Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/344

 

 

 

 

 

 

 

 

2021            5           27                                       344

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

өсвөр насны шүүгдэгч: С.Э, түүний хууль ёсны төлөөлөгч В.Х,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Эрдэнэбилэг /2637/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эд холбогдох эрүүгийн 2105004650651 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас, 5 сар 2 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Э.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Э нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол, 6 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч Э.Хат-Эрдэнийг зодож, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний алимны салст, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, хамар, нүд орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч- С.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч бид хоёр 2-3 жилийн өмнөөс найзалсан, дотно найзууд юм. Тухайн үед хохирогч намайг хэл амаар доромжлоод байсан юм. Намайг эцэг шигээ адилхан золбин гэж хэлсэн болохоор түүнийг зодсон. Дахиж ийм алдаа гаргахгүй. Хохирогч цаашид уг гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэвэл гарах эмчилгээний төлбөрийг төлнө. Хохирогчийн ээж ирж уулзаад, би хохирогчоос уучлалт гуйж, бид эвлэрсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Э.Ха мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 20-21 цагийн орчим найз Этай уулзаад зүй бус үг хэллэг хэлээд, үл хүндэтгэсэн харилцаа гаргаад байхаар нь би уурласан. Тухайн үед миний өмсөж явсан гэрийн углаашийг намайг унагаж байгаад тайлаад авсан. Би гэр рүүгээ хөл нүцгэн алхаад орсон. Орцонд орж ирээд цахилгаан шатны хаалга цохисон. Гэр рүүгээ ороод би бухимдсандаа шүүгээний хаалга онгойлгох гээд чанга татсан чинь хаалга салаад зүүн хөл дээр унасан. Тухайн үед миний гар хөл бага зэрэг хавдартай байсан. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим найз Э над руу залгаад гараад ир уулзъя гэсэн. Би гараад очсон чинь Э, найз охинтойгоо байсан. Бид хоёр хоорондоо ярилцаад явж байгаад 23 цагийн үед салаад гэр рүүгээ орох гээд Нарны хорооллын 6 дугаар байрны 3 дугаар орцны гадна байж байгаад ахин муудалцаад Э нь найз охиныхоо хажууд намайг зодоод эхэлсэн. Намайг унагааж байгаад дээр гараад толгой руу цохисон. Мөн өшиглөөд байсан. Тухайн үед гар, хөл гэмтсэн байсан болохоор өөрийгөө хамгаалж чадаагүй. Толгой өвдөж байна, юм идэхэд зовуурьтай, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байна.

“Чи түргэн ууртай, үг даадаггүй, чи ийм байдлыг өөрөө бий болгодог, чи буруутай, чиний амнаас л болдог” гэж дээрэлхсэн маягаар хэлэхээр нь би бага зэрэг үл ойшоосон байдалтай “өөрөө харилцаан дээрээ анхаарвал яасан юм бэ, өөрийгөө хар, би та нартай дахиж харьцмааргүй байна” гэж хэлээд гэр рүүгээ орох гэхэд найз Э миний шанаанаас түлхээд, дэгээдэж унагаагаад, миний дээр гарч, миний нүүр хэсэг рүү баруун гараараа олон удаа цохисон. Мөн миний толгой хэсэг рүү олон удаа өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөж, цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед би биеэ хамгаалж чадаагүй бөгөөд нүүр хэсэг өвдөөд, газарт суугаад 5-7 орчим минут хэрэлдээд суусан. Намайг босох үед Э нь намайг дахиж барьж аваад газар унагаагаад, мөр дээр гарчхаад үг хэлээр доромжилж байгаад найз охиныхоо хамт явсан. Би төд удалгүй босоод гэр рүүгээ ороход ээж байсан. Миний хамар, баруун нүд, дух хавдаж, толгой өвдөж, баруун нүдээрээ юм харж чадахгүй байсан. Миний толгой үе үе өвддөг, хамар хугараад далий эдгэсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд С.Э гэх хүүхэдтэй дахиж уулзахгүй гэжээ. (хэргийн 6, 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Т мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хүү Ха нь уйлсан байдалтай “би хүнд аль болох сайн хандах тусам хүнд доошоо хийлгүүлж, доромжлуулж байх юм. Дандаа хэлэх хэлэхгүй үгээр хэлж байх юм” гэж хэлж байсан. Тэгэхэд миний хүүгийн гар нь хавдчихсан, хөл нь улайсан байсан бөгөөд гар хөлөө яасан юм бэ гэхэд “би гараараа хана цохисон, шкафын хаалга татсан чинь миний хөл дээр унасан” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэлээн юм ярьж байгаад тайвшраад амарцгаасан. 2021 оны 3 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед гэртээ ирэхэд миний хүү Ха нь гэртээ байгаагүй бөгөөд хаана байгаа талаар нь гар утсаар залгаж асуухад “би нарны хороололд найзуудтайгаа байна” гэж хэлсэн. Тэгээд 00 цагийн үед миний хүү Ха гэртээ орж ирэхдээ нүүр нь битүү хавдаж, хоолой нь боогдчихсон, 2 нүд нь хавдсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад Э намайг зодчихлоо гэж хэлсэн. Ингээд маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад хандсан. Хүү бид хоёрын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Г.Хо мэдүүлэхдээ:

Би Э гэх хүүхэдтэй 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үерхэж байсан. 2021 оны 3 дугаар сарын 09-ний орой 00 цагийн үед найз банди Э нь Хатнаагийн гэрийн гадна түүнийг унагаагаад нүүр, толгой хэсэг рүү нь олон удаа цохиж, өшиглөсөн. Тухайн үед тэр хоёр өмнөх өдөр нь маргасан байснаас болоод маргасан бөгөөд би болиоч ээ гэж хэлэхэд Э тоохгүй байсан. Ерөнхийдөө Э нь өөрөө маш их ууртай, уурлахаараа хараалын үг маш их хэлдэг. Мөн Хатнаа нь түргэн ууртай хүүхэд. Хоёулаа тамхи татдаг, архи уудаг хүүхдүүд юм гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Э.Ба мэдүүлэхдээ:

Э.Хат-Эрдэнийн биед үүссэн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна. Баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний алимны салст, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, хамар, нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2231 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Хат-Эрдэнийн биед баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний алимны салст, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, хамар, нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

С.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Өсвөр насны шүүгдэгч С.Э нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол, 6 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч Э.Хат-Эрдэнийг зодож, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний алимны салст, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, хамар, нүд орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Ха, гэрч Ц.Т, Г.Хо, шинжээч Э.Ба нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2231 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул С.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, 16 нас, 5 сар 2 хоногтой, Ерөнхий боловсролын “Чин хур” дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг, өсвөр насны хүүхэд зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялаас чөлөөлөх дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Өсвөр насны шүүгдэгч Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН