| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0306/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/387 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин
улсын яллагч Б.Энэрэл,
хохирогч А.Н,
шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02844 0077 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Б овогт Цгийн Д /РД:.../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод хамтран амьдрагч А.Нтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт 1 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ц.Дыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч А.Нгийн “...2020 оны 9 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод гэртээ ирсэн юм. Тэгээд Д гадуур гарч найзуудтайгаа уулзах талаар яриад байхаар нь би Дд хандан чи хүүхдүүд дээрээ ирээгүй олон хонож байж өнөөдөр гарах гээд байх юм гээд бид хоёр хэрэлдсэн. Би самарт явсан мөнгөө үрэх гээд байна гэж Д руу уурлатал Д миний зүүн талын хацар руу хоёр удаа алгадсан. Тэгээд аль гараараа цохисныг санахгүй байна. Миний зүүн талын нүд рүү нэг удаа цохитол нүд хавдсан. ...Д өмнө нь хамтран амьдрах хугацаандаа надад болон хүүхдүүддээ угаасаа гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Дын талаар өмнө нь дуудлага огт өгч байгаагүй. ...Би одоо Дтай хамтран амьдарч байгаа бөгөөд намайг ахиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх27-28/,
2. Гэрч Б.Алтанцэцэгийн “...Миний том охин Н маань Д гэх залуутай хамтран амьдраад 5-6 жил болж байна. Н, Д хоёр 2 хүүхдийн эцэг, эх болсон. 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Д, Н нар гэртээ маргалдаад Д Нг нүүр рүү нь цохиод нүд нь хавдсан байхаар нь би өөрийнхөө ... утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Д өмнө нь Нгийн биед халдаж зодож цохилоо гэж надад дуулгаж байсан зүйл байхгүй. Энэ хоёр хоорондоо нэг их маргалдаж муудалцаад байдаггүй. ...Д маань их дуугүй, олон таван зан байхгүй хүүхэд байгаа юм. Д ачааны тэргээр ачаа ачдаг ажил хийдэг бөгөөд эхнэр хүүхдэдээ ямар нэгэн асуудал гаргаад байдаггүй л хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх38/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10976 дугаар “...А.Нгийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх40-41/,
4. Шүүгдэгч Ц.Дын яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Ирээд би найзуудтайгаа уулзах гээд гарах гэтэл эхнэр А.Н намайг гэрээс гаргахгүй гэж хэлсэн. Тэрнээс гадна самарт яваад олсон мөнгөнөөсөө болоод бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд А.Н намайг гэрээс гаргахгүй гээд түлхэхээр нь би А.Нгийн нүүр рүү нэг удаа цохисон. Гэтэл А.Нгийн нүд улайгаад хавдчихсан юм. Би өөрөөр А.Нд гар хүрээгүй. Би өмнө нь А.Нгийн биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх74-75/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Д:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Д, хохирогч А.Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхрийн харилцаатай байх бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод байрлах гэртээ хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч Ц.Д нь хохирогч А.Нг нүүр рүү нь цохиж зодсон үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Нгийн “...Тэгээд Д гадуур гарч найзуудтайгаа уулзах талаар яриад байхаар нь би Дд хандан чи хүүхдүүд дээрээ ирээгүй олон хонож байж өнөөдөр гарах гээд байх юм гээд бид хоёр хэрэлдсэн. Би самранд явсан мөнгөө үрэх гээд байна гэж Д руу уурлатал Д миний зүүн талын хацар руу хоёр удаа алгадсан. Тэгээд аль гараараа цохисныг санахгүй байна. Миний зүүн талын нүд рүү нэг удаа цохитол нүд хавдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Дын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч А.Нгийн биед “...тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 10976 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдэл нь тохиолдлын шинжтэй анх удаа үйлдэгдсэн буюу хохирогчийг өөрийн эрхшээл, дарамтад байлгах зорилгоор эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүч хэрэглэсэн шинжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч А.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Ц.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР