Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/399

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгсөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 03100 0444 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

- Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,

- Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хорих ялаар,

- Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн.  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.А нь 2020 оны 10 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадаа хохирогч Г.Гийг “үгээр өдсөн” гэх шалтгааны улмаас түүний араас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 359 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хохирол төлөгдсөн талаарх хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч П.Аыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Гийн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны урд талд Наранхүү гэх найзын хамт сууж байхад үл таних залуу ирээд намайг хамт явж тамхилъя гэж хэлээд Цагдаагийн кабины ард талд очоод миний араас түлхээд унагасан шиг санагдаж байна тэгээд би буцаад ... баарны гадаа талд сууж байхад манай эхнэр ирээд цагдаа дуудахад уучлаарай, дараа учраа олъё цагдаад надтай маргалдсан гэж битгий хэлээрэй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх14-19/,

2. Гэрч Д.“...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Хэрлэн гэх бааранд 21 цагийн орчим найз нарын ...хамт 0,75 л архи хувааж уугаад байж байхад нөхөр Г 23 цагийн үед ирээд жаахан сууж байгаад 23 цаг 50 минутын үед гарсан. Би найз Алтанцэцэгийг таксинд суулгаж өгөх гээд Г болон Наранхүү нарыг Хэрлэн пабын үүдэнд үлдээгээд цаашаа явсан. Тэгээд 10 орчим минутын дараа ирэхэд нөхөр Г нь цустай холилдчихсон нэг үл таних залуутай хамт сууж байсан. Тэгээд Гоос асуухад яагаа ч үгүй зүгээр гээд байсан тэгэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд би нөгөө үл таних залуугаас юу болсон гэж асуухад танай нөхөр тэнд хэвтэж байсан харин би амийг нь аварлаа гэсэн. Тэгээд би нөхрөө дагуулаад гэмтлийн эмнэлэг явж байхад найз Наранхүү над руу залгаад Гийг наад залуу чинь зодсон байх гэж хэлсэн. Тухайн залууг харвал танина, 170 см орчим өндөртэй, дундаж жинтэй, давхраатай нүдтэй, цайвар шаргал нүдтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх21-23/,

3. Гэрч М.“...Тухайн үед Г бид 2 зогсож байгаад Г намайг наанаа байж бай гэж хэлээд үл таних залуутай хамт яваад 10 орчим минутын дараа Гийн нүүрнээс цус гойжсон байдалтай ирсэн. Тухайн үед Гтой хамт явсан залуу нь буцаад Гтой ирсэн. Гийн нүүрнээс цус гарсан байхаар нь хамт явсан залуу нь зодсон байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх26/,

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12628 дугаар “....Г.Гт хамрын нурууны хугарал, дух, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх28-29/,

5. Шүүгдэгч П.Аы яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 сарын 31-ний орой 23 цагийн үед гэртээ байж байхад Ганхуяг гэх найз маань намайг ирээд аваач гэж хэлэхээр нь би түүнийг авахаар Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд байрлах Вест баарны хажууд машинтайгаа ирээд машинаа тавиад зогсож байтал үл таних залуу буюу Г гээд байгаа залуу ганцаараа гарч ирсэн юм. ...Гийг тоолгүй согтуу юм байна гэж бодоод орхих үед үгээр өдөөд намайг дагуулаад цагдаагийн кабины араар орж явах үед Гийн араас түлхээд газар унагаасан. Тэгээд Гийг газраас босгоод ирсэн чинь Г намайг уучлаарай манай эхнэр хамт явж байгаа намайг ийм байдалтай харах юм бол аюул болно гэж хоорондоо эвлэрсэн. Тухайн үед эхнэр нь ирээд Гийг яасан юм бэ гэхэд энэ хүн намайг дагуулж ирлээ би хэнд зодуулснаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Удалгүй Гийн эхнэр цагдаад дуудлага өгсөн ба цагдаа ирэхэд Г надад хандаж 2-лаа дараа уулзъя гээд би найз Ганхуягийг аваад гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх94-95/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч П.А:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.А нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын тайлбар, дүгнэлтээс шүүгдэгч П.А нь 2020 оны 10 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны гадаа хохирогч Г.Гийг “үгээр өдсөн, согтуурхсан” гэх шалтгааны улмаас түүний араас түлхэж унагааж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Г.Гийн “...үл таних залуу ирээд намайг хамт явж тамхилъя гэж хэлээд Цагдаагийн кабины ард талд очоод миний араас түлхээд унагасан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хулан, М.Наранхүү нарын мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Аы хохирогчийг түлхэж унагаасан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн биед “...хамрын нурууны хугарал, дух, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12628 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч П.А нь хохирогч Г.Гт 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй талаар хүсэлтээ бичгээр гаргасан /хх99/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, харин шүүгдэгчийн үйлдэлд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХБААТАР