Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0357

 

С.Э нарын нэр бүхий 32 иргэний

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р

Нэхэмжлэгч: Х.Г, Б.Э, С.Э нарын нэр бүхий 32 иргэн

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн Х.Г, Ш.Ц, И.Э, Г.Б, О.О, М.Т, Л.Л, С.О, С.Ч, Н.Т, Н.Ц, М.Б, Т.З, Ж.О, М.Б, Ж.Г, Ч.Я, Б.Б, Б.Э, Б.Д, С.Е, С.Э, Д.Х, Б.С, Б.П, Д.Ц, Д.Д, Д.М, Ж.О, С.Г, Г.Н, Б.А нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, Н.Ц, С.Э, Ш.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 118/2022/0037/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр

зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Х.Г, Ш.Ц, И.Э, Г.Б, О.О, М.Т, Л.Л, С.О, С.Ч, Н.Т, Н.Ц, М.Б, Т.З, Ж.О, М.Б, Ж.Г, 4.Я, Б.Б, Б.Э, Б.Д, С.Е, С.Э, Д.Х, Б.С, Б.П, Д.Ц, Д.Д, Д.М, Ж.О, С.Г, Г.Н, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р-аас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар Улиастай сумын өлзийт баг 66 иргэнд /нэхэмжлэгч 32 иргэний нэр багтаж байгаа/ газар өмчлүүлсэн байна. Өмчлүүлсэн шийдвэр гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэсэн байна. Уг 40 дүгээр тогтоолоор "Улиастай хотын-1000 айлын орон сууцны хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. "Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 66 иргэнд газар өмчлүүлэхийг Засаг даргад зөвшөөрсөн үг өгүүлбэр тусгагдаагүй байна. Тухайн үеийн засаг дарга улс төрийн шийдвэр гаргаж 1000 айлын орон сууцны хороолол дунд 66 иргэнд газар өмчлүүлсэн нь илт хууль бус гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна.

2.2.Мөн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Улиастай сумын өлзийт багт иргэн аж ахуйн нэгж байгууллагад шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын төлөвлөлтийг батлаагүй ба одоо эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөн авах хэмжээ байршлыг Өлзийт багт 0.07 га-аар 12 иргэнд төлөвлөсөн байна.

 Дээрх 12 иргэний өмчилсөн газар нь маргаан бүхий 66 иргэний газраас тусдаа өөр байршилд байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Засгийн газар дараах бүрэн эрхтэй, 9.1.2-т "аймаг нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршил зориулалтыг тогтоох" гэж заасны дагуу Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "2020 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалтыг батлах тухай" 62 дугаар тогтоолоор одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх зориулалтаар 30.83 га, Улиастай суманд шинээр, өмчлүүлэх газрын хэмжээг 0.75 га-гаар тогтоолд үндэслэж Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар "Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ байршил зориулалтыг тогтоох тухай" тогтоолоор одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх зориулалтаар газрын хэмжээг Завхан аймагт 30.83 га талбайгаар баталсан ба иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр тусгаагүй болно.

2.3.Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байх тул аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамж нь илт хууль бус тул эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж байна.

2.4.Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 40 дүгээр тогтоол, 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, жил бүрийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд газар өмчлүүлэхийг аймгийн Засаг даргад зөвшөөрөөгүй байхад газар өмчлүүлсэн шийдвэр гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзвэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах шаардлагагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж аймгийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар мэдэгдэх хуудсыг захирамжид дурьдагдсан нэр бүхий 66 иргэнд гардуулсан.

2.5.Шинэ орон сууцны хорооллын газар ашиглалтыг завхан аймгийн засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 94,6 га газарт гаргасан А/12 дугаар

захирамжийг үндэслэн 47,6 га талбайд хийсэн. Төлөвлөлт хийгдэж байгаа талбайд иргэдэд газар өмчлүүлэхээр захирамж гарсан 5 айл байгаа бөгөөд тэдгээр нь одоогоор 2 давхар амины сууц босгон эргэн тойрон хашаа хатгасан. Мөн талбай дээр 10 кВ, 35 кВ, болон 110 кВ цахилгааны шугамууд 577 м бохирын шугам татсан

байгаа. Улиастай хотын хувьд энэ төлөвлөж буй талбай нь ойрын жилүүдэд барилгажих, боломжтой сул чөлөөтэй байгаа суурьшлын нөөц газар юм.

2.6.Суурьшлын бүсийг засаг захиргааны байгууллага боловсролын байгууллага, худалдаа үйлчилгээний цогцолбор хэсэг, эмчилгээ сувиллын хэсэг, нийтийн зориулалттай орон сууц, таун хаусны хэсэг, эдэлбэр газартай амины орон сууцны хэсгүүдэд хуваасан.

Дэд бүтцийн бүсийг авто замын ба явган хөдөлгөөний хэсэг, Ногоон байгууламжийн бүсийг хорооллын спорт амралт, зугаалгын хэсэг, төв цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг, хамгаалалтын ногоон байгууламжийн хэсэг гэж ангилсан байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан "Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 66 иргэнд газар өмчлүүлэхийг аймгийн Засаг даргад зөвшөөрсөн шийдвэр гараагүй байна.

2.7.Дээрх төлөвлөгөөний таун хаусны хэсэг, эдэлбэр газартай амины орон сууцны хэсгүүд гэснийг мушгин гуйвуулж нэр бүхий 66 иргэн / нэхэмжлэгч 32 иргэний нэр багтаж багтаж байгаа/-д өмчлүүлсэн шийдвэр гаргасан нь илт хууль бус байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд

 -Зураг төсөв зохиогчийн бүрэлдэхүүн

-Хотын байршил, байгалийн нөхцөл нөөц, голын үерлэлт, голын эргийн идэгдэл, талбайн угаагдал,

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд

-Байгалийн нөхцөл, нөөцийн үнэлгээ

- Байгаль экологийн үнэлгээ

- Инженер экологийн үнэлгээ

-Шинээр байгуулах хот суурины дэвсгэр газарт өгөх нийгэм эдийн засгийн

үнэлгээ

-Шинээр байгуулах хот суурины дэвсгэр газарт өгөх зам тээврийн үнэлгээ

-Шинээр байгуулах хот суурины дэвсгэр газарт өгөх инженерийн дэд бүтцийн нэгдсэн үнэлгээ,

-Шинээр байгуулах хот суурины дэвсгэр газарт өгөх архитектор, түүх соёл, археологийн дурсгал, ландшафттын үнэлгээ гэх зүйлсийг тусгасан байна. Нэр бүхий 66 иргэнд газар өмчлүүлэхийг аймгийн засаг даргад зөвшөөрөөгүй байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 118/ШШ2023/0012 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Х.Г, Б.Э, С.Э нарын нэр бүхий 32 иргэнээс Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн Х.Г, Ш.Ц, И.Э, Г.Б, О.О, М.Т, Л.Л, С.О, С.Ч, Н.Т, Н.Ц, М.Б, Т.З, Ж.О, М.Б, Ж.Г, Ч.Я, Б.Б, Б.Э, Б.Д, С.Е, С.Э, Д.Х, Б.С, Б.П, Д.Ц, Д.Д, Д.М, Ж.О, С.Г, Г.Н, Б.А нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2.Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар “...Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газрын тухай хууль, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, мөн Захиргааны ерөнхий хуулийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлд хариу тайлбар ирүүлээгүй аймаг, сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг болон хавсралтад дурьдсан 24 газрын захирамжийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжийн хавсралтад нэхэмжлэгч 32 иргэнд газар өмчлүүлэх эрх олгосон 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамж багтсан байх тул нэхэмжлэгч нэр бүхий 32 иргэнээс тус захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

3.Маргаан бүхий захирамжид дурдсан дээрх үндэслэлүүдийн “Газрын тухай хууль, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, мөн Захиргааны ерөнхий хуулийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлд хариу тайлбар ирүүлээгүй” гэх үндэслэлүүд нь нэхэмжлэгч нарт хамаарахгүй, харин “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэл нь нэхэмжлэгч нарт хамааралтай гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарласан байна.

4.Иймд маргаан бүхий захирамжийн “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт анх өмчлөх эрх олгосон 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамж гарсны дараа газрын гэрчилгээгээ авах гээд очиход бөөнөөр нь гаргана гээд хэд хэдэн удаа хойшлуулсан. ...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлээр газар өмчлөх эрхийг дуусгавар болгоно гэж заасан. ...Энэ газар нь ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан газар юм” гэж тайлбарлан маргадаг.

 Хариуцагчаас “...Улиастай сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. ...шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил батлагдаагүй байхад өмчлүүлсэн. ...2014 оны 40 дүгээр тогтоолоор нэр бүхий иргэдэд өмчлүүлсэн газар нь хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр огт заагдаагүй” гэж тайлбарлажээ.

6.Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/395 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн маргаан бүхий газар болох Улиастай сумын Өлзийт багийн Өгөөмөр хэсэгт байршилтай тус бүр 440 м.кв газрыг нэр бүхий 66 иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

7.Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”,

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ”,

...4.1.1-д “гэр бүлийн хэрэгцээний”,

...5 дугаар зүйлийн 5.1.1-д “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”,

...5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох

...5.1.5.1Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх;

...5.1.4-т Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэж тус тус заажээ.

8.Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг[1] баталжээ.

Тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс үзэхэд маргаан бүхий газар нь ...амины орон сууцны зориулалттай байхаар тусгасан гэж үзэхээр байна.

9.Түүнчлэн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улиастай хотын “1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг[2] болон Засгийн газрын 2020 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг[3] нь хоорондоо адилхан байх бөгөөд тус төлөвлөгөөнд ч маргаан бүхий газрыг ...амины орон сууцны зориулалттай газар байхаар тусгасан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл[4], гэрчээр асуусан тэмдэглэл[5] болон дээрх тогтоолуудын хавсралтуудаар тус тус тогтоогдож байх тул “...аймгийн төвийн хотын хөгжлийн хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэн анх нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

10.Нөгөөтээгүүр, маргаан бүхий газарт иргэд хашаа барьж, амины орон сууц /хаус/ барьж суурьшсан байдалтай байгаа нь анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаас тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...төлөвлөлт хийгдэж байгаа талбайд иргэдэд газар өмчлүүлэхээр захирамж гарсан 5 айл байгаа бөгөөд тэдгээр нь одоогоор 2 давхар амины орон сууц босгон эргэн тойрон хашаа хатгасан” гэж тайлбарлаж байгаа хэрнээ нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх боломжгүй, Улиастай хотын хувьд энэ төлөвлөж буй талбай нь ойрын жилүүдэд барилгажих, боломжтой сул чөлөөтэй байгаа суурьшлын нөөц газар юм” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

11.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Засгийн газар дараахь бүрэн эрхтэй” гэж,

...9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох” гэж,

...12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй” гэж,

...12 дугаар зүйлийн 12.1.2-т “сум дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дүүрэг бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж,

...19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний /гэр бүлийн хэрэгцээний/ зориулалтаар өмчилж авахыг хүссэн  ...газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд ...Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”-аар тус тус заажээ.

12.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний саналыг ...боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр заасан байх атал тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын талаар хэлэлцэн тогтоогоогүй, тус үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шинээр газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдэд 2014 оны газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлснийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “..."Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 66 иргэнд газар өмчлүүлэхийг Засаг даргад зөвшөөрсөн үг өгүүлбэр тусгагдаагүй байна. Тухайн үеийн засаг дарга улс төрийн шийдвэр гаргаж 1000 айлын орон сууцны хороолол дунд 66 иргэнд газар өмчлүүлсэн нь илт хууль бус гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна. ...одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх зориулалтаар газрын хэмжээг Завхан аймагт 30.83 га талбайгаар баталсан ба иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр тусгаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь эрх бүхий захиргааны байгууллагаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлаагүй буюу хуульд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй шалтгааны улмаас нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

13.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “/аймгийн Засаг дарга нь/... сумын Засаг даргын саналыг үндэслэн ... газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”-аар, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “...аймгийн төвийн сумын Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч ... аймгийн Засаг даргад уламжлах”-аар тус тус зааснаар газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь аймгийн Засаг даргад хадгалагдана, сумын Засаг дарга нь иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймгийн Засаг даргад уламжлах, багийн Засаг дарга нь тухайн багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн биелэлтийг хангуулах тус тусын чиг үүрэгтэй байна.

14.Энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч нар нь газар өмчлөх тухай өргөдлийг шууд аймгийн Засаг даргад хандаж гаргасан байх бөгөөд аймгийн Засаг дарга иргэдийн өргөдлийг хүлээн авч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн болох нь гэрч Ч.Б-ийн мэдүүлэг[6], Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 587 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн иргэдийн өргөдөл[7], мөн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 631 дүгээр албан бичиг[8]зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “...тэдгээр өргөдлийг хуульд нийцүүлэн хүлээн авч, бүртгэх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа учир газар өмчлүүлэх өргөдлийг зохих ёсоор гаргаж, бүртгүүлээгүйд дан ганц нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь аймгийн Засаг даргад хадгалагдаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...жил бүрийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд газар өмчлүүлэхийг аймгийн Засаг даргад зөвшөөрөөгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

15.Маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

15.1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

15.2.Маргаан бүхий захирамжаар нэр бүхий иргэдэд газар өмчлөх эрх олгосон 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-т тодорхой заасан ба нэхэмжлэгч нарын хувьд хуульд заасан эдгээр үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

15.3.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.

Түүнчлэн захиргааны байгууллага аливаа шийдвэрээ хуульд заасан журмын дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж, актыг гаргасан байгууллага түүнийг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэг хүлээхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд тусгайлан зохицуулжээ.

15.4.Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн (нэхэмжлэгч нэр бүхий 32 иргэн) өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломж олгоогүйн зэрэгцээ газрыг хүчингүй болгосон шийдвэрээ мэдэгдээгүй нь тогтоогдох бөгөөд хариуцагчийн энэхүү шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн, газар эзэмшигчийн эрхэд халдсан хууль бус акт гэж үзэхээр байна.

15.5.Хэдийгээр хариуцагчаас сонсох ажиллагааг зохион байгуулж аймгийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар мэдэгдэх хуудсыг захирамжид дурьдагдсан нэр бүхий 66 иргэнд гардуулсан” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул маргаан бүхий актыг гаргасан байгууллага түүнийг мэдэгдсэн хугацааг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

16.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 128-160 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 134-135 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 113 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 101-102 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 104-106 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтас 104 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 63-81 дэх тал

[8] Хэргийн 2-р хавтас 38-49 дэх тал