Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/528

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч О.Даваадорж,

шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч С.Соронзонболд,

шүүгдэгч Б.Ц-, Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ц-, Э.М- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____-ны өдөр ____төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, “____” ХХК-д ажилладаг гэх, ___ тоотод оршин суух,

урьд ___ дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эдлээгүй үлдсэн 08 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

____ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн __ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилээр хянан харгалзсан,

___ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт ___ М- /РД:____/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___-ны өдөр ____төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “_____” ХХК-д барилгын инженер ажилтай, ____ тоотод оршин суух,

урьд ___ дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ____дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт 8 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ял дүйцүүлэн хасч, ялаас чөлөөлөгдсөн, Б овогт ___ Ц- /РД________/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн _______ автобусны буудлын орчимд Б.А-тай “том дуугараад яаж харьцаад байгаа юм бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар Б.А-ын нүүрэн тус газар гараараа цохиж, нүүр лүү өвдөглөх, гар дээр гишгэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь “баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны дунд хурууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 00 цаг 56 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ____ автобусны буудлын орчимд “цагдаад миний машины дугаарыг хэлдэг чи хэн бэ” гэх шалтгаанаар Б.А-ын үүдэн шүд хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. А- намайг боогоод, чих хазсан. Би салах гээд нэг цохисон. Яллах дүгнэлтэд бичсэн үйлдлийг би хийгээгүй. Сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан тул болсон явдлыг сайн санахгүй байгаа. Хохиролд бид хоёр нийлээд 600.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2108000160112 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.А-ын: “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны шөнийн 00 цаг 20 минутын үед харих гээд явж байтал М-ий ах М-өө залгаад “Түр уулзая, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр хүрээд ир” гэсэн. М-э М-өө, Ц- нарыг аваад машины хойд талын суудал дээр суусан. М-өө гэх залуу бид гурваас “машин барьдаг жолооны үнэмлэхтэй хүн байна уу” гэж асуухаар нь Гүндалай бид хоёр “үнэмлэх байхгүй” гээд урагшаа хараад гар утсаа оролдож байтал М-өө “чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гээд миний баруун талын нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Би “чи яагаад байгаа юм бэ” гээд эргээд хартал малгайг доош болгож толгой дараад дух руу өвдөглөөд, дагз руу гараараа цохисон. Гүндалай М-өөг салгаад барьж байхад нь М-өө миний зүүн гарын сарвуун дээр гишгэсэн. Гүндалай түүнийг машинаас буулгасан. ...Би цагдаа руу залгаад Ц- гэх хүний машины дугаарыг хэлсэн. Тэгсэн Ц- жолоочийн хаалгаар орж ирээд “чи миний машины дугаарыг цагдаад хэлдэг хэн бэ?” гээд баруун гараараа миний үүдэн шүд рүү 2-3 удаа цохисон. Гомдолтой байна. Шүдээ янзлуулмаар байна.

...Миний биед учирсан гэмтлийг М-, Ц- гэх хоёр залуу зодож учруулсан. Тэр хоёр нилээн их хэмжээний согтолттой байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хоёроос эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-15-17, 21-22/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2020.12.02-ны өдрийн ___дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.А-ын биед баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн сарвууны дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-33-34/,

Шинжээч эмч О.Б-гийн: “...Баруун зовхины цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтлийг оношлохдоо эмч өөрийн биеэр үзлэг хийж мэдрэлийн үзлэг, тархи доргилтын шинжүүд илэрч байгаа эсэхийг харгалзан үзлэгээр тогтоодог. Б.А-ын биед үзлэг хийхэд тархи доргилтын шинжүүдээс илрээгүй учир дүгнэлт хэсэгт тусгаагүй...” гэх мэдүүлэг /хх-38-39/,

Гэрч Г.Г-н: “...М-өө бид нараас “машин барьчих жолооны үнэмлэхтэй хүн байна уу” гэж асуухаар нь би, А- ах бас “байхгүй” гээд эргээд хартал М-өө А- ахыг “чи хүнтэй яаж яриад байгаа юм бэ” гээд баруун гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохисон. ...М-өө А- ахын толгойг доошоо дарж байгаад дух, нүүр лүү нь өвдөглөсөн. ...Би салгаад байж байтал А- ах гар утсаа аваад цагдаа дуудах гээд Ц-ын машиных нь дугаарыг хэлтэл Ц- машинаасаа гарч ирээд “чи миний машины дугаарыг яагаад цагдаад хэлдэг юм бэ” гээд жолооч талын хаалгаар орж ирээд А- ахын шүд рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч З.Л-ын: “...М-өө гэх залуу миний машинд орж ирээд “машин барьдаг хүн байна уу” гэхээр нь урд сууж байсан А- “байхгүй” гэж хэлтэл М-өө “чи яагаад том дуугараад байгаа юм бэ” гэж хэлэхэд А- ах эргээд хартал М-өө баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. ...Би машинаасаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд зогсож байтал Ц- нь миний машины хаалгыг онгойлгочихсон А-тай ноцолдож байх шиг байхаар нь очоод Ц- гэх залууг араас нь татсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Шүүгдэгч Э.М-ын яллагдагчаар өгсөн: “...Урд сууж байсан А- гэх залуу “Чадахгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “би чамтай яриагүй хөгшөөн” гэж хэлтэл “Чи яаж яриад байгаа пизда вэ” гээд баруун гараар шилэн хүзүүн дээр дарж хоолой боогоод баруун чихнээс хазах үед нь би тавиулах гээд нүд рүү нь гараа хийгээд түлхэхэд намайг цохисон. Би Б.А-ын учирсан хохирлыг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгож сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-121-123/,

Шүүгдэгч Б.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...М-э миний машин дотор орж ирээд “...М-өө ах машин дотор манай найзуудтай муудалцаад байна, нилээн согтуу байна..” гэхээр нь би машинаас буугаад очоод авах гэтэл М- машины урд суудал дээр сууж байгаад А- гэх залуутай муудалцаад байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна. ...Б.А-ын биед учирсан хөнгөн гэмтлийг би цохиж зодон учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгож сайн дураараа эвлэрсэн. ...Би хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-108-109/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-4-6/, шүүгдэгч Э.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, шүүгдэгч Б.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/, “_____” ХХК-ийн “Б.Ц- нь тус компанид барилгын инженерээр 2018 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт /хх-58/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.М- согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд хохирогч Б.А-тай “том дуугараад яаж харьцаад байгаа юм бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар цохиж, өвдөглөн, гар дээр гишгэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт зеөлөн эдийн няцрал, зүүн сарвууны дунд хурууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Ц- согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 00 цаг 56 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд “цагдаад миний машины дугаарыг хэлдэг чи хэн бэ” гэх шалтгаанаар хохирогч Б.А-ын үүдэн шүд рүү гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.А-ын “...М-өө “чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гээд миний баруун талын нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Би “чи яагаад байгаа юм бэ” гээд эргээд хартал малгай доош болгож толгой дараад дух руу өвдөглөөд, дагз руу гараараа цохисон. ...Мөн зүүн гарын сарвуун дээр гишгэсэн. ...Ц- гэх хүний машины дугаарыг хэлсэн. Ц- жолоочийн хаалгаар орж ирээд “чи миний машины дугаарыг цагдаад хэлдэг хэн бэ?” гээд баруун гараараа миний үүдэн шүд рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-15-17, 21-22/, шүүх эмнэлгийн 13302 дугаар “1.Б.А-ын биед баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл зүүн сарвууны дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-33-34/, шинжээч эмч О.Б-гийн “...Баруун зовхины цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-38-39/, гэрч З.Л-ын “...М-өө “чи яагаад том дуугараад байгаа юм бэ” гэж хэлэх үед нь А- ах эргээд хартал М-өө баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. ...Ц- нь машины хаалгыг онгойлгочихсон А-тай ноцолдож байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч Г.Г-н “...М-өө А- ахыг “чи хүнтэй яаж яриад байгаа юм бэ” гээд баруун гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохисон. ...М-өө А- ахын толгойг доошоо дарж байгаад дух, нүүр лүү нь өвдөглөсөн. Ц- А- ахын шүд рүү баруун гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч Э.М-ын яллагдагчаар өгсөн “...Б.А-ын учирсан хохирлыг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгож сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-121-123/, шүүгдэгч Б.Ц-ын яллагдагчаар өгсөн “...Б.А-ын биед учирсан хөнгөн гэмтлийг би цохиж зодон учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгож сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-108-109/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-2, 4-6/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.М-ын согтуурсан үедээ хохирогч Б.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэнд гараараа цохиж, өвдөглөн, гар дээр гишгэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны дунд хурууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл,

шүүгдэгч Б.Ц-ын согтуурсан үедээ “цагдаад миний машины дугаарыг хэлдэг чи хэн бэ” гэх шалтгаанаар хохирогч Б.А-ын үүдэн шүд рүү гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч тус бүрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 600.000 төгрөг төлсөн гэх, хохирогчийн “Шүүгдэгч нараас эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан тул гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-22/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.А-тай “том дуугараад яаж харьцаад байгаа юм бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, нүүр лүү нь өвдөглөх, гар дээр гишгэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь “баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны дунд хурууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “цагдаад миний машины дугаарыг хэлдэг чи хэн бэ” гэх шалтгаанаар Б.А-ын үүдэн шүд хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Ц-т 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваадорж “Шүүгдэгч Б.М-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийт 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд “Шүүгдэгч Б.Ц-ын хувьд ажил хөдөлмөр эрхэлж байгаа, 2 удаагийн ял шийтгэлтэй ч суллагдсан цагаас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, оршин суух хаягтай, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж  тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэн алинд нь тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нар согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хохирогчийг тус тусдаа хэд хэдэн удаагийн цохих, өвдөглөх, гишгэх үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд нийт 600,000 төгрөг төлсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”/, шүүгдэгчийн хувийн байдал /шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тодорхой орлого олдог, шүүгдэгч Э.М- урьд хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан, тэнссэн хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.Ц- өөр төрлийн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан/-ийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.М-ыг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэлээ.

Шүүгдэгч Э.М- нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө хохирогч Б.А-ыг зодож хөнгөн хохирол учруулсан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлээгүй үлдсэн дээрх ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зйүлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Э.М-т энэ тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 40 хоног хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 01 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах “...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого /“_____” ХХК-д ажилладаг/ олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Ц-ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байна.

Шүүгдэгч нар өмнөх шүүх хуралдаануудад ирээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч Э.М-, Б.Ц- /өөр хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа/ нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.М-, Б овогт Б.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зйүлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Э.М-т энэ тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 40 хоног хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 4 сар 01 хоногоор тогтоосугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Э.М-, Б.Ц- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-, Б.Ц- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР