Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/368

 

 

 

 

 

 

 

 

2021           6           04                                         368

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лд холбогдох эрүүгийн 210500000677 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эстрад дуулаач мэргэжилтэй, Л.

 

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анд” нэртэй ресторан паб дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас архи уулаа гэх шалтгаанаар хамтран амьдрагч С.Бгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.Л мэдүүлэхдээ:

Хохирогч С.Б бид 2 танилцаад 3 жил болж байна. Энэ хугацаанд Б архи уудаг, архи уухаараа ааш, авир гаргаж намайг зодож, хэл амаар доромжилдог байсан. Гэхдээ тэр асуудал гэрт л болдог учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Бг нэг удаа эрүүлжүүлэхэд өгч байсан. Би Бгаас өмнө өөр хүнтэй амьдрал зохиож, 2 хүүхэдтэй болж байсан. Миний 2 хүүхдийг золбин гэж хэлж байсан. Тэр бүхнийг тэвчиж явсаар ирсэн. Тухайн өдөр Бгийн духан дээр гараараа нэг удаа цохисон нь үнэн. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би байнга хэрэглээд байдаггүй. Б хэрэглэдэг. Хохирогчийн биед халдаж түүнд гэмтэл учруулсан нь миний буруу. Хохирогч эмчилгээ хийлгээд надаас нэхэмжилбэл хохирлыг төлнө. Энэ хэрэг гарснаас хойш бид тусдаа байгаа ба утсаар холбоотой байдаг. Энэ хэрэг гарахад бид хоёрын хэн алины буруу байгаа гэж бодож байна. Би цаашид Бтай хамт амьдрахгүй гэж бодож байгаа. Би хүүхдэдээ аль болох ойр байж, эцэг хүнийхээ үүргийг биелүүлнэ. Мөн иргэний шүүхээр хүүхдийн тэтгэмжийг сард  500 000 орчим төгрөгөөр тогтоосон. Эмэгтэй хүний гоо сайханд гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч –С.Б мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр найз Баын гэрт очоод Батай хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Анд” нэртэй пабад 19 цагийн үед очсон. Тухайн пабад Баын нөхөр Ганбаа, тогооч гэх залуу байсан. Тэгээд бид дөрөв архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд би 4 ширхэг лаазтай пиво уусан. Би сууж байгаагаа хамтран амьдрагч Лд мессежээр хэлэхэд “чи архи уулаа, наанаа сайхан архиа уу, тэндээ хоноорой, би зайллаа” гэж чат бичээд байсан бөгөөд бидний дунд маргаан гарсан. Би гэр рүүгээ явсан нь дээр юм байна гэж бодоод ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь Ганбаа “би чиний тамхийг зөөдөг юм уу, зүгээр орж ирэхэд яагаад байгаа юм” гээд Лтэй маргаан хийсэн. Тэгтэл пабын хаалгыг маш хүчтэй цохихоор нь Ганбаа онгойлгоход Л ороод ирсэн. Л, Ганбаа хоёр хоорондоо маргалдахад Л над руу ирээд шууд миний дух руу гараараа нэг удаа цохисон. Миний духнаас цус гараад би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад хандсан. Би Лг багын таньж мэддэг бөгөөд бид хоёр 2019 оноос эхлэн хамтран амьдарч, дундаасаа нэг охинтой болсон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Л нь урьд өмнө намайг жирэмсэн байхад түлхэж, хүчтэй унагааж байсан. Хэл амаар доромжилдог байсан. Тэрнээс намайг цохиж, зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Би Лд маш их гомдолтой байна. Би гоо сайхны эмчилгээ хийлгэмээр байна. Надад мөнгө байхгүй, нялх хүүхдээ хараад гэртээ байгаа.

Л нь нөхрийн хувьд уучлалт гуйгаагүй болохоор миний уур маш их хүрээд, би хараасан, хэл амаар доромжилсон чат мессеж бичсэн. Надаас Л уучлалт гуйгаагүй, утсаар ч ярихгүй байгаад их гомдсон гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- А.Ба мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би гэрийнхээ хажууд байр худалдаж аваад засвар хийж байсан юм. Тэгтэл С.Б над руу залгаад хаана, юу хийж байна, уулзах уу гээд бид хоёр уулзсан. Бид хоёр ярилцаж байгаад пиво уухаар болоод манай ажиллуулдаг Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрладаг цайны газар ирсэн. Ажил дээр манай тогооч, манай нөхөр Г хоёр байсан. Бид дөрөв нийлээд пиво уухаар болсон. Тэгээд бид дөрөв пиво уугаад сууж байтал С.Б руу Б.Л залгахаар нь Б.Лг хүрээд ирээч гэхэд би очихгүй харьлаа гэж хэлсэн бөгөөд С.Б, Б.Л нар мессежээр муудалцаад байсан. Б.Л нь С.Б руу “чи манай найз нөхөдтэй уулзаж, пиво уухаа боль” гэж бичсэн байсан. Тэгсэн С.Б нь “Бадмаа харин ганц хоёр пиво ууя гэхээр нь ирсэн” гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би С.Бд хандан “би биш чи намайг ууя гэж хэлээ биз дээ” гэхэд С.Б “тэгж хэлэхгүй бол болохгүй” гэсэн. Би цагийг нь санахгүй байна, нэлээн орой болсон байхад Б.Л нь над руу залгаад “тамхи аваад гараад ирээч, гадаа чинь ирчихлээ” гэсэн чинь түүнийг нь манай нөхөр Г сонсоод, миний утсыг булааж аваад “чи одоо орж ирэхгүй яагаад тамхи аваад ир гээд маяглаад байгаа юм, ороод ир” гэж хэлсэн. Тэгээд Б.Л гаднаас орж ирэхэд С.Б “хайраа” гээд босох гээд өндийсөн чинь Б.Л цохих шиг болсон. Би санаатай, санаандгүй гэдгийг нь мэдэхгүй. С.Бгийн духнаас нь цус гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

Б.Л нь С.Бгийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Б.Лгийн гарт гар утас нь байсан бөгөөд гар утастай гараараа нэг удаа цохисон гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- С.Г мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай хуурай ахынд ажил явдал гараад “Анд” нэртэй зоогийн газар тогоочийнхоо хамт хоол хийгээд байж байсан юм. Тэгээд 17 цагийн үед байх манай эхнэр Ба, С.Б нар манай ажил дээр ирээд бид нар хоорондоо юм яриад хэдэн ширхэг лаазтай пиво гаднаас дэлгүүрээс оруулж ирээд уугаад сууцгаасан. Бид нар юм яриад сууж байхад хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна, Баын утас руу Б.Л залгаад “тамхи аваад гараад ир” гэж хэлэхээр  нь би эхнэрийнхээ утсыг аваад “чи одоо юундаа маяглаад байгаа юм, ороод ирээч” гэж хэлсэн. Б.Л гаднаас орж ирээд С.Б руу нэг юм хэлээд цохих шиг болсон. Яг хаашаа цохиж байгааг нь сайн анзаарч хараагүй бөгөөд С.Бгийн духнаас нь цус гараад эхэлсэн. Би Б.Лг яаж байгаа юм гээд цааш нь түлхээд гал тогооны өрөө рүү оруулсан. Б.Л нь С.Бг нэг удаа цохих шиг болсон. Тэд нар юунаас болж маргах болсныг би мэдэхгүй байна. Орж ирээд шууд л ийм асуудал болсон гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3545 тоот дүгнэлтэд:

1. С.Бгийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)                                                     

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Л нь согтуурсан үедээ 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анд” нэртэй ресторан паб дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас архи уулаа гэх шалтгаанаар хамтран амьдрагч С.Бгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Бгийн мэдүүлэг, гэрч А.Ба, С.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3545 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Б нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар баримтаар хохирол нэхэмжлээгүй байна.  

 

Хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болохыг дурдав.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Л, хохирогч С.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай боловч энэ хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй, гэр бүлийн хүрээнд үйлдэж байгаа гэмт үйлдэл бүр нь гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаардаггүй бөгөөд хувийн таарамжгүй харилцаа болон ахуйн хүрээний хэрүүл, маргаанаас шалтгаалж гэнэт үүссэн буюу нэг удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Лд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Л цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН