Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Б.Бямбадагва,

иргэдийн төлөөлөгч В.Батсүх,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ШТЭД-0938/ нарыг оролцуулан хуралдааны “Г” танхимд “хаалттайгаар” явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04049 0113 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод, оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт ... гийн Н /РД:... /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, ... ны ...  түрээсийн байранд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд гэмт хэргийн хохирогч болох үедээ 16 нас 11 сар 23 хоногтой байсан насанд хүрээгүй У.... ыг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд гэмт хэргийн хохирогч болох үедээ 17 нас 10 сар 03 хоногтой байсан насанд хүрээгүй Г.... ыг хүүхэд гэдгийг нь мэдсээр байж, хоёр хүнийг худалдаалж биеийг нь үнэлүүлж орогнуулан, хүн худалдаалах гэмт хэргийн байнга, тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: 1хх98, 1хх74, 1хх107, 3хх19, 3хх38, 3хх91, 3хх93, 3хх111 талд авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, ... ны ... од 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...хогийн савны хажууд нэг ширхэг нойтон салфетканд ороож тавьсан дотроо тунгалаг өнгийн шингэнтэй бэлгэвч байсныг ... хананд байрлах шаргал өнгийн шургуулгад сойз, оо, шампунь, 5 ширхэг “trust” гэсэн бичигтэй бэлгэвчний хоосон хайрцаг байсныг... голын шургуулгад 3 ширхэг хиймэл үс, шүүгээний доод талын тавиур дээрх цэнхэр өнгийн сав дотор хэрэглээгүй 13 ширхэг хэрэглээгүй бэлгэвч... ширээн дээр ... , ... регистрийн дугаартай 2 ширхэг үнэмлэх, УИ00261723 дугаартай зурагтай лавлагаа...” гэжээ, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-17/,

2. Насанд хүрээгүй хохирогч У.... , Г....  нарын Б.Нтэй харилцаж, ярьж, мессеж бичиж байсан талаарх тэдгээрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-28, 30-32/,

3. Насанд хүрээгүй хохирогч У.... ыг гэмт хэргийн хохирогч болох үед 16 нас 11 сар 23 хоногтой байсныг тогтоосон нас тоолсон тэмдэглэл, түүнийг 2002 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болохыг нотолсон иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 41, 180/,

4. Насанд хүрээгүй хохирогч Г.... ын гэмт хэргийн хохирогч болох үед 17 нас 10 сар 03 хоногтой байсныг тогтоосон нас тоолсон тэмдэглэл, түүнийг 2002 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болохыг нотолсон иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 43, 241/,

5. Н.Батбаатарын /шүүгдэгчийн нөхөр/ эзэмшлийн “Хас банкны” ...  дугаарын дансанд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 52.501.956,35 төгрөгийн орлого орж, 52.478.526,85 төгрөгийн зарлага гарч, 39.715,92 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хас банкны ...  дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх 45-52, 118-167/,

6. Насанд хүрээгүй хохирогч У.... ын “...Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн ... .У гэх нэртэй фейсбүүк хаягаас “Цагийн ажил” нэртэй фейсбүүк группэд нэвтрэн орж постуудыг уншиж байхад “гоо сайхан” гэх нэртэй хаягаас “Массажист ажилд авна өдрийн 100.000 төгрөгөөс дээш цалинтай, өдөртөө цалингаа авна, чатаар холбогдоно уу” гэх сэтгэгдэл үлдээсэн байсан. Би өөрийнхөө фейсбүүк хаягаас тус хаяг руу ямар ажил юм бэ? мэдээлэл авъя ажилдаа нас заасан юм уу? гэж чат явуулахад “тухайн ажилд нас заагаагүй, хэрвээ сонирхож байгаа бол маргааш 09 цагийн орчимд Саппоро дээр ирээд ...  дугаарын утас руу залгаарай” гэсэн хариу ирсэн. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн орчимд Саппорогийн ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр ирээд ...  дугаарын утас руу залгаад би Саппоро дээр ирчихлээ. Одоо хаан очих вэ? гэж асуухад автобусны буудлын чанх хойд талд нь улаан өнгөтэй 12 давхар 5-р байр гэсэн хаягтай байр байгаа. Тус байрны 2 давхрын ... од ороод ир гэж хэлэхээр нь би тус тоотод очсон. Тэгэхэд Н эгч өөрийгөө танилцуулаад надад хийх ажлыг танилцуулсан. Чи ерөнхийдөө манайд ажиллавал гол төлөв эрэгтэй хүмүүстэй харьцана. Бүтэн биеийн массаж, бариа хийнэ. Чи гулгаа массаж гэж сонссон уу? Манайх өдөрт дунджаар 100.000 төгрөгөөс дээш орлоготой байдаг. Ажил хийснээрээ цалингаа авна. Чамд мөнгө хэрэгтэй байгаа бол шууд ажилдаа орж болно. Олсон орлогоо хоёулаа 50 хувиар нь хувааж авна гэж надад хэлсэн. Тэгээд би өөрөө зөвшөөрөөд ажилдаа орсон. Би тус газарт гулгаа массаж, бүтэн биеийн бариа, тусгай үйлчилгээ буюу бусдад биеэ үнэлж бэлгийн харьцаанд ордог байсан. Ажлын зарыг MGL мессеж зар буюу www.mglchat.com гэх нэртэй зарын сайтад Н нэвтрэн орж “Халуухан хөөрхөн охид бүх төрлийн массаж хийж байна. 8-ди массаж хийнэ.” гэж зар байршуулж өөрийнхөө утасны дугаарыг үлдээдэг. Зарын дагуу хүмүүс Нтэй утсаар холбогдож байршлыг нь заалгаж ... ны ... од ирдэг байсан. Зарын дагуу холбогдож ирсэн хүмүүст 40.000-120.000 төгрөгийн ханштайгаар үйлчилгээ үзүүлдэг байсан. Үйлчлүүлэгч нар төлбөрөө бэлнээр болон дансаар шилжүүлдэг. Дансаар шилжүүлэхдээ Э.Нийн ...  дугаарын данс руу шилжүүлдэг байсан. Бүтэн биеийн массаж 40.000 төгрөг, тусгай үйлчилгээ 60.000 төгрөг, гулгаа массаж болон тусгай үйлчилгээ 80.000 төгрөг, 1 цагийн тусгай үйлчилгээ 100.000 төгрөг /1 цагт 2 удаа бэлгийн харьцаанд орно/-ийн ханштайгаар ажилладаг байсан. Би өглөө 09:00 цагт ажилдаа ирээд орой 20 цаг хүртэл үйлчлүүлэгч нарт гулгаа массаж, бүтэн биеийн бариа, тусгай үйлчилгээ буюу бэлгийн харьцаанд ордог ажил хийдэг байсан. Өглөө ажилдаа ирэхэд Н хаалгаа онгойлгож өгөөд орой ажил тарахад хаалгаа түгжээд явдаг. Зар байршуулдаг утсыг ажил тарахаар унтраагаад тус байранд үлдээдэг байсан. Би цалингаа өдөрт нь Нэс бэлнээр болон өөрийнхөө ... , ... дугаарын данснуудаар шилжүүлж авдаг байсан. Намайг анх ажилд ороход Н /Зулаа гэж дууддаг/ охин хамт ажилд орж ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр  ажлаасаа гарсан. Оронд нь ...  /Хулан гэж дууддаг/ охин ажилд орохоор ирж надтай хамт 2 хоног ажиллаж байгаад цагдаад баригдсан. Өөр охин хамт ажиллаж байгаагүй...Би насанд хүрээгүй гэдгээ Нд хэлсэн. Намайг биеэ үнэл гэж сүрдүүлж, дарамтлаагүй, би зарын дагуу ирж, өөрөө зөвшөөрөөд ажилд орсон...гүйлгээний утгыг нь ... -с Батбаатар-д гэж бичээд шилжүүлдэг. Н нөхрийнхөө дансыг өөрөө ашигладаг байсан. Хэрэгт нөхөр Батбаатар нь ямар нэг хамаарал байхгүй...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын сүүл үе хүртэл биеэ үнэлсэн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /1хх63-65, 3хх93-94/,

7. Насанд хүрээгүй хохирогч Г.... ын “...Би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн “Гоо.Г” гэх нэртэй фейсбүүк хаягаар “Ажлын зар цагийн ажил” гэх нэртэй группэд нэвтэрч “Тууштай ажиллах ажил хайж байна. 18 настай” гэж пост оруулсан. “Goo saihan” гэх нэртэй фейсбүүк хаягаас миний бичсэн постын доод талд “Бариа массажны ажил байна. Чатаар холбогдоно уу” гэж пост оруулахаар нь тус хаяг руу “хаана ямар ажил байгаа вэ” гэж чат бичихэд “Бариа заслын ажил байгаа. Хаяг нь Саппорогийн автобусны хойд талын ... ны хажууд ирээд ... дугаарын утас руу залгачих” гэж чат ирсэн. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд зааж өгсөн хаягт ирээд ... дугаарын утас руу залгахад эмэгтэй хүн утсаа аваад надад хандаж 2 давхрын ... од ороод хүлээж бай, би удахгүй очлоо гэж хэлээд утсаа салгасан. Би тус тоот руу ороход 2 танихгүй эмэгтэй байсан ба өөрсдийгөө Үүлээ, Зулаа гэдэг гэж надад танилцуулсан. Зулаа надад хийх ажлын талаар танилцуулж 40.000-120.000 төгрөгийн хооронд үйлчлүүлэгч нарт бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ, олсон орлогынхоо 50 хувийг өөрөө авна, 50 хувийг нь Нд өгнө гэж хэлсэн. Тэгээд би тус газарт гулгаа массаж хийнэ гэж ойлгоод ажилд орсон. Тус өдөр нэг үйлчлүүлэгч хүлээн авч нуруунд нь массаж хийж өгч төлбөрт нь 40.000 төгрөг авсан. Бэлгийн харьцаанд ороогүй. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10 цагт ирэхэд Н ирчихсэн байсан. 13 цагийн орчимд Н гарахдаа “утсаа аваад үйлчлүүлэгч нартайгаа сайн яриарай. Чи Үүлээг үйлчлүүлэгч аваад өрөөнд орсон тохиолдолд утсаар яриарай, гар утсаар ярихдаа 40.000-120.000 төгрөгийн хооронд бүх төрлийн үйлчилгээ явагдаж байгаа ирээд сонирхоорой гэж хэлээрэй” гээд гараад явсан. Тус өдөр би нэг үйлчлүүлэгч авч тус хүнтэй бэлгийн харьцаанд орж төлбөрт нь 120.000 төгрөг авсан. 2019 оны 8 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа ирснээсээ хойш нэг үйлчлүүлэгч авч тус хүнтэй бэлгийн харьцаанд орж төлбөрт нь 120.000 төгрөг авсан. Өөр үйлчлүүлэгч аваагүй. Би тус газарт 3 хоног ажилласан...Нтэй уулзахад гулгаа массаж, бариа болон тусгай үйлчилгээ буюу биеэ үнэлнэ гэж надад хэлсэн. Би өөрөө зөвшөөрөөд тус ажлыг хийхээр болсон. Би Нд 2001 онд төрсөн гэдгээ хэлсэн, намайг 17 настай гэдгийг мэдсэн...би 3 өдөр ажиллахдаа нийт 140.000 төгрөг авсан. Тухайн үед ...  өдрийнхөө орлого, тооцоог барьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 54-57, 3хх91-92/,

8. Гэрч Г.Нийн “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн “Nandintsetseg Ganbold” гэх нэртэй фейсбүүк хаягаас цагийн ажил нэртэй фейсбүүк группэд нэвтрэн орж постуудыг уншиж байхад “Гоо сайхан” гэх нэртэй хаягаас “Өндөр цалинтай ажил байна. Чатаар холбогдоно уу” гэх сэтгэгдэл үлдээсэн байсан. Би тус постын дагуу холбогдож утасны дугаарыг авч яриад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлалтай 12 давхар улаан тоосгон ...  гэсэн хаягтай байрны 2 давхрын ... од орж ирээд Нтэй уулзаж ямар ажил хийх талаараа асуухад надтай ярилцаж байгаад бусдад биеэ үнэлж бэлгийн харьцаанд орно, гулгаа массаж хийнэ. Танай гэрийнхэн мэдвэл манай хүүхдийг харж байгаа гээд хэлчихэд болно. Энэ миний гэр байгаа юм аа гэж хэлсэн. Мөн Н олсон орлогоо 50, 50 хувиар нь хувааж авна, өдөр болгон олсон орлогоо авна гэж хэлсэн учир би өөрөө сайн дураараа зөвшөөрөөд ажилдаа орсон. Би тус газарт гулгаа массаж, бүтэн биеийн бариа, тусгай үйлчилгээ буюу бусдад биеэ үнэлж бэлгийн харьцаанд ордог байсан. Би цалингаа өдөрт нь Нэс бэлнээр болон өөрийнхөө дансаар шилжүүлэн авдаг байсан. Би биеэ үнэлж байхдаа өөрийнхөө нэрийг “Зулаа” гэдэг нэртэй гэж өөрийгөө танилцуулдаг байсан...Тухайн үед надтай хамт ...  гэдэг охин хамт ажилладаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 74-76/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1538 дугаар “...Г....  нь бэлгийн бойжилт олсон. Г.... ын охин хальс нь хуучин урагдалтай байна. Г....  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт /1хх 98-99/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1857 дугаар “...У....  нь бэлгийн бойжилт олсон байна. У.... -н охин хальс 1, 4, 6, 9-н цагийн байрлалд хуучин урагдалтай байна. Охин хальсны урагдал нь үзүүлэхээс 14-с дээш хоногийн өмнө үүссэн байна. У....  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт /1хх 107-108/,

11. Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ... хороолол, ... ны ...  орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 5 жилийн хугацаагаар хөлслөхөөр тохиролцсон “Орон сууц хөлслөх гэрээ”. /3хх15-18/,

12. Шүүгдэгч Б.Нийн яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ... ны ... ыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түрээсэлсэн. Анх түрээсийн гэрээ байгуулахдаа 5 жилээр байгуулж өөрөө 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл оршин суусан. 2019 оны 6 дугаар сарын 20-д орчимд би түрээсэлж байгаа байрандаа “бариа засал, массаж”-ны газар байгуулж үйл ажиллагаа явуулж эхлэх зорилгоор фейсбүүк орчинд ажлын зар гэсэн группэд нэгдэж “Бариа засалч, бие үрэгч” ажилд авна гэж зар байршуулсан. Тус зарын дагуу У....  /Үүлэн/ холбогдож надтай ирж уулзсан. Анх уулзахдаа өөрийгөө Үүлэн гэдэг, 21 настай гэж танилцуулсан. Би ... д хийх ажлыг нь танилцуулахдаа бие үрэлтийг 10.000 төгрөг, бариа засал 60.000 төгрөгийн ханштайгаар үйлчилгээ үзүүлнэ. Олсон орлогоо 50 хувиар хувааж авна гэж амаар ярьж тохиролцож ажилд оруулсан. Н буюу Зулаа гэх охин бас зарын дагуу ирж надтай амаар ярьж тохиролцоод ажилд орсон. ...  /Халиун/ 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ... той уулзаад анх ажилд орсон. ... д анх ажилд ороход нь Гэрэлцэцэг гэдэг таньдаг эгчээрээ бариа засал хийхийг заалгасан. Би тус байранд тогтмол байдаггүй, охидтойгоо утсаар холбогдож өөрийн орлогоо хувааж авдаг байсан. Охидыг биеэ үнэлж байсан гэдгийг нь мэдээгүй. Зөвхөн бариа засал, массаж хийж байна гэж бодож явсан. Цагдаагийн байгууллагад шалгагдсанаас хойш биеэ үнэлж байсныг нь мэдсэн. ...Хяналтын камерын хард диск хаана байгааг нь мэдэхгүй. Надад байхгүй. Орлогоо өөрийн нөхөр Батбаатарын эзэмшлийн ...  дугаарын дансаар авдаг байсан. Тус данс нь манай нөхрийн нэр дээр байдаг боловч би өөрөө ашигладаг байсан...” гэсэн мэдүүлэг /2хх246-248/.

 Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Н.  

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Насанд хүрээгүй хохирогч У.... , Г....  нарын биеийг үнэлүүлж, ашиг олж байсан тул гэм буруутай гэж дүгнэлт гаргасан, тус дүгнэлтийг шүүх хүлээн авсан болохыг дурдаж байна.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ гэмт хэргийн шинжийг “насанд хүрээгүй хохирогч нарыг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг худалдаалж биеийг нь үнэлүүлж орогнуулан “хүн худалдаалах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж тодорхойлон үндэслэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн хууль тогтоогчийн тайлбарт заасан “Хүүхдийн эсрэг” энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Мөн энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэснийг удиртгал болгосон.

Шүүхээс талуудын мэтгэлцээн, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээд прокуророос шүүгдэгч Б.Нийн үйлдлийг “хүн худалдаалах” гэмт хэрэг гэж зүйлчилж ирүүлснийг дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан “бэлгийн мөлжлөг” гэмт хэрэг гэж дүгнэлээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан “хүн худалдаалах” гэмт хэргийн субъектив тал буюу гэмт хэрэг үйлдэх санаа зорилгын хувьд хохирогчийн биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгыг агуулан үйлдлээ хэрэгжүүлдэг. 

Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ үйлдлийн гадаад илрэх шинж байдлын хувьд /гэмт хэргийн объектив тал/ хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, ... эмзэг байдлыг нь далимдуулах зэрэг аргуудаар хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан шинжтэй байхаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хохирогч нарын чөлөөтэй зорчих эрхийг /бусадтай чөлөөтэй харилцах зэрэг эрх чөлөөг/ хязгаарлаж, өөрсдийн болон бусдын эрхшээлд бүрэн оруулж, энэхүү хяналтаас гаргахгүйгээр бэлгийн мөлжлөгт оруулж, биеийг нь үнэлүүлж худалдаалсан байх шинжтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан “бэлгийн мөлжлөг” гэмт хэргийн шинж нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан эсвэл хохирогчийг эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан байхаар заасан.

Тодруулбал, гэмт хэргийн хохирогч нарыг зорчих эрхийг хязгаарладаггүй, эрх чөлөөтэй байдалд бүрэн хяналт тогтоодоггүйгээрээ ялгаатай байна. Дээр дурдсан хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөг гэмт хэргийн хохирогчоор насанд хүрээгүй хүн байж болох бөгөөд гэмт хэргийн шинжийг харгалзан тохирох зүйлчлэлээр зүйлчлэх тохиромжтой. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн тохиолдолд арга хамаарахгүй гэсэн хууль тогтоогчийн тайлбар нь тухайн гэмт хэргийн шинжийг анхаарч үзэхгүй гэсэн утгыг агуулаагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ... ны ...  орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсэлсэн, мөн “бариа засал, массаж”-ны өндөр цалинтай ажилд урьсан, зар байршуулан насанд хүрээгүй хохирогч У.... , Г.... , гэрч Г.Н /түүнийг насанд хүрсэн гэсэн шалтгаанаар хохирогчоор тогтоогоогүйг шүүхээс буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн/ нарт садар самуун явдал болох гулгаа массаж хийх, мөн тогтоосон ханшийн дагуу нэмэлт төлбөртэй бусадтай бэлгийн харьцаанд орох буюу бусдад биеийг нь үнэлүүлэх ажил санал болгон, ашгаа тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон.

Улмаар шүүгдэгч нь олон нийтийн сүлжээнд “халуухан охидын массаж” гэсэн утга бүхий зар байршуулан насанд хүрээгүй хохирогч нарыг бусдад биеийг нь үнэлүүлж ашиг олох үйл ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд тогтвортой зохион байгуулж, ингэхдээ хохирогч нарын үйлдлийг нь тогтмол хянаж, зааварчилж /хяналтын камераар/ байсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хууль бус үйл ажиллагааны орлого авсан “Хас банкны” ...  дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч нар болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч У....  нь гэмт хэргийн хохирогч болох үед 16 нас 11 сар 23 хоногтой байсан нь түүний нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбараар, насанд хүрээгүй хохирогч Г....  нь гэмт хэргийн хохирогч болох үедээ 17 нас 10 сар 03 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус тогтоогдож байх бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч Б.Нд өөрсдийгөө насанд хүрээгүй талаар хэлж байсан нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Б.Н нь “хохирогч нарын насыг мэдэх боломжгүй байсан, насанд хүрсэн эсэхийг шалгаагүй, мөн тухайн орон сууцанд биеэ үнэлэх үйл ажиллагаа явуулж байсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг, тайлбар нь дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Б.Н нь хохирогч нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж, хохирогч хүүхдүүдийн биеийг үнэлүүлэх хууль бус үйл ажиллагаа явуулж байсан боловч тэдгээрийн зорчих эрх, эрх чөлөөтэй байх эрхийг хязгаарлахгүйгээр биеийг нь үнэлүүлж хууль бусаар ашиг олдог байсан нь насанд хүрээгүй хохирогч У.... ын “...Би өглөө 09:00 цагт ажилдаа ирээд орой 20 цаг хүртэл үйлчлүүлэгч нарт гулгаа массаж, бүтэн биеийн бариа, тусгай үйлчилгээ буюу бэлгийн харьцаанд ордог ажил хийдэг байсан. Өглөө ажилдаа ирэхэд Н хаалгаа онгойлгож өгөөд орой ажил тарахад хаалгаа түгжээд явдаг...” гэсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч Г.... , гэрч Г.Н нарын мэдүүлгээр нотлогдсон.

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 1 дүгээр зүйлд 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж заасан. Мөн 34 дүгээр зүйлд “оролцогч улсууд хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ” гээд хүүхдийг бэлгийн хууль бус аливаа ажиллагаанд татан оролцуулах буюу шахалт үзүүлэх, хүүхдийн  биеийг үнэлүүлэх буюу бэлгийн хууль бус бусад ажиллагаанд ашиглан мөлжих ... өөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ... бүх арга хэмжээг авна гэж заажээ.

Шүүгдэгч Б.Н нь насанд хүрээгүй хохирогч нарын тогтмол орлогогүй, мөнгө олох зорилго дээр тулгуурлаж, орон байраар хангаж, тэдгээрт илүү орлоготой ажиллахын тулд нэмэлт төлбөртэй тусгай үйлчилгээ /бэлгийн харьцаанд орох/ ажлыг санал болгон, хохирогч нарт зааварчилгаа өгөх байдлаар садар самуун явдалд хүүхдийг ашиглан, цалин олгох нэрээр бусдад биеийг нь үнэлүүлж, олсон мөнгийг хуваан авах байдлаар ашиглан, мөлжих ажиллагааг байнга тогтвортой зохион байгуулсан байна.

Мөн шүүгдэгч нь хохирогч нарыг хүүхэд гэдгийг мэдсээр байж тэдгээрийн эрх зүйн бүрэн бус чадамжтай байдлыг далимдуулан ажлын байр, орлогын эх үүсгэврээр эрхшээлдээ оруулсан байх тул түүний үйлдэл нь бэлгийн мөлжлөгийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.   

Бэлгийн харьцаанд албадан оруулах гэдэгт: Насанд хүрээгүй хохирогч нарт ажлаа хийхийн тулд бэлгийн харьцаанд орох ёстой гэсэн шаардлага, тулгалт тавьж, нэмэлт төлбөртэй үйлчилгээ хийснээр орлого нэмэгдэнэ гэж садар самуун явдалд татан оруулж байгааг хамааруулан ойлгох ба сайн дурын үндсэн дээр бусадтай бэлгийн харилцаанд орсон гэж үзэх үндэслэлгүй юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Нийн үйлдлийн шинж байдлыг харгалзан түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг дээр дурдсан үндэслэлээр хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Иймд шүүгдэгч Б.Нийг хохирогч нарын биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор 18 насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, насанд хүрээгүй 2 хүний эсрэг бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь Б.Нийн үйлдэл нь биеэ үнэлэхийг зохион байгуулах зөрчил буюу Зөрчлийн тухайн хуулийн 6.18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан” гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр байх хугацаанд хамаарч байсан. Улмаар тухайн зөрчлийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг 2020 онд шинээр хуульчилсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан.

Хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн хуулийн дээрх заалтаар биеэ үнэлэхийг зохион байгуулахыг гэмт хэрэг бус зөрчил гэж үзэж байсан боловч тухайн хууль бус үйл ажиллагаанд хүүхдийг татан оролцуулсан тохиолдолд зөрчил гэж үзэхээр хуульчлаагүй, энэ талаарх эрх зүйн баримт бичгүүдэд ийм утга агуулга байхгүйг тусгайлан тэмдэглэж байна.

Өөрөөр хэлбэл хүүхдийг аливаа хэлбэрээр бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэхэд татан оролцуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд заасан аль тохирох зүйл ангиар зүйлчлэхээр заасан тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Насанд хүрээгүй хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.026.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны 4 хүүхэдтэй, хамгийн бага нь 1 нас 8 сартай бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид оногдуулах хорих ялын хэмжээг багасгуулах талаар дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. Тодруулбал шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч тэрээр ашиг олох зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох боломжгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогч нарын эсрэг үйлдсэн, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь бага насны /1-9 насны/ 4 хүүхэдтэй байх тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд 2 жилээс 8 жилийн хугацааны хооронд хорих ял оногдуулахаар зааснаас шүүх ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Харин өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцсон тул шүүгдэгчийг өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм.  

Тиймээс шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ... ойлгохоор заасан бөгөөд улсын яллагчийн гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураах албадлага хэрэглэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.026.800 төгрөгийг /1хх45-52/  төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ШБМХ/2019 4502 гэж хаягласан уутанд хийсэн 1, 2, 3 гэж дугаарласан салфетка, хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг, цагаан өнгийн салфетканд боосон траст гэсэн бичигтэй бэлгэвчний уут 1 ширхэг, нийлэг уутанд хийсэн тэмдэглэлийн дэвтрийн цааснууд 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Нд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч ... гийн Нийг хүн худалдаалах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ... гийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь хэсэгт заасан “бэлгийн мөлжлөг” үйлдэх гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор 18 насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, 2 хүний эсрэг, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.026.800 /долоон сая хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ШБМХ/2019 4502 гэж хаягласан уутанд хийсэн 1, 2, 3 гэж дугаарласан салфетка, хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг, цагаан өнгийн салфетканд боосон траст гэсэн бичигтэй бэлгэвчний уут 1 ширхэг, нийлэг уутанд хийсэн тэмдэглэлийн дэвтрийн цааснууд 3 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд авсан хувийг баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, мөн урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаарх холбогдох баримтыг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХБААТАР

 

ШҮҮГЧ                                    Б.ДАШДОНДОВ

 

             ШҮҮГЧ                                    Б.БАТАА