Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0344

 

О.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч О.Б

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 153/2023/0004/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ны “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Уг газартаа өвөлжөө барих гэж 2018 оны хавар газар гэсэх үеэс өвөлжөөний хашааны шонгийн нүхийг ухаж бэлтгэсэн мод модон материал ховордож суманд модны зах ажиллахгүйгээс шалтгаалан 2019 оны сүүлчээр банз мод худалдан авч 2020 оны хавраас өвөлжөөгөө барьж эхэлсэн.

2.2.Э.С засаг даргаар томилогдсон үеэс эхлэн орон нутагт ноёрхлоо тогтоож хаана үржил шимтэй газар байна түүнийг авах гэсэн оролдлого хийх, албан тушаалтан нарыг өөрийн захирамжаар ажлаас чөлөөлөх улмаар урьд засаг даргын үед малчдад хээлтүүлгийн зориулалтаар гэрээ хийж хувиарлаж өгсөн үржлийн бухыг дур мэдэн авч өөрсдийн хамаатан садан төрөл төрөгсдөдөө өгснөөс болж миний хувьд гэрээний хугацаа дуусаагүй би өгөхгүй гэдэг маргаан хийсэн. Энэ цаг үеэс эхлэн намайг орон нутагт амьдруулахгүй харж байгаарай гэсэн заналхийллийг хэлж эхэлсэн.

2.3.Ингээд өвөлжөөний бүх ажлыг хийгээд хэсэгхэн газар дээвэрлэх дутуу байтал цааш нь үргэлжлүүлж бариулахгүй зогсоо гэж утсаар дарамт үзүүлсэн, тэгсэн мөртлөө намайг 2 жил ашиглаагүй татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар сумын 3000 гаруй хүн газар эзэмшиж газрын татвараа 10 жил ч төлөөгүй өчнөөн хүн байсаар байтал зөвхөн намайг онилж миний өвөлжөөний газрыг цуцалж байгаа нь бухаа өгөхгүй гэсэн маргаан, багийн иргэдийн нийтийн хурал дээр малын хөлийн татварыг зохистой зөв зүйлд нь зарцуулахгүй байна гэж шүүмжилсний төлөө өш хонзон санаж ийм үйлдэл хийж байгаад гомдолтой байна. Энэ өвөлжөөг барих гэж газар шорооны ажил, дээрээс нь мод модон бүтээгдэхүүн худалдан авах, тээвэрлэх зэрэг маш их хэмжээний зардал орсон төдийгүй хүн хүч, цаг хугацаа зарцуулагдсан байхад энэ бүхнийг үгүй хийж байгаад би хохирч байна. Сум орон нутгийн удирдлагууд аль болох иргэдийнхээ төлөө нэг айл ч гэсэн сайн сайхан амьдрахын төлөө зүтгэж байхад Саранбаатарын хувьд тийм биш аль өөдтэй өнгөтэй газрыг судлуулж өөртөө авах гэсэн оролдлого хийж орон нутгийн иргэдийн маш их дургүйцлийг хүргэж 3-ч удаа огцруулсан боловч шүүхээр яваад дахин томилогддог монгол улсад байхгүй рекортыг тогтоож байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй.

2.4.Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь: 1. Шүүх засаг даргын захирамжийг хууль зүйн үүднээс хүчинтэй эсэхэд дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Учир нь: 2022 оны 10 сарын 17-ны өдрийн А/201 захирамжийн 1 дэхь заалтаар газар эзэмших эрхийг цуцалсугай гэжээ. Гэтэл газрын тухай хуулийн 27-р зүйлд газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж байх бөгөөд газар эзэмших эрхийг цуцлах биш Газрын тухай хуулиар 40-р зүйлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож хуульчилсан байж тухайн хүн газар эзэмших эрхгүй болно. 40-р зүйлийн 40.2 дахь заалтаар засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргана гэж заасан заалтыг зөрчсөн байхад шүүх уг захирамжийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь өрөөсгөл учир дутагдалтай дүгнэлт болсон. Ер нь хууль хэрэглээний хувьд хуулийн нэр нэршил, томьёог зөв хэрэглэх ёстой гэж үздэг газар эзэмших эрхийг цуцлах тухай нэршил огтоос байхгүй.

2.5.Захирамжийн 2 дахь хэсэгт газар эзэмших эрх дуусгавар болсон өдрөөс газрыг 90 хоногийн дотор болгосугай гэжээ. засаг даргын мэдэлд шилжүүлэхийг үүрэг болгосугай гэжээ. Газрын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1 заалтаар газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлийг хуульчилсан. Нэхэмжлэгч Батцагаан миний хувьд уг зүйл заалтад заагдсан аль ч заалтууд үүсээгүй тул эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Тиймээс шүүх энэ үйл баримтанд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

2.6.Захирамжийн 3 дахь заалтаар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээг хураахыг газрын даамалд үүрэг болгосугай гэжээ. Нэхэмжлэгч О.Б миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй тул Газрын тухай хуулийн 27-р зүйлд зааснаар газар эзэмших эрхтэй хэвээр байгаа гэж үзэж байна. Тиймээс түүнийг хураан авах эрх газрын даамалд үүсэхгүй. Тийм эрхийг газрын даамал эдлэхгүй. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 28-р зүйлд зааснаар Улсын бүртгэлд албан ёсоор баталгаажсан бүртгэлтэй.

2.7.Захирамжид намайг 2018 оны газрын төлбөр төлөөгүй гэж бичсэн байсан гэтэл 2018 онд төлсөн гэдгийг татварын байцаагч төлсөн баримтыг гаргаж өгсөн. Хариуцагч талаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэж бичих болсон шалтгаан нь шүүгч Л.О нь туслах н.Б-ийн хамт сумын Засаг даргын өрөөнд сууж байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг Э.С-ыг шалгаадах гэсэн нь өөрт нь ашигтай зөвлөгөө өгснөөр Э.С захиргааны хэргийн шүүх газар дээр нь очиж өвөлжөөг үзсэний дараа маргааш нь шүүхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар гэсэн тайлбарыг бичиж өгсөн нь урьдаас шүүх Э.С-ын талд хэргийг шийдвэрлэхээр зорьж байсан гэсэн хардлага надад төрдөг. Миний хувьд мэдээж хууль тогтоомжийнхоо дагуу олгогдсон газрыг олгодог гэж бодож гэрчилгээ бичигдсэн газрыг эрх шилжүүлж авсан надад ямар буруу байгаа юм бэ. Тийм зүйл байгаа бол ажил хариуцсан хүмүүс нь хариуцлагаа үүрэх ёстой гэж бодож байна.

2.8.Би шүүгчээс 2 удаа татгалзсан боловч Л.О шүүгч надаас өөр шийдэх шүүгч байхгүй гэдгээр шийдвэрлэж Э.С-ын талд үйлчилсэн гэж үзэж гомдолтой байна. Мөн Э.С-ыг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь буруу гэж бодож байна. Учир нэгэнт Э.С ажлаасаа чөлөөлөгдсөн энэ байгууллагад ямар ч хамааралгүй албан тушаалтан болсон байсан.

2.9.Захирамжийн 4 хэсэгт: 2017 оны А/195 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно. Тухайн үедээ эрх шилжүүлэх гэрээгээр газрыг шилжүүлэн авсан үнэн тул түүнийг хүчингүй болгох ямар ч шаардлага байхгүй. Одоо миний өвөлжөө барьсан газрыг дэд бүтэц ойрхон гэдэг далд санаагаар Э.Саранбаатар н.Ц гэдэг хүний нэр дээр өөр хүнээр өргөдөл бичүүлж авах гэсэн санаатай байгаа тухай яригдаж байна. н.Ц би хэнээр өргөдөл бичүүлснээ санахгүй байна гэсэн гэрчийн мэдүүлэг өгдөг. н.Ц гэх хуний бичсэн гэх өргөдлийг шинжээч томилуулан гарын үсэг мөн эсэхийг шинжлүүлэх гэсэн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй татгалзсан. Хадлангийн талбайг албан ёсоор эзэмшүүлж өгөх хууль байхгүй. Хадлангийн талбайд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ огтоос олгодоггүй.

2.10.Гэтэл н.Ц 20 жил хадлан хадаж байгаа гэж ор үндэслэлгүй мэдүүлэг өгсөн уг газрыг н.Д өөрөө газраа эзэмшиж хадлан хаддаг талаар мэдүүлэг өгсөн байдаг. Газрын даамал нарын/ Г.Ө н.Б / хувьд хууль тогтоомжийн дагуу олгогдсон газар тэнд хадлангийн талбай өгөгдөөгүй гэсэн тайлбарыг шүүх анхаарч үзсэнгүй.

2.11.Хариуцагч Э.С-ыг 2022 оны 10 сарын 17-ны өдрийн Б/38 дугаартай захирамжаар сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн. Уг захирамж гарсан өдрөө миний газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж гаргасан байдаг. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтсийн дарга н.Б тайлбар өгөхдөө захирамж гарахаас буюу 2022 оны 10 сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргаа 01/1343 дугаартай албан бичгээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагаас сонсох ажиллагаа явагдах тухай мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаагаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн болохыг Саранбаатар мэдсэн байдаг. Уг албан тушаалаас чөлөөлөх захирамж гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилнэ гэж хариулсан байдаг.

2.12.Тиймээс Э.С албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа гэдгээ мэдэж байсан учраас миний газар эзэмшиж байсан захирамжийг хүчингүй болгосон нь урьдаас санаатай алхам хийсэн гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад О.Б-аас өөр хүний газрыг чөлөөлсөн, цуцалсан асуудал байна уу гэсэн шүүгчийн асуултад байхгүй гэж хариулсан.

Иймээс 2023 оны 03 сарын 31-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч О.Б-аас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан.

2.Маргаан бүхий А/201 дүгээр захирамжаар[1] “...өөрийн эзэмшилд буй ...дугаар бүхий 7800 м.кв газрыг 2017 оноос 2020 оны хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан ашиглаагүй, 2018, 2020, 2021 онуудад газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Б-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх маргаан бүхий газрыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" А/223 дугаартай захирамжаар[2]Ц-д байршилтай 7800 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн иргэн Б.Д-д эзэмшүүлжээ.

4.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дугаартай захирамжаар[3] өвөлжөөний зориулалтаар 7800 м.кв газрыг иргэн Б.Д-аас иргэн О.Б-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

5.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”,

...40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” ,

40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

6.Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд “...2020 оны хавраас өвөлжөөгөө барьж эхэлсэн, нэхэмжлэгч тухайн газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших олж авсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оныг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа ашиглаагүй” нөхцөл байдал тогтоогдож байх тул “нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвөлжөөний зориулалтаар ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн маргаан  бүхий захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7.Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”[4]-аар нэхэмжлэгч нь 2020, 2021, 2022 онуудад газрын төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх маргаан бүхий захирамжийн үндэслэл мөн хуульд нийцсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

8.Шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгсөн бөгөөд тус захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр уг захирамжийн 1 дэх хэсэгт “...газар эзэмших эрхийг цуцалсугай” гэж бичсэн нь хуулийн нэршлийн хувьд алдаатай гэж үзэхээр байх боловч энэ үндэслэлээр уг захирамжийг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй юм.

10.Иймд нэхэмжлэгчээс гаргасан “...хууль хэрэглээний хувьд хуулийн нэр нэршил, томьёог зөв хэрэглэх ёстой. Газар эзэмших эрхийг цуцлах биш Газрын тухай хуулиар 40 дүгээр зүйлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан” гэх гомдлыг шүүх хүлээн авч, маргаан бүхий захирамж болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

11.Түүнчлэн маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр хүчингүй болгосон. Харин “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмших эрх олгосон” гэх үндэслэлээр маргаан бүхий акт гараагүй, захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий актад дурдсан үндэслэл нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх эрх хэмжээтэй тул нэхэмжлэгчийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмших эрх олгосон талаар анхан шатны шүүхийн шүүгч зөвлөгөө өгсний дагуу хариуцагч энэ талаар тайлбарыг өгөх болсон” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх”,

...27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”,

...27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж тус тус заажээ.

13.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/55 дугаар албан бичгээр[5] “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Саранбаатар оролцох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг эдэлж оролцох”-оор итгэмжлэл олгосон байх тул Э.С-ыг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь буруу, ...Э.С ажлаасаа чөлөөлөгдсөн энэ байгууллагад ямар ч хамааралгүй албан тушаалтан болсон байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

14.Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зүүнбүрэн сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/38 дугаар захирамжид “...Зүүнбүрэн сумын Засаг дарга Эрдэнэжавын С-ыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас огцруулсугай” гэснээс үзэхэд хариуцагчийг “2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон” гэдгийг дараагийн ажлын өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

15.Иймээс маргаан бүхий захирамжийг гаргах үед хариуцагчийн бүрэн эрх дуусгавар болсон байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан “хариуцагчийг 2022 оны 10 сарын 17-ны өдрийн Б/38 дугаартай захирамжаар сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн. Уг захирамж гарсан өдрөө миний газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж гаргасан...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээс мөн хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 45 дахь тал

[2] Хэргийн 42 дахь тал

[3] Хэргийн 43 дахь тал

[4] Хэргийн 19 дэх тал

[5] Хэргийн 161 дэх тал