Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/345

 

 

 

 

 

 

 

 

    2021         5           27                                     345      

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Тэмүүжин, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2105005920096 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 700 000-800 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

1995 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 59 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих,

1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 сар хорих,

2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан, М.

 

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Алтан төгрөг худалдааны төвийн урд замд “Ниссан Нөүт” загварын, 24-14 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Х.Оын жолоодон явсан “Хьюндай Грандуер” загварын, 33-34 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Ц.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.М мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өнөөдрийг хүртэл би 8 жил машин барьж байна. Тухайн үед замын тэмдэг тэмдэглэгээг харсан боловч машиныг харж амжаагүй. Хохирлыг шүүхийн шийдвэрийн дараа даатгалаас гаргаж өгнө гэсэн. Хохирогч 800 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 239 000 төгрөг өгсөн. Би өөрийн буруутай үйлдлээс болдоод ийм үйлдэл гаргачихлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой 650 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар тохиролцсон. Мөн иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөөгүй байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Э мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны орой 20 цаг 30 минутын үед Хайлаастын 17 дугаар сургуулийн буудлаас ягаан өнгийн машинд гар өргөж хойд талын зүүн суудалд суугаад Модны хоёрын чиглэлд явж байтал Баянгол дүүргийн Алтан төгрөг худалдааны төвийн урд уулзвараар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байтал зүүнээс баруун чиглэлд явсан хар өнгийн машин миний сууж явсан машины зүүн хойд тал руу мөргөсөн. Тухайн уулзвар дээр гэрэл дохио байхгүй. Би эрүүгээрээ цонх цохисон. 103-ын машин ирж үзээд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Зураг авхуулахад эрүү 2 хугарсан байна гэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн, ажлаа хийж байгаа. Эмчилгээнд баримтаар нийт 800 000 төгрөг орчим болсон. Амар даатгалын ажилтан хэрэг дууссаны дараа нөхөн төлбөр олгоно гэсэн учир надад жолоочид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч- Х.О мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны орой 22 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн “Huyndai grandeur” загварын, 33-34 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон найз Нэргүйг суулган ойролцоогоор 14-17 км цагийн хурдаар Баянгол дүүргийн Хүнсний захын урд уулзвар дээр төв замаар чигээрээ явж байтал туслах замаар нэг машин шууд машины урдуур орж ирсэн. Шууд тоормос гишгэсэн боловч нөгөө машин зогсохгүй, урдуур хамаад зогссон. Би машинаас буугаад нөгөө машин дээр очиход жолооч, хойд суудалд сууж явсан эрэгтэй хүүхэд гэмтээгүй, харин хойд талд сууж явсан Э гэх эрэгтэй гэмтсэн харагдсан. Би 102, 103 дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Миний биед гэмтэл учраагүй, жолоодож явсан тээврийн хэрэгсэлд маань 1 200 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг даатгалын байгууллагаар хэрэг дуусахаар гаргуулна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2399 тоот дүгнэлтэд:

1. Ц.Эгийн биед доод эрүүний баруун үеийн сэртэн, ооч хэсгийн хугарал, эрүүний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

  Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай магадалгаанд:

  1. Ниссан нөүт маркийн, 24-14 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.М нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. “Хьюундай Грандер” маркийн, 33-34 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. (хэргийн 71 дүгээр хуудас)

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 542 дугаартай автомашин техникийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагаар нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 1 200 000 төгрөг гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.М нь таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих,

1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 сар хорих,

2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан гэжээ. (хэргийн 98 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Алтан төгрөг” худалдааны төвийн урд замд “Ниссан Нөүт” загварын, 24-14 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Х.Оын жолоодон явсан “Хьюндай Грандуер” загварын, 33-34 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хохирогч Ц.Эгийн эрүүл мэндэд доод эрүүний баруун үеийн сэртэн, ооч хэсгийн хугарал, эрүүний зүүн хэсэгт цус хуралт хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Э, иргэний иргэний нэхэмжлэгч Х.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2399 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай магадалгаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Д.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Э нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 641 000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч Х.О нь үнэлгээгээр тогтоогдсон дүн 1 200 000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байх тул Д.Мэс 641 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Эд,

1 200 000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.От олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Э нь энэ хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Мд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Мэс

641 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Эд,

1 200 000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.От тус тус олгосугай.

 

6. Хохирогч Ц.Э нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН