Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0345

 

Г.З-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүр лдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ч.Энхбаатар

Нэхэмжлэгч: Г.З

Хариуцагч: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 115/2022/0027/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Заяасайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Г.З-ыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.З-ыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын даргын /түр орлон гүйцэтгэгч/ албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13.049.748 /арван гурван сая дөчин есөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан Г.З-д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын даргын орон тоо суларсан буюу даргагүй болсон нөхцөл байдал нь тус сумын Засаг даргаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэхээр байх тул энэ тохиолдолд сумын засаг даргын орлогчоос өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан, тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгч тэнцсэн бөгөөд нөөцөд байгаа Г.Заяасайханыг өөрийн ажлын алба буюу Тамгын газрын даргын албан тушаалд ажиллахыг санал болгож томилсон нь дээр дурдсан хуулийн "Албан ажлын зайлшгүй шаардлага"-д үндэслэсэн гэж үзэхээр байна." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2.Төрийн албаны тухай хуулийн 44-р зүйлийн 44.1-т "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно". Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно." гэж тус тус хуульчилж, тайлбарласан байх ба анхан шатны шүүх нь шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт дээрх хуулийн заалтыг маш тодорхой дурдсан байдаг.

2.3.Дээрх хуулийн заалтын агуулгаас үзвэл төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд дараах урьдчилсан нөхцөл биелэгдсэн байхыг шаардаж байна.

1.Ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн байх,

2.Төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийн удирдлага санаачилсан байх,

3.Төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлсэн байх

4.Тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсон байх буюу эдгээр дөрвөн хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд төрийн албан хаагчийг Шилжүүлэн ажиллуулах боломж нөхцөл бүрдэхээр байна.

2.4.Нэхэмжлэгч Г.З-ыг Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилохдоо дээр дурдсан урьдчилсан нөхцөлийн 1, 4-т заасан хуулийн шаардлага, урьдчилсан нөхцөлийг хангаагүй байхад хууль зөрчиж, ажилд шилжүүлэн томилсон байдаг. ...хуулийн шаардлага гарсан тохиолдолд албан тушаалтныг шилжүүлэн ажиллуулахаар байхад энэхүү захиргааны хэргийн материалд дээрх хуулийн тайлбарт дурдсан албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон талаарх нотлох баримт огт авагдаагүй байдаг.

2.5.Гэтэл анхан шатны шүүх нь захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тухайн Засаг даргын Тамгын газрын даргын орон тоо суларсан явдал нь ажлын зайлшгүй шаардлага гэдэгт хамаарна хэмээн дээрх хуулийн заалтыг илт зөрчиж, тухайн хуулийн заалтын тайлбарт тухайн нөхцөл байдал нь огт хамааралгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн тайлбарт энэ талаар дурдаагүй нөхцөл шалтгааныг ажлын зайлшгүй шаардлагад хамааруулан хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Мөн албан тушаалтныг шилжүүлэн ажиллуулахад тэдгээрийн удирдлага хооронд харилцан тохиролцсон байх буюу нэг талаас Хөвсгөл сумын засаг даргын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Г.З-ыг өөрийн ажлын албанд шилжүүлэн ажиллуулах талаар түүний ажиллаж байсан байгууллагын удирдлагад санал гаргаж, нөгөө талаас нэхэмжлэгчийн удирдах албан тушаалтны зүгээс тухайн саналыг хүлээн зөвшөөрч, санал нэгдэн хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байх ёстой байна.

2.6.Гэтэл бодит байдалд хоёр байгууллагын удирдлагууд Г.З-ыг шилжүүлэн ажиллуулах талаар хоорондоо огт харилцаагүй, нэг нь нөгөөдөө санал тавиагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх ба хуульд заасны дагуу харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт... түүнийг шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлага болох сумын засаг даргын орлогчоос нэхэмжлэгчийг Тамгын газрын даргаар ажиллахыг санал болгосон бөгөөд шилжүүлж буй байгууллага буюу Дорноговь аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргаас нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн 2022.05.27-ний өдрийн "Г.З-ыг шилжүүлэх тухай" Б/26 дугаар тушаалыг гаргахдаа 44-р зүйлийн 44.1-т заасныг үндэслэсэн байгаагаас үзвэл "удирдлага хооронд харилцан тохиролцоогүй" гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2.7.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн Төрийн Захиргааны албан хаагчдад зэрэг дэв шинээр болон ахиулан олгох тухай" А/270 дугаар тушаалаар нэхэмжлэгчид төрийн захиргааны гутгаар зэргийн ахлах түшмэл зэрэг дэвийг олгосон бөгөөд тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байх тул хариуцагчийн журам зөрчиж шилжүүлсэн гэх татгалзал үндэслэлгүй байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.8.Төрийн албан тухай хуулийн 44-р зүйлийн 44.7-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална" гэж заасны дагуу Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 1.5 дах заалтад "Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, эсхүл сэлгэн ажиллуулна" гэж заасан байдаг. Уг журмын заалтаас үзвэл дэс түшмэл Т3-5 зэрэгт хамаарах албан тушаалд ажиллаж байсан бол нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахдаа тухайн байгууллагын дэс түшмэл ТЗ-5 зэрэгт хамаарах ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар байна.

2.9.Гэтэл Г.З-ыг Хөвсгөл сумын газрын даамал буюу дэс түшмэл ТЗ-5 зэрэгт хамаарах албан тушаалаас Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын дарга буюу ахлах түшмэл ТЗ-9 зэрэгт хамаарах албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилсон нь дээрх журмын адил төрлийн албан тушаалд шилжүүлэх гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх дээр дурдсанаар илт хууль бус дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2.10.Засаг даргын хувьд Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 3 сарын 22- ны өдрийн Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв шинээр болон ахиулан олгох тухай" А/270 дугаар тушаалаар нэхэмжлэгчид төрийн захиргааны гутгаар зэргийн ахлах түшмэл зэрэг дэвийг олгосонтой огт маргаагүй. Харин түүнийг шилжүүлэн ажиллуулахдаа адил төрлийн албан тушаалд шилжүүлэх талаар хууль, журамд заасныг зөрчсөн хэмээн маргаж байгаа.

2.11.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66-р зүйлийн 66.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно" гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлийн 46.2.5-д заасны дагуу "хуульд заасан бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө" гэж тус тус заасан байдаг.

2.12.Дээр дурдсанчлан Г.З-ыг Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчээр томилсон Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022.05.27-ний өдрийн Б/06 дугаар "Засаг Даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай" тушаал нь Төрийн албан тухай хууль 44-р зүйлийн 44,1 дэх заалт, мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ыг баталсан журмын 1.5 дахь заалтыг тус тус зөрчиж гарсан байх тул миний бие өөрийн бүрэн эрх, хэмжээний хүрээнд хууль бусаар Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгож, түүнийг хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй.

2.13.Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, ЗХШХШ тухай хуулийн 34-р зүйлийн 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.14.Анхан шатны шүүх нь ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь ЗХШХШ тухай хуулийн 106-р зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй, мөн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн талд хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Г.З-аасХөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э-т холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар[1] Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.З-ыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...чөлөөлөгдөх, халагдах ямар нэгэн алдаа гаргаагүй хуулийн хүрээнд ажиллаж байсан. Гэтэл өмнө хийж байсан ажлаас минь чөлөөлүүлж Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, даргаар томилчхоод сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд дахин үүрэг гүйцэтгэгч томилж, намайг ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн. ...захирамж нь ямар зөрчил дутагдал гаргасан нь тодорхойгүй зөвхөн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргах эрхээ л дурьдаж захирамжилсан байгаа нь төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх, цалин орлоготой байх эрхийг зөрчсөн...” гэж тайлбарлан маргасан.

 Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ “...Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ “адил төрлийн албан тушаалд шилжүүлэх” гэж заасан журмын зохицуулалтыг зөрчсөн, ...газрын даамлын /дэс түшмэл ТЗ-5/ албан тушаалаас сумын Засаг даргын тамгын газрын дарга /ахлах түшмэл ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь хууль бус тул төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй...” гэж тайлбарлажээ.

4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар[2] Г.З-г “Хөвсгөл сумын газрын даамлаар” томилж, тус газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар[3] “Тус газрын Хөвсгөл сумын газрын даамал Г.З-ны ирүүлсэн хүсэлтийн дагуу Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газарт” шилжүүлжээ.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар[4] “Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.З-ыг томилжээ.

5.Дээрх тушаал, захирамжуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.З нь Хөвсгөл сумын газрын даамалын ТЗ-5-1 зэрэглэлтэй, гүйцэтгэх төрлийн албан тушаалаас сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалын ТЗ-9 зэрэглэлтэй, удирдах төрлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэж үзэхээр байна.

6.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж,

...27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус заажээ.

7.Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байх тул тусгай шалгалт буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орох шаардлага үүсэхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, ...ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж заасантай нийцсэн” гэх дүгнэлт хуульд нийцсэн байх хэдий ч тус шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлага болон дээрх журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах боломж нөхцөл бүрдэхээр байна.

8.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд тус хуульд Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.

9.Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна” гэж, 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албаны зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж, 2.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно” гэж тус тус заажээ.

10.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.З-аас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад хандаж “...өөр ажилд шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж, шилжүүлж өгнө үү” гэх өргөдлийг[5] гаргасан байх хэдий ч дээрх журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй байна.

11.Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа тэдгээрийн удирдлага хоорондоо харилцан тохиролцсон байх буюу нэг талаас Хөвсгөл сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Г.З-ыг өөрийн байгууллагад шилжүүлэн ажиллуулах талаарх саналыг түүний ажиллаж буй байгууллагын удирдлагад хүргүүлж, тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болохоор байх бөгөөд мөн энэ талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байх шаардлагуудыг хангасан талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй байна.

12.Мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06/1719 дүгээр албан бичгээр[6] “...таныг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Г.З-ыг шилжүүлэх тухай” Б/26 дугаар тушаалаар тус аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн байх боловч төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь болон хоёр байгууллагын удирдлагын хооронд харилцан тохиролцоогүй, мөн Хөвсгөл сумын газрын даамал /дэс түшмэл ТЗ-5/-ын албан тушаалаас тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга /ахлах түшмэл ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчсөн...” гэжээ.

13.Хэдийгээр нэхэмжлэгчээс ...Засаг даргын орлогчоос намайг тус газрын Тамгын газрын даргаар ажиллахыг санал болгосон” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч энэ талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан “...бодит байдалд хоёр байгууллагын удирдлагууд Г.З-ыг шилжүүлэн ажиллуулах талаар хоорондоо огт харилцаагүй, нэг нь нөгөөдөө санал тавиагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх ба хуульд заасны дагуу харилцан тохиролцоогүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.

14.Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буюу төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэж үзэхээр байх тул “...адил төрлийн албан тушаалд шилжүүлэх” гэснийг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

15.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”,

...66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,

...66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу маргаан бүхий захирамжийг гаргасан гэж үзэхээр байна.

16.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.З-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч  Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З-аас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э-т холбогдуулан гаргасан Хөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 20 дахь тал

[2] Хэргийн 58 дахь тал

[3] Хэргийн 24 дэх тал

[4] Хэргийн 19 дэх тал

[5] Хэргийн 127 дахь тал

[6] Хэргийн 25 дахь тал