Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 071

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын  6 дугаар багийн оршин суугч Хурман овогт  Д.А  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Усумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Усумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай “Д.А-г ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч У сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие У сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын түшмэлээр ажиллаж байсан ба 2019 онд 03 дугаар сарын 28-ны өдөр ажлын цагаар гадуур явж айраг уусан. Тухайн үед намайг ажлын цагаар архи уусан гэж Цагдаагийн газарт шалгуулсан. Тухайн үед би архи биш айраг уусан байсан. Цагдаагийн хэсгээс “ажлын цагаар төрийн албан хаагчид архи уусан байна, арга хэмжээ ав” гэж Засаг даргын Тамгын газрын даргад албан бичиг явуулсан. Уг албан бичгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ажлын цагаар ажил тасалсан маань үнэн, гадуур ажлаар явж байсан,  гэхдээ ажлын цагаар архи уугаагүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Усумын Засаг даргын Тамгын газрын даргаас маргаан бүхий тушаалд тусгагдсан үндэслэлүүдээр ажлаас халах шийдвэр гаргах гэж буй тухай надад мэдэгдэж, тайлбар аваагүй. Хуульд тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар намайг ажлаас чөлөөлөх талаар надад мэдэгдэж, тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах, 7 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааны үед гарсан саналыг тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй боловч тус ажиллагаануудыг хийгээгүй, миний хуульд заасан эрх ашгийг хамгаалах боломжийг хязгаарласан болно.

Баян-Өлгий аймгийн Усумын Засаг даргын Тамгын газрын дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон. Хуулийн тус заалтад 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж болох тухай заасан. Гэтэл дээрх 37, 39 дүгээр хэсэгт заасан ямар зүйл, заалтыг зөрчсөнийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг ямар үүргийг зөрчсөн нь, 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон зүйлийн аль хэсгийг зөрчсөн эсэхийг албан ёсоор тогтоогоогүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг тушаалын үндэслэл болгохдоо дээрх 37, 39 дэх хэсэгт заасан зүйл, заалтын аль нэгийг зөрчсөн байхыг тогтоож, тушаалдаа давхар баримтлах ёстой, хэрэв эс тэгвээс Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх ёстой гэх шаардлагыг хангаагүй гэж үзээд маргаан бүхий тушаал хүчингүй болох учиртай юм.

Түүнчлэн, маргаан бүхий тушаалын үндэслэлдээ Д. Алма-ата нь ажлын цагт удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсэн гэх боловч удаа дараа гэдгийг тогтоосон талаар болон ажлын байранд архи уусан эсэхийг тодорхой тусгаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэж байгаа тул Усумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай “Дүйсенбекийн Алма-атаг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэх хэд хэдэн үндэслэлүүд байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн заалтыг баримтлах ёстой. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд сонсох ажиллагаа хийгдээгүй байна. Мөн эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэнээс тайлбар гаргах боломжоор хангаагүй гэдгээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг хязгаарласан байна. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 48.1, 48.1.3 дахь заалтыг баримталсан. 48.1-д хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн бол хариуцлага тооцохоор байгаа. Хариуцагчаас асуулт хариултын шатанд 37, 39 дүгээр зүйлийн ямар заалтыг зөрчсөн талаар асуухад тодорхой тайлбарлаж чадаагүй. Нэхэмжлэгчийг хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж боломжгүй. Архи уусан нь зөрчлийн шинжтэй байж болно, гэхдээ албан үүргээ биелүүлээгүй гэдэгт эргэлзээтэй байна. Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 48.1 дэх хэсгийг тушаалд баримталсан тохиолдолд үндэслэлд  нь албан үүргээ биелүүлээгүй гэдгийг дурдах ёстой байсан.  Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг баримтлаагүй учраас тайлбар дээрээ дурдаж байгаа нь үндэслэлгүй.

Эрх бүхий албан тушаалтны гаргаж байгаа захиргааны акт нь хуульд үндэслэсэн тодорхой ойлгомжтой байх боловч, ямар нэгэн уялдаа холбоогүй заалтуудыг энэ тушаалд тусгасан нь хууль бус. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлтэй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын түшмэлээр ажиллаж байсан Д.А нь үүрэгт ажилдаа хайнга хандаж ажил тасалж, архи ууж согтуугаар машин жолоодож төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн учраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түүнийг ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэж, ёс зүйн хорооны гишүүдийн олонхийн саналаар сануулах арга хэмжээ авч байсан. Д.А нь тухайн үед цаашид дээрх  төрлийн зөрчил гаргахгүй гэж гаргасан зөрчлөөөөрөө хүлээн зөвшөөрч баталгаа бичиж өгсөн. Дараа нь   2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сумын Цагдаагийн хэсэгт нийгмийн бодлогын түшмэл Д.А ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байна гэх иргэний гомдлын дагуу цагдаагийн эрх бүхий албан тушаалтан согтолтын зэргийг тогтоож үзэхэд 0.67 промиль зааж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тодорхой болсон. Энэ нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сумын Цагдаагийн хэсгээс ирүүлсэн албан шаардлагаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.13, 37.1.16 дахь зүйлүүдэд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн юм.

Иймд Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авагдсан нийгмийн бодлогын түшмэлээр ажиллаж байсан Д.Аг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиагүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахиж төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх ёстой байсан. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36, 32 дугаар хамтарсан тушаал, Цагдаагийн газрын албан шаардлага, Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн тухайн тушаалыг гаргасан, н

эхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Усумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар нийгмийн бодлогын түшмэлээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Аг ”ажлын цагт удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллаагүй”  гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн хувьд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Д.Аг “ажлын байрандаа согтуу байдалтай байна” гэх  бусдаас гаргасан мэдээллийн дагуу Усум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Т.Еркетай  түүнийг Цагдаагийн хэсэгт авч ирж, 15:22 цагийн үед тусгай зориулалтын багажаар үлээлгэж шалгахад,  согтолтын хэмжээ нь 0.67 промиль зааж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь, түүнийг сумын Засаг даргын орлогч Ж.Сламболд хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан тухайн өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, гэрч цагдаа-зохицуулагч Т.Еркетай, гэрч Д.Жолжахсы нарын мэдүүлгүүдээр тогтоогджээ.  Ингэснээр Д.Агийн гаргасан зөрчилтэй нь холбогдуулж 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сумын Цагдаагийн хэсгээс Засаг даргын Тамгын газрын даргад 87 дугаартай шаардлага хүргүүлж, тодорхой арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг шаардсан байх ба үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нийгмийн бодлогын түшмэл Д.Аг оролцуулж, сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо хуралдаж, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хэлэлцэн түүнд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын даргад уламжлахаар шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд мөн тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч нь хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуулийн 48.1.1- 48.1.5-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг 48.1-д зааснаар ногдуулах үндэслэл болно.

Нэхэмжлэгч дээрх үйлдлээрээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.16-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах  төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зөрчиж, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан байжээ.

Дээрх байдлаар  төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгч Д.А нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөнөөр түүнд хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл үүссэн байх ба  нэхэмжлэгч ажлын цагаар архи уусан зөрчлийг давтан гаргасан, урьд гаргасан энэ төрлийн зөрчилд  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Усумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/27 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш  тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хугацаа өнгөрөөгүй буюу өмнөх зөрчлийн хувьд сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа өнгөрөөгүй,түүнчлэн зөрчлийн шинж байдал, түүнийг давтан үйлдсэнийг харгалзан хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргах замаар нэхэмжлэгчид  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар 48.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байх ба энэ нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн шийдвэр биш байна гэж үзлээ.

            Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй бөгөөд 48.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэх зохицуулалтыг хариуцагч мөн зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахаас өмнө сонсгох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар мэдэгдэж, тайлбар аваагүй гэж маргасан боловч энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд түүний гаргасан гэх зөрчилтэй нь холбогдуулж, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Усумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо хурал хийж нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн нь, хуралд томилох эрх бүхий этгээд болох Засаг даргын Тамгын газрын дарга А.Х, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээд   болох нэхэмжлэгч Д.А нар оролцсон нь, тухайн хурлаар  Д.Ад холбогдох сахилгын зөрчилтэй холбогдуулж сумын  Цагдаагийн хэсгээс ирүүлсэн тодорхой арга хэмжээ авах тухай шаардлагыг танилцуулсан нь, хурлын үеэр Д.Агаас нь өөрт нь холбогдох зөрчлийн талаар тайлбар авсан нь хэрэгт цугларсан Усумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, ёс зүйн хорооны гишүүн болох Е.Нурбек, Х.Талгат нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх маргааныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг зохих ёсоор захиргааны байгууллагаас хийгээгүй гэх маргаан нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.2, 48.4-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Усумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай “Дүйсенбек овогтой Алма-атаг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             М.РИЗА