Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/488

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Л.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Д-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___-ны өдөр ____ төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ____ тоотод түр оршин суух,

урьд ____ аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ____ дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

___ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ялыг эдэлж дуусгасан, Б овогт Л. Д- /РД:____/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооны зам дагуу байрлах иргэн Б.Д-гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан хуучин машин задалж зардаг хашааг даван орж 200 ампертай, 2 ширхэг ачааны автомашины аккумлятор, загвар марк үл мэдэх хөдөө аж ахуйн чиглэлээр ашигладаг тракторын хэрэглэж байгаагүй шинэ 2 ширхэг стартер, загвар үл мэдэх Норд бенз маркийн машины 1 ширхэг жанам зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн эд зүйлийг нь аваад зарсан. Хохирол төлбөрийг эхнэр төлсөн гэсэн” гэв.

Эрүүгийн ____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Д-гийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооны зам дагуу газарт өөрийн эзэмшлийн хашаанд хуучин машин задалж зардаг юм. 2019 оны 02 сарын 11-ний өдөр 14 цагийн үед ажил дээрээ ирэхэд хулгай орсон байдалтай, 200 ампертай, 2 ширхэг ачааны автомашины аккумлятор, загвар марк үл мэдэх хөдөө аж ахуйн чиглэлээр ашигладаг тракторын хэрэглэж байгаагүй шинэ 2 ширхэг стартер, загвар үл мэдэх Норд бенз маркийн машины 1 ширхэг жанам зэрэг зүйлс алга болсон байсан. Хашааны хаалга цоожтой байсан...” гэх мэдүүлэг /хх-79-80/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.07.21-ний өдрийн ___дүгээр тайланд: “200 ампертай ачааны машины аккумлятор 2 ширхэг 210,000, 2 ширхэг стартер 320,000, Норд бенз машины жанам 1 ширхэг 250,000 төгрөг, нийт хохирлын дүн 780.000 төгрөг” гэжээ /хх-82-83/,

Гэрч Ц.Б-ын: “Би нэг их худалдаж аваад байдаггүй, хааяа нэг бол танихгүй хүнээс зохих ёсны мөнгөөр авдаг. Би хэрэглэж байсан хуучин стартер, жанамыг 15.000-20.000 төгрөгөөр худалдаж авдаг...” гэх мэдүүлэг /хх-51/,

Шүүгдэгч Л.Д-ын яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-96/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-64/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-70/, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тодорхойлолт /хх-72/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-74/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.03-ны өдрийн 157 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоол /хх-119/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-120/, хохирогчийн шүүхэд гаргасан “Л.Д-т нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Мөнгө төгрөгийн тооцоо байхгүй” гэх хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Д- нь хохирогч Б.Д-гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан хуучин машин задалж зардаг хашааг даван орж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 780,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Д-гийн “...2019 оны 02 сарын 11-ний өдөр 14 цагийн үед ажил дээрээ ирэхэд хулгай орсон байдалтай, 200 ампертай, 2 ширхэг ачааны автомашины аккумлятор, загвар марк үл мэдэх хөдөө аж ахуйн чиглэлээр ашигладаг тракторын хэрэглэж байгаагүй шинэ 2 ширхэг стартер, загвар үл мэдэх Норд бенз маркийн машины 1 ширхэг жанам зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-79-80/, хөрөнгийн үнэлгээний “...нийт хохирлын дүн 780,000 төгрөг...” гэх тайлан /хх-82-83/, шүүгдэгч Л.Д-ын яллагдагчаар өгсөн “Би өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-96/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Д-ын хохирогч Б.Д-гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан хуучин машин задалж зардаг хашааг даван хууль бусаар нэвтэрч 780.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-д 780.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн “Нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Мөнгө төгрөгийн тооцоо байхгүй” гэх хүсэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь хохирогч Б.Д-гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан хуучин машин задалж зардаг хашааг даван орж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Л.Д-ын цагдан хоригдсон 43 хоногийг нийт эдлэх ялаас хасуулан тооцуулах, хохирогчид учирсан хохирол төлбөрийг гаргуулах саналтай. Уг ялын саналыг гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн шүүх хуралдаанаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Л.Д- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ар гэрийн зүгээс хохирлыг төлсөн гэх, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх гарын үсэг бүхий хүсэлт байгаа. Хувийн байдлын хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, шүүхээс оргон зайлсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, бусдын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан хашааг даван хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 780.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн байдал, шүүхээс оргон зайлсан/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Л.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульд заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг. Шүүгдэгч Л.Д-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч тэрээр оргон зайлсныг түүний хувийн байдалд хамааруулан ойлгоно.

Иймд шүүгдэгч Л.Д-т тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэсэн болно.    

Шүүгдэгч Л.Д-ын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Д-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Д-ыг 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Д-ын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР