хангайгийнх одоогоос 4 жилийн өмнө манай нутагт ирэхэд адуунд нь Баттөгсийн адуу болох зөв гуян дээрээ гал тамгатай хул гүү, зөв гуян дээрээ сартай хас тамгатай буурал гүү, зөв гуян дээрээ сартай хас тамгатай шарга гүү, зөв гуян дээрээ сартай хас тамгатай бор гүү байсан. Хангайгийнх энд 2 жил орчим болоод Улаанбаатар хот руу нүүгээд явсан бөгөөд 2013 оны намар Баттөгс найз бүдүүн Баяраа гэх залуугийн Маяти 2 гэх машинаар дээрх 4 гүүг 2 дааганы хамт авчирч байсан. Уг 2 байдас нь зөв гуян дээрээ сартай хас тамгатай бор халзан байдас, өсгий цагаан хээр байдас байсан. Энэ 2 дээрх гүүнүүүдийн төл нь юм. Бас дээр нь нэг хул даага тухайн үед төл нь гэж дагаж ирж байсан тэр нь өвчин тусахаар нь Баттөгс махлаад аваад явсан ” гэх мэдүүлэг /1-р хав.х-113/
  • Гэрч З.Мягмарсүрэнгийн “Энхболдын авч ирсэн адуу нь зээрд зүсмийн бөөн сүүлтэй азаргатай 40 гаран тооны адуу байсан. Тэр адуунуудыг бүгдийнх нь зүсийг сайн санахгүй байна. Голцуу бараан хүрэн, хээр зүсний адуу байсан. Зарим нь хас тамгатай байсан. Зарим нь саран дэвсгэртэй дээрээ сэрээ юм уу зуузай юмуу гэхээр тамгатай байсан. Содон гэвэл буурал гүү, шарга зүсний гүү, хул гүү байсан. Манайх Энхболдоос саран дэвсгэртэй дээд талдаа сэрээ маягийн гулгуулж дарсан тамгатай буурал духтай нас гүйцсэн хүрэн зээрд зүсний морь 700000 төгрөгөөр худалдаж авсан байсныг Цагдаагийн хүмүүстэй адууны эзэд ирээд аваад явсан. Мөн Баттөгс Энхболдоос хул гүү буурал гүү зэрэг 2-3 адуу авсан байснаа Батдоржийнд аваачсан байсныг цагдаагийнхан эзэдтэй нь очиж авсан байсан. Бусад адууг Эмээлтийн Чинбаа гэх махны ченжид зарсан. Яг хэдэн төгрөгөөр яаж зарсныг нь мэдэхгүй ” гэх мэдүүлэг /1-р хав.х-142, 97-98/
  • З.Мягмарсүрэн 2015.12.10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: …Чинбатыг анх тууж ирсэн адуунаас гарал үүслийн бичиг авахуулаад адуу авсныг бол гарцаагүй харж байсан. Чухам хэдийг авсан гэдгийг үнэндээ санахгүй байна гэжээ. /4-р хав.х-103/
  • Гэрч С.Ган-Очирын мэдүүлэг /1-р хав.х-144/
  • Хохирогч С.Мөнхнасангийн алдсан 19 тооны адууг 14500000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хав.х-159/
  • Хохирогч С.Мөнхнасангийн алдсан 19 тооны адууг нийт 12542000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5-р хав.х 39-43/
  • Гэрч Д.Батдоржийн мэдүүлэг /1-р хав.х-113-115/

 

4/ Шүүгдэгч Ш.Энхболд нь 2012 оны 10 сарын 4-5-ны хооронд Сайнцагаан сумын Тэвш баг Хотгор тойромын ус гэх газраас иргэн Б.Ганбаатарын  хонгор азаргатай 45 тооны адуу хулгайлж, бусдад 34350000 төгрөгийн буюу бусдад онц хэмжээний хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гэмт хэрэг гарсан талаар иргэн О.Баяраагаас 2012.10.19-ний өдөр гаргасан гомдол /1-р хав.х-18/
  • Иргэн О.Баяраагийн тайлбар /1-р хав.х-20/
  • О.Баяраагийн эзэмшлийн малын тооллогын “А” данс /1-р хав.х 60-62/
  • Хохирогч Б.Ганбаатар 2012.12.18-нд өгсөн мэдүүлэгтээ “Баяраа бол миний төрсөн эцэг байгаа юм, би гэрээсээ тусдаа гараагүй ам бүл нэг явдаг. Манайх 2012 оны 10 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө гэрийн гадаа шахуу байсан адуу алдагдсан. Гэхдээ бол яг хулгай аваад явчихсан юм боловуу гэсэн таамаг байгаа болохоос хулгайд алдагдаж барьсан ул мөр бол байхгүй. Адуугаа алдагдсан өдрөөс нь эхлээд одоог хүртэл байж болох бүх газраар яваад олдохгүй байна.   Зөв гуян дээрээ нар саран тамгатай хонгор азаргатай адуугаа алдсан. Их бага бүдэг тод нийлсэн 12 алагтай, 2 шаргатай, 2 хонгор халзан, нэг хүрэн халзантай нийлээд 8 унагатай цагаан хонгор азаргатай унагатайгаа нийлээд 45 тооны адуу алдагдсан” гэх мэдүүлэг /1-р хав.х  65-66/
  • Хохирогч Б.Ганбаатар 2014.11.30-нд өгсөн мэдүүлэгтээ”…2014 оны 11 сарын 29-ний өдөр цагдаагаас адуугаа аваарай гэж хэлэхэд нь  Партизаны Шижирийн давааны араас давхар онгин тамгатай зээрд алаг гүү, соёмбо тамгатай зээрд алаг унагатай, давхар онгин тамгатай шарга гүү, соёмбо тамгатай тод зээрд алаг унагатай, давхар онгин тамгатай хул гүү, соёмбо тамгатай хонгор халзан унагатай, давхар онгин тамгатай хээр алаг гүү, соёмбо тамгатай саарал унагатай, давхар онгин тамгатай алдах үед зээрд алаг үрээ нь морь болсон байна. Давхар онги тамгатай ухаа хонгор даага одоо үрээ болсон байна, давхар онгин тамгатай хамар цагаан сартай хонгор унага одоо үрээ болсон байна. Давхар онгин тамгатай дөрвөн хөл шийр цагаан зээрд унага одоо үрээ болсон байна хүлээж авсан. 2014 оны 11 сарын 30-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумаас давхар онгин тамгатай дөрвөн хөл шийр цагаан хээр гүү, хас тамгатай хээр даага, хас тамгатай хар хээр унага, давхар онгин тамгатай саарал алаг гүү, тамгагүй хонгор алаг унага зэрэг адууг хүлээж авсан. 6 унага, 1 даага нь манай адуу хулгайлагдсанаасаа хойш төллөсөн адуунууд байсан” гэжээ. /1-р хав.х 72-75/
  • Гэрч С.Лувсанбалдангийн “2012 оны 10 сарын 10-ны үед Ш.Энхболд мотоцикльтой ирээд адуугаа туух гэсэн юм цуг туулцаад өгөөч гэж гуйгаад шалаад болохгүй байсан. Тэгэхээр нь хаана байгаа юм, яг хаана хүргэх юм бэ гэж асуухад Дундговь аймгаас зүүн тийшээ байгаа, Улаанбаатар хотын хойд уул руу хүргэх хэрэгтэй байна. Найздаа ганц удаа тус болчих, 500000 төгрөг өгнө гэж гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. 3 хоногийн дараа Дундговь аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийшээ 20 орчим км яваад Зүүн далай бригад гэх газарт нар жаргах дөхөөд шар гэгээ арай тасраагүй байх үед очиход бэлчээрт зүүн талынх нь нүдийг бараан даавуугаар боосон ногттой хул зүсмийн азаргатай 40 гаран тоотой адуу байсан. Ш.Энхболд өө манай адуу энд байна гэж хэлээд шууд Улаанбаатар хотын чиглэлд туугаад Дэлгэрцогт сумын зүүн талаар төв зам дагуулаад машин тэгрэгнээс зайтайхан 2 хоног туусан. Улаанбаатар хотоос 30 км зайтай ирээд хашаатай айлуудын хажуугаар явж байхад Энхболдыг сүрхий таньдаг бололтой миний танихгүй 2, 3 хүн гурван машинтай ирээд Ш.Энхболдоос шарга даага, зээрд соёолон байдас, зээрд алаг унага, хонгор унага, хул унага зэрэг 5 тооны адуу худалдаж авсан. Энхболд мөнгө авчихаад ирье гэж намайг адууны захад орхиод 20-30 минутын дараа мөнгөө авчихлаа гэж ирсэн. Цааш адуугаа тууж яваад том торон хашаа, төмөр замын дундуур тууж явсаар байгаад уулын орой ар хэсэгт нь ирээд Ш.Энхболд нэг хүн рүү утсаар яриад дуудахад 1 цаг орчим болоод цэнхэр өнгийн портер машинтай Энхболдын сайн танил бололтой нэг залуу 4 настай гэмээр эрэгтэй хүүхэд дагуулж ирсэн. Тэр залуу эмээл хазаар бугуйл авч ирсэн ба тууж явсан адуунаасаа хүрэн зүсмийн морь барьж би унаад, Ш.Энхболд мотоциклоо, найз нь машинаа унаад бид бүгд адуугаа туугаад Улаанбаатар хотоос ертөнцийн зүгээр зүүн хойшоо уултай газар нэг айлын гадна авч очсон. Айлд ороход 4-5 залуу, өндөр настай эмгэн, өвгөн байсан. Тэгээд би тэр айлын илүү гэрт гурав хоноод Энхболдоор Улаанбаатар луу хүргүүлж Дундговь аймгийн автобусанд суусан. Энхболд намайг хоолонд оруулаад замын зардал 12000 төгрөг өгсөн. Би 500000 төгрөг өгнө гэсэн тэрийгээ яах юм бэ гэхэд дараа өгнө гэсэн. Ингээд Дундговь аймагт очоод нэг сарын дараа буюу 2012 оны 11 сарын дундуур 100000 төгрөг над руу шилжүүлсэн. 2013 оны 6 сард нэг удаа утсаар ярьсан, тэрнээс хойш огт яриагүй” гэх мэдүүлэг /1-р хав.х 89-90/
  • Гэрч З.Мягмарсүрэнгийн “2012 оны 10 сарын үед манайхыг Сонгинохайрхан дүүргийн Шижирийн ферм дээр байхад Энхболд 99152828 дугаарын утаснаас яриад би Шувуун фабрикийн гүүрний энд явна, Дундговь аймгаас өөрийнхөө хэдэн адууг зарж борлуулахаар явж байна хүрээд ирээч гэхээр нь өөрийн 39-71 УНБ дугаартай хөх өнгийн портер машинтайгаа 3 настай хүүхдийнхээ хамтаар тосож уулзахад Энхболд нь нутгийн нэг залуугийн хамтаар улаан өнгийн Мустанг маркийн мотоцикльтой явж байсан. Нутгаас гараад 2-3 хоноод явж байна гээд хул хонгор зүсмийн азаргатай, содноос хүрэн алаг гүү, хээр алаг гүү, алаг унага, хүрэн алаг үрээ, шарга гүү зэрэг 40 орчим тооны адуу туучихсан явсан, адуунууд нь нар саран тамгатай төсөрхүү хэлбэрийн тамга дарагдсан байсан.Энэ адуунаас Амгаланбаатар гэдэг хүнд 7-8 адууг нь зарсан санаж байна. 10-ад адууг нь Эмээлт захад байх Чинбат гэдэг ченжид амьдаар нь зарсан. Хул хонгор зүсмийн азаргыг үлдсэн 20-иод тооны адууг нь Төв аймгийн Баянцогтын тэнд байх нутгийн айлдаа хүргэж өгнө гээд сар гаруйн дараа мотоциклоороо туугаад явсан Энэ адууг зарж борлуулаад надад мөнгө төгрөг өгөөгүй бөгөөд Энхболдоос 4 сая төгрөг зээлж аваад цувуулаад банкаар шилжүүлж өгч байсан. Энхболд над руу яриад хүний дансны дугаар өгдөг байсан. Манай эхнэр л шилжүүлдэг байсан. Надад аль нэг банкинд харилцах данс байхгүй юм. Энэ адуунаас нь би хүрэн зүсний нар саран тамгатай даагыг хоёр хониор авсан. Одоо хязаалан үрээ манай адуунд байгаа. Мөн хээр алаг зүсмийн гүүг манай хүүд бэлэг болгон өгсөн. Энэ жил халтар зүсний охин унага гаргасан. Манай адуунд байгаа. Мөн хүрэн халзан зүсмийн охин даага надад бэлгэнд өгсөн, одоо адуунд байгаа   ” гэх мэдүүлэг /1-р хав.х 95-97, 111-112/
  •  З.Мягмарсүрэн 2015.12.10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2012 оны намар Энхболд хул азаргатай 30 гаран адуу тууж ирсэн. Энэ адуунаасаа Амгаланбаатар гэх хүнд бараг арав орчмыг зарсан байх. Тэр хавиар бага сагаар зараад л байсан. Үлдсэнийг нь бас л туугаад явсан Чинбат хоёроос гурван удаа манайд ирж байсан. Би тэр тоолонгоороо адуу аваад байна гэж бодсон чинь тэгээгүй юм билээ. Би тухайн үеэр хөдөө болон хот руу ирэн очин байдаг байсан болохоор Чинбатыг ирсэн гэхээр адуу авсан байх гэж боддог байсан. Би худалдаж авсан адуугаа маллаж байгаад буцаагаад эзэнд нь тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Надад байж байгаад өсөж үржээд эзэндээ очсон гэжээ. /4-р хав.х-103/
  • Гэрч Д.Амгаланбаатарын “2012 оны 10 сарын үед санаж байна. Манай саахалт айлын Зандан гэдэг хүнээс хүрэн алаг унага, шарга гүү, хүрэн даага, дөрвөн хөл хээр гүү, хүрэн алаг унагатай нь, хүрэн алаг эр даагыг 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Адууны тамгыг огт анзаараагүй. Би өөрөө адууны тамга сайн мэдэхгүй учраас Зандан надад энэ зарсан адууныхаа удам угшлыг яг л өөрийн адуу юм шиг ярьсан тул би Зандан гуайн өөрийнх нь адуу юм байна гэж бодсон. Намайг адуу худалдаж авч байх үед Зандан гуайн зарж байсан адуунд 2 адилхан алаг /хээр алаг/ гүү 2-улаа унагатай байхаар нь би эр унагатай гүүг нь авна гэсэнд манай хүүхдэд өгөхөөр зүсэлсэн учраас болохгүй гэхээр нь би за тэгвэл яахав гэж хэлсэн. Тэгтэл Зандан гуай манай дүүгийн хүүхэд гэж хэлж байсан Энхболд гэдэг залуутай хамт байсан бөгөөд тэр залуутайгаа ярилцаж байгаад нөгөө эр унагатай хээр алаг гүүг надад өгөхөөр болсон тул би худалдаж авсан юм. Эдгээр адуу Дундговь аймгаас ирсэн гэж ярьж байсан. Намайг адуу худалдаж авах үед 10 хүрэхгүй адуу үлдсэн байсан. Үүнээс 20-иод хоногийн өмнө Зандан адуу авах уу гэж байсан бөгөөд тэр үед олон адуу байсан юм шиг байгаа юм. Их олон адуу нядалж зарсан гэж манай тэр хавийн хүмүүс ярьж байсан. Зандангаас худалдаж авч байсан адууны хүрэн алаг охин унага нь даага болсон хойноо чононд идүүлсэн, бусад адуу нь одоо байгаа бөгөөд 3 гүү нь энэ жил унагалсан унагатайгаа байгаа. Дэлтэй хул азаргатай 10 орчим тооны адууг надад үзүүлсэн, энэ адууг урьд өмнө Зандангийнд байгаагүй гэдгийг би мэднэ. Зандан л манай хамаатны хүүхэд адуугаа зарж байгаа гэж хэлэхээр нь наймаа хийж авсан ийм учир хулгайн адуу гэдгийг мэдээгүй юм” гэх мэдүүлэг /1-р хав.х108-110/
  • Гэрч Н.Баттөгсийн “Би 2012 оны 11 сарын үед Шижирийн ферм дээр Мягмарсүрэнгийнд Энхболд ирчихсэн байхад саарал алаг зүсний байдсыг 500000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэж авах үед Энхболд 30 гаран тооны адуутай Мягмарсүрэнгийн дээр ирчихсэн байсан. Тэр адуунууд нь урд хаан дээрээ нар саран тамгатай байсан. Азрагыг нь мэдэхгүй байна. Тэр адуу нь алаг голцуу адуу байсан санагдаж байна. 2013 оны 1-2 сард Энхболд надтай утсаар яриад 10 даага зармаар байна. Авах хүн байна уу, тэжээл байхгүй, муудчихсан туранхай дааганууд байгаа, нэгийг нь 100000 төгрөгөөр өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баяраа, Батдорж хоёр руу утсаар яриад хүн 10-н даага зарна гэнэ ээ хувааж авах уу гэж асуусан. Тэр хоёр тэгье гэхээр нь би 61-ийн гарамны хойно Энхболдтой очиж уулзаад 10 даагыг нь 1 сая төгрөгөөр авсан. Хоёр хонгор халзан зүсний, хоёр хул зүсний, хоёр хээр зүсний, нэг хар зүсний, нэг хүрэн алаг зүсний, нэг шар хээр зүсний даага авсан. Нэг дааганы зүсийг нь санахгүй байна. Эдгээр даага бүгд зөв талын гуян дээрээ онги тамгатай байсан. Очиход тэр 10-н дааганаас өөр адуу байгаагүй. Энхболд өөрөө халтар зүсний морь уначихсан байсан. Энхболдоос өөр адуу мал авч байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хав.х 140-141/
  • Гэрч Д.Батдоржийн “…2013 оны 1 сард Баттөгс над руу утсаар яриад Улаанбаатар хотод 10 даага /сарваа/ байна, мөнгө байна уу авах гэсэн юм, нэгийг нь 100000 төгрөг гэж байна гэхээр нь би 200000 төгрөг шилжүүлээд 2 даага авсан удаагүй Баттөгс Баяраагийн дүү гэх залуутай Маяти -2 машинтай 10 тооны даага авчирсан. Эдгээр даага бүгдээрээ нэг ижил хөндөлтэй зүрхэн тамгатай байсан. 10 даагыг ирэхээр нь би дахиад эр хониор 2 даага нэмж авсан. Хөндөлтэй зүрхэн тамгыг манай энд ширээтэй онгин тамга гэж нэрлэдэг юм. Миний авсан 4 даага байхгүй болчихсон. Баяраа, Баттөгсийн адуунаас 3 тооны үлдсэнийг нь одоо хураалгачихлаа. Нар саран тамгатай саарал алаг байдсыг Баттөгс 2013 оны намар Мазда гэх өөрийнхөө ачааны машинаар хотоос авчраад манай адуунд тавьсан. Тэр нь 2014 оны хавар эр хонгор алаг унага гаргасан. Манай нутагт давхар онги гээд байгаа тамгыг нар саран тамга гээд байдаг юм” гэх мэдүүлэг /1-р хав.х113-115/
  • Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Гурван толгой гэх газарт нутаглах малчин Д.Батдоржоос 5 тооны адуу (зөв гуян дээрээ давхар онгин тамгатай саарал алаг гүү, тамгагүй хонгор алаг сарваа эр унага, зөв гуян дээрээ доороо хөндөлтэй зүрхэн тамгатай өсгий цагаан хээр байдас, мөн тамгатай сартай хонгор байдас, мөн тамгатай сартай хонгор байдас) хураан авч Б.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.хх-30/
  • Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Тэлүүгийн булаг гэх газарт нутаглах малчин З.Мягмарсүрэнгээс 3 тооны адуу (зөв гуян дээрээ давхар онгин тамгатай шийр алаг гүү, зөв гуян дээрээ хас тамгатай эм хээр даага, зөв гуян дээрээ хас тамгатай хээр сарваа /унага/) хураан авч Б.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.х 31-33/
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо “бага ханан” гэх газарт нутаглах малчин Г.Хангайгаас 1 тооны адуу (нар саран туухай тамгатай сартай хүрэн хязаалан үрээ), мөн Д.Зандангаас 1 тооны адуу ( саран тамгатай сартай зээрд бүдүүн морь) хураан авч Б.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.х-34/
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо “Буурын ам” гэх газарт нутаглах Д.Амгаланбаатараас 11 тооны адуу (амтай давхар онгин тамгатай хул гүү, хонгор халзан унага, задгай буйл тамгатай, амтай давхар онгин тамгатай шарга гүү, зээрд алаг унага, амтай давхар онгин тамгатай зээрд алаг гүү, зээрд алаг унага, амтай давхар онгин тамгатай хээр алаг гүү, загал унага, амтай давхар онгин тамгатай зээрд алаг морь, амтай давхар онгин тамгатай, зээрд алаг үрээ, амтай давхар онгин тамгатай хундан ухаа үрээ) хураан авч Б.Ганбаатарт  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-35/
  • Гэрэл зураг /1-р хав.х 36-39/
  • Хохирогч Б.Ганбаатарын алдсан 45 тооны адууг нийт 34350000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /1-р хав.х 157-158/
  • Хохирогч Б.Ганбаатарын алдсан 45 тооны адуунаас олсон 10 тооны адууг хасч үлдэх 35 тооны адууг нийт 20975999 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /4-р хав.х 65-73/

 

5/ Шүүгдэгч Ш.Энхболд нь 2013 оны 6 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хар хужирт” иргэн Д.Дашдэмбэрэлийн бөөн сүүлтэй хүрэн азаргатай 42 тооны адуу хулгайлж бусдад 28581000 төгрөгийн буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Шүүгдэгч Ш.Энхболд 2015.04.20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 6 сарын 10-д гараад наадмын өмнө /өдрийг нь санахгүй байна/ Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тагнайн хөх толгой гэх газар байдаг Батболд гэх залуу над руу утсаар яриад мөнгөний хэрэг байна. Ахтайгаа хамт адуу хулгайлалцаад өгөөч гээд байсан юм. Тэгэхээр нь би Дундговь аймгийн төв дээр байснаа Төв аймаг дээр ирсэн. Батболд Төв аймгийн төвийн баруун урд талын овоотой хөтлөөс мотоцкльтой ганцаараа тосож аваад баруун урагшаа хоёулаа явсан. Алтанбулаг сумаас урагша Бушлагны үйлдвэр байсан цөөн тооны байшингаас урагш Хар хужир гэх газраас хүрэн азаргатай, саран тамгатай, гурван нүдний чандмань тамгатай, ланзан тамгатай 40 гаран тооны адууг хоёулаа мотоцикльтой туугаад Эмээлт захаас хойш тавиад Бараахас гэх айлын хашаанд аваачсан. Тэнд би адуугаа харж үлдээд Батболд Эмээлт рүү яваад ирэхдээ ногоон өнгийн Истана маркийн машинтай Баяраа гэх ченжийг дагуулж ирсэн. Баяраа гэх залуу Чука, өөр нэг залуу 3-улаа ирээд авчирсан адууг үзэж байгаад авахаар болсон. Батболд ганцаараа Эмээлт рүү тууж аваачиж өгөхөөр явсан.Би тэр айлд үлдэж байгаад засмал замаас машинд сууж хот руу орсон. Тэр хулгайлсан адуунаас би нэг ч төгрөг аваагүй. Батболд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Тэр хулгайлсан хүрэн азаргатай адуун дотор цав цагаан ланзан тамгтай хар гүү, 2-3-н цагаан бор морь, 2-3 саарал морьд байсан. Бусад адуу нь бараан голцуу байсан. Азарга нь бөөн сүүлтэй адуу байсан гэжээ. /2-р хав.х-58/
  • Хохирогч Д.Дашдэмбэрэл 2015.06.12-ны өдөр анх удаа хохирогчоор өгсөн мэдүүлэгээ: Манайх 2013 онд 200 гаран тооны адуутай байсан юм. 2013 оны 6 сард адуугаа Хар хужирт гэх газрын адгийн ус гэх газар услаад гаргасан ба усалснаас хойш 7 орчим хоногийн дараа манайхаас 40 орчим тооны адуу дутсан. Тухайн үедээ санаанд ороогүй тараад л явсан байх гэж бодсон. 7 сар гаргаад идэшний үе хүртэл Баян-Өнжүүл, Өндөр ширээт, Сэргэлэн сумд Эмээлт зэрэг газруудаар хайгаад олоогүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. 2013.06.25-наас 27-ны хооронд нийт 42 тооны адуу дутаж байсан. зөв гуяндаа туухайтай саран тамгатай хүрэн азарга, буруу гуя зөв хаандаа задгай чандмань тамгатай бор морь, сартай халтар морь, хээр халтар гүү, хул гүү, онгин тамгатай 2 тооны саарал морь, сартай хар морь, хул үрээ, хамар цагаан хээр гүү, хул морь, хээр алаг морь, хүрэн даага, “Э” үсгэн тамгатай 2 тооы хар гүү, хар үрээ, зээрд байдас, саран дэвсгэртэй 3 нүдэн чандмань тамгатай 2 тооны хонгор гүү, хонгор үрээ, бусад адууны зүсийг нь сайн санахгүй байна. Тамга нь задгай чандмань, онгин, хэлтэй саран, саран дэвсгэртэй 3 нүдэн чандмань “Н” үсгэн, задгай үйл, ширээтэй 3 нүдэн чандмань тамгатай байсан /гараар зурж үзүүлэв/ Азарга манлай уяач Эрдэнэчулууны шарга азарганы угшилтай байсан тул 5 сая төгрөгөөр, бүдүүн морь 1500000 төгрөгөөр, үрээ 1 сая төгрөг, гүү 1200000 төгрөг, байдас 1 сая төгрөг, даага 500000 төгрөг, унага 300000 төгрөгөөр тус тус үнэлж байна гэжээ.  / 3-р хав.х 22-24/
  • Хохирогч Д.Дашдэмбэрэл 2016.04.08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би 2013 онд А дансаар 20 орчим адуутай байсан ба манай ах Ойдовын 20 орчим адуу нийлж нэг азрага адуу болж хамт байдаг байж байгаад 2013 оны 6 сард алдагдсан. 2013 оны 6 сард манай 42 толгой бүхий нэг азрага адуу худгаас ус уугаад баруун тийшээ гарсан юм түүнээс хойш манай адуу олдоогүй юм гэжээ. /5-р хав.х-16/
  • Гэрч Б.Ойдовын “Манайх 2013 онд 60-70 тооны азрага адуутай байсан. Уг бүртгэлтэй адууны 20 гаран адуу нь манай ахын хүү Дашдэмбэрэлийн адуунд байдаг байсан. 2013 оны 6 сард Хар хужирт гэх газраас алдагдсан гэж Дашдэмбэрэл хайгаад явж байсан гэх мэдүүлэг  /5-р хав.х-19/
  • Хохирогч Д.Дашдэмбэрэлийн малын А данс. /5-р хав.х 72-75/
  • Гэрч Б.Ойдовын малын А данс /5-р хав.х-76-79/
  • Гэрч Р.Энхтайваны “Дашдэмбэрэл нь адуутай. Яг хэдэн тооны адуутайг мэдэхгүй. 2013 оны 6 сард Хар хужирт гэх газраас 40 орчим тооны адуу алдсан гээд сураглаад хайгаад явж байсан. Шинэ хүргэн гэх нэртэй хүрэн азаргатай адуутай байсан. Түүнийгээ алдсан гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хав.х-27/
  • Хохирогч Д.Дашдэмбэрэлийн алдсан 42 тооны адууг нийт 45300000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р хав.х-35, 111, 112 /
  • Хохирогч Д.Дашдэмбэрэлийн алдсан 37 тооны адууг нийт 25.366.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ.   Үүнд 5 тооны үрээг орхигдуулан үнэлжээ.  / 5-р хав.х 45-49/

 

Б/ Ё.Далайжаргалын холбогдсон хэргийн талаар:

 

Прокуророос шүүгдэгч Ё.Далайжаргалыг шүүгдэгч Ш.Энхболдтой бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, шунахай сэдэлтээр ашиг олох зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Адаацаг сумын “Харийн нуур” гэх газраас иргэн Ж.Бандийн хээр азаргатай 45 тооны адууг хулгайлж бусдад 52100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ё.Далайжаргалын үйлдэлтэй холбоотойгоор дараахь баримтуудыг цуглуулж, ирүүлжээ.  Үүнд:

 

  • Шүүгдэгч Ё.Далайжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Манай ажаагийнх Дундговь аймгийн Адаацаг сумаас 30-аад км зайтай Тал булаг гэх газар байдаг. Тийшээ явна гэж Энхболдод хэлэхэд хүргээд өгье гэсэн. Адаацаг дээр очиход цасан шуурга тавиад хойшоо явж болохгүй зам хаагдсан байна гэсэн. Тэгээд намайг Дов дээрээс унаанд суулгаад өгнө гэсэн. Харийн нуурын хажуугаар гарахад хээр азаргатай адуу таарахад манай ахын адуу байна гээд туусан. Давааны тэнд манай ахынх байгаа гэсэн. Би даваан дээр очоогүй Гангын даваа хүрээд эхнэр лүүгээ ярихад бие нь өвдөөд байна гэхээр нь би замын унаанд суугаад хот явсан. 3, 4 хоногийн дараа Энхболдтой ярихад би хотод ирсэн байна, хойшоо адуугаа туугаад Булган явлаа гэсэн. Би эхнэрийн бие өвдөөд байна, мөнгө байна уу гэж асуухад 500000 төгрөг байна ав гэсэн. Тэгээд намайг адуу хийлцээд өг гэсэн. Очиход бой хийдэг хүн авчраад хийсэн, Мягмарсүрэн ирсэн байсан. Би махыг нь ачилцан Эмээлт хүргэж өгөөд явсан. Хавар мөнгөний хэрэг байна гэхэд би ямаагаа самнаад 250, 250 мянгаар хоёр хувааж 500 мянган төгрөгийг нь өгсөн. Түүнээс хойш уулзаагүй гэж мэдүүлэв.
  • Яллагдагч Ё.Далайжаргал мэдүүлэгтээ: Энхболд надтай 2012 оны 10 сард Улаанбаатар хотын СХД-ийн 5-н шар гэх газарт таараад намайг караоке бааранд дагуулж дайлсан. Тэнд хоёр, хоёр пиво уугаад салаад нисэх орно гээд явсан. Тэгээд 2012 оны 11  сарын эхээр над руу утсаар залгаад Дундговь аймагт ирсэн байна гэж ярьсан. Би өөдөөс нь маргааш Адаацаг сум руу шуудангаар явж Ажаагийндаа очиж идэш хоолыг нь хийж өгнө, түлээ түлшийг нь янзалж өгнө гэж ярьсан чинь чи Дундговь аймаг дээр хүрээд ир би маргааш мотоцикльтой хойшоо Адаацаг явна хамтдаа явъя гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь шуудангийн автобусанд суугаад аймгийн төв дээр ирэхэд намайг тосч авсан. Аймаг дээр Энхболдын эхнэр гэх Даваасүрэнгийнд хоноод маргааш нь үдээс хойш хойшоо Адаацаг сум руу мотоцикльтой сундлаад гарсан. Тэгээд шууд Адаацаг сум ороод сумын хойно Борхүүгийнд очиж хоносон. Маргааш  өглөө нь хойшоо Баян-Өнжүүл сум руу явсан. Явж байх замдаа Харийн нуурын хойд дэнж дээрээс хээр азаргатай адууг манай ахын адуу гэж хэлээд Энхболд туусан. Тэр адууг шөнөжингөө тууж яваад өглөө эрт Гангын даваан дээр гарсан. Тэр даваан дээрээс хот руу гэр рүүгээ утсаар ярьсан чинь эхнэрийн бие өвдөөд байна гэхээр нь би шууд замаар явж байсан машинд суугаад хот явсан. Энхболд утсаар яриад тэр даваан дээр адуутайгаа үлдсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа Энхболд над руу залгаад би 61-ийн гарамд айлд ирсэн байна. Намайг ирээд адуу мал янзлалцаад өгөөч би хойшоо Булган явах гэж байна гэж хэлсэн. Би өөдөөс нь эхнэр бие нь өвдөөд байна надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн чинь хотод ирээд надад 500000 төгрөг өгсөн. Маргааш нь намайг 61-ийн гарам дээр дуудахаар нь очсон чинь бой хийдэг хүн аваад ирсэн адуу малаа хийгээд дуусч байсан. Сүүлийн нэг адууг янзлаад дуусч байтал цэнхэр өнгийн Портер машин ирсэн. Тэр машин дээр би махыг ачилцаж өгсөн. Тэгээд би машинд суугаад Эмээлт рүү хамт явж очоод Энхболд махаа зарсан. Би эмээлт дээрээс хот руу явдаг машинд суугаад гэртээ харьсан. Мах ачсан цэнхэр портер машинтай хүнийг Энхболд манай ах гэж хэлж байсан. Одоо энэ Мягмарсүрэн юм билээ. Би тэр үед таньдаггүй байсан юм гэжээ.  /4-р хав.х 111-112/
  • Гэрч С.Даваасүрэн мэдүүлэгтээ: 11 сарын 23-нд миний төрсөн өдөр болдог юм.  Ш.Энхболд нь 2012 онд миний төрсөн өдрийн баяр дээр ирэхдээ Далай гэж найзтайгаа хамт ирсэн. Далайгийн өвлийн идшийг нь хийлцчихээд ирлээ. Тал адууг нь би зарчихаад ирлээ гэж байсан. /1-р хав.х-116/
  • Гэрч П.Эрдэнэбатын : Ш.Энхболдыг сайн танихгүй. Одоогоос 3-н жилийн өмнө 2012 оны намар оройхон /сар өдрийг нь сайн санахгүй байна/ намайг эмээлтээс аваад адуу нядлуулах гээд Улаанбаатар хотын 61-ын гарам гэх газар руу авч яваад Бархас гэх айлд очсон. Тэнд очиход 11 тооны хээр азаргатай бараан голдуу зүсмийн /нас гүйцсэн/ бүдүүн адуунууд байсан. Тэгээд тэр адуунуудыг нядалж өгсөн. Энхболд гэх залуу цэнхэр өнгийн Портер машинтай хүнтэй хамт ирээд намайг эмээлтээс авсан тэр машины жолоочийг Мягаа ах гэж дуудаад байсан. Тэр машиныг бас хөлсөлж явж байгаа юм шиг байсан. Би тамга тэмдэгийг нь анзаараагүй. Адуу нядлах үед Энхболд, Мягаа ах гээд байсан жолооч, Далайжаргал, Бархас гуай бид  нар байсан. Би ажлын хөлс гэж 250000 төгрөг авсан. Түүнээс хойш дахин уулзаагүй” гэх мэдүүлэг /4-р хав.х 52-53/
  • Гэрч З.Мягмарсүрэн мэдүүлэгтээ: 2012 оны 12 сард одоогоос нэг жилийн өмнөхөн юм даа. Шижирийн ферм дээр намайг байхад Энхболд над руу яриад та хэдэн адууны мах Эмээлт рүү хүргээд өгөөч, 61 гарамны орчмоос Эмээлт оруулах юм гэхээр нь би өөрийн машинтайгаа яваад 61-ийн гарам дээр уулзалдсан. Энхболд ганцаараа мотоцикльтой явж байсан. Намайг дагуулаад 61-ийн гарам гараад Замын булгийн хойд талд гахайн фермийн зэргэлдээ байх хашаанд очсон. Хашаанд нь гэр байсан бөгөөд монгол дээлтэй хөдөөний байрын 2-3 залуу байсан. Бүрэнхий болж байхад багцаагаар 20-иод тооны адууны махыг 2 удаа зөөсөн. Эмээлт зах дээр ирээд “Их нуруу” гэх захад махыг нь жинлээд авч байсан зардалд 100000 төгрөг өгсөн. Ачсан мах нь хөлдүү байсан. Энэ махыг очиж ачихад саяны зургийг нь үзүүлсэн залуу хашаанд байсан мах ачилцаж байсан. /Далайжаргалын фото зургийг хараад шууд танив/ гэжээ /1-р хавх-96, 112/
  • Сэжигтэн Б.Бархас мэдүүлэгтээ:  Ш.Энхболдыг танина. 3-4 жилийн өмнө манай хүргэн Далайжаргалын хамт 10 гаран тооны хонгор зүсмын азрагатай адуу тууж манай Улаанбаатар хот СХД –ийн 21-р хороо Хужиртын 1-1 тоотод байх гэрт ирж байсан. Далайжаргал хэлэхдээ Дундговиос ирсэн манай найз байгаа юм, адуугаа хаших хашаа байхгүй гэнэ, та хашаандаа ганц хоёр хоног байлгачих гэж хэлээд түрүүлээд яваад өгсөн.  1-2 хоногийн дараа нэг мэдсэн Ш.Энхболд адуунуудаа өөрөө хийгээд нэгийг ч үлдээгээгүй аваад явсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа сар өдрийг нь санахгүй байна  Энхболд 20 орчим тооны хээр азрагатай адуу мориор тууж ирээд тэгж байгаад ирээд авъя гээд үлдээгээд явсан. Маргааш нь танихгүй залуугийн хамт ирээд өдөржин нядалсан. Тэгээд орой ч болсон цэнхэр өнгийн ачааны машин ирээд нөгөө адууны махыг нь ачаад явсан. Адуунаас 7-8 сарваа үлдсэн байсан 1-2 хоногийн  дараа нэг ачааны машинтай хүн ирээд аваад явсан. Намайг гэрийнхэн Бараахас гэж дууддаг юм гэжээ.   /5-р хав.х-17/
  • Гэрч Б.Уранчимэг мэдүүлэгтээ : 2012 оны намар манай нөхөр Далайжаргал хотоос Дундговь  аймагт байдаг өвөөгийндөө очихоор явсан. Явснаас хойш 2-3 хоногийн дараа над руу утсаар залгаад би овоон дээрээс ярьж байна гэж ярихаар нь би Далайжаргалд миний бие өвдөөд эмнэлэг рүү явж байна хурдан ир гэж хэлэхэд за гээд утсаа тасалсан. Тэгээд би ч эмнэлэгт хэвтсэн нэг мэдсэн Далайжаргал ч ирчихсэн байсан. Хөдөөнөөс ирлээ гэж байсан. Яг хаанаас юу хийж яваад ирсэн талаар асуугаагүй. Тэгээд эмнэлэгээс мөнгө хэрэгтэй гэсэн. Түүнийг Далайжаргалд хэлэхэд нэг найзаасаа мөнгө зээлсэн гэж байсан. Яг хэдэн төгрөг зээлж өгснийг мэдэхгүй байна. Энхболд гэдэг хүнийг танихгүй гэжээ.  Далайжаргалын мөнгө зээлсэн гэх найз нь 2013 оны хавар манайд ирээд Далайжаргалаас зээлсэн мөнгөө нэхэж байсан гэжээ /5-р хав.х-20/

 

В/ Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг шинэчлэн хэлэлцэж, шинжлэн судлаад шүүхээс дараахь дүгнэлтийг хийж байна.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ш.Энхболд гэмт хэрэгт буруутай. Ялаас нь хасаж хөнгөлж өгөх хүсэлтэй. Төлбөрийг бусад хүмүүстэй хамтарч төлүүлэх. Ё.Далайжаргалыг гэм буруугүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Ш.Энхболд нь хохирогч Ж.Бандийн 45 тооны адууг 2012.11.20-ны орчимд хулгайлсан үйлдэлдээ 2014.07.29-ний өдөр шийтгүүлсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хүлээн авч, Ш.Энхболдод холбогдох үйлдлүүдээс “Ж.Бандийн 45 тооны адууг хулгайлсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Энхболд нь 2010 оны 8 сараас 2013 оны 7 сар хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр хохирогч А.Баярцогт, А.Санжаасүрэн нарын 46 тооны адууг, хохирогч Ж.Мөнхнасангийн 19 тооны адууг, хохирогч Б.Ганбаатарын 45 тооны адууг, хохирогч Д.Дашдэмбэрэлийн 42 тооны адууг буюу нийт 152 тооны адууг хулгайлан бусдад нийт 104088000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.

Ш.Энхболдод хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан хорих ялын дээд хэмжээгээр буюу 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  өмнө нь 2014.07.29-нд оногдуулсан 13 жил хорих ялыг энэ тогтоолоор оногдуулах хорих ялын дотор бүгдийг багтааж, 2014.07.29-ний  өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон 309 хоног, уг тогтоолын дагуу 2014.07.29-нөөс  2015.04.09-нийг хүртэл, мөн 2016.04.02-ноос 2016.06.09-нийг хүртэл хугацаанд биечлэн эдэлсэн хорих ялыг оруулан тоолж  хасан Ш.Энхболдын биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр заасан тул Ш.Энхболдоос 100000 төгрөг хураах ялыг үндсэн хорих ялтай нь хамт оногдуулах нь зүйтэй байна.

Ш.Энхболдод оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас Ш.Энхболдыг Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнд тооцуулах санал гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Ш.Энхболдод 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014.07.29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол гарсны дараа уг тогтоол гарахаас өмнөх үйлдлүүд илэрч шалгагдсан байна.

Иймд 2014.07.29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн онц хүнд гэмт хэрэгтээ одоо шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “урьд нь онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд” –эд Ш.Энхболд нь хамаарахгүй байна.

Харин Ш.Энхболд нь хоёр дахь удаагаа онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлж байх тул хорих ял эдлэх дэглэмийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Энхболдын энэ хэргийн улмаас 2015.04.09-нөөс 2016.04.02-ныг хүртэл, 2016.06.09-нөөс өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

Шүүгдэгч Ш.Энхболдод холбогдох хэрэгт алдагдсан адууны үнэлгээг тус бүр хоёр удаа гаргасан байх ба хохирогч нар нь хэргийн материалтай болон шинжээчийн дүгнэлттэй танилцаад тусгай санал хүсэлт өгөөгүй байх тул хуульд заасан журмыг хангаж гаргасан, хөрөнгийн мэргэжлийн үнэлгээчнээс гаргасан үнэлгээнд тулгуурлан Ш.Энхболдоос гаргуулах төлбөрийн хэмжээг тодорхойллоо. Үүнд:

Хохирогч С.Мөнхнасанд буцааж олж авсан 3 тооны гүүг тус бүр 710000 төгрөгөөр үнэлэн хасч 10412000 төгрөг, хохирогч А.Санжаасүрэнд 13490000 төгрөг, хохирогч А.Баярцогтод 15125000 төгрөг, хохирогч Б.Ганбаатарт буцаан олж авсан 10 тооны адууг хасч 20975999 төгрөг, хохирогч Д.Дашдэмбэрэлд 28581000 /5 үрээ х 643000+ 25366000/ төгрөгийг буюу нийт 88583999 төгрөгийг шүүгдэгч Ш.Энхболдоос гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Ганбаатар нь адуугаа очиж авчирсан зардалд 5 сая төгрөг нэхэмжилнэ гэж байх боловч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул энэ удаагийн хурлаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Б.Ганбаатар болон бусад хохирогч нар мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дуудагдан ирсэнтэй холбогдох гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Ш.Энхболдоос нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Н.Баттөгс, Д.Амгаланбаатар нар “цагдаагийн байгууллагад хураалгасан адууны төлбөрийг Ш.Энхболдоос нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хэргийн  материалтай танилцуулахаар дуудахад “иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна” “гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ш.Энхболдоос нэхэмжлэхгүй” гэсэн хариу өгсөн байна. Иймд шүүх иргэний нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэлэлцсэнгүй, энэ талаар тогтоолын “Тогтоох” хэсэгт дурьдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ё.Далайжаргал нь Ш.Энхболдтой  хамтран 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Адаацаг сумын нутаг “Харийн нуур” гэх газраас иргэн Ж.Бандийн хээр азаргатай 45 тооны адууг Улаанбаатар хот туулцаж, Улаанбаатар хот хүрэхээс өмнө Ш.Энхболдоос салж замын унаанд сууж явсан, түүнээс хойш хэд хоногийн дараа мал хийлцэхэд нь туслалцахаар хадам эцэг Б.Бархасынх руу очсон, махыг ачилцаж өгсөн болох нь өөрийнх нь мэдүүлэг, шүүгдэгч Ш.Энхболд, гэрч Б.Бархас, П.Эрдэнэбат, З.Мягмарсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.Далайжаргал нь “Ш.Энхболд нь манай ахын адуу байна гэж хэлэхээр нь хамт туулцсан. Даваан дээр очоод мэдсэн. Өмнө нь огт мэдээгүй” гэсэн мэдүүлгийг тогтвортой өгдөг бөгөөд энэ мэдүүлэг нь хэрэгт байгаа баримтаар хангалттай батлагдахгүй байна.

Хэдийгээр Ё.Далайжаргал нь өвөөгийнхөө /эмээгийнх гэж бас ярьдаг/ идшийг хийлцэх нэрийдлээр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ирсэн, “хүйтэрсэн цас орсон”  шалтгаанаар зорьсон газартаа очоогүй гэсэн хирнээ уг газрынхаа ойролцоо нутагладаг хохирогч Ж.Бандийн адууг туулцсан, тухайн адууг хийсний дараа Ш.Энхболдоос 500000 төгрөг авсан зэрэг нь сэжигтэй таамаглал төрүүлж байгаа боловч хэрэгт цугларсан баримтаар энэ нь хангалттай нотлогдохгүй байгаа тохиолдолд шүүх таамаглалд үндэслэж асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Ё.Далайжаргал нь Ш.Энхболдтой хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул иргэдийн төлөөлөгчдөөс гаргасан “Ё.Далайжаргал нь гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ё.Далайжаргалд ашигтайгаар шийдвэрлэж Ё.Далайжаргалд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахаар шийдвэрлэв.

Гэрч З.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Бонго Фронтер маркийн 3971 УНБ улсын дугаартай автомашин болон гэрч А.Лувсанбалдангаас хураан ирүүлсэн 100000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан зүйл болох нь хэрэгт байгаа баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т ”гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг ханган хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Г/ Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ш.Энхболд нь Шинээ, Баясаа, Гэрэлээ, Болд, Н.Баттөгс, Б.Бараахас,  Л.Лувсанбалдан, Д.Зандан, Б.Чинбат, З.Мягмарсүрэн, Батболд, Наранболд гэх хүмүүстэй хамтран болон эдгээр хүмүүсийн захиалгаар хулгай хийдэг байсан гэсэн мэдүүлгийг шалгаж ажиллагаа хийхэд дараахь нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд:

  • Гэрч С.Даваасүрэн /Ш.Энхболдын хамтран амьдрагч/: Би Энхболдтой 2012 оны 9 сараас 2013 оны 7 сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо ямар ч харьцаа хамаарал байхгүй. Энхболд, Наранболд нар ямар ч хамааралгүй. Шинээ, Баясаа, Гэрэлээ гэх хүн танихгүй. Булган аймагт байдаг ахынхаасаа явж байна. Ядарч явахад хүний ханьч байж тосож ирээд аваач гэж утсаар яриад байсан. Тэгээд би ах дүү нараа гуйж тосч аваад Наранболд ахын ойролцоо болохоор нь оруулж хоол цай идүүлсэн юм. Надад хулгай хийснээ нэг ч ярьж байгаагүй. Дандаа л эмээгийн хөрөнгө, манай хөрөнгө гэж ярьдаг байсан. Эмээгийнд нь очиход гайгүй их малтай дажгүй л айл шиг харагдаж байсан. Би тэгээд л итгэж байсан. Миний дансаар нийт гурван удаа мөнгө авч байсан. Яг хэнээс авч байсныг нь мэдэхгүй. АТМ машинаас авчдаг байсан болохоор хэнээс ирснийг нь мэддэггүй байсан гэж мэдүүлжээ. /1-р хав.х 116-122, 4-р хав.х-55/
  • Гэрч С.Даваасүрэнгийн 2012.01.10-наас 2013.01.03-нийг хүртэл хугацаанд орж гарсан мөнгөний депозит дансны хуулга /2-р хав.х-186-188/
  • Гэрч Э.Төмөртогоогийн “Энхболд 2002 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаад 2009 оны сүүлээр манайхаас юу ч хэлэлгүй явсан. 2009 оноос хойш манай гэрээр бууж мордоод явдаг байсан, хонож өнжөөгүй. Булган аймагт хэрэгт шалгагдаад батлан даалтанд байхад нь би уулзаж байхад Гэрлээ, Шинээ, Баясаа нарыг та олоод өг гэж нэг удаа хэлж байсан. Надад утасны дугаар, гэрийн хаягийг хэлээгүй. Би ч энэ 3 хүнийг хайгаагүй. Надад хэлэхдээ энэ 3 хүн миний захиалагч гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хав.х-100-101/
  • Гэрч Ш.Бяруузанын “Манай хөдөө гэр Адаацаг сум Эргэн ус гэх газар нутаглаж байхад оныг сайн санахгүй байна. Манайд жаахан хүүхэд байхдаа хонь хариулж байсан. Бусдаар ах дүү төрөл садангийн холбоо байхгүй. Гэхдээ эмээ гэж дууддаг юм. 2009 онд манайхаас явсан. Тэрнээс хойш хаагуур юу хийж явааг би мэдэхгүй. Ямар хүмүүстэй нөхөрлөдгийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хав.х-99/
  • Дундговь аймгийн Хулд сумын 3-р багийн засаг даргын 2015.12.12-ны өдрийн №9/100 тоот албан бичигт “тус сумын 3-р багийн Агнай, Хөх толгой гэдэг газар 2013 онд Батболд нэртэй хүн байгаагүй нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ.хх-4-132/
  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р багийн Засаг даргын 2015.12.10-ны өдрийн 39 тоот албан бичигт “тус сумын 2-р багийн газар нутаг болох Тагнайн хөх гэх газар 2013 оны 6 сараас 2013 оны 9 сарын хооронд Батболд гэх хүн амьдарч байгаагүй болно” гэжээ. /4-р хав.х-133/
  • Гэрч П.Наранболдын “Ш.Энхболдыг танина. Манай эхнэрийн эмээгийнх  нь дүүгийн хүүхэд болох Даваасүрэнгийн нөхөр болсон гээд манайд ирж байсан. Богиндой гэх газарт очиход Энхболдоос гадна 3-н залуу адуу тууж ирсэн байсан. Урдаас нь тосож авч байгаа гээд цагаан портер машинтай Намхай, Даваасүрэн, Жамбаа гэх залуу дандаа төрсөн эгч дүү нар нь ирсэн байсан. Тэгээд би адууг Хөх толгойн усан дээр очуулаад энд усал гэж хэлсэн. Тэр хүмүүс тэр өдрөө туугаад явах гээд байхаар нь наад адуу чинь сульдсан байна, урагшаа ус хоол муутай гэж хэлээд худаг дээр очуулаад орхисон. Тэгж байтал араас нь цагдаа ирсэн гэсэн. Би гэртээ харьсан байсан” гэх мэдүүлэг /4-р хав.х-56/   
  • Н.Баттөгсийг 2014.11.27-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, байцаасан /2-р хав.х 20-24/,  яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчийг байцаасан / 2-р хав.х 37-38/, Прокурорын 2015.08.25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Н.Баттөгсөд урьд сонсгосон ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар ял өөрчилж сонсгон байцааж /3-р хав.х 132-133/, Прокурорын 2015.08.25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /3-р хав.х 134-135/
  • Б.Чинбатыг  2015.06.25-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол /3-р хав.х-46/ үйлдэж, яллагдагчийг байцаасан /3-р хав.х-47/ байх бөгөөд, Прокурорын 2015.08.25-ны өдрийн 06 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Б.Чинбатад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /3-р хав.х 130-131/,
  • Б.Бархасыг 2014.11.27-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, байцаасан /2-р хав.х 11-13/, Прокурорын  2015.08.25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Н.Бархас нь дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  /3-р хав.х 138-139/,
  • Д.Занданг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар сэжигтнээр тооцож, байцаасан /4-р хав.х 94-95/, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчийг байцаасан /4-р хав.х 96-94/, 2016.01.08-ны өдрийн 01 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /4-р хав.х 158-159/,
  • С.Лувсанбалданг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар сэжигтнээр тооцож, сэжигтнийг байцаасан /4-р хав.х 98-99/, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчийг байцаасан /4-р хав.х 100-101/, 2016.01.11-ний өдрийн 05 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар С.Лувсанбалданд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /4-р хав.х 166-167/
  • З.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар сэжигтнээр тооцож, сэжигтнийг байцаасан /4-р хав.х 102-103/, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчийг байцаасан /4-р хав.х 104-105/, 2016.01.11-ний өдрийн 03 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар З.Мягмарсүрэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /4-р хав.х 162-163/
  • Б.Чинбатыг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар сэжигтнээр тооцож, сэжигтнийг байцаасан /4-р хав.х 106-107/, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчийг байцаасан /4-р хав.х 108-109/, 2016.01.08-ны өдрийн 02 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /4-р хав.х 160-161/
  • Д.Занданг 2016.04.19-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар сэжигтнээр тооцож, сэжигтнийг байцаасан /5-р хав.х 61-62/, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчийг байцаасан /5-р хав.х 63-64/, 2016.05.11-ний өдрийн 01/а дугаар прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /5-р хав.х 105-106/,
  • З.Мягмарсүрэнг 2016.04.19-ний өдөр Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар сэжигтнээр тооцож, сэжигтнийг байцаасан /5-р хав.х 65-66/, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчийг байцаасан /5-р хав.х 67-68/, 2016.05.11-ний өдрийн 03а дугаар прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /5-р хав.х 107-108/

 

Дээрх баримтаас үзэхэд нэр бүхий хүмүүс нь Ш.Энхболдын мэдүүлсэнчлэн захиалагч, зохион байгуулагчаар хамтран оролцсон байдал тогтоогдоогүй ба эдгээр хүмүүсээс хохирлын нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ш.Энхболд нь мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа гаргасан өргөдлийг хэлэлцээгүй “дахин өргөдөл өгвөл хорих газар луу явуулна” гэж дарамталсан, шаардлагатай эмчилгээнд хамруулахгүй байгаа зэрэг гомдлыг шүүх хуралдаанд гаргаж байна. Энэхүү гомдол нь тухайн өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгтэй холбоогүй тул шүүх хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ш.Энхболд, түүний өмгөөлөгч нэр энэхүү гомдлоо холбогдох албан тушаалтан, байгууллагад жичдээ гаргах эрх нь нээлттэй байна. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 285, 286, 288, 290, 291, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан “Ш.Энхболд нь Ё.Далайжаргалтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр ашиг олох зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Адаацаг сумын  “Жарангийн хөндий” гэх газраас иргэн Ж.Бандийн хээр азаргатай 45 тооны адууг хулгайлж бусдад 52100000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг баримтлан “Ё.Далайжаргал нь Ш.Энхболдтой бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр ашиг олох зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Дундговь аймгийн Адаацаг сумын  “Харийн нуур” гэх газраас иргэн Ж.Бандийн хээр азаргатай 45 тооны адууг хулгайлж бусдад 52100000 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ё.Далайжаргалыг цагаатгасугай.
  3. Их Адаацаг овогт Шатарын Энхболдыг 4 удаагийн давтан үйлдлээр, бусдын нийт 152 тооны адууг хулгайлж, бусдад 104088000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Ш.Энхболдод 100000 (нэг зуун мянган) төгрөг хурааж, 15 (арван таван) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 100000 (нэг зуун мянган) төгрөг хурааж, 15 (арван таван) жилийн хугацаагаар хорих ялд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014.07.29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил хорих ялыг бүгдийг багтааж, 100000 төгрөг хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ял болж байгаагаас Ш.Энхболдын биеэр эдэлсэн 1 (нэг) жил 8 (найман) сар 23 (хорин гурав) хоног хорих ялыг хасаж тоолон, Ш.Энхболдын биечлэн эдлэх ялыг 100000 (нэг зуун мянган) төгрөг хурааж, 13 (арван гурван) жил 3 (гурван) сар 7 (долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Ш.Энхболдод оногдуулсан 13 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ш.Энхболдын цагдан хоригдсон 373 (гурван зуун далан гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  8. Шүүгдэгч Ё.Далайжаргал нь энэ хэргийн улмаас 60 хоног цагдан хоригдсон, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  9. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 100000 /нэг зуун мянган/ төгрөг, Бонго Фронтер маркийн 39-71 УНБ улсын дугаартай, 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг тус тус хурааж, улсын орлогод оруулсугай.
  10.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ш.Энхболдоос нийт 88583999 (наян найман сая таван зуун наян гурван мянга есөн зуун ерөн есөн) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Мөнхнасанд 10412000 төгрөг, хохирогч А.Санжаасүрэнд 13490000 төгрөг, хохирогч А.Баярцогтод 15125000 төгрөг, хохирогч Б.Ганбаатарт 20975999 төгрөг, хохирогч Д.Дашдэмбэрэлд 28581000 төгрөгийг тус тус олгосугай.
  11. Хохирогч Ж.Банди нь 3-н тооны адууг 2014 оны өвөл хүлээж авсан,  иргэний нэхэмжлэгч Д.Амгаланбаатар, Н.Баттөгс нар нэхэмжлэлээсээ татгалзсан, З.Мягмарсүрэн өөртөө хохирол учирсан гэж үзвэл Ш.Энхболдоос нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
  12. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн газрын журмын хашаанд битүүмжлэгдсэн  Бонго Фронтер маркийн 39-71 УНБ улсын дугаартай автомашиныг, З.Мягмарсүрэнгийн нэр дээр бичигдсэн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ эх хувиар, бэлнээр 100000 төгрөгийг шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
  13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар Ш.Энхболдоос “Зандан нарт бичсэн” гэх захиаг дугтуй цаасны хамт 201212000216 тоот хэрэгт хавсаргасугай.
  14. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар, мөн шүүхээс цагаатгасан шалтгаан үндэслэлд цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  15. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Далайжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх, Ш.Энхболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ

                                        ШҮҮГЧИД                                        Г.МӨНХБАТ

                                                             Л.ОДОНЧИМЭГ