Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/413

 

 

 

 

 

 

 

 

    2021          6            22                                     413    

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль /онлайнаар/,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.М,

шүүгдэгч: Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Аод холбогдох эрүүгийн 2103000850107 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, А.

 

Шүүгдэгч Ч.А 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 12 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буурал ээж” хүнсний дэлгүүрийн зүүн урд замд “Тоёота Приус-20” загварын, 80-04 УНБ улсын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин 65.8 км/цагийн хурдтай явж байхдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан зорчигч М.Х /13 настай, эмэгтэй/-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.А мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний жолоодож явсан тээврийн манай эхнэрийн авто машин байсан. Осол болох үед хажуу талын машин намайг халхлаад зогссон байсан болохоор явган зорчигч харагдаагүй. Би 65-68 километр цагийн хурдтай явж байсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 700 000 төгрөг өгсөн. Цаашид гарсан эмчилгээний төлбөрийг төлнө. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь миний буруу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.М мэдүүлэхдээ:

Тухайн үед цагдаа, яаралтай түргэн тусламж хугацаа алдаж ирсэн.  Эмчилгээний зардлыг тооцож, баримтаар гаргаж өгч чадаагүй. Манай хүүхдийн гар сүүлийн 20 хоногт эдгэж, бороолсон. Одоо физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийж байна. Одоогоор дахин хагалгаанд орох, үнэ өртөг өндөртэй эмчилгээд явах шаардлага байхгүй байна. Хүүхдийн гар эдгэж байгаа учраас одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Өмнө нь ч гэсэн бид хохирол нэхэмжлээгүй. Шүүгдэгч сайн дураараа эмчилгээ сувилгаа хийлгэж туслах юм бол бидэнд татгалзах зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч- М.Х мэдүүлэхдээ:

Автобусанд суух гээд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Эхний хоёр эгнээний машин хурдаа хасаад намайг гаргасан. Тэгээд эсрэг урсгалаас ирж байсан эхний эгнээний машин зогссон. Тэгэхээр нь би гялс гаръя гэж бодоод тухайн зогссон машины урдуур гүйгээд гарах үед сүүлийн эгнээнд явж байсан автомашин миний баруун гар талаас ирээд зүүн талынхаа толь хэсгээр намайг мөргөөд газарт унагасан. Би тухайн үед цочролд ороод, замаас гараад явган хүний зам дээр хэсэг суусан. Тэгээд нөгөө машины жолооч намайг тэврээд машиндаа оруулж суулгасан. Манай ээж рүү тухайн үед ойрхон явж байсан хүн залгаад дуудсан гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч- Б.Мя мэдүүлэхдээ:

А бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учир хамтдаа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

12:19:23 цагт дэлгэцийн баруун дунд талаас хохирогч алхаж гарч ирээд, явсаар 12:19:49 цагт явган хүний гар дээр ирээд зогсож байв.

12:20:00 цагт явган зорчигч зорчих хэсэг рүү орж хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар алхаж байна.

12:20:09 цагт зорчих хэсгийн голд очих үед 2 дугаар эгнээнд баруунаас зүүн тийш явж байсан цагаан өнгийн автомашин явган зорчигчид зам тавьж өгөхөд явган зорчигч урдуур нь гарахад 1 дүгээр эгнээнд зорчиж байсан тээврийн хэрэгсэл зүүн талын толь хэсгээрээ мөргөн газарт унагаж байна. Явган зорчигч газарт унаж, тээврийн хэрэгсэл цааш яваад зогсож байгаа нь харагдаж байна  гэжээ. (хэргийн 11 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3217 тоот дүгнэлтэд:

1. М.Хгийн биед баруун бугалга ясны хугарал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1229 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн СД дискэнд хадгалагдаж буй “Буурал ээж дэлгүүр.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.  

2. Шинжилж буй “Буурал ээж дэлгүүр.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 12:20:09-12:20:12 секундэд дүрслэгдэх автомашин нь “1”-ээс “2” гэж тэмдэглэсэн үл хөдлөх цэгийн хоорондох 18.3 метр зайг ойролцоогоор (65.8-69.3) км/цагийн хурдтайгаар туулж өнгөрсөн байна гэжээ. (хэргийн 59 дүгээр хуудас)

 

  Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай магадалгаанд:

  1. Тоёота приус-20 загварын 80-04 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч М овогтой Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 78 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 89 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ч.А 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 12 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буурал ээж” хүнсний дэлгүүрийн зүүн урд замд Тоёота Приус-20 загварын, 80-04 УНБ улсын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”,

12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин 65.8 км/цагийн хурдтай явж байхдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан зорчигч М.Х /13 настай, эмэгтэй/-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Х, иргэний хариуцагч Б.Мя нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3217, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1229 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай магадалгаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Ч.Аод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь насанд хүрээгүй хохирогч М.Хд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд Ч.А 700 000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Хд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Аыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ч.Аод даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Хд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Аод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН