Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч В.Э, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах /ШТЭД-0764/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар В.Ээд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01734 1476 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эмээгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух суух, урьд

- 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 259 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, шүүхээс 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1 жил 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1068 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

Б овогт Вгийн Э /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч В.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байх иргэн С.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд түүнийг унтаж байх үед нь нэвтэрч, ороод гэрт цэнэглэж байсан самсунг А20-эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсны улмаас бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1105 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахаас /давхцаагүй байдлаар/: гэрч Л.Бын мэдүүлэг /хх26-27/, шүүгдэгч В.Эийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх36-37/, гэрч Б.Гийн мэдүүлэг /хх34/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх78/, С.Дэнсмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх83/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх106/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх112/, шүүгдэгч В.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх118-119/, хохирогч С.Бийн хүсэлт /хх122/ зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч В.Эийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн С.Бээс цагдаагийн байгууллагад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “...Манай гэрт байсан Самсунг А20 эс загварын гар утас алга болсон...” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

2. Хохирогч С.Бийн “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний орой 20 цаг 10 минутын үед гэртээ ирээд 23 цаг хүртэл утсаа оролдож байгаад дэрний хажууд тавиад унтсан. Тэгээд маргааш өглөө нь 06 цаг 40 минутын үед сэртэл манай байшин их хүйтэн байхаар нь би яагаад хүйтэн байна гэж бодоод босоод хаалгаа хаачхаад буцаад орондоо орох гээд утсаа үзтэл алга болсон байхаар нь нөхрөөсөө асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би хулгайд алдсан байна гэж цагдаад мэдэгдсэн юм...Би гар утсыг 2020 оны 4 сарын 08-ны өдөр “сайн электрониксоос” 599.999 төгрөгөөр худалдаж авсан. 600.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх13-14/,

3. Гэрч Ж.Баярсайханы “...Би 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн давхрын буудлын баруун талд танил ах Банзрагчийнхаас гараад Драгон орох гээд явж байтал танил Сүлка хочтой залуу тааралдаад гар утас зарах гэсэн юм. Авах хүн байна уу гэхээр нь хамт Драгон орохоор болоод Банзрагч ахад таксины мөнгийг чинь өгнө гэж хэлээд машинтай нь явсан. Тэгээд Драгон руу явж байхдаа дэлгэцийн кодыг нь гаргаж чадахгүй байхаар нь хэний утас юм бэ гэж асуухад миний таньдаг хүний утас байгаа юм гэсэн. Удалгүй Драгон дээр ирэхэд гар утас зардаг газар нь хаалттай байхаар нь найз Лхаахүү рүү залгаад утас авах хүн байна уу? Хямдхан утас зарах хүн байна гэсэн чинь манай эгчийн охин Б утас авна гэж ярьж байсан гээд дугаарыг нь өгсөн. ...Сүлка, Б хоёр ирээд машинтай Баянхошууны эцсийн Боса төвийн хаан банкны АТМ орж мөнгө аваад Сүлкад өгсөн. Тэгтэл Сүлка дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2 ундаа барьчихсан гарч ирээд машинд суугаад Быг гэрт нь хүргэж өгсөн... Тэрнээс хойш хэд хоногийн дараа Сүлка ээжтэйгээ хамт Банзрагч ахынд ирээд намайг асуугаад явсан гэсэн. Тэр үед ээж нь “манай хүүхэд хүний утас аваад Баярсайхан гэдэг хүнээр заруулсан байна. Авсан хүнийг нь олоод буцаагаад утсыг нь өгчихмөөр байна” гэж ярьсан гэж Банзрагч ах надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх21-22/,

4. Иргэний нэхэмжлэгч Л.Бын “...нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг залуу В.Э гэдэг хүнтэй ирээд надад хар хөх өнгийн корпустай гар утас үзүүлээд миний гар утас байгаа юм. Би хайрцаг савыг нь удахгүй аваачаад өгье гэж хэлсэн. Ингээд бид 2 ярилцаж байгаад 250.000 төгрөгөөр авахаар болоод би данснаасаа 250.000 төгрөг авч өгсөн байгаа. Ингээд тухайн гар утсыг өөрөө ашиглаж байтал 2020 оны 9 дүгээр сард цагдаагаас ярьж байна ирж уулз гээд уулзахад тухайн гар утас нь хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан гар утас байсан тул би уг гар утсыг буцааж хүлээлгэн өгсөн байгаа... Надад одоо гомдол, санал байхгүй. Би гар утас худалдаж авсан мөнгөө буцаагаад авчихсан болохоор гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх31-32/,

5. Гэрч А.Банзрагчийн “...В.Э бага зэрэг халамцуу байдалтай Баярсайхан буюу Борис гэх хүнтэй над дээр ирээд “Ахаа Баянхошуу орж хүнд юм өгчхөөд ирье, таксины чинь мөнгийг өгье гэж хэлээд бид гурав Баянхошууны эцэс дээр очсон. Тэнд очоод нэг охин гарч ирээд Э гар утас зарж байгаа бололтой байсан. тэр хүүхэн утсыг нь үзээд л АТМ орж Ээд мөнгө өгч байсан. Тэгээд тэндээсээ буцаад манай гэрийн гадна ирээд буусан ба надад таксины мөнгө гэж 10.000 төгрөг өгсөн. Ингээд Баярсайхан, Э 2 салаад явсан бөгөөд тэрнээс хойш тэр өдрөө бол уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх39/,

6. Гэрч Б.Гийн “...В.Э гэдэг хүнийг таньж мэднэ. Нэг гудамжинд амьдардаг, бид нэгийгээ таньж мэддэг болоод 20 гаран жил болж байна. Нэг нэгнийхээрээ орж гардаг л танилын харьцаатай байсан. Эхнэрийн утас хэзээ алдагдсаныг мэдэхгүй байна. В.Э бид 2 хэрэг гарахын урьд өдөр нь манайд архи ууж байсан. Тэр үед би эхнэр Б шинэ гар утас авсан, дүүгээ хараад ойрд гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн. Бид 2 нийлээд 2 шил архи уугаад би нэлээн согтоод унтаад өгсөн бөгөөд Э нь харилаа гээд явсан санагдаж байна. Тэгээд маргааш нь эхнэрийн утас алга болсон байсан. Би бас эхнэрээ орж ирснийг нь мэдэхгүй, гэртээ унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх34/,

7. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг А-20 эс маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр...” үнэлжээ. /хх40-41/,

8. Шүүгдэгч В.Эийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэж санаж байна. Г ахтай хамт гэрт нь 11 цагийн үед 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан ба бид 2 тэднийд бараг 2-3 цаг суусан. Ингээд Г ах бараг тасраад унтаад өгсөн бөгөөд би үргэлжлүүлж уух гээд гарч явсан. Ингээд би тэр хавьд айлд унтаж байгаад ... тэр айлаас 1 шил архины талтай үүрээр 05 цагийн үед гарч яваад Зоригоо ахынд архиа бариад ортол Зоригоо ах баруун талд орон дээр, эхнэр нь цаад талд буюу нэг орон дээр цуг унтаж байсан ба эхнэрийнх нь толгой дээр гар утас цэнэглээтэй байхаар нь тэрийг нь аваад гарчихсан юм. Тэгээд өмнө нь ууж байсан айл руугаа буцаж очоод нөгөө архиа уучхаад өглөө сэрсэн. Тэгээд маргааш нь буудлын ТҮЦ орж тамхи авах гээд явж байгаад Борис Банзай ахтай тааралдаад ийм утас байгаа. Миний гар утас байгаа юм. Мөнгөний хэрэг болоод зармаар байна гэж хэлэхэд надад нэг таньдаг Б гээд дүүдээ зарж өгсөнний хэрэг болоод зармаар байна гэж хэлэхэд надад нэг таньдаг Б гээд дүүдээ зарж  уудлын ТҮЦ орж тамхи  гар утас цэнэглээтэй байхаар ньнь надад хэлэхдээ Г ах манай эхнэр гэртээ байхгүй байгаа. Охин дүү нь төрөөд тэднийд хэсэг байгаа чи манайд ирээрэй ах нь ганцаараа байгаа шүү гэж хэлж байсан болохоор гэрт нь очихоор болсон юм. Би Зоригоо ахынх руу ганцаараа архи уух гэж орсон. Намайг гэрт нь ороход хэн ч сэрэхгүй байсан юм...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх117-119/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч В.Э:

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Э, түүний өмгөөлөгч нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн байр сууринаас мэтгэлцэж оролцсон. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын мэтгэлцээн, гэм буруугийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгийг дүгнэн үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхгүй гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.Э нь хохирогч С.Б, түүний нөхөр Б.Г нарыг эртнээс таньдаг, гэр орноор нь орж гардаг байсан талаар хохирогчийн нөхөр гэрчээр мэдүүлжээ.

Хэргийн үйл баримтын хувьд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч В.Э нь гэрч Б.Гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хамтдаа архи согтууруулах ундааны зүйл уусан. Б.Г нь согтоод унтсаны дараа шүүгдэгч үргэлжлүүлэн уухаар гарч яван маргааш өглөө нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үүрээр буцаад Б.Гийн гэрт ирсэн. Энэ үед хохирогч С.Б гэртээ ирж хоносон байсан бөгөөд, гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтаж байх үед шүүгдэгч В.Э түүний “Самсунг А-20 эс” маркийн гар утсыг нууцаар авсан. Дараа нь шүүгдэгч нь гар утсыг бусдад 250.000 төгрөгөөр худалдаж архи, согтууруулах ундаа авч уусан болох нь хохирогч С.Б, гэрч Ж.Баярсайхан, А.Банзрагч, иргэний нэхэмжлэгч Л.Б /гар утсыг худалдан авсан/, гэрч Б.Г, шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр шунахайн сэдэлтээр авснаар гэмт үйлдэл төгсдөг ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 600.000 төгрөгийн хохирол учирчээ. Шүүгдэгч талаас үнэлгээ эргэлзээтэй гэж маргах боловч хохирогчийн мэдүүлэг, үнэлгээчний тайлан зэргээс гар утасны үнэлгээг тухайн үеийн ханшаар бодитоор тогтоосон гэж үзсэн болно.

Харин гэмт этгээд хулгайлах үйлдлээ хүн байнга амьдрах зориулалттай бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үздэг боловч гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэзээ төрснөөс, мөн зөвшөөрөлтэй нэвтэрсэн эсэхээс хамаарч хэргийг хүндрүүлэн зүйчлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.  

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь хохирогчийн гэрт, түүний нөхөр Б.Гтой хамтдаа архи согтууруулах ундааны зүйл уусан, тухайн үедээ гэрч Б.Г гэртээ ганцаараа байгаа, эхнэрийгээ дүүгээ хараад ойрд ирэхгүй байгаа гэж хэлж байсан талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч В.Эийн  “...Уг нь надад хэлэхдээ Г ах манай эхнэр гэртээ байхгүй байгаа. Охин дүү нь төрөөд тэднийд хэсэг байгаа чи манайд ирээрэй ах нь ганцаараа байгаа шүү гэж хэлж байсан болохоор гэрт нь очихоор болсон юм. Би Зоригоо ахынх руу ганцаараа архи уух гэж орсон. Намайг гэрт нь ороход хэн ч сэрэхгүй байсан юм...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой буюу шүүгдэгчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар давхар нотлогдсон гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Өөрөөр хэлбэл Б.Гийн гэртээ ганцаараа байгаа хүрээд ирээрэй гэсний дагуу шүүгдэгч өглөө үүрээр буцаж очсон буюу архи уух зорилготой очсон гэснийг үгүйсгэх боломжгүй буюу мөн гэрийн эзний гэртээ ганцаараа байгаа ирээрэй гэснийг гэртээ орох зөвшөөрөл өгсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа бусдын орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй буюу тухайн нөхцөл байдалд гэнэт үүссэн санаагаар үйлдлээ хэрэгжүүлсэн гэж шүүхээс дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, прокуророос шүүгдэгч В.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэвтрэлттэй хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүндрүүлэх шинжгүй үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Тиймээс шүүгдэгч В.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бт гар утсыг нь биет байдлаар буцаан олгосон. /хх78/ Мөн иргэний нэхэмжлэгч Л.Бт 250.000 төгрөгийг буцаан төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нь мэдүүлгээр нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч В.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өндөр настай эмэг эх болон эхийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу тэнсүүлэх саналтай байна гэсэн.

Шүүгдэгч В.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч В.Эийн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Мөн шүүхээс шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлан хорих ялыг сонгон оногдуулах үндэслэлгүй, түүнчлэн тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлага хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч В.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Вгийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ээд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР