Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
Хэргийн индекс | 134/2016/0032/Э |
Дугаар | 35 |
Огноо | 2016-06-23 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Л.Энхтайван |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 35
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж
Нарийн бичгийн дарга: А.Энхбаяр
Улсын яллагч: Л.Энхтайван
Хохирогч Л.Л.
Шүүгдэгч: Б.Ц. түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц. холбогдох 201608000074 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Бовгийн Б-ын Ц
/РД:........., Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн механикч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны........ тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Баяннексус” ХХК-д төмөр таслагчаар ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.Цолмон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сур харвааны талбайн хажууд байрлах саравчинд иргэн Л.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар Л.Лхагвадоржийн баруун чихний дэлбэнг хазан тасалж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сур харвааны талбайн хажууд байрлах саравчинд иргэн Л.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар Л.Лхагвадоржийн баруун чихний дэлбэнг хазан тасалж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед би цалингаа аваад явж байгаад Л-той тааралдсан. Тэгээд манай ажлынхан ТБ центр байна гээд дуудахаар нь ТБ центрт очиж ажлынхантайгаа архи ууж байгаад ажлынхнаасаа салаад сур харвааны талбай дээр Л., Б. бид гурав очсон. Б. архи уугаагүй. Л. бид хоёр архи ууж байгаад Л. агсам тавих гээд байгаа юм шиг санагдаад би хэлсэн чинь Л.намайг цохьсон. Би эргүүлж цохиж, бид хоёр муудалцсан. Тэгээд Л-ийг чихийг хазаж тасалсан. Би яагаад чихийг нь хазсан талаараа ч санахгүй байгаа. Би хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 121750 төгрөгийг 125000 төгрөгөөр бодож төлсөн. Мөн хэрэг гарсны дараа Л-ийг эхнэр, хүүхэдтэй нь хамт Улаанбаатар хотын Эм Жи Жи гэдэг хувийн эмнэлэгт үзүүлж, эм тарианы мөнгө гээд эхлээд 40,000 төгрөг, дараа нь 60,000 төгрөг нийт 100,000 төгрөг өгсөн. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэхэд гарсан бүх зардлыг би гаргасан. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нь би төлнө. Ийм хэрэг үйлдсэндээ их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Архи хэтрүүлэн хэрэглэж, өөрөө өөрийгөө удирдах чадваргүй болсоноос болж ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Ах дүү, эцэг, эх, та бүхнээс уучлалт гуйж байна гэв.
2. Хохирогч Л.Л. мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Ц.чи надад агсам тавих гээд байгаа юм уу гээд босож ирэхэд нь би баруун гараараа зүүн талын хацар руу нь алгадахад Ц. зөрүүлээд намайг цохиж, сандлаас хойш нь түлхэж унагаад зодоход Бямбаа салгасан. Тэгэхээр нь би босож ирээд Ц. үсдээд нүүр рүү нь өвдөглөхөд дахиад Бямбаа салгаад бид хоёрыг саравчнаас зүүн тийш нь гаргахаар нь би Ц. цээж рүү нь нэг удаа цохиод баруун гарыг нь дараад зүүн гарын суган доогуур тэврэхэд Цолмон зүүн гараараа миний нүүр рүү цохиж байснаа шууд миний чихнээс хазчихсан. Тэгэхэд миний хоёр хамарнаас зэрэг цус гараад нүд харанхуйлаад явчихсан. Тэгэхээр нь би энэ Ц. чинь миний чихнээс хазаад тасалчихлаа ш тээ гэж хэлэхэд Бямбаа харин тэглээ гээд газар гэрэл тусгаад хайгаад байсан. Тэгэхээр нь би наадах чинь идчихсэн гэж хэлсэн. Тэгэхэд Б. газраас хайж байгаад олоод миний фудволконд ороогоод халаасандаа хийсэн. Харин миний баруун чихнээс цус гараад байсан. Ц. надаас уучлалт гуйгаад байсан. Тэгээд бид гурав такси бариад эмнэлэг дээр ирж үзүүлсэн...
... Би чихэндээ эмчилгээ хийлгэсэн. Азаар сонсголд нөлөөлөхгүй гэсэн. Тав нь унаад бүрэн эдгэсэний дараа миний чихэнд нөхөх хагалгаа хийнэ гэсэн. Энэ нь гоо сайханы хагалгаа гэсэн үг юм. Мэс заслын зардал 5,800,000 төгрөг болно гэж эмч хэлсэн. Харин би Ц.оос мэс заслын зардлаас гадна 1 сарын цалингаа давхар нэхэмжилнэ. Би нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд сард 800000 төгрөг авдаг. Гоо сайхны хагалгаанд ороход эмнэлэгээс урьдчилж баримт өгдөггүй. Тэр хагалгааг хийхэд биеийн хамгийн их судастай хэсгээс авч нөхдөг гэсэн. Би нийтдээ 2 удаа мэс засалд орно. Энэ 2 мэс заслын үнэ нийт 5,800,000 төгрөг болж байгаа юм. Ц. надад боолт, эмний мөнгө гэж 100 000 төгрөг өгсөн. Өөрөөр Ц.ийн хувьд надад гомдол санал байхгүй. Надаас уучлалт гуйсан. Адилхан эр хүмүүс, амьдралын төлөө зүтгэж яваа. Заавал торны цаана суулгамааргүй байна гэв.
3. Гэрч 1990 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 4-51 тоотод оршин суух, Ц.Б.мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..Ц. Л.ид чамайг З.г барчих юм байх гэж бодоход чи давхар хамуулаад доор нь унасан ш дээ барахгүй юм билээ гэж хэлэхэд Л. доор нь ороод зоддог байхгүй юу гээд гараараа хий цохиж үзүүлсэн. Тэгэхээр нь би Чойрынхонтой битгий муудалц гэхэд би 2-3 хүнтэй зодолдоход зодуулахгүй, намайг амьтай голтой үлдээх юм бол би бүлээд гарна гэсэн. Тэгэхэд хажуунаас Цолмон чи надтай зодолдох гээд байгаа юм уу гээд босоод ирэхэд Л.баруун гараараа .гийн нүүрэнд нэг удаа суугаагаараа цохиход Ц.шууд Л..ийг цохиод сандлан дээрээс нь цааш нь түлхэж унагаад дээр нь гараад зодсон. Тэгэхээр нь би Цолмонг араас нь тэврээд салгасан. Эргэж босож ирээд Л.Ц.г үсдэж дараад нүүр рүү нь өвдөглөөд зодоод байсан. Тэгэхээр нь би бас салгаад саравчны доороос гаргаад зүүн хэсэгт аваачсан. Тэгэхэд тэр хоёр хоорондоо тэнд муудалцаж байгаад Л. Ц. цохьчихоод баруун гарыг дараад, зүүн гарны суган доогуур гараа хийгээд тэврээд авсан. Тэгэхэд Ц. зүүн гараараа Л.ийн нуруу руу цохиод байсан. Лхагвадорж Ц.ийн баруун мөр орчмоос хазахад Цолмон түүний чихнээс нь хазчихсан. Тэгэхэд Л. миний чихийг хазчихлаа гээд орилсон. Тэгэхээр нь би гэрэл тусгаад түүний чихийг хайхад наадах чинь идчих шиг болсон гэж хэлсэн. Тэгээд би гэрэл тусгаж хайж байгаад түүний чихний тасархайг газраас олоод Лхагвадоржийн өмсөж байсан фудволкоор чихийг нь ороож байгаад халаасандаа хийчихсэн. Чихнээс нь цус гараад байхаар нь Цолмонгийн фудволкоор дарж боосон. Харин . Л.ос уучлалт гуйгаад байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 дүгээр хуудас/
4. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Л.Л.ийн биед 2016.05.04-нд үзлэг хийхэд зүүн нүдний зовхинд 3*2.5 см бүдэг хөх ягаан хуучин цус хуралттай, баруун чихний дэлбэнгийн 2/3 хэсгийн тасрал шарх гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлүүдийг үндэслээд баруун чихний 2/3 гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр алдагдах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун чихний 2/3 гэмтэл нь ШЭГЗТЖурмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 8.38.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулна. Сонсголын бууралтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. ...Зүүн нүдний зовхинд 3*2.5 см бүдэг хөх ягаан хуучин цус хуралт гэмтэл учирсан байсан. Энэ гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Уг гэмтлүүд нь 2016-04-28-ны өдөр үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 дүгээр хуудас/
5. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 151 тоот дүгнэлт: Л..ийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, баруун чихний дэлбэнгийн 2/3 хэсгийн тасрал урагдсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. үндэслээд баруун чихний 2/3 гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр алдагдах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун чихний 2/3 гэмтэл нь ШЭГЗТЖурмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 8.38.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулна. Сонсголын бууралтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.
Шинжээч ахлах дэслэгч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 21 дүгээр хуудас/
6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 46 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Ц.г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Л. нь эмчилгээний зардалд баримтаар 121750 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Цолмон нь 125000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн цаашид гарах нөхөн сэргээх мэс заслын зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хохирогч Л.Л.ийг нөхөн сэргээх эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Б.Цолмонг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овгийн Б.ын Ц.г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц.г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ц. нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчийн эмчилгээний зардалд 125 000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Л.. нь цаашид гарах нөхөн сэргээх эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-нд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА