Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/366

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх (2575),

шүүгдэгч: Э.З, түүний өмгөөлөгч К.Манлай (2294) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зд холбогдох эрүүгийн 2005027260226 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, цахилгаанчин мэргэжилтэй,  сард 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт 

урьд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  З.

 

  Шүүгдэгч Э.З нь 2018 оны 5  дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, тус компанид нийт 25 928 750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.З мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлсөн. Одоо хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа аудитын дүгнэлт гаргуулахад төлсөн 3 сая төгрөгийг төлнө. Энэ мөнгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна. Би 2018 оны 11 сарын эхэн үеэс компаниас гарч Солонгос явж ирээд буцаад ажилласан. Тэгээд бизнес эрхлэх гээд мөнгө хэрэглэж байсан. Гэтэл 2020 онд Ковидийн өвчин гарсны улмаас хил хаагдаад бизнесээ хийгээгүй учраас бизнес маань дампуурсан. Байгууллагаас завшсан мөнгийг би хувьдаа хэрэглэсэн. Түүнчлэн үнийн дүн дээр маргах зүйлгүй. Би 25 928 750 төгрөгийн хохирлыг өөрийн нэр дээрх газраа зарж, мөн ахаасаа мөнгө зээлж төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч –Г.Б мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Э.З нь манай компанид тахианы мах, өндөг зэрэг жижиглэн барааг зарж, борлуулдаг. Э.З нь бараа бүтээгдэхүүнийг гар дээрээ хүлээн авч, худалдан авагч, харилцагч нарт хүргэж өгөөд буцаад бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог харилцагчаас бэлнээр болон дансаар авдаг байсан. Ингэхдээ зарим тохиолдолд байгууллагын дансаар болон борлуулагч нарын дансаар авдаг байсан. Энэ хугацаанд бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж, харилцагч нарын тооцооноос хэрэглэсэн. Э.З нь “Жэй Кэй Ти” ХХК-ийн 5 832 000 төгрөгийг, “Гуа Бурхант” ХХК-ийн 4 500 000 төгрөгийг, иргэн Буянаагийн тооцооноос 5 529 000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 7 367 250 төгрөгийн зарлагын бараа авсан, 2 700 000 төгрөгийн зарлагын барааг авч, бүртгэлгүй борлуулсан. Нийт 25 928 750 төгрөгийн хохирол учруулж, үүнийгээ бүрэн төлж дуусгасан. Одоо манай байгууллага шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр болох 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шинжээчийг манай байгууллага томилуулаагүй, мөрдөгч томилсон. Хэрвээ төлбөрөө төлөхгүй бол Аудитын дүгнэлт гаргахгүй гацаа үүснэ гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргах үнэ 3 300 000 байсан. Бид шинжээчтэй уулзаж, НӨАТ-ын дүнг хасаад 3 сая төгрөг болгосон гэв.

 

“ЗЦН” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн аудитын дүгнэлтэд:

Аудитын нягтлах ажлын дүгнэлтээр санхүүгийн 2019 оны тайлан аудитын дүгнэлт, үндсэн ба нэмэлт материалуудыг ашиглан “Торговый дом сибирь” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан Э.Зтай холбогдох тооцоог баримт материалуудыг үндэслэн шалгаж, 25 928 750 төгрөгийн авлага тус компанид үүссэнийг баталгаажуулан шалгаж, дүгнэлт гаргалаа гэжээ. (хэргийн 235 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.З 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 407 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 235 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.З нь 2018 оны 5  дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Торговый Дом Сибирь” ХХК-д борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, тус компанид нийт 25 928 750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг, “ЗЦН” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн аудитын дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч К.Манлай нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Шүүгдэгч нь “ЗЦН” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн аудитын дүгнэлтийг гаргахад төлсөн төлбөр болох 3 000 000 төгрөгийг хохирогч нэхэмжилнэ гэснийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул 3 000 000 төгрөг гаргуулж, “Торговый Дом Сибирь” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн шинжээчийн дүгнэлтийн үнэ 3 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Зг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.З нь торгох ялыг 1 жил 6 сарын (нэг жил зургаан сар) хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Згаас 3 000 000 төгрөг гаргуулж “Торговый Дом Сибирь” ХХК-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Зд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН