Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/370

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

шүүгдэгч: Э.Ж, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг /2846/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жөд холбогдох эрүүгийн 2005027260226 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан, Ж.

 

  Э.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч А.Аын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны 902 тоотод байрлах гэрээсээ фейсбүүк хаягаараа гар утас зарах зарын группэд “гар утас байна уу” гэсэн зарын дагуу түүний “Хуавэй Пи-20” загварын гар утас дээр зөрүү 270 000 төгрөг авч, “Айфоне Экс” загварын гар утсыг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 120 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 150 000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5175242150 дугаартай дансаар авч, нийт 270 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 8 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 64 дүгээр байрны гаднаас хохирогч Б.Сгийн эзэмшлийн 73-50 УБГ улсын дугаартай Сонота-7 загварын тээврийн хэрэгслийг түлхүүрийг нь хүлээлгэн өгөлгүй завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар хорооллын 46 дугаар байрны гаднах зогсоол дээр байршуулан тавьсан хохирогч Б.Сэлэнгийн эзэмшлийн 73-50 УБГ улсын дугаартай Сонота-7 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 7 цагийн орчимд өөрт байсан түлхүүрийг ашиглан завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр асаалттай байсан хохирогч Б.Бын эзэмшлийн 78-08 УНР улсын дугаартай, “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Ж мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч Б.Сгийн машиныг эхлээд өгөх гэж байсан боловч Згийн аав нь уурлаад, би очиж байна гэж хэлэхэд нь айгаад явсан. Найз Тгийн машиныг “Саппора орчихоод ирье” гээд зөвшөөрөл авсан. Буцаж иртэл Т ТҮЦ-ний ард хүнтэй уулзаад зогсож байсан. Гэтэл нэг хүн такси барих гээд гараа өргөхөөр аваад Хурд хотхон луу таксинд явсан. С эгчийн машиныг Өргөө кино театрын ардаас энгийн хувцастай цагдаа ирж авсан. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Тгийн машинтай хамт карантилагдсан. Тэгээд машин бензингүй болсон байсан. Хохиргогч А утас авна гэсэн зар тавьсан байсан учраас ломбардаас А51 гар утсаа авч өгье гэж хэлсэн. Хохирогч Аын хохирол болох 275 000 төгрөгийг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би цагдан хоригдсоноос хойш маш их зүйл ухаарсан, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр эрхэлж, цалин орлогоороо амьдарна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-А.А мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаад Сүхбаатар аймаг дахь хилийн 0146 дугаар ангид алба хааж байгаад Э.Ж гэх залуутай танилцсан юм. Алба хааж байх хугацаандаа би түүнтэй бараг нийлж найзалдаггүй байсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны 15 цаг 37 минутад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны 902 тоотод өөрийн гар утсаар гар утас зардаг зарын хаяг дээр гар утас байна уу гэж зар тавьсан чинь 15 цаг 41 минутад Эрдэнэсувд гэсэн хаягаас “Самсунг А-51” загварын гар утас байна, чи өөрийн барьж байгаа утас дээрээ 50 000 төгрөг надад нэмж өгөөд энэ утсыг ав гэсэн. Би түүнд хандаж, өөрийн барьж байгаа “Хуавей П-20” загварын гар утас дээрээ нэмж 70 000 төгрөг өгье гэж хариу бичсэн чинь Эрдэнэсувд гэсэн хаягаас би цайз 16 ШТС дээр байна, найз бензиний мөнгө хийнэ гэсэн алга болчихлоо, чи над руу мөнгө хийх арга байна уу, энэ хүн цагдаа дуудна гээд байна, чи мөнгө хийчихвэл би Саппаро дээр нисээд очъё гэсэн чат бичихээр нь чи мурихгүй бол болно гэж хариу бичсэн. Тэгсэн Эрдэнэсувд гэх хаягаас за андаа битгий ингээрэй, муухай шүү гэсэн хариу бичээд 5175242150 Ж гэсэн данс явуулахаар нь би уг данс руу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 50 минутад 50 000 төгрөг шилжүүлээд, түүний фейсбүүк хаяг руу мөнгө орсон уу гэж чат бичсэн чинь мөнгө орсон байна, одоо заасан газраа яваад очъё гэсэн. Хэсэг хугацааны дараа 16 цаг өнгөрч байсан байх, 99654550 гэсэн дугаараас миний 80224785 гэсэн дугаар руу залгаад Ж байна, хорооллын Имарт худалдааны төвийн энд явж байгаад хүний машины араас мөргөчихлөө, чамд мөнгө байна уу гэж асуухаар нь надад мөнгө байгаа гэж хэлсэн чинь чи надад 70 000 төгрөг зээлээч гэхээр нь би 16 цаг 52 минутад 5175242150 Ж гэсэн данс руу 70 000 төгрөг шилжүүлсэн. Ж өөрийн Эрдэнэсувд гэсэн хаягаас над руу Баянхошуунд манай танилын авто засвар байдаг юм, би тийшээ явлаа гэсэн чат бичихээр нь би түүнд хандаж, 22 цагаас хөл хорио тогтооно, хүлээж байя  гэсэн хариу бичсэн чинь тийм байна, яараад байна гэсэн. Хэсэг хугацааны дараа би түүн рүү аав, ээж авахаар тохирсон гар утсыг чинь харъя гээд надаас нэхээд байна гэж чат бичсэн чинь цагаан өнгийн Самсунг А-51 загварын гар утасны зураг явуулсан. Тэгэхээр нь би түүнд би чамд тусална шүү, наад утсыг чинь өнөөдөр авахгүй бол би баларна гэсэн. Хэсэг хугацааны дараа Ж рүү машинаа янзлуулж дууссан уу гэсэн чат бичихэд дөхөж байна гэсэн хариу ирсэн. Хэсэг хугацааны дараа “аав чамайг ирж байна уу гээд асуугаад байна” гэсэн чат бичсэн чинь 20 цагт очно гэж хэл гэсэн хариу ирсэн. Би тэгээд хүлээсэн боловч тэр ирээгүй.

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 17 минутад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны 902 тоот гэртээ байж байгаад Э.Жийн фейсбүүк хаяг руу “чи ирнэ биз дээ” гэсэн чат бичсэн чинь “очно” гэсэн хариу ирсэн. Хэсэг хугацааны дараа Ж би эмээдээ 950 000 төгрөгийн өртэй юм аа, андаа шинэ “I phone X” байна, чи надаа 150 000 төгрөг нэмж өгөөд Самсунг А-51 загварын гар утасны оронд энэ утсыг ав гэхээр нь би зөвшөөрч түүний 5175252150 гэсэн данс руу 150 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Ж ирэхгүй болохоор нь түүний дугаар руу залгахад утсаа авахгүй, фейсбүүк хаяг руу нь чат бичихэд намайг блок хийсэн. Зааж өгсөн хаяг дээр нь очсон боловч хаалгаа тайлаагүй. Надад 270 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг Ж надад утас өгнө гэж хэлээд авсан гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

Уг тээврийн хэрэгслийн нэр нь А.Адъяа дээр байдаг боловч нотариат ороод итгэмжлэл хийлгээд миний нэр дээр байгаа. Уг тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх нь надад болон манай хүү Б.Тд байдаг юмаа. ..Тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй унаж явсан Жийн утасны дугаар луу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Утас нь дуудах үед утсаа аваагүй. Тэгээд фейсбүүк хаягаар нь Жтэй холбоо барьж хаана байгаа, миний тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байгаа эсэх талаар асуухад нэг газар заагаад тэнд тавьсан, түлхүүрийг нь автомашины дугуй хэсэг дээр тавьсан байгаа гэж чат бичдэг. Хэлсэн газар нь очоод хайхаар машин байхгүй байдаг байсан. Машинаа авъя гэж гуйхад “шатахууны мөнгө явуул, тэгвэл яваад очлоо” гэж хэлсэн. Би түүнд мөнгө шилжүүлээгүй. Энэ мэтчилэн гуйж заасан газар бүр 3 хоног дараалан очиж машинаа хайхад байдаггүй байсан. Машин алга байна гэж хэлэхэд өөр газар заадаг. Тэр газар нь очиход мөн байхгүй байсан. Тэгээд сүүлдээ залхаад түүний машин чинь байгаа гэж хэлсэн газар нь очихоо больсон. Би өөрийн тээврийн хэрэгслээ 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээж аваад гадна, дотно талд нь үзлэг хийсэн. Тээврийн хэрэгслээс ямар нэг алдагдсан эд анги байгаагүй. Мөн ямар нэг эвдрэл гэмтэл гараагүй, бүрэн бүтэн хүлээж авсан гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  хохирогч-Б.С мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 5-ны орой ...Жөөр машинаа бариулаад 10 дугаар хороолол орж, нөхөр Тыг авсан. Би нөхөр Тыг аваад гэртээ орсон, хүү З, Ж нар үлдсэн. Орж ирэхгүй байхаар нь залгахад хүү З, Жавхаатай хамт таксинд явъя гэсэн. ..шөнө 03:30 минутын орчим хүү З ганцаараа орж ирсэн. Машинаа яасан бэ гэж асуутал Жавхаа зогсоолд тавьчхаад ирнэ гэсэн. Өглөө 6 цагт Жавхаа ирээгүй байсан. Жавхаа руу залгахад утсаа авахгүй байсан. 07 цаг өнгөрч байхад Тын утас руу хүн залгаад машинаа гаргая, машинаа холдуулаач гэсэн. Ингээд Т, З 2 хамт гарсан. Эргээд удалгүй тэр 2 ороод ирсэн бөгөөд Ж машин асаагаад зугтаачихлаа гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр машинаа хайсан бөгөөд З надад хандан “Ж гар утсаа зарна гээд зар тавьсан байна “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би танихгүй дугаараас залгаад гар утсыг нь худалдаж авъя гэж ярилцаад Сансарт уулзахаар цаг тохироод 21 цагийн үед Сансарын туннел дээр очсон. Ингээд би нөхөр Ттай явж очиход Ж манай машиныг унаж, ирээд туннелийн дээр байдаг, ТҮЦ-ний хажууд зогссон. Ингээд машинаас буугаад ТҮЦ рүү очихоор нь Т өөдөөс нь яваад очтол тэр чигээрээ цаашаа зугтаачихсан. Машин дээр очтол түлхүүр байхгүй байсан. Түлхүүр хэвлэдэг хүн дуудаад 100 000 төгрөгөөр түлхүүр тааруулж хийлгээд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын 46 дугаар байрны гадаа тавьсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө машинаа үзэхэд байхгүй байсан. Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан. Машинаа хайгаад олохгүй байсан учир З таньдаг охиноор нь дамжуулаад уулзахаар цаг тохирсон. Ингээд 18 цагт Өргөө кино театрын хажууд уулзахаар болоод Өргөө дээр яваад очиход Жавхаа байсан бөгөөд цагдаа нар барьсан юм. Би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан. Машинд ямар нэгэн эвдэр, гэмтэл, дутсан зүйл байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 134 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад  гэрч-Б.Т мэдүүлэхдээ:

Тэндээс хөдлөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Өргөө кино театрын урд автобусны буудал, өнгөрөөд туслахаар ертөнцийн зүгээр урагшаа эргээд ТҮЦ-ний гадаа 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед зогсоод би ТҮЦ рүү ороод Э.Ж миний машинд үлдсэн. 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цаг 20 минутад Э.Ж миний дугаар луу залгаад би Саппоро ороод хүнээс мөнгө аваад ирье гэж хэлэхээр нь юу машин авч явах вэ, хурдан ирээрэй гэсэн чинь за гэж хэлээд унаад явсан. Тэгээд би ирэхгүй болохоор нь Э.Ж рүү залгасан чинь утсаа аваагүй. Өнөөдрийг хүртэл машин авчирч өгөхгүй байгаа. Утас нь холбогдохгүй, чат бичихээр энд, тэнд байна гээд худлаа хэлээд байгаа.

Би өөрийн эзэмшлийн 78-08 УНР улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслийн гадна дотор талд нь үзлэг хийлээ. Миний машинд ямар нэг эвдэрч, гэмтсэн, эд ангиас алдагдаж тоногдсон зүйлгүй байна. Би өөрийн машинаа эвдрэл гэмтэлгүй хүлээж авлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 74, 79 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад  гэрч-С.З мэдүүлэхдээ:

Би Сүхбаатар аймгийн 0.146 дугаар хилийн цэргийн ангид цэргийн албыг 2019 оны 10 сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд хаасан. Энэ үед надтай хамт алба хаасан Жтэй танилцаж байсан. 2020 оны 10 дугаар сард халагдаж ирсэн бөгөөд Ж машины осолд орчихсон гэртээ очиж болохгүй байна гээд манай гэрт хэд хоносон. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би гэртээ Жтэй хамт байж байхад ээж Сэлэнгэ гаднаас орж ирээд, аав чинь 10 дугаар хороололд согтуу байна гэнэ, хэдүүлээ очиж авъя гэсэн. Би жолооны үнэмлэхгүй болохоор Жөөр бариулаад аавыгаа авсан бөгөөд ээж аавыг аваад гэр лүүгээ орсон. Бид 2 таксинд явсан. Ж найзтайгаа уулзчихаад ирье гээд машин аваад явсан. Би гэртээ орсон. 1 цаг болоод ирнэ гэж хэлчхээд 07 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй байсан. Утас руу нь залгахаар авахгүй, чат бичихээр хариулахгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өглөөний 07 цаг 30 минутын орчимд аавын утас руу хүн залгаад машинаа холдуул гаръя гэсэн. Аавыг дагуулаад гарахад байрны хажуу талын зогсоол дээр машин байсан ба Ж дотор нь унтаж байсан. Цонхыг нь тогшоод, аав “чи наад хаалга онгойлго” гээд загнасан чинь машин асаагаад яваад өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Туннелийн ойролцоо байна гэхээр нь дуудлагаа буцаагаад аав яваад машинаа аваад ирсэн. Ж түлхүүр аваад зугтаачихлаа гээд ирсэн. Тэр өдрөө 10 дугаар хорооллын 46 дугаар байрны гадаа машинаа тавьчхаад аав “Голден парк” хотхонд гэртээ орж амарсан. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө машин дээрээ очих үед машин байхгүй байсан гэжээ. (хэргийн 125 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  гэрч-Ц.Т мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 05-ны орой ах Золжаргалынд архи уусан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 64 дүгээр байрны 30 тоот гэртээ сэрсэн. Тэгтэл эхнэр С “машин унаад явсан хүүхэд ирдэггүй гэсэн, тэгээд байж байтал миний утас дуугараад машинаа гаргах гэсэн юм машинаа холдуул гэсэн. Хүү Зг дагуулаад гарахад машин байрнаас 200 метр орчимд Цагаан хуаран хотхоны авто зогсоолд байсан. З түрүүлж очоод цонхоор нь шагайсан. Би араас нь очиход хүрдний ард Ж унтаж байгаад сэрсэн. Би хаалгаа онгойлго гээд зандарсан чинь машин асаагаад шууд яваад өгсөн. Ингээд цагдаад тэмдэглүүлсэн. Жавхлан гар утсаа зарна гэсэн зар тавьсан байсан. Эхнэр С өөр дугаараас залгаж утсыг чинь худалдаж авъя гэсэн. Орой 21 цагийн үед Сансарын туннел дээр уулзахаар болоод очтол Ж манай машиныг унаад хүрээд ирсэн. Машинаас буугаад ТҮЦ рүү орохоор нь яваад очтол машинаа орхиод зугтаасан. Машин дээрээ очтол түлхүүр байгаагүй. Ингээд түлхүүр тааруулдаг хүн дуудаж, асаалгаад би унаад Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын 15 дугаар хороо, 46 дугаар байрны гадаа зогсоолд шөнө 04 цагийн үед тавиад амарсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээс гараад машин байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Ингээд 46 дугаар байрны камер шүүж үзтэл 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 07 цаг 20 минутад Ж ирээд онгойлгож ороод, аккумляторыг нь залгаж асаагаад унаад явсан байсан. Ингээд З нь Жийн олж авахын тулд таньдаг охиноор нь холбогдуулж цаг товлуулж, Өргөө кино театрын орчимд цагдаа барьж авсан. Энэ машин манай эхнэрийн эзэмшлийнх юм. Одоо Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байдаг юм. Тэр орой цагдаатай хамт 46 дугаар байранд ирж камерын бичлэг авах гэтэл хард нь гэмтсэн гээд авах боломжгүй болсон байсан гэжээ. (хэргийн 127-128 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн БГ2-21-155 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 02 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 11 967 500  төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 89 дүгээр хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БГ2-20-1254 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй эд зүйлийн зах зээлийн үнийг 9 500 000 төгрөгөөр тогтоов гэжээ. (хэргийн 140 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Ж нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан гэжээ. (хэргийн 162 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

 Шүүгдэгч Э.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны 902 тоотод байрлах гэрээсээ фейсбүүк хаягаараа гар утас зарах зарын группэд “гар утас байна уу” гэсэн зарын дагуу хохирогч А.Аын “Хуавэй Пи-20” загварын гар утас дээр зөрүү 270 000 төгрөг авч, “Айфоне Экс” загварын гар утсыг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 120 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 150 000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5175242150 дугаартай дансаар авч, нийт 270 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр асаалттай байсан хохирогч Б.Бын эзэмшлийн 78-08 УНР улсын дугаартай “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөөний 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 64 дүгээр байрны гаднаас хохирогч Б.Сгийн эзэмшлийн 73-50 УБГ улсын дугаартай Сонота-7 загварын тээврийн хэрэгслийг түлхүүрийг нь хүлээлгэн өгөлгүй, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар хорооллын 46 дугаар байрны гаднах зогсоол дээр байршуулан тавьсан хохирогч Б.Сгийн эзэмшлийн 73-50 УБГ улсын дугаартай, Сонота-7 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 7 цагийн орчимд өөрт байсан түлхүүрийг ашиглан завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.А, Б.Б, Б.С, гэрч Б.Т, С.З, Ц.Т нарын мэдүүлэг,  “Дамно” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн БГ2-21-155 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БГ2-20-1254 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Жийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан,

Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, үргэлжилсэн үйлдлээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ж болон түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Э.Ж нь хохирогч Б.С, Б.Б нарт автомашиныг буцаан өгсөн,

хохирогч А.Ат 270 000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан, хохирогч нар Э.Жөөс нэмж хохирол нэхэмжлээгүй байна.   

           

            Э.Жөд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулсан ба ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд Э.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.Жөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Э.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон 1 хоногоор тооцож, (105х8=840) түүнийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

                                               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Жийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан,

 

авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, үргэлжилсэн үйлдлээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.  Шүүгдэгч Э.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Э.Жийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Жөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Жөд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ОЮУН