Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1949 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 29 дүгээр байрын 26 тоотод оршин суух Гэрүүд овогт Одсэрийн Цэвэгжав /РД:ХП49031579/ ийн хүсэлттэй,

            Ц.Алтанцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Цэвэгжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Цэвэгжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Алтанцэцэг нь 1983 оны 08 сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын контор, аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд ажиллаж байсан тухай ажилд томилсон чөлөөлсөн тушаал тогтоолууд олдохгүй байгаагаас ажилласан жилүүд орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн Ц.Алтанцэцэгийг Архангай аймгийн Барилга угсралтын конторт няраваар 1983 оны 08 сарын 05-ны өдрөөс 1984 оны 01 сарын 09 хүртэл, аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1984 оны 01 сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 сарын 10 хүртэл хугацаанд дотоод ажлын зааварлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч О.Цэвэгжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оноос 1984 оныг хүртэл Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед Д.Алтанцэцэг нь Санхүү эдийн засгийн техникум төгсөөд Архангай аймгийн Барилга угсралтын конторт нярваар ажиллаж байхад нь боловсон хүчний жагсаалтад оруулж, судалж байгаад Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлд дотоод ажлын зааварлагчаар томилон 1984 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулсан. Д.Алтанцэцэг нь 1984 оны 01 сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд ажиллаж байгаад дээд сургуульд элсэн орж суралцахаар болж шилжиж байсан. Д.Алтанцэцэг нь одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа учир надад итгэмжлэл олгосон. Иймд Д.Алтанцэцэгийн Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 08 сарын 05-ны өдрөөс 1984 оны 01 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нярваар, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1984 оны 01 сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дотоод ажлын зааварлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч О.Цэвэгжав нь Ц.Алтанцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Цэдэн овогтой Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтэрт:
  • 1983.08.05 Архангайн БУК-ын барилга үйлдвэрийн баазад няраваар, Архангайн БУК-ын даргын 1983 оны 08 сарын 08-ны өдрийн 123 дугаар тушаалаар,
  • 1984.01.09 Няравын ажлаас чөлөөлж аймгийн ХЗЭ-ийн хороонд шилжүүлэв. Архангайн БУК-ын даргын 1984 оны 01 сарын 09-ний өдрийн тушаалаар,
  • 1984.01.10 аймгийн ХЗЭ-ийн хороонд дотоод ажлын зааварлагчаар томилон ажиллуулав. Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1984 оны 01 сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолоор,
  • 1986.08.16 ХААДС-д суралцах болсон тул дотоод зааварлагчийн ажлаас чөлөөлөв. Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1986 оны 08 сарын 21-ний өдрийн 52 тоот тогтоолоор гэсэн,

2. Архангай аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1984 оны 11 сарын 22-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Аймгийн ХЗЭ-ийн хорооны зааварлагч Ц.Алтанцэцэгийн 1984 оны ээлжийн амралтыг 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын 26 хоногоор тооцсугай гэсэн,

3.  Архангай аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1985 оны 02 сарын 02-ны өдрийн 08 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 1. Аппаратын ажилчин, ажилчид, ХЗЭ-ийн хороо, үүрийн нарийн бичгийн дарга нарын 1985 оны амралтын хуваарийг баталсугай. Хавсралтын 8-д Ц.Алтанцэцэг гэсэн,

4. Архангай аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1986 оны 02 сарын 14-ний өдрийн 18 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 1. Аппаратын ажилтан, ажилчид, ХЗЭ-ийн хороо үүрийн нарийн бичгийн дарга нарын 1986 оны амралтын хуваарийг хавсралтаар баталсугай. Хавсралтын 9-т Ц.Алтанцэцэг, дотоод ажлын зааварлагч, 12 сарын 01-ээс гэсэн,

          5. Аппаратын шинэ залуу ажилчдыг хариуцан авч ажилд нь дадлагацуулах хүмүүсийн хуваарьт “залуу ажилтан Ц.Алтанцэцэг, эрхэлсэн ажил дотоод ажлын зааварлагч, хариуцан ажиллах туслах хүн Д.Данзан, эрхэлсэн ажил эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч” гэсэн,

6. Гэрч Ж.Нэргүйгийн “Ц.Алтанцэцэг нь 1983 онд сургулиа төгсөж ирээд Архангай аймгийн Барилга угсралтын трестийн Барилга үйлдвэрийн баазын няраваар ажил орж байсан юм. Би тухайн үед Барилга үйлдвэрийн баазын инженер байсан. Бригадын дарга нь Угтаабаяр гэж хүн байсан. Бид хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Бид хамт нэг өрөөнд сууж ажилладаг байсан. Ц.Алтанцэцэг нь тус бригадад 1983 оноос 1984 оныг хүртэл ажилласан. Манай Барилга үйлдвэрийн баазын залуучуудтай Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 2 дугаар дарга Дагийрагчаа гэж хүн уулзалт хийгээд нярав Ц.Алтанцэцэгийг судалж аймгийн Эвлэлийн хороонд дэвшиж ажиллуулах болсон юм. Ц.Алтанцэцэг нь 1984 оноос Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд ажлын зааварлагчаар ажиллаж байсан. Тухайн үед би өөрөө уулзаж тушаал дэвшиж ажиллах болсон явдалд нь баяр хүргэж байсан. Түүнээс хойш Ц.Алтанцэцэгийг хэдэн оныг хүртэл ажилласныг нь сайн мэдэхгүй байна” гэх,

Гэрч Д.Үүрцайхын “Ц.Алтанцэцэг нь Архангай аймгийн Барилга угсралтын конторын Барилгын бригадын барилгын нярав, туслах нягтлан бодогчоор 1983 оноос 1984 оны хооронд ажиллаж байсан. Би тухайн үед Барилгын бригадад 1983 оны 01 сараас 1992 оныг хүртэл диспетчир инженер, барилгын даамал, үйлдвэр техникийн хэлтсийн дарга, аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадын даргаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед Архангай аймгийн Барилга угсралтын конторын Барилгын бригадын даргаар Л.Рэнцэндорж, Ж.Нэргүй, Д.Амгалан гэх хүмүүс ажиллаж байсан ба Ц.Алтанцэцэг бид 2-той хамт Ж.Нэргүй, Дэмбэрэлнямбуу, Лувсанцэвээн, Лодондаш гэх хүмүүс ажиллаж байлаа. Би Ц.Алтанцэцэгтэй 1983-1984 оны хооронд Архангай аймгийн Барилга угсралтын конторын Барилгын бригадад хамт ажиллаж байсан нь үнэн. Ц.Алтанцэцэг нь 1984 оноос Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо руу зааварлагчаар тушаал дэвшин ажиллах болсон” гэх мэдүүлгүүд,

7. Гэрч Ж.Нэргүй, Д.Үүрцайх нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.  

            Ц.Алтанцэцэг Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 08 сарын 05-ны өдрөөс 1984 оны 01 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нярваар, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1984 оны 01 сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дотоод ажлын зааварлагчаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1986 оны 02 сарын 14-ний өдрийн 18 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1984 оны 11 сарын 22-ны өдрийн 118 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1985 оны 02 сарын 02-ны өдрийн 8 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, гэрч Ж.Нэргүй, Д.Үүрцайх нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч О.Цэвэгжавын Ц.Алтанцэцэгийг Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 08 сарын 05-ны өдрөөс 1984 оны 01 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нярваар, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1984 оны 01 сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дотоод ажлын зааварлагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч О.Цэвэгжавын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дануур овгийн Цэдэнгийн Алтанцэцэг /РД:АЭ62013166/-ийн Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 08 сарын 05-ны өдрөөс 1984 оны 01 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нярваар, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1984 оны 01 сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дотоод ажлын зааварлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч О.Цэвэгжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН