Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хөгжимт драмын театрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг 29-13 тоотод оршин суух Боржигин овогт Жадамбаагийн Нямсүрэн /РД:АЮ81120665/-д холбогдох

Нийт 3151000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шүрэнцэцэг, хариуцагч Ж.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Хөгжимт драмын театр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Нямсүрэн нь 2015 онд тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа билетний тооцоо болох 1066000 төгрөг, хандив 1500000 төгрөг, Нарантайж ХХК-ны өр 585000 төгрөг, нийт 3151000 төгрөгийг төвлөрүүлээгүй байна. 2016 оны 11-р сарын 1-ний дотор үүссэн өр авлагыг төлж барагдуулах талаар албан бичиг өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд дээрх 3151000 төгрөгийг Ж.Нямсүрэнгээр төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Тус байгууллага нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Нямсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Хөгжимт драмын театрын нэхэмжилж буй 3151000 төгрөгийг Ж.Нямсүрэн миний бие нь төлөх боломжгүй юм. Тасалбарын мөнгө гэгдэх 1066000 төгрөг нь хөдөө сумдад аялан томилолтоор явах хугацаанд үүссэн өр юм. Хөдөө сумдад аялан тоглолтоор явахдаа бид нар албан байгууллагад тасалбар тараадаг бөгөөд тараасан билетний тооцоог тухайн байгууллагад ажилладаг нэг хүн хариуцаж дараа нь бидэнтэй тооцоо хийдэг юм. Гэтэл зарим албан байгууллага нь тооцоо дутуу хийсэн учраас өр үүссэн юм. Жишээлбэл:

1.Чулуут сумын сургууль 184000 төгрөг

2.Эрдэнэмандал сумын цэцэрлэгийн багш Азмаа 225000 төгрөг

3.Цэцэрлэг сумын сургууль 136000 төгрөг

4.Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар 96000 төгрөг

5.Ихтамир сум Хүрэлшагай 200000 төгрөг

6.Цахир сумын сургууль 39000 төгрөг

7. Хангай сумын соёлын төв 186000 төгрөг

Дээрх албан байгууллагуудаас миний бие нь тооцоо дуусахын их олон удаа шаардсан.

2. Хашаат сумын Засаг даргын Тамгын газраас 1500000 төгрөгний хандивын мөнгө Хөгжимт драмын театрт өгөх ёстой байсан боловч Хангай суманд хандив өгөх хүмүүс нь эдийн засгийн хүндрэлээс болоод хандиваа өгөөгүй учир Хөгжимт драмын театрт өгөх хандиваас 1500000 төгрөгийг өгөх боломжгүй гэж албан бичгээр мэдэгдсэн.

3. Наран тайж ХХК-д өгөх 585000 төгрөгийг миний бие төлөхгүй Хөгжимт драмын театр нь өөрөө төлөх юм. Дээрх 585000 төгрөгийн байгууллагын буюу Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд зарцуулсан болно.

Ж.Нямсүрэн миний бие нь Хөгжимт драмын театрын нэхэмжилсэн 3151000 төгрөгийн төлөх боломжгүй бөгөөд шүүх хуралдааны өмнө нотлох баримтуудыг гаргаж хэрэгт хавсруулах болно гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шүрэнцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Нямсүрэнтэй холбоотой 3151000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 1066000 төгрөг нь Ж.Нямсүрэнгийн байгууллагуудаар тараасан билетийн үнэ, 1500000 төгрөг нь Хангай сумын хандивын мөнгө, 585000 төгрөгийг “Нарантайж” ХХК-нд өгөөгүй учир 2 ширхэг аппартур барьцаалагдсан байгаа. Иймд нийт 3151000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул Ж.Нямсүрэнгээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж.Нямсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж байгаа 3151000 төгрөгийн 1066000 төгрөг нь билетийн өр гэсэн байна. 2015 оны 4-р сард Архангай аймгийн Хөгжимт драмын театраас 14 хүний бүрэлдэхүүнтэй бригад 10 хоногийн хугацаанд сумдад ажилласан. Уг бригадыг Ж.Нямсүрэн миний бие ахалж явсан. Тухайн үед би уран сайханы удирдаачаар ажиллаж байсан. Уран сайхны удирдаач нь билет борлуулах ажил үүрэггүй, уран бүтээлийн бодлого хариуцсан ажилтан гэж ажлын байрны тодорхойлолтод байдаг. 10 хоногийн хугацаанд 10 сумдаар явсан. Жаргалант, Хангай сумдуудад билет борлуулахгүйгээр 1500000, 1500000 төгрөгийн хандиваар тоглолт хийсэн. Үлдсэн 8 сумын 7 суманд тоглолт хийсэн. Эрдэнэмандал суманд билет борлуулсан боловч иргэд үзээгүй учир тоглолт хийгээгүй. Өдөр нь тоглолтоо хийгээд орой нь дараагийн сум руу явдаг, өдөржингөө гадуур явж билетээ борлуулдаг байсан. Тухайн үед нэгэнт зорилго тавиад сумдаар явж байгаа учир ашигтай явъя гэдэг үүднээс маш сайн ажилласан. Сумдад очоод зар тараагаад хүмүүс үздэггүй. Нэгэнт нойр хоолоо хасч, хүйтэн нойтонд норж яваа учир орлоготой ажиллахын тулд байгууллагуудаар явж, танил талаа ашиглан билетээ борлуулдаг байсан. Жишээ нь нэг суман дээр очоод тухайн сумын Засаг дарга юм уу эсхүл засаг даргын тамгын газрын даргатай нь уулзаж аймаг орон нутгийнхаа соёл урлагийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг уриалдаг. Тухайн хүмүүс бид нараас сургуулийн хүүхдүүдийн тоогоор, аж ахуйн ажилтнуудын тоогоор билетээ аваад цааш байгууллагууддаа тарааж өгдөг. Буцаагаад байгууллагуудаас мөнгөө цуглуулж өгдөг байсан. Одоо ч гэсэн энэ процесс байж л байдаг. Архангай аймгийн Хөгжимт драмын театр билет шахдаг. Билет борлуулсан хүн нь өрөнд ордог. Ийм зарчмаар л билетээ борлуулдаг. Тухайн үед би бригад хариуцаж явсан учир ийм өрөнд унаад байна. Уг нь тухайн үед билетийн касс явж байсан. Жишээ нь: Чулуут сумын сургуулийн нийгмийн ажилтан Наранчимэг 184000 төгрөгийн билетийн өр байгаа. Тухайн үед Наранчимэг 900000 төгрөгийн орлого оруулж өгсөн. Бид нараас авсан билетээ анги ангиар нь хүүхдийнх нь тоогоор тарааж өгдөг. Дараа нь тоглолт үзээгүй хүүхдүүдээсээ билет авахаас нь билетээ, мөнгө авахаас нь мөнгөө аваад шилжүүлж байсан. Гэтэл тоглолт үзээгүй зарим хүмүүс нь билетээ устгачихдаг. Манай байгууллагаас нэг бол мөнгөө, үгүй бол билетээ өгөхийг шаарддаг. Энэ билетийн өрийн асуудалтай хүмүүстэй удаа дараа утсаар ярьдаг, аймагт ирсэн байна гэвэл биечлэн уулздаг. Билетийн өрийн асуудлыг шийдэх талаар шаардлага тавьдаг. Гэтэл нөгөө хүмүүс маань “Тухайн үед та нарыг очиход тусалсан. Орж ирсэн мөнгийг тушаасан. Зарим үзээгүй хүмүүс нь билетээ алга болгочихсон, зарим багш ажилчид нь ажлаа хаяад явчихсан учир мөнгө төлөх, үлдэгдэл билетийг нь өгөх боломжгүй байна. Би та нарт тусалснаараа өрөнд орох болчихоод байна” гэдэг. Чулуут сумын нийгмийн ажилтан Наранчимэгтэй холбоотой 184000 төгрөг, Цахир сумын сургуулийн нийгмийн ажилтан Чисмаатай холбоотой 39000 төгрөг, Эрдэнэмандал сумын цэцэрлэгийн багш Анумаатай холбоотой 225000 төгрөг, Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газар буюу Батгэрэлсайхантай холбоотой 96000 төгрөгийн асуудал байгаа. Батгэрэлсайхан дарга тухайн үед надаас билет аваад няравтаа өгөөд нярав нь билетүүдийг тараасан байдаг. Дараа нь тооцоо хийхэд 96000 төгрөг дутсан. Батгэрэлсайхан нь одоо ажлаа өгчихсөн юм чинь ямар ч боломжгүй гэдэг. Хангай сумын Соёлын төвийн ажилчин Эрдэнэчимэгтэй холбоотой 186000 төгрөг, Цэцэрлэг сумын сургуулийн менежер Ганчимэгтэй холбоотой  136000 төгрөг, Ихтамир сумын Хүрэлшагайтай холбоотой 200000 төгрөгийн асуудал буюу нийт 1066000 төгрөг болсон байдаг. Үүнээс биш Нямсүрэн гэдэг хүн хувьдаа 1066000 төгрөгийг авч ашиглаад байгууллагыг хохироосон асуудал байхгүй. Холбогдох хүмүүс нь тухайн үед бид нарт туслаад билет борлуулаад, орсон мөнгийг нь тушаагаад  1066000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хэрэв билет нь байвал буцаагаад өгчих гэдэг боловч хүмүүс нь билетээ усгачихсан байдаг учир ямар ч аргагүй болоод байна. Бригадаар явахдаа бид нар 7 суманд тоглолт хийн бэлнээр 7297000 төгрөгийн ашигтай ирсэн. Буцаж ирсэн билетүүдийг нь тухайн үед буцааж өгсөн. Хөгжимт драмын театраас нэхэмжилж байгаа 1066000 төгрөгийг би төлөхгүй. Учир нь нэгт би тухайн үед ажиллаж байх үедээ уг мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, хоёрт тухайн үед билет борлуулж өгсөн хүмүүсийнх нь утасны дугаарууд нь бүгд байгаа. Бид нарыг бригадаар ажиллаж байх үед билет борлуулж өгсөн. Одоо бол хохирлыг чинь өгөх боломжгүй гэсэн тайлбар өгдөг. Ер нь бол билет борлуулаад мөнгөө буцаан төвлөрүүлэх үүрэгтэй менежер гэх хүн, орсон орлогыг төвлөрүүлээд санхүүдээ байршуулах үүрэгтэй нягтлан бодогч гэж хүн ажиллаж байгаа, мөн төсөв захиран зарцуулагч байна. Өөрсдөө ажлаа хийгээгүй байж, өөрсдийнх нь өмнөөс ажлыг нь хийж өгсөн хаа хамаагүй хүнээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь Хангай сумын хандивтай холбоотой 1500000 төгрөгийн асуудал байдаг. Сумдад бригадаар ажиллаж байх үед Хангай, Жаргалант сумд театрт хандив өгч, оронд нь бид нар тоглолт хийсэн. Жаргалант сум бол оны өмнө хандивын 1500000 төгрөгөө байгууллагын дансанд хийсэн. Харин Хангай сум эдийн засаг хямарсан, төсөв хүндэрснээс болж хандивын мөнгө орж ирэхгүй байгаа учир хандиваа өгөх боломжгүй байна гэсээр өдий хүргэсэн. Хангай сумаас би уг хандиваа өгөхийг удаа дараа шаардсан. Өчигдөр хүртэл би Хангай сумын шинэ засаг даргатай нь холбогдон “Хандивын мөнгөө хурдан шилжүүлээд өгөөч ээ. Яг энэ хандивын асуудлаас болоод нялх нойтон хүүхэдтэй би шүүхэд дуудагдаад хэцүү байна” гэсэн. Гэтэл “Нямаа үнэндээ хандивт мөнгө өгөх боломжгүй байна. Тухайн үед гэрээ байгуулаад Хангай сум танай байгууллагад 1500000 төгрөг өгөх ёстой байсан байна. Хандивын мөнгийг байгууллагын өр авлагандаа тусгаж байдаг яасан ч газар юм бэ дээ. Хандивын мөнгө орж ирэх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв орж ирэхгүй бол бид нар хаанаасаа өгөхөв дээ” гэсэн. Архангай аймгийн Хөгжимт драмын театр болохоор хувь хүн надаас уг мөнгийг нэхэмжлээд байдаг. Хэрэв Хангай сум хандивын 1500000 төгрөгөө өгөөд би уг мөнгийг нь үрчихсэн бол надаас нэхэмжлэх нь зүйн хэрэг. Гэтэл Хангай сумаас Хандивын мөнгө орж ирвэл шилжүүлье. Хандивын мөнгө орж ирээгүй учир шилжүүлэх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгдөг. Би уг 1500000 төгрөгийг аваагүй, хариуцахгүй. Хөгжимт драмын театрт менежер гэж бүтээгдэхүүн борлуулаад ,борлуулсан орлогоо төвлөрүүлэх үүрэгтэй тусгай ажилтан ажиллаж байгаа. Гэтэл тэр хүнээрээ ажлаа хийлгүүлээгүй байж. Хаа хамаагүй надаас энэ мөнгийг нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Иймд би Хангай сумтай холбоотой хандивын 1500000 төгрөгийг төлөхгүй.

“Наран тайж” ХХК-нд өгөх ёстой 585000 төгрөгийг асуудал мөн яригддаг. Энэ мөнгөнөөс болоод Архангай аймгийн Хөгжимт драмын театрын техник хэрэгсэл “Наран” төвийн барьцаанд байгаа гэж байна. Би Наран төвд өр тавиад оронд нь Хөгжимт драмын театрын техник хэрэгслийг Наран төвийн барьцаанд тавиагүй. Уг техник хэрэгслийг Нямдорж гэх хүн барьцаанд тавьсан. Тухайн техник хэрэгслийг барьцаанд тавьсан талаар дарга болон холбогдох бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр байгууллагаас авч, хувьдаа ашиглачихаад буцааж авчирч өгөөгүй. Тэгтэл Наран төвийн захирал нь манайд өгөх өрөө өгч байж аваарай гээд уг техникийг барьцаанд үлдээчихсэн. Тэр хүндээ эхлээд Хөгжимт драмын театр арга хэмжээгээ авчих, тэр хүн яагаад байгууллагын хөрөнгийг өөрийн юм шиг ашиглаж, өөр байгууллагад аваачиж тавьдаг юм. Хүмүүсийн ойлголтоор Нямсүрэн гэх хүн Наран төвд өр тавиад түүийхээ оронд барьцаанд байгууллагын техник хэрэгслийг өөр байгууллагын барьцаанд тавьсан юм шиг ярьдаг. Үнэн хэрэг дээрээ 2015 оны 1-р сард техник хэрэгслээ аваачиж өгсөн байсныг дараа нь мэдсэн. Тэгэхээр тэр техник хэрэгслийг хувьдаа ашиглаж барьцаанд тавьсан хүндээ та нар эхлээд арга хэмжээгээ авчих. Хоёрт Наран төвд өгөх 585000 төгрөгийг Нямсүрэн тавиагүй. Би тухайн үед уран сайхны удирдаач, театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. 9 сард Боловсрол соёлын газраас соёлын ажилтны баярыг зохион байгуулаад уг баярт оролцох хүмүүсийн тоог авсан. Тухайн үед манай байгууллагаас 46 ажилчин, 7 ахмад нийт 53 хүн оролцохоор захиалга өгсөн. Гэтэл гэнэтийн асуудлаас болоод захиалгад өөрчлөлт орж 44 хүн хүлээн авалтанд орсон байдаг. Хувь хүнээс нийллэгний мөнгө гарах байсан. “Наран тайж” ХХК-ий захирал Цогтоо даргатай уулзаад бэлэн мөнгөгүй байгаа талаар учир байдлаа хэлсэн. Тэр үед цалин дээрээс нь тооцоогоо хийчих. Танайх ордгоороо орчих гэсэн. Номын сан музей, Боловсрол, соёлын газар, Хөгжимт драмын театр гээд эдгээр байгууллагууудаас хамгийн их хүн орж байгаа байгууллага нь манай байгууллага байсан. Тэгээд 44 хүн орсон. Хувийн шалтгаанаар зарим хүмүүс нь ороогүй. Нийллэгийн мөнгийг цувуулж өгсөөр байгаад 2015 оны 12-р сард 298000 төгрөг төлөгдөөгүй байсан. Тэгээд нягтлан бодогч, менежертэй ярьж байгаад өгөөгүй хүмүүсийн нийллэгийн мөнгийг шууд цалин дээрээс нь авахад 298000 төгрөг нь Архангай аймгийн Хөгжимт драмын театрын орлогын данс руу орчихсон. Тухайн үед 1956000 гаруй төгрөгөөс 298000 төгрөг нь ажилчдын цалин дээрээс хураагдаад   “Наран тайж” ХХК-нд очих байтал төрийн сан “Ингэж салгахгүй. Энэ мөнгө нь төрийн сандаа ороод дараа нь хувь хүмүүс учраа ол” гээд 1956000 төгрөгийг шууд орлогын данс руу хийсэн. Тэгээд 298000 төгрөгийг “Наран тайж” ХХК-нд өгөх байтал 298000 төгрөг нь театрын орлогын данс руу орсон. Орлогын данснаас гаргах гэтэл 11-р сарын 20-ны үеэр Амартүвшин даргыг ажиллаж байх үед манай театрын хамт олон 2015 оны 7-р сард Эрээн хот руу  тоглолтоор явахдаа авто тээврийн жолоочийг автобустай нь хамт хөлсөлж аваад хөлсний мөнгийг нь өгөөгүй байсан гээд жолооч Жамъянсүрэн гэх хүн “300000 төгрөг өгөөч. Ар гэрт асуудал гарсан учир мөнгөний хэрэг байна” гэсэн. Тэгээд тэтгэвэрт гарсан нягтлангаас асуухад “Угаасаа наад мөнгийг чинь өгөх ёстой юм. Тухайн үед мөнгийг нь өгч чадаагүй юм” гэсэн учир “Нарантайж” ХХК-нд өгөх 585000 төгрөгөөс 300000 төгрөгийг Жамъяансүрэнд өгсөн. Бэлэн мөнгө өгсөн талаарх баримтыг нь нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн. Үлдсэн 287000 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. 100000 төгрөгийг сумын соёлын төвийн ажилчдыг цуцлуулж семинар хийхэд хандив өг гэсэн учир 100000 төгрөг өгсөн. Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт нь хэрэгт байгаа. Гудамж төсвийн нээлтэнд Хөгжимт драмын театр ерөнхий зохион байгуулагчаар оролцоно гэсэн учир гаднах талбайгаа цэвэрлэж, янзал гэсэн тэгээд намайг төрөөд сар болж байхад дуудаж ажилд оруулсан. Тухайн үед далбаагаа соль гээд 45000 төгрөгөөр том далбаа авч театрын дээр хадсан. Мөн зассан тайзны чимэглэлд өнгийн шаар, даавуу зэргийг нийт 72000 төгрөгөөр материал зураачтайгаа хамт явж авсан. Мөн цаасан салют 70000 төгрөгөөр авсан. Ингээд уг мөнгө нь театрын үйл ажиллагаанд зарцуулсан. Үүнээс биш би хувьдаа завшаж, үрэн таран хийгээгүй. Энэ миний тавьсан өр ч биш. Оны өмнө нягтлан Сүхээ, менежер Буяннэмэх, Шүрэнцэцэг бид 4 сууж байгаад энэ өр авлагыг цайрсан. Өмнө жил Архангай аймгийн Засаг дарга Бат-Эрдэнийг байхад би 1500000 төгрөгийг захирамжаар хандивт авсан. Тэгээд тэр 1500000 төгрөг нь оны өмнө театрын дансанд орсон. Тэр мөнгөнөөс 585000 төгрөгөө шилжүүлье гэж тохирсон боловч Амартүвшин дарга наад мөнгөө Нямсүрэнгээсээ л гаргуул гэсэн. Амартүвшин даргын үед тавигдсан өр л яригдаж байгаа болохоос биш Нямсүрэнгийн тавьсан өр ерөөсөө биш. Ер нь бол шүүхийн шийдвэр гаргуулчихвал зүгээр юм л гэж бодсон. Тухайн үед хүн гуйгаад ажлаа хийлгэчихээд эргээд мөнгө өг гэхэд хэцүү юм. Би эдгээр дутуу тооцоотой хүмүүс рүү зөндөө ярьсан. Чулуутын Ганчимэг эгч бол мөнгийг нь төлнө л гэсэн. Гэхдээ бид нар жил болгон л бригадын ажлаар сумдаар явдаг. Жил болгон л эдгээр хүмүүсийг гуйдаг. Театрын үйл ажиллагаа өнөөдрөөр дуусахгүй шүү дээ. Хүн надад, манай байгууллагад туслахын тулд өөрийнхөө, хүүхдийнхээ идэх хоол өмсөх зүүхийг хумслана гэдэг их хэцүү. Хөгжимт драмын театрын нэхэмжилж байгаа 3151000 төгрөгөөс 1000 төгрөг ч хувьдаа ашиглаагүй учир уг мөнгийг төлөхгүй гэв.

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Архангай аймгийн Хөгжимт драмын театр нь Ж.Нямсүрэнд холбогдуулан билетний тооцоо 1066000 төгрөг, хандив 1500000 төгрөг, Наран тайж ХХК-д төлөх 585000 төгрөг, нийт 3151000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ж.Нямсүрэн нь хариуцагч байгууллагын нэхэмжилсэн мөнгөнөөс Чулуут сумын сургууль 184000 төгрөг, Эрдэнэмандал сумын цэцэрлэгийн багш Азмаа 225000 төгрөг, Цэцэрлэг сумын сургууль 136000 төгрөг, Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар 96000 төгрөг, Ихтамир сум Хүрэлшагай 200000 төгрөг, Цахир сумын сургууль 39000 төгрөг, Хангай сумын соёлын төв 186000 төгрөг, нийт 1066000 төгрөгийн билетийн мөнгийг дээрх байгууллагууд төлөхийг,  Хашаат сумын Засаг даргын Тамгын газар 1500000 төгрөг төлөх тухай хариу тайлбар гаргаж өгсөн бөгөөд Наран тайж ХХК-д өгөх 585000 төгрөгийг Хөгжимт драмын театр хариуцан төлөх ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.

            Билетний тооцоо болох 1066000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл 1066000 төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн Архангай аймгийн Хөгжимт драмын театрын тоглолтыг үзэхээр  авсан билетийн үнэ байх бөгөөд уг мөнгийг  хариуцагч Ж.Нямсүрэн хувьдаа  ашиглаж байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдсон эсэх нь  тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй байна.

            Хандив 1500000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Архангай аймгийн Хөгжимт драмын театр нь 2015 оны 04 сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Засаг даргатай хамтран ажиллах тухай 03 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасан ёсоор Архангай аймгийн Хөгжимт драмын театр Архангай аймгийн Хангай суманд уран бүтээлийн тоглолт хийж тоглолтын хөлс 1500000 төгрөгийг 2015 оны 09 сарын 15-ны өдөр авахаар тохирчээ. Нэхэмжлэгч Архангай аймгийн Хөгжимт драмын театр хариуцагч Ж.Нямсүрэнгээс энэхүү 1500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч Хангай сумаас энэхүү мөнгийг Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дансанд шилжүүлсэн эсэх, хариуцагч Ж.Нямсүрэн Архангай аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байх хугацаандаа 1500000 төгрөгийн хохирол учруулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал энэ талаар нотлож чадахгүй байна.

           Нарантайж ХХК-ны өр 585000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд Архангай аймгийн Хөгжимт драмын театрын ажилчид хүлээн авалтанд оролцсон бөгөөд хүлээн авалтын тооцооны мөнгийг ажилчид өөрсдөө төлөх байжээ. Ажилчдаас цуглуулсан Наран тайж ХХК-д төлөх төлбөрийг тухайн үед байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд Наран тайж ХХК-д төлөх 585000 төгрөгийг Ж.Нямсүрэн төлөх ёстой гэж Архангай аймгийн Хөгжимт драмын  театр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Архангай аймгийн Хөгжимт драмын театрт хариуцагч Ж.Нямсүрэн 585000 төгрөгийн хохирол учруулсан гэж нотлогдохгүй байна.

Хариуцагч Ж.Нямсүрэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа Архангай аймгийн Хөгжимт драмын театрт нийт 3151000 төгрөгийн хохирол учруулсан гэж хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хууль, санхүүгийн  болон хяналтын  зэрэг эрх бүхий байгууллагын  шалгалт, мөн ажил  олгогчийн  дотоодын хяналт шалгалтаар  тогтоогдсон эсэх нь  тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байна.

             Иймд дээрх үндэслэлээр Архангай аймгийн Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын нийт 3151000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

                                                                           ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Ж.Нямсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Хөгжимт драмын театрын 3151000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН