Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2021/0422/Э |
Дугаар | 2021/ШЦТ/396 |
Огноо | 2021-05-04 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин
улсын яллагч Х.Нарангуа /томилолтоор/,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 03094 0250 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, 2 дүү, эхнэрийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, урьд
- Хан-Уул дүүргийн эрүүгийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,
- Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 464 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 151 дүгээр зүйлийн 151.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өндөрхаан 419 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 515 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
К овогт Бийн С /РД:.../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.С нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Гийг хардалтын улмаас зодож түүний биед баруун чамархайн хуйх, зулай, духны хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Б.Сыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Гийн “...2020 оны 10 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед хамтран амьдрагч Сын хамт Сын найз Лундаажанцангийн гэр болох Баруун салаанд очиж бөөндөө хоол унд идчихээд сууж виски болон 2 шил Эдэн нэртэй 0.75 литрийн архи ууцгаасан. Тэгээд манай найзууд дэлгүүр орох гээд явсан хойгуур манай хамтран амьдрагч Сын утас нь дугарахаар нь би ажлаас нь юм болов уу гээд гар утсыг нь авсан чинь нэг эмэгтэй залгаад “ирээд авчих” гээд согтуу байртай ярихаар нь би Сүхээ байхгүй байна. Дэлгүүр явчихсан байна. Тэгээд ч чамайг очиж авч чадахгүй гээд хэлсэн. ...Тэгээд бид нар сууж байгаад гэнэт нөгөө залгасан эмэгтэй бодогдоод би С руу ууж байсан архиа нүүр рүү нь цацчихсан. Тэгтэл С надтай хэрэлдээд эхэлсэн. ... хэрүүл хийгээд машин дотроо суугаад бид хоёр ... тоотод ирээд би Сыг утсаар ярьсан эмэгтэйг нь асуухад манай багын найз байгаа юм гээд байсан. Тэгээд би Сыг тэр утсаар ярьсан эмэгтэйтэй хардсан чинь С миний нүүр рүү 1 удаа цохихоор нь би гэрээс гарах гэтэл хашаан дотор С гарч ирээд миний үснээс зулгаагаад буцаад гэр рүү орсон. Тухайн үед С намайг чирэхдээ миний гуянд гэмтэл үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,
2. Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камераар бичлэг хийсэн, Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд ажилласан тухай тухай илтгэх хуудас /хх9-10/,
3. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх85-88/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12396 дугаар “...Б.Гийн биед баруун чамархайн хуйх, зулай, духны хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх23-24/,
5. Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 25-ны орой ...би Лундаажанцан, Болорхүү нарын хамт дэлгүүр орж 0.75 литрийн Эдэн 1 шил авчхаад Лундаажанцангийнд очсон чинь Г “над руу тэр хүүхэн чинь залгалаа, янхан чинь залгалаа, би явлаа” гээд гэрээс нь гараад явснаа хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би хэрүүл хийгээд яах вэ гэж бодоод явлаа гэж хэлээд гэрээс гараад машиндаа суутал Г миний ардаас гарч ирээд хэрүүд хийгээд машинд суусан. Тэгээд би найз нарынхаа дэргэд хэрүүл маргаан хийгээд яах вэ гээд ... тоот түрээсэлдэг хашаа байшиндаа ирээд машинаасаа бууцгаагаад Г бид хоёр гэртээ орсон. Тэгтэл Г дахиж хэрүүл хийгээд байхаар нь би Гийн нүүр рүү нь нэг удаа алгадсан чинь Г гэрээс гараад явахаар нь би ардаас нь гараад Гийн үснээс зулгаагаад газар чирсэн юм... Би Гийг манай багын найз Үүрийнтуяатай хардлаа гэж цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх80-81/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.С:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Б.С, хохирогч Б.Г нар 2018 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт, талуудын тайлбараас дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод “багын найзтай хардлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Б.Гтай маргалдаж түүний нүүр рүү нь цохиж, үснээс нь зулгааж чирч зодсон үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Гийн “...тэгээд би Сыг тэр утсаар ярьсан эмэгтэйтэй хардсан чинь С миний нүүр рүү 1 удаа цохихоор нь би гэрээс гарах гэтэл хашаан дотор С гарч ирээд миний үснээс зулгаагаад буцаад гэр рүү орсон. Тухайн үед С намайг чирэхдээ миний гуянд гэмтэл үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг, болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Б.Сын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Гийн биед “...баруун чамархайн хуйх, зулай, духны хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12396 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч хувиараа бохир соруулах үйлчилгээ үзүүлэх ажил эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан мөнгөн торгуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь дансны хуулгаар нь тогтоогдож байгаа /хх46-66/ зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР