| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2019/0059/З |
| Дугаар | 070 |
| Огноо | 2019-10-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 070
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А. сумын 4 дүгээр багийн оршин суугч Ө.Сын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдох,
“А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 19, мөн өрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 20 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Баян-Өлгий аймгийн А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан даргалагч К.Р, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч Т.Маншук, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Саас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сонгогдсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасан эрх үүргийн дагуу тогтвор суурьшилтай сайн ажиллаж ирсэн.
Гэтэл А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг хууль бусаар зохион байгуулж “Хурлын дарга Ө.Сыг огцруулах тухай” 14 дугаартай тогтоол гаргасан бөгөөд би уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Улмаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон хяналтын шүүхээс хэвээр баталсан болохыг дурдаж байна.
Ингээд 2019 оноос эхлэн Хурлын даргын ажилдаа эгүүлэн томилогдож, ажлаа хэвийн үргэлжлүүлж байхад улс төрийн зорилгоор Ө.С намайг дахин огцруулсан шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Уг тогтоолын үндэслэлдээ “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Сыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар үүрэгт ажлаас чөлөөлсүгэй..” хэмээн тусгажээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “...анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга удирдана” гэж заасныг, 11 дүгээр зүйлийн 11.1-д “...сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно...”, 22 дугаар зүйлийн 22.1.2-т “...тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах хэрэгжилтийг зохион байгуулах” гэснийг тус тус зөрчсөн.
2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Ө.С би А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 4 жилийн хугацаатай сонгогдсон. Хурлын даргын 2017 оны хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг тухайн Хуралд тайлагнаж “хангалттай” гэсэн үнэлгээ авсан болно. Түүнчлэн Ө.С би А. сумын Хурлын даргын албан тушаалд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эгүүлэн томилогдсон ба тус сумын Хурлын төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэж үзэж байгаагаас гадна шүүхийн шийдвэрийг хүндэтгэхгүй байгаад нь харамсаж байна.
Мөн тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн оройн цагаар миний хүү болон Мухамадын дал хэсгээс нь морин азарга хазаж, түүний биед хүнд гэмтэл учруулснаар түргэний тусламжтайгаар аймагт ирж, Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж, түүний хажууд 2 өдрийн турш сахиулаар явж, эмчид үзүүлж шинжилгээ хийлгүүлж байх хүндэтгэн үзэх шалтгаантай байх үеийн миний хэсэг бүлэг хүмүүс далимдуулан хууль бус хуралдаан хийсэн байна.
2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Ө.С би А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон. Хурлын даргын 2017 оны хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг тухайн Хуралд тайлагнаж “Хангалттай” гэсэн үнэлгээ авсан болно.
Иймд, А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 19, мөн өдрийн хуралдааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 20 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 07-оос эхлэн А. сумын ИТХ-ын даргаар сонгогдож ажиллаж ирсэн. Ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэвч А. сумын ИТХ-ын 19 төлөөлөгч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймагт ажлаар явж байхад намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А. сумын ИТХ-ын даргын ажилд эгүүлэн томилогдож байсан. Төлөөлөгчид миний ажилд байнга саад хийж, ажлын дарамт үзүүлдэг байсан.
2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийхэд, дахиж намайг огцруулах тухай хэдэн Төлөөлөгчийн гарын үсэгтэй албан шаардлага ирсэн. Уг асуудлын талаар Тэргүүлэгчид хэлэлцэж, дахин Хурлын даргыг огцруулахыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би аймагт хүүхдээ эмнэлэгт үзүүлж явж байхад намайг ажлаас огцруулж, хууль бус хуралдаан хийсэн байсан. Тийм учраас А. сумын ИТХ-ын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 19, 20 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ө.Сын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэс эхлэн оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 19, мөн тус өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 20 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа гэдгээ илэрхийлье.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-т “... зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх “гэсэн хуулийн зохицуулалт байдаг. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарсан шийдвэрүүдээс харахад илэрхий алдаатай байгаа.
Өөрөөр хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 19 дүгээр тогтоол хуралдааны бланкад байгаа мөртлөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь гэдэг байдлаар алдаатай зорилгодоо нийцээгүй тогтоол гарсан. Тогтоолын үндэслэх хэсэгт “иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлын дарга Ө.Сыг чөлөөлсүгэй” гэсэн маягаар гаргасан. Хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх үндэслэл байдаг уу гэдэгт эргэлзэж байгаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. б/-т “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх” гэсэн зохицуулалттай. Чөлөөлөх гэсэн хэлбэртэй тогтоол гарсан нь алдаатай хууль бус гэдэг нь тогтоогдож байна. Хурлын даргыг сонгох асуудал хуулиар нарийвчлан зохицуулагдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн. 2016 оны сонгуулийн үр дүнгээр анхдугаар хуралдаан явагдаж, Хурлын даргаар Ө.Сыг 4 жилийн хугацаатай сонгосон. Хуулийн 11.2-т “... “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй”, 11.3-т “... Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно” гэж тус тус заасан.
4 жилийн хугацаагаар нэгэнт сонгогдсон байхад Хурлын даргыг огцруулах хуулийн хангалттай нөхцөл бүрдсэн тохиолдолд Хурлыг даргыг огцруулах асуудал яригдах ёстой. Ямар нэгэн үндэслэлгүйгээр чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн өдрийн 21 дүгээр тогтоолоор ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай тогтоол гаргасан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6-т “... Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааныг Хурлын даргын санал болгосон асуудал байна уу гэвэл тийм тогтоол шийдвэр байхгүй. Өөрөөр хэлбэл, Ө.С нь хүндэтгэн үзэх шалтгаанаар аймагт явж байсан. Хурлын процессын ажиллагаа эхнээсээ буруу явагдсан.
2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Тэргүүлэгчдийн Хуралдааны тэмдэглэлээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хоорондоо ярьж, зөвшилцсөний дагуу Хурлын дарга Ө.Сыг огцруулах асуудлыг үлдээж, ээлжит чуулган хийе гэсэн. Хариуцагчийн ярьж байгаагаар Ө.С нь Хурлын ажлыг байнга гацаанд оруулдаг, ажлаа хийж чаддаггүй гэсэн байдлаар хэлж байгаа. Тэргүүлэгчдээс чуулган хийе гэсэн, гэхдээ тов тогтоогоогүй. Гэтэл шууд маргааш нь ямар нэгэн байдлаар хэн зохион байгуулсан нь мэдэгдэхгүй, хуралдаан явуулж, хэн удирдсан нь бүрхэг байгаа. Тэргүүлэгчдийн тэмдэглэлд дурдсан асуудал үнэн зөв үү гэдгийг тодруулахын тулд шүүх өөрийнхөө санаачилгаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн болон нарийн бичгийн даргыг гэрчээр асуусан.
Гэрчийн мэдүүлгүүдээс харахад бүгд тухайн өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ө.Сыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх шаардлага байхгүй. Гэхдээ цаг үеийн асуудлаар чуулган хийх нь зөв гэж шийдвэрлэж байсан. Тухайн үед бага зэргийн маргаанаас болж чуулганы товыг тогтоогоогүй. Гэхдээ дараагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар чуулганы товыг тогтъё гэсэн асуудлыг хэлсэн гэдэг нь Д.Сьез, Ж.Гүлжан, М.Өмирхан, Х.Хуантхан, Т.Оюун, Ш.Шагдар нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Гэрчийн мэдүүлэгт “... маргааш нь хуралдаан болох гэж байна гэж бид нарыг дуудсан. Бид нар очиход хуралдаан аль хэдийн явагдаж, Ө.Сыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байсан. Гэхдээ Ө.С байхгүй байгаа учраас маргааш нэг мөсөн хэлэлцье гэдэг асуудлыг тавьсан” гэсэн.
Хариуцагчаас тодруулж асуухад тов тогтоосон, Тэргүүлэгчдийн тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргаагүй. Мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөө ч гараагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар Ө.Сыг ажлаас нь чөлөөлөх асуудлын үндэслэлүүдээ дурдсан байна. Ө.Сыг огцруулах үндэслэлүүдэд юу байсан бэ гэхээр хууль бус хуралдааны тогтоол гаргаж хөрөнгө, мөнгө зарцуулахыг зөвшөөрсөн. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг дур мэдэн өөрчилсөн. Тэргүүлэгчдийг удирдан зохион байгуулж, чадаагүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг удаа дараа сольж, тогтвор суурьшилтай ажиллуулж чадаагүй учраас чөлөөлөх хэрэгтэй гэв.
Бид нар шүүх хуралдаан эхлэхээс өмнө чөлөөлөх үндэслэлийн 4-д дурдагдсан нарийн бичгийг удаа дараа солих асуудал тогтоогдоогүй. Серик гэдэг хүн өмнө нь ажиллаж байсан боловч тэр хүн хууль бусаар ажиллаж байсан гэдэг үндэслэлээр Ө.С эрх хэмжээнийхээ хүрээнд Тэргүүлэгчдийн шийдвэрээр чөлөөлж, оронд нь Шагдарыг томилсон. 3 дахь үндэслэл нь Тэргүүлэгчдийг удирдан чиглүүлж, зохион байгуулж чадаагүй гэсэн. Энэ мөн адил тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Ө.Сыг 2019 оны 03 дугаар сарын 27-нд огцруулсан шийдвэртэй холбоотой 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр байдаг. Ямар хууль бус хөрөнгө мөнгө зарцуулах шийдвэр гаргасан бэ гэдэг талаар нотлох баримт байхгүй, чөлөөлөх үндэслэлүүд тогтоогдоогүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.1-т “... тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 22.1.2-т “... тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 23.6-т ”...Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана”, 24.1-т “...Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.2-т “... Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24.3-т “... Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан даргалагч К.Р шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Ө.Сыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар огцруулахтай хэвийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу тогтвор суурьшилтай сайн ажиллаж байхад нь огцруулаагүй. Ө.С нь 2016 оноос ажил авснаас хойш нэг ч удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлыг хуулийн хүрээнд хийж байгаагүй, Хурлын ажлыг байнга гацаанд оруулан ажил хийлгүй байгаатай холбогдуулан хоёр намын бүлгээс төлөөлөгчдийн олонх болон 15 төлөөлөгчдийн гарын үсэгтэй албан бичгийг хуралдаан болохоос 10 хоногийн өмнө өөрт нь танилцуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Шагдарт өгсөн. Гэвч Ө.С нь хоёр намын бүлэг, төлөөлөгчдийн 3/2-ын өгсөн шаардлагыг үл тоомсорлон дур мэдэн шийдвэр гаргасанд иргэдийн Хурлын төлөөлөгчид бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцох шаардлага гарсан юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж хоёр намын болон төлөөлөгчдийн 3/2-ын тавьсан шаардлага зөв байна. Ээлжит бус хуралдаан зарлаж цаг үеийн асуудал тулгамдаж байгаа асуудлуудаар хуралдуулах нь зөв гэсэн шийдвэр гарсан байна. Гэтэл Ө.С нь эсрэгээрээ ээлжит бус хуралдаан хийх шаардлагагүй гэсэн хариу өгсөн нь гэрчилж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Ө.С нь Хурлын даргын бүрэн эрх 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 зэрэг заалтуудыг удаа дараа зөрчсөн учраас хуралдаан хийхийг шаардаж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 3/2 нь түүнийг цаашид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хийх чадамжгүй гэж үзээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4 дэх төлөөлөгчдийн бүрэн эрх, 18 дугаар зүйлийн 18.1.1.5 дахь сум дүүргийн Хурлын бүрэн эрх, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хурлын хуралдааны заалтуудыг тус тус үндэслэн ээлжит бус хуралдаан хуралдуулж зохион байгуулалтын асуудал хэлэлцэх нь зүйтэй шийдвэр гаргасан хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 13-ны 16 цаг 30 минутад ИТХ-ын 15 төлөөлөгч сууж, хурлын дэргэдэх иргэний танхимд эхэлсэн.
Хурлын даргыг огцруулах хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчийн 100%-ийн саналаар хуралдаан даргалагчаар хуучин Тэргүүлэгч байсан гэж намайг сонгосон. Хуралдаанаар ИТХ-ын дарга Ө.Сыг огцруулах асуудал хэлэлцэж санал хураахад оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Ө.Сыг ИТХ-ын даргаас огцруулсан. МАН-ын бүлгийн дарга А.Шаймурат санал гаргаж “... Хурлын дарга Ө.С надтай ярьсан, би өөрөө маргааш очно, хуралдааныг нэг өдрөөр хойшлуулж өг би тамга тэмдэг, ажлаа өөрөөр хүлээлгэж өгөх болно гэснээр хуралдаан нэг хоногоор хойшлуулж, маргааш буюу 14-ний 10 цагт ИТХ-ын танхимд 20 төлөөлөгч сууж хуралдааныг үргэлжлүүлэн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажлаас эхэлсэн. АН-аас Хурлын дарга д нэр дэвших хүнгүй гэснээр МАН-аас К.Р миний нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон 20 төлөөлөгч 100%-ийн саналаар Хурлын дарга болсон.
Ө.Сыг огцруулах үндэслэл нь:
1. Хурлын дарга Ө.С нь ИТХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдаануудыг нэг ч удаа зөв удирдаж чадаагүй ба хуралдаан дундуур хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин зугтдаг, Хурлын даргын эрх, үүргээ мэддэггүй, ёс зүйгүй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.2 зэрэг заалтуудыг удаа дараа зөрчсөн, цаашид Хурлын дарга хийх чадамжгүй болсон.
2. 2016 онд ажил авснаас хойш зөвхөн сумын Засаг дарга С.Бекетийг огцруулах асуудлаар 9 сарын хугацаанд 6 удаа ээлжит бус хуралдаан зарлаж 6 удаа огцруулах шийдвэр гаргаж байсан.
З.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг ямар нэгэн хуралдаан шийдвэргүйгээр дур мэдэн сольдог ба хууль бус Тэргүүлэгчидтэй ажилладаг.
4. 2019 оны 1-сард шүүхээс ялсан учир эрхэм төлөөлөгчид бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар итгэл хүлээлгэн дахин томилсон боловч бидний итгэлийг мартаж, ашиг сонирхолд автагдан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлыг хууль бус явуулж эхэлсэн.
5. Ө.С нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хийж байх хугацаанд дандаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн.
6. 2016 онд ажил авснаас хойш сумын Засаг дарга болох С.Бекетийг 6 удаа огцруулан тогтоол гаргасан ба тухайн үед гаргасан тогтоолуудыг шүүхээс нуун дарагдуулж байсан.
7. Төлөөлөгч болон Тэргүүлэгчийн бүрэн эрхэд байнга халддаг гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан даргалагч К.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 онд Ө.С бид нар бүгдээрээ А. сумын 4 дүгээр багаас сонгогдсон. Ө.Сыг залуу хүн ажлаа сайн хийж чадна гэж тухайн үед ИТХ-ын даргаар томилсон. Ө.Стай ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Өмнө нь Ө.Сыг Засаг дарга 5-6 удаа огцруулсан. Дараа нь Ө.С шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдож байсан. Тэр үед нь бид нар өөрт нь ойлгуулж хэлээд, ажлаа сайн хийгээрэй гэж ажлын хүлээлгэж өгсөн. Гэтэл ажлаа хүлээж авсны дараа дахиж өмнөх байдлаа харуулсан. Ө.С ажиллах хугацаандаа ажлаа сайн хийдэггүй. Сумын хадлан, нүүдлийн талаарх асуудлуудыг ярилцаж, чуулган хийе гэхэд ирээгүй.
Ө.Сыг огцруулахаар 21 төлөөлөгчөөс 15 хүн гарын үсэг зурсан. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бүлгийн дарга Шаймурат руу утасдаж, Ө.С 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирнэ, чуулганыг тэр өдөр хийе гэсэн боловч Ө.С 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирээгүй. Тэгээд төлөөлөгчдийн олонхийн саналаар Ө.Сыг огцруулж, оронд нь намайг ИТХ-ын даргаар томилсон. Ө.С ажлаа сайн хийдэггүй, ажлаа хийхгүй хугацаа алдаад байсан учраас Хурлын төлөөлөгчдийн саналаар Ө.Сыг ажлаас нь огцруулсан байгаа. Тийм учраас Ө.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч К.Рын хүсэлтийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцсан. Ө.С ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, нутгийн өөрөө удирдах эрхийг зөрчиж байсан гэсэн утгаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоолоор Ө.Сыг ажлаас нь чөлөөлж, 20 дугаартай тогтоолоор ИТХ-ын даргаар К.Рыг томилсон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.3-т Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэсэн заалтыг үндэслээд Тэргүүлэгчид хуралдсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ө.Сад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлага хүргүүлсэн хуудсанд ажлын 5 хоногт багтааж ээлжит бус чуулганыг зарлан явуулахыг шаардсан. Гэхдээ Ө.С ямар ч хариу тайлбар өгөөгүй учраас дахиж 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.3 дахь заалтыг үндэслээд дээрх тогтоолуудыг гаргасан. 21 төлөөлөгчийн 15 нь гарын үсэг зурсан албан шаардлага, 7 Тэргүүлэгчийн 5 гарын үсэг зурсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй ажилласан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж, дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 19, “Хурлын даргыг сонгох тухай” 20 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 15 төлөөлөгчөөс А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Сад 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн, уг албан бичигт Хурлын даргыг чөлөөлөх, мөн сумын ард иргэдэд тулгамдаж буй цаг үеийн асуудлаар ээлжит бус чуулган товлон зарлахыг тусгасан, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрх шаардлагын дагуу ээлжит бус хуралдааныг хуралдуулах, хэлэлцэх асуудлыг батлах зэргийг хэлэлцэж ээлжит бус хуралдааныг хуралдуулах, уг хуралдаанаар сумын цаг үеийн асуудлыг хэлэлцэх, харин Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй байх талаар шийдвэрлэсэн, гэхдээ бичгийн хэлбэрээр тогтоол гараагүй, ээлжит бус хуралдааныг хэзээ хуралдуулах талаар товлон зарлаагүй байна.
Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 30 минутад 15 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдаж, Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар чөлөөлөх шийдвэрийг гарган, чуулганыг нээлттэй үлдээж, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өглөөний 10 цагт 20 төлөөлөгчийн ирцтэйгээр үргэлжлүүлэн хуралдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар К.Рыг сонгосон шийдвэрийг гаргажээ.
Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нэр бүхий 15 төлөөлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг[1], Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл[2], 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны тэмдэглэл[3], сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр “ИТХ-ын даргыг чөлөөлөх тухай” тогтоол[4], “Хурлын даргыг сонгох тухай” 20 дугаар тогтоол[5], гэрч Ш.Шагдар, М.Өмирхан, Д.Сьез, Т.Оюун, Х.Хуантхан, Ж.Гүлжан, С.Есболат нарын мэдүүлгүүдээр [6] тус тус батлагдаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно”, 23.4-т “... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” , мөн Хурлын Тэргүүлэгчид нь 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, Хурлын дарга нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т зааснаар “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” бүрэн эрхтэйг тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Хурлын дарга нь төлөөлөгчдийн гуравны хоёр нь ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг шаардсан тохиолдолд Тэргүүлэгчдийг хуралдуулж, хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах, хэзээ хэдийд товлон зарлах талаар саналаа оруулан шийдвэрлүүлэх, Тэргүүлэгчид нь хуралдааны товыг 15-аас доошгүй хоногийн өмнө тогтоож зарлах, зохион байгуулалт, бэлтгэл ажиллагааг хангах талаар шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр байна.
Хуульд заасан эрхийн хүрээнд А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 3/2 буюу 15 төлөөлөгчид нь ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг Хурлын даргад тавьсан, Хурлын дарга нь Тэргүүлэгчдийг хуралдуулан ээлжит бус хуралдааныг зарлах, хэлэлцэх асуудлын талаар санал оруулан хэлэлцсэн боловч нэгдсэн шийдэлд хүрээгүйн улмаас ээлжит бус хуралдааны товыг тогтоогоогүй, ээлжит бус хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны бэлтгэл ажиллагааны талаар шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Гэтэл Хурал нь Тэргүүлэгчдээс хуралдааны товыг тогтоосон шийдвэр гаргаагүй байхад Тэргүүлэгчид хуралдсаны маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 30 минутад ээлжит бус хуралдааныг хуралдуулан Хурлын даргын асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй, энэ нь Хурлын үйл ажиллагаанд баримтлах хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэсэн зарчмыг алдагдуулжээ.
Түүнчлэн, Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24-т заасан “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т заасан “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг тус тус зөрчиж, Хурлын даргыг чөлөөлөх, Хурлын даргыг сонгох асуудлын талаар ямар нэгэн холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, хуралдааны шийдвэрийн төслийг гаргахгүйгээр, төлөөлөгчдөд хуульд заасан хугацаанд тараахгүйгээр шууд хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Мөн Хурлын дарга Ө.С нь хуралдаан болох үед өвчтэй хүүхдээ сахиж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь хэрэгт авагдсан Саматын Мухамедийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт[7], түргэний жолооч С.Наурызбайн тодорхойлолтоор[8] тус тус тогтоогдож байх тул түүнийг байлцуулахгүйгээр, түүнд тайлбар, санал гаргах боломж олгохгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн шийдвэр гаргаж Хурлын даргын ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т заасан “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэснийг зөрчсөн гэж үзлээ.
Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 19, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 20 дугаар тогтоолууд нь хууль бус, эдгээр тогтоолуудын улмаас нэхэмжлэгч Ө.Сын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 19, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас А. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 72-74 дүгээр хуудас
[2] Хэргийн 28-30 дугаар хуудас
[3] Хэргийн 22-25 дугаар хуудас
[4] Хэргийн 27 дугаар хуудас,
[5] Хэргийн 26 дугаар хуудас
[6] Хэргийн 39-40, 45-46, 49-50, 53-54, 57-58, 64-65, 83-84 дүгээр хуудас
[7] Хэргийн 92 дугаар хуудас
[8] Хэргийн 96 дугаар хуудас