Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/365

 

 

 

 

 

 

 

 

2021            6            04                                       365

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2105000130436 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Да хүрээ захад борлуулагч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Б.

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар байрны 5 тоотод мэдээллийн технологи ашиглан “Х.Хангай” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар “лайв” буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5018462063 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч, 68 удаагийн үйлдлээр нийт 9 758 000 төгрөгийг дансанд цуглуулж, үүнээс 1 615 000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Прокурорын яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Мөрдөгчийн гаргасан олсон ашгийн тооцооны тэмдэглэлтэй танилцсан. Зөрүүтэй зүйл байхгүй. Би дансандаа 9 758 000 төгрөг цуглуулж, үүнээс 1 615 000 төгрөгийн ашиг олсон. Би цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж болохыг цахим сүлжээ, фейсбүүкээс мэдсэн. Тухайн үед байрны түрээс төлөх гээд Ковид-19-ийн улмаас ажил хийх боломж байхгүй, байрнаасаа гарах болчхоод эхнэр хүүхдээ айл руу явуулсан байсан. Олсон 1 615 000 төгрөгийг байрны түрээс, хоол, унд гээд хувийн хэрэгцээнд зарцуулсан. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлдээ гэмшиж байна. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль бус гэдгийг сонсож байсан. Би дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.М мэдүүлэхдээ:

Би гэртээ байж байхдаа фейсбүүкээр “Техас покер” тоглуулж байгаа бичлэгийг хараад тус тоглоомд оролцохоор шийдээд 30 000 төгрөгийг 4 удаа Хаан банкны 5018462063 тоот данс руу шилжүүлэн мөрийтэй тоглоод хоёр удаа хожсон ба тэр хожлын мөнгө миний дансанд орсон гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Мө мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийх ажилгүй байсан бөгөөд фейсбүүк дээр маш олон хүмүүс “Техас покер” тоглоомыг цахим байдлаар явуулж байсан бөгөөд миний хувьд бол 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хангай” фейсбүүкийн хэрэглэгч нь шууд дамжуулалт хийгээд 1 удаа тоглоход 20 000 төгрөг гээд би тус цахим “Техас покер” тоглоомд орохын тулд 20 000 төгрөгийг 3 удаа шилжүүлсэн юм. Тус дансны эзэмшигчийг Б гэж гарч байсныг санаж байна. Би 3 удаа тоглохдоо 1 тоглоомд хожиж, 120 000 төгрөгийг өөрийн 5064276048 тоот дансанд буцааж авсан гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.С мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөл хорио тавигдсан учраас гэртээ байсан. Фейсбүүкийн цахим орчинд хүмүүс шууд дамжуулалт хийгээд покер тоглоом тоглуулаад байхаар нь тухайн өдөр уг цахим дамжуулалтаар явагдсан 3 удаагийн тоглоомд оролцсон. Цахим тоглоом зохион байгуулж байсан хүний фейсбүүк Х.Хангай гэх нэртэй байсан шиг санаж байна. Би 3 удаа тоглохдоо нэг тоглоомд хожиж 120 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006798608 тоот дансанд буцааж авсан гэжээ. (хэргийн 45-46 дугаар хуудас)

 

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А.Бгийн Хаан банкны 5018462063 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Тус гэрч А.Бгээс гаргаж өгсөн Хаан банкны 5018462063 тоот дансны хуулга нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааных байв.

Тус Хаан банкны 5018462063 тоот дансны хуулга нь нийт 10 хуудастай байх ба 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамгийн эхний гүйлгээг 1 гэж дугаарлаад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн сүүлийн гүйлгээг 716 гэж дугаарласан байх ба хамгийн анхны 1 дугаар гүйлгээ 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03.30 цагт хийгдэх үед дансны үлдэгдэл 340 218 09 төгрөг байх ба үүнээс эхний орлогыг хасаж үзэхэд дансанд 290 218 09 төгрөг байв.

Мөрийтэй тоглоом зохион байгуулж байх хугацаанд А.Бгийн дансанд нийт 10 067 782 төгрөгийн орлогын гүйлгээ бүхий 377 ширхэг гүйлгээ хийгдсэн байх ба үүнээс 10 636 300 төгрөгийн зарлагын гүйлгээ бүхий 79 ширхэг гүйлгээ хийгдсэн байх ба үүнд мөрийтэй тоглоом зохион байгуулаад тоглоомд ялсан хүмүүсийн мөнгийг буцааж шилжүүлэхдээ 88, 888, 8989, endoo, ёндоо, мөн тухайн тоглоомд ялсан хүмүүсийн нэрийг оруулж, шилжүүлсэн байв.

А.Б нь 9 758 000 төгрөгийг иргэдээс цуглуулж, түүнээс хожлын мөнгөнд 8 421 300 төгрөгийг иргэдэд буцаан өгч, 1 615 000 төгрөгийг ашиг хонжоо байдлаар олсон.

Тус үзлэгийг хийхдээ А.Бг байлцуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулахаас бусад үед орсон орлого болон зарлагыг цуг байлцан нэмж хасах аргаар тооцоход А.Бгийн дансанд дансны хуулганы хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулахаас гадна 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5058415162 тоот данснаас deegii гэх утгатайгаар 600 000 төгрөгийн орлогын гүйлгээ орсон нь А.Бгийн ах байв.

А.Бгийн мөрийтэй тоглоом зохион байгуулаад олсон ашиг орлогыг тооцохдоо нийт данснаас гарсан зарлагын гүйлгээнээс А.Бгийн хувьдаа зарцуулсан мөнгөн дүнг хасаж бодов.

Тус мөрийтэй тоглоомд ялсан хүмүүсийн хожлын мөнгийг хасаад А.Бгийн зарцуулалтыг тооцож үзэхэд А.Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулаад 1 615 000 төгрөгийн ашиг орлого олж хүмүүст 8 421 300 төгрөгийг мөрийтэй тоглоомд ялсан гэж шилжүүлсэн байна.

А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад баригдсан ба түүнээс хойш байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин мөрийтэй тоглоом зохион байгуулж, хувьдаа зарцуулсан 11 удаагийн зарлагын гүйлгээг нийт хийсэн 79 гүйлгээнээс хасаж бодоход А.Б нь 68 удаагийн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд:

Туршилтын явцад А.Бгийн мэдүүлэгт дурдсаны дагуу 2 ширхэг бичгийн цаас болон “poker stats” гэх бичиглэлтэй хар өнгийн хөзөр, хар өнгийн маркер зэргийг өгч, та тухайн үед цахим орчинд шууд дамжуулалт хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа хэрхэн яаж эд зүйлсийг бэлдэж, мөн мөрийтэй тоглоом явуулж байсан талаараа дэлгэрэнгүй хийж, дүрсэлж үзүүлнэ үү гэхэд А.Б нь эхлээд хоёр ширхэг бичгийн цаасыг аваад дундуур нь нугалж байгаад хоёр бичгийн цаасыг 8 хэсэг болгож хуваагаад тус бүр дээр нь хар өнгийн маркераар 1-8  хүртэл тоо тавиад тухайн тоо тавьсан дугаартай цаасан дээр тус бүр 2 ширхэг хөзрийг тавиад голд нь 5 ширхэг хөзрийг гурав болон хоёроор нь салгаж тавив. Ингээд газарт тавьсан модтой гар байгаа хоёр ширхэг хөзөр нь хамгийн өндөр нийлэмжтэй хүн нь ялагч болно гэж хэлж байх ба тус тоглоомд 2-8 хүртэл хүн оролцдог гээд үзүүлж байв гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)                                                      

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар байрны 5 тоотод мэдээллийн технологи ашиглан “Х.Хангай” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар “лайв” буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5018462063 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч, 68 удаагийн үйлдлээр нийт 9 758 000 төгрөгийг дансанд цуглуулж, үүнээс 1 615 000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.М, Б.Мө, Б.С нарын мэдүүлэг, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А.Бгийн Хаан банкны 5018462063 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Самсунг Жи-6 прайм” (дэлгэц нь салсан, эвдэрсэн) гар утсыг хураан авсан ба шүүгдэгч А.Б нь тухайн гар утсыг ашиглан фейсбүүкээр шууд дамжуулалт хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан бөгөөд гар утас ашиглахгүйгээр мэдээлэл технологиор мөрийтэй тоглоом зохион байгуулах боломжгүй, гэмт хэрэг үйлдэхэд гар утас ашигласан байна.

Дээрх 1 ширхэг “Самсунг Жи-6 прайм” (дэлгэц нь салсан, эвдэрсэн) гар утас нь эвдэрсэн, цаашид ашиглах боломжгүй байх тул устгахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч нь мэдээлэл технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж 1 615 000 төгрөгийн ашиг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1 615 000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бг мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг А.Бд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгээс 1 615 000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Самсунг Жи-6 прайм” (дэлгэц нь салсан, эвдэрсэн) гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН