Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

2021           5            31                                      351        

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Золбаяр,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өт холбогдох эрүүгийн 2005020390693 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Говь-сүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Ө.

 

Шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Молор” нэртэй караокены гадна хохирогч Б.Хтэй маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, цох, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ:

Би лагерь дээр заслын ажил хийж байсан чинь н.Х над руу “би Увсаас ирлээ, чамаас өөр уулзах хүн алга” гээд өдөржин залгасан. Тэгээд ажил тараад уулзахаар болоод Гандан дээр уулзсан. Тэгээд н.Нтой утсаар яриад дуудсан. н.Х нэлээн агсам шинжтэй залуу бөгөөд намайг ахтай чинь нийлж зоддог байсан, гадаа гараад үзье гээд байсан бөгөөд гараад би хамар руу нь нэг удаа цохисон чинь хамар нь хугарчихсан. Тэгээд маргааш уулзъя гээд салсан. Маргааш нь надад 150 000 төгрөг өгчих, Дарханы эмнэлэгт 70 000 төгрөгөөр ангийн охин дээрээ очиж янзлуулна гэсэн. Хэд хоногийн дараа дахин 20 000 төгрөг нэхсэн. Би өгч чадахгүй гэсэн чинь цагдаад өгсөн байсан. Хохиролд эхлээд 150 000 төгрөг, дараа нь 350 000 төгрөг өгсөн. Хэл амаа ололцож чадаагүй миний буруу. Хохирогч одоо хамар нь зүгээр болсон гэж хэлж байсан. Цаашид хамрын эмчилгээ хийлгэвэл холбогдох зардлыг төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч –Б.Х мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 26-ны орой Улаанбаатар руу ороод тэр орой нагац ахындаа очоод ачаагаа янзалж байхад Дархан хотод манай нөгөө ангид суралцаж байсан Ө над руу залгаад хороололд Нямбаяр бид хэд байна, чи хүрээд ир гэхээр нь би хороололд Молор нэгтэй караокед очсон. Намайг очиход Нямбаяр, Ө нэг үл таних залуу байсан. Тэгээд бид хэд тэндээ дуулж суугаад архи, пиво ууцгаасан. Тэгж байгаад бид Дарханд сурч байсан талаараа ярьж, Ө бид хоёр нийлдэг байсан, бас намайг ямар нэгэн юмаар бардаггүй байсан гээд жаахан юм ярьж байгаад орой 23 цагийн үед гарсан. Тэгээд гадаа гарч ирээд хажуугийн булан тойроод ороход намайг шууд үгийн зөрөөгүй Ө хэд хэдэн удаа цохиод газар унагаасан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, нүүр рүү битгий цохиорой гэж хэлэх зуур Ө нүүр рүү өшиглөсөн. Тэгээд тэд зугтаад алга болсон. Би 102 дугаарын утас руу залгаж, намайг хөдөлгөөнт эргүүл ирж авсан. Би Баянгол дүүргийн цагдаа дээр байж байгаад гэмтэлд орж үзүүлэхэд хамар хугарсан, хавирга давхралдсан байна гэж байсан. Намайг караокены гадна Ө зодсон. Бусад нь цохиж, зодоогүй. Би биедээ учирсан гэтлээ бүрэн эмчлүүлсэн. Тухайн үед хотод хамрын чихэгдсэн хэсгээ гаргуулж амжаагүй ажилдаа явсан. Дараа нь Дархан-Уул аймгийн эмнэлэгт очиж 270 000 төгрөгөөр эмчлүүлж, 120 000 төгрөгөөр эм авсан боловч баримт байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан. Ө 2021 оны 4 дүгээр сарын 14-нд 350 000 төгрөгийг манай эхнэрийн Хаан банкны 5021274472 дугаарын данс руу шилжүүлсэн гэжээ. (хэргийн 82-83 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч –Ч.Н мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ө намайг хүрээд ир, манай ангийн Х Увс аймгаас ирж байгаа гэнээ, хүрээд ир, уулзъя гэсэн. Тэгээд би Гандангийн хажууд байх Молор нэртэй пабад очсон. Тэнд Ө болон түүний нэг найз байсан. Тэгээд удалгүй Х орж ирсэн. Бид хэд тэнд 0.75 литрийн архи, хэдэн пиво ууж байгаад баарнаас гарсан чинь Х Өт хандаж “би чамайг ахтай чинь нийлүүлж байгаад зоддог” гэсэн чинь Ө уурлаад Хг 1-2 удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгээд би гэр рүүгээ явсан гэжээ. (хэргийн 96 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6469 тоот дүгнэлтэд:

1. Б.Хгийн биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, цох, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 101 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Ө нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 140 дүгээр хуудас)                                                      

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Молор” нэртэй караокены гадна хохирогч Б.Хтэй маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, цох, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Х, гэрч Ч.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6469 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Өт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Х нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан” гэж мэдүүлж байх тул Г.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Өт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Ө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Өт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН