Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/390

 

 

 

 

 

 

 

 

2021            6            14                                     390

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Энхжин, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин /томилолтоор/,

шүүгдэгч: Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хт холбогдох эрүүгийн 1905021420104 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1959 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, сард 280 000 төгрөгийн халамжийн тэтгэвэр авдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт

Сүхбаатарын районы шүүхийн 1974 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 219 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109а-д зааснаар 3 жил хорих ялаар,

Дорнод аймгийн шүүхийн 1978 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109б-д зааснаар 7 жилийн хорих ялаар,

Сүхбаатарын районы шүүхийн 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 4 жил 1 сар 23 хоног хорих ялаар,

Нийслэлийн шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.3, 239 дугаар зүйлийн 239.2, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Х.

 

            Шүүгдэгч Д.Х нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дельта Фүүдс” компанийн агуулахын харуулаар ажиллаж байх үедээ буюу 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Аварга” нэртэй 24 килограммын савлагаа бүхий 9 шуудай будааг завшиж, 427 500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Х мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн. Тухайн үед ажил дээрээ байх үед үдээс хойш таньдаг 2 хүн ирж, шил архи хувааж уугаад, мөнгөгүй болсон тул 1 шуудай будааг 10 000 төгрөгөөр, нийт 9 шуудай будааг 90 000 төгрөгөөр зарсан. Тэрнээс хойш ахиж ажилдаа очоогүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний хийсэн хэрэгтээ гэмшиж буй байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Н.Б мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай компанийн агуулахад хулгай орж, 9 шуудай цагаан будаа алдагдсан хэрэг гарсан. Тухайн үед манай борлуулалтын ажлыг хариуцдаг Г эгч бараа агуулахдаа багтахгүй болохоор нь хаалгыг нь хагас онгорхой орхиод, хаалт хийгээд, өрж тавиад орой ажлаасаа тарсан байсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өглөө ажилдаа ирэхэд агуулахын хаалганы хэсэгт тавьсан байсан будаанаас 9 шуудай дутсан байсан. Ингээд Х гэх харуулыг дуудаж уулзахад, “би 9 шуудай цагаан будааг гаргаж зараад архи уучихсан юм, төлж өгнө” гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш алга болчихсон, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай компани алдагдсан 9 шуудай будааны мөнгийг нэхэмжлэхгүй. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Агуулахын барааг нярав хариуцдаг. Гэхдээ орой ажил тарснаас хойш уг агуулахын аюулгүй байдал, бараа бүтээгдэхүүн хулгайд алдагдах зэргээс хамгаалах зорилгоор харуул ажилладаг юм. Тухайн үед гарч байсан харуул Х өөрөө харж хариуцах ёстой байсан агуулахаасаа будаа авч зарсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Х нь манай компанийн эд хөрөнгийг харж хариуцаж байсан харуул мөн бөгөөд итгэмжлэн хариуцаж байсан эд хөрөнгөө завшсан гэж үзэж байгаа. Хтай анх ажилд орох үед нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ олдохгүй байгаа гэжээ. (хэргийн 38-39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Г.С мэдүүлэхдээ:

Агуулахаас будаа дутаж хулгайд алдагдсан байсныг манай нярав Чулуунцэцэг анх мэдсэн. Бид будаа хулгайд алдсаныг мэдээд харуул Даржаа овогтой Хтай холбогдоход хулгай хийсэн талаараа өөрөө утсаар ярьсан. Хулгайд алдсан 9 шуудай цагаан будаа 1 шуудайндаа 24 килограмм будаа байдаг гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Г мэдүүлэхдээ:

Х гэх хүн манай компанийн агуулахын харуулаар 2016 оноос хойш ажилладаг байсан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой агуулах дээр ажиллаж байгаад агуулахын бараа багтахгүй болохоор нь хаалгыг нь хагас онгорхой үлдээгээд хаалган дээр нь подон олныг өрж хааж тавиад орхисон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өглөө очоод харахад агуулахад тоолоод тавьсан байсан 24 килограммын савлагаа бүхий 9 шуудай будаа дутсан. Ингээд тооллого явуулаад дутахаар нь харуул Х ахаас асуухад “би 9 шуудай будаа зараад архи уучихсан юм, төлж өгнө” гэж байсан. Х агуулахын бараа, агуулахыг хариуцсан ажилтан мөн. Уг хашаанд манай агуулах байрладаг бөгөөд Х агуулахын бүрэн бүтэн байдал, бараа бүтээгдэхүүн хулгайд алдагдахаас сэргийлж тэнд харуулаар гардаг байсан гэжээ. (хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

            “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 427 500 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

Д.Х нь Сүхбаатарын районы шүүхийн 1974 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 219 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109а-д зааснаар 3 жил хорих ялаар,

Дорнод аймгийн шүүхийн 1978 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109б-д зааснаар 7 жилийн хорих ялаар,

Сүхбаатарын районы шүүхийн 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 4 жил 1 сар 23 хоног хорих ялаар,

Нийслэлийн шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.3, 239 дугаар зүйлийн 239.2, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Х нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дельта Фүүдс” компанийн агуулахын харуулаар ажиллаж байсан 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Аварга” нэртэй 24 килограммын савлагаатай 9 шуудай будааг завшиж, 427 500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, гэрч Г.С, Д.Г нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч “Дельта Фүүдс” ХХК нь хохирлын 427 500 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Хыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар Д.Хт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Д.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН