Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 072

 

            Баян-Ө-аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ө-сумын 2 дугаар багийн оршин суугч Х.Бий нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ө-сумын Засаг даргад  холбогдох,

            “Ө-сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 дугаар захирамжийн Б.И, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Ө-сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл нь: Монгол Улсын иргэн Х.Б би 2012 онд Ө-сумын Засаг даргад хандаж газар авах тухай өргөдөл гаргаснаар Ө-сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр Ө-сумын 2 дугаар баг Сунхарын хашааны зүүн талд ойжуулах зориулалтаар 30000/3/ м.кв/га/ газрыг олгож, **** дугаар гэрчилгээ олгосон. Өөрөөр хэлбэл, би уг газрыг хуулийн дагуу эзэмшдэг юм. Гэтэл Ө-сумын Засаг дарга маргаан бүхий актаар /2016 онд/ миний газрыг иргэн Иса, Ахмарал нарт давхардуулан олгосон байна. Би уг асуудлыг мэдэнгүүт 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр буюу маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Гэвч миний гомдолд хариу өгөхгүй байна.

Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу ийнхүү тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баян-Ө-аймгийн Ө-сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ”Газар эзэмшүүлэх тухай” 203 дугаар захирамжийн Иса, Ахмарал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө-сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 дугаар захирамжийн Б.И, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан. 2012 онд манайх хууль журмын дагуу Ө-сумын Засаг даргын Тамгын газраас захирамж гаргуулан 3 га газрыг ойжуулах зориулалтаар авсан. Гэтэл 4 жилийн дараа 2016 онд тус газартай давхцуулж, Ө-сумын Засаг даргын 203 дугаар захирамжаар Б.И, Б.А нарт газар олгосон тул Ө-сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 дугаар захирамжийн Б.И, Б.И нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага давхардуулан газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шүүхэд хуульд заасан хугацаанд хандсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд хандах, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрүүлсэн гэх зүйл тогтоогдохгүй байна. Тиймээс энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн дагуу тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Шүүхэд гомдол гаргах болсон шалтгаан нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан шийдвэрийн дагуу иргэн Х.Бд олгосон 3 га газрыг хуулийн дагуу эзэмшиж байхад, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Ө-сумын Засаг даргын 203 дугаартай захирамжаар Б.А, Б.И нарт тухайн газраас давхар олгосон байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага гэж байгаа. 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой” гэсэн хуулийн шаардлага байгаа. Гэтэл Ө-сумаас газрыг эзэмшүүлэхдээ яаж олгосон бэ гэхээр хашаа татагдаагүй газар учраас сул газар гэж үзээд эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байна.

 Иргэн Х.Бд ойжуулах зорилгоор олгосон 3 га газрын зарим газарт хашаа татагдаагүй байсан. Нэг талын хашааг татахдаа Ержаны татсан хашааг ашигласан. Ержаны эзэмшиж байсан 0. 21 га  газар нь Х.Бий газар болж харагдаж байгаа. Тухайн хашаалж эзэмшсэн газрыг Ө-сумаас энэ сул газар гэж үзээд иргэн Б.И, Б.А нарт олгосон асуудал байна. Тухайн Х.Бий эзэмшиж байсан газар ямар нэгэн байдлаар хүчингүй болсон талаар шийдвэр гараагүй байхад, газрын албаны мэргэжилтнүүд буруу ойлгож, сул чөлөөтэй газар гэж олгож эзэмшүүлсэн нь хууль бус. 2017 оны 05 дугаар сард хашаа татаж байхад, Х.Б нь “... энэ миний хүүхдүүдэд олгосон газар” гэж маргаж ирсэн.

Тухайн үед таны газар биш, бид нарын эзэмшлийн газар гэж захирамжийг үзүүлэхэд яваад өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа.

Х.Б тухайн үеэс хойш эргэж уулзаагүй. Дараа нь 2-3 жилийн дараа газраа чөлөөлүүлэх тухай Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Б 2017 оны 5, 6 дугаар сард өөрт нь эзэмшүүлсэн газарт өөр хүмүүс хашаа татаж, эзэмшиж байсан гэдгийг мэдсэн. Б.И, Б.А нар 2017 онд тухайн газарт хашаа татаж байхыг мэдсээр байж, 2-3 жил өнгөрсний дараа Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус. Нэгэнт Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээж авах боломжгүй болсон учраас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан гэж үзэж байгаа. Хугацаагаа өнгөрүүлсэн гэж үзэж байгаа бол Б.И, Б.А нар 2017 онд шүүхэд хандах ёстой байсан.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэргийг хаавал, гуравдагч этгээдийн эрх нь сэргээгдэх юм уу, сэргээгдэхгүй шүү дээ. Нэг газрыг хоёр хүнд эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нар хашаагаа татчихсан. Х.Б хууль бус эзэмшиж байгаа гэж хэн ч хэлж чадахгүй. Х.Б гуай би татварыг төлж байгаа, миний хүүхдүүдийн эзэмшлийн газар гэж байгаа. Х.Б гуайд бичиг баримт нь байгаа, гэхдээ эзэмшсэн газар байхгүй. Газрын давхцалын асуудлыг өнөөдөр шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн Ержаны хашаа руу татсан 2000 м2 газрыг Ержан хэзээ нэг өдөр өөрөө шаардах эрх нь байгаа. Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар газрыг Б.И, Б.А нарт эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийг ноцтой зөрчжээ.  Газрын тухай хуулийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалт байгаа. Б.И, Б.А нар газрын төлбөрөө төлж байгаа гэсэн баримтаа гаргаж өгч байгаа. Төлбөр төлж байгаа нь ашигласан гэдэг зүйл биш. Б.И, Б.А нар тухайн газрыг өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй. Зориулалтын дагуу газрыг ашиглах гэдгийг Улсын Дээд шүүхээс тайлбарласан байдаг. Тухайн тайлбартаа иргэн, аж ахуй холбогдох үйл ажиллагаагаа явуулсныг газрыг зориулалтын дагуу ашигласан гэж ойлгоно гэсэн тайлбар байгаа. Иймээс давхардсан газрыг Газрын тухай хуулийг зөрчиж олгосон учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Ө-сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Бий нэхэмжлэлд дараах хариу тайлбар хүргүүлж байна. 2012 оны 162 дугаар захирамж болон 2016 оны 203 дугаар захирамжуудын хууль ёсны эсэхийг холбогдох нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ө-сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны 162 дугаар захирамжаар олгогдсон газар болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 дугаар захирамжаар олгогдсон газрууд нь давхардсан байдалтай байсан. Одоогийн Засаг дарга тухайн үед  байгаагүй газарт хэмжилт хийсэн талаар сайн мэдэхгүй байгаа учраас хууль журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбарыг өгсөн. Өөр нэмэлт тайлбар байхгүй гэв.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний хүүхдүүд болох Б.И, Б.А нар нь 2016 оны 06 дугаар сард Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших хүсэлтээ Ө-сумын Засаг даргад гаргасан ба Ө-сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрийн 203 дугаар захирамжаар Ө-сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс батлагдсан схем зургийн дагуу тус бүрд нь 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу Ө-сумын газрын даамал 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ө-сумын газрын даамал нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл бичиж өгсний дагуу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Ө-ланд” ХХК-ийн инженер Д.Нуржанат газар дээр нь очиж хэмжилт хийж нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэж өгсөн акт үйлдэж бэхлэлт хийж өгсөн. Би тус компанид зохих хөлсийг нь төлсөн. Тус актыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Ермурат хянаж мэдээллийн санд оруулан баталгаажуулалт хийсэн. Эдгээр ажлуудыг хийлгэх үед тухайн газарт ямар нэгэн объект байгаагүй, сул чөлөөтэй байсан. Бид тухайн газрыг хааяа очиж эргэдэг байсан ба 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр орой 20 цагийн үед очиход хоёр залуу хашаа татаж байсан. Учрыг асуухад “... бид хөлсөөр ажиллаж байгаа Бөдений Х, Ж нар бидний эзэмшил газар гээд хашаа татуулж байгаа” гэсэн хариу өгсөн.

Би тэр залуучуудаас тэдний утасны дугаарыг авч ярихад Ж гэгч залуу байсан ба тэр нь “... манай аав Бөдений эзэмшлийн газар байгаа, 2012 онд авсан” гэж хариулсан. Тэр газар Б.Ж өөрөө хүрч ирж, бид хоорондоо ярилцсан боловч учраа ололцоогүй. Тэгээд маргааш нь бид бүгдээрээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж кадастрын зургийг үзэхэд Бөдений эзэмшил газар нь цаад талдаа хашаа татсан газар байсан. Газрын даамал Б.А газар дээр нь очиж үзээд бид нарыг хоорондоо тохиролц гэсэн боловч Бөдений Х, Ж нар тохиролцоогүй.

Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргах юм болов уу гэж сар гаруй хүлээсэн. Нэхэмжлэл гаргаагүй учраас 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ө-сумын Засаг дарга Ч.Бт “газар давхацсан, хашаа татсан байна. Энэ газрыг чөлөөлж, асуудлыг шийдэж өг” гэж өргөдөл гаргасан. Ө-сумын Засаг дарга Ч.Баас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 490 тоот албан бичгээр “Газар давхацсан асуудал байна. Тийм учраас хуулийн байгууллагаар хандаж шийдвэрлүүл” гэж хариу өгсөн. Бид тэдгээр хүмүүстэй учир байдлаа ололцохоор нэлээн хүлээж, 2017 оны 10 дугаар сард Бөден гуайтай гудамжинд тааралдаж учир байдлаа хэлэхэд тодорхой хариу өгөөгүй. К.Б нь Б.А, Б.И нарын эзэмшил газрын цаад талаас 2012 онд газар эзэмшсэн ба тэрний дагуу өөрийн эзэмшил газарт төмөр хашаа татаж хашсан байсан. Б.А, Б.И нарын эзэмшил газар нь тухайн хашаа татсан хэсэгтэй ямар ч давхцаагүй бөгөөд К.Бий хүү Х, Ж нар нь сүүлд нь тухайн хашаа татсан газраас тусдаа Б.А, Б.И нарын эзэмшил газарт дахин хашаа татаж эзэмших эрхэд халдаж байна.

Энэ нь Б.А, Б.И нарын өөрсдийн эзэмшил газарт хашаа татах, байшин барих зэрэг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа учир Б.А, Б.И нарын эзэмшил газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан буулгаж чөлөөлөх шийдвэр гаргуулахаар Баян-Ө-аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад К.Б танай шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иргэн К.Б нь иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг авсны дараа тухайн газарт Б.А, Б.И нарт газар эзэмшүүлсэн Ө-сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баян-Ө-аймгийн Засаг даргад гомдол гаргаж, дараа нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар тухайн иргэн нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах ёстой. К.Б, түүний хүү Б.Х, Б.Ж нар нь тухайн газарт Б.А, Б.И нарт газар эзэмшүүлэх шийдвэр гарсныг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн. Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт надтай хамт Б.Х, Б.Ж нар ирж кадастрын зургийг үзэж, Ө-сумын газрын даамал Б.Аийн хамт тухайн газарт очиж асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэхээр ярилцаж байсан.

Түүнчлэн, миний бие 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр К.Б гуайтай Ө-сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тааралдаж, тухайн газрыг чөлөөлж өгөх, хооронд тохиролцох талаар ярилцаж байсан. Гэтэл К.Б нь энэ асуудлыг огт мэдээгүй байдлаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргаж,  дараа нь танай шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэвэл, тухайн эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гомдлоо гаргах ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Ж 2017 оны  06 дугаар сарын 29-ны өдөр надтай уулзсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа.

Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 16-нд Х.Б шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бид нар мэдсэн гэдэг үндэслэл байхгүй. Тийм учраас гомдлыг хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр,  нөгөө  талаар К.Бий эзэмшил газар нь Б.А, Б.И нарын эзэмшил газартай ямар ч давхцаагүй байгаа ба тэр нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим санд байгаа мэдээлэл, кадастрын зургаар бүрэн батлагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж, дүгнээд нэхэмжлэгч Х.Бээс Ө-сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ө-сумын  Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 дугаар захирамжаар  Б.И, Б.А нарт эзэмшүүлсэн 1400 м2 газрын 909.5 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн 490,5 м2 газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ө-сумын Засаг даргын 2012 оны 162 дугаар шийдвэрээр 3 га газрыг ойжуулах зориулалтаар эзэмшсэн, уг  газрыг иргэн Б.А, Б.И нарт 2016 онд давхцуулан олгосон байна” гэж, хариуцагч “... Шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг мэдэгдье” гэж,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Нэхэмжлэгч нь Б.И, Б.А нарт газар эзэмшүүлэх шийдвэр гарсныг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн,  түүний захиргааны байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гуравдагч этгээдүүд нь газар эзэмших үед тухайн газар нь сул, чөлөөтэй байсан, уг газар нь Х.Бий эзэмшлийн газар байхаар газрын нэгдсэн санд ороогүй, кадастрын зураг үйлдэгдээгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

  1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлийн тухайд:

            Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн  43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна,” 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд  захиргааны байгууллага нь гаргаж байгаа шийдвэрийн талаар   эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу өөрөө мэдэгдэх үүргийг хүлээх ба хэрхэн мэдэгдэх журмыг 43.2-т нарийвчлан тусгажээ.

            Х.Бий  эзэмшиж буй газрын зарим хэсгийг  ашиглаагүй үндэслэлээр бусдад  давхар эзэмшүүлсэн  захиргааны байгууллагын шийдвэрийн талаар  хариуцагчаас хуульд заасан журмын дагуу дээрх байдлаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг мэдсэн гэж үзэх боломжтой ба 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн хүү Б.Жад гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмшүүлсэн тухай шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтуудыг үзүүлж  мэдэгдсэнийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч  мэдсэн гэж  үзэх боломжгүй байна.

  Түүнчлэн,  нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг  хариуцагчаас хүчингүй болгоогүй,  хүчин төгөлдөр газар эзэмших захирамжтай, энэ захирамжийн дагуу эзэмшил бүхий 3 га газрыг хашаалж, одоогийн байдлаар зориулалтын дагуу ашиглаж байгаа байдал,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд  “...хашаа татаж байхад бүх бичиг баримтаа Х.Бд үзүүлсэн. Маргааш нь газрын даамал Б.Атэй би  уулзаагүй. Дараа нь захиргааны байгууллага өөрөө зохицуулсан байх гэж ойлгосон” гэх мэдүүлэг зэргээс  үзэхэд  нэхэмжлэгч нь тухайн үед  өөрийнх нь  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнийг  мэдсэн гэж  дүгнэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч Х.Б нь Ө-сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн 3 га газрын зарим хэсгийг бусдад давхцуулан эзэмшүүлсэн талаар дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гомдол[1] гаргасан, аймгийн Засаг даргаас Ө-сумын Засаг даргад гомдлыг шийдвэрлүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 8-03/438 дугаартай албан бичгээр шилжүүлсэн[2], Ө-сумын Засаг даргаас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2/348 дугаартай албан бичгээр[3]  шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай хариу мэдэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн  94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах талаар гаргасан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гомдлыг холбогдох захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй тул 2019 оны 06 дугаар сарын 25-ны  өдөр  шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгчээс  дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг  тус тус  хэтрүүлээгүй гэж үзлээ.

2. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Ө-сумын Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[4] нэхэмжлэгч Х.Бд Ө-сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 3 га газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[5] олгож, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг[6] байгуулж, Ө-сумын Засаг даргаас баталсан эзэмшлийн газрын байршлын схем зургийг[7] үйлджээ.

Улмаар нэхэмжлэгч нь 2016 оноос өмнө өөрт нь  эзэмшүүлсэн 3 га газрын 2,65 га газарт хашаа татсан байх ба хашаа татсан байдлаар[8] газрын нэгдмэл санд орсон, хашаа татагдаагүй, газрын нэгдмэл санд ороогүй үлдсэн 0,37 га газрыг нь сул чөлөөтэй газар гэж үзэн Ө-сумын Засаг даргаас зарим хэсгийг нь иргэн Б.И, Б.А нарт  2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[9] тус бүрд нь 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ***** дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээ[10] олгож, тус бүртэй нь газар эзэмшүүлэх гэрээ[11] байгуулж, газрын байршлын кадастрын зургуудыг[12] үйлджээ.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Ө-сумын газрын даамал Б.А нь   маргаан бүхий газрыг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн талаар “... нэхэмжлэгч нь 2013 оноос хойш схем зурагт заасны дагуу хашаа татаагүй, өөрт нь олгогдоогүй газраас хашаа татсан, нийт хашаа татсан  хэмжээг 3 га газар гэж үзсэн, хашаа татагдаагүй хэсгийг сул чөлөөтэй газар гэж үзэж хүсэлт гаргасан Б.И, Б.А нар болон өөр 3 иргэнд эзэмшүүлсэн”[13] гэж мэдүүлжээ.

Шүүхээс хийсэн газрын үзлэгээр[14] нэхэмжлэгчийн эзэмшлийн  3 га газрын 909,5 м2 газрыг хариуцагчаас гуравдагч этгээд Б.И, Б.А нарт давхцуулан эзэмшүүлсэн нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулсан,  хэрэв нэхэмжлэгч нь түүнээс хойших 2 жилийн хугацаанд  эзэмшлийн газрын зарим хэсгийг буюу маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар  “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж  захиргааны байгууллагаас хүчингүй болгох  үндэслэлтэй  байсан,  нэгэнт  хүчингүй болгоогүй нөхцөлд  тухайн газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх нь хэвээр,  түүнд  эзэмшүүлсэн 3 га  газрын 909,5 м2 газрыг гуравдагч этгээдэд давхцуулан олгосон  нь Газрын тухай хуулийн 31 дүгээр   31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байна.

 Мөн хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах асуудлыг, уг хүсэлтийг хүлээж авсан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг тус тус хуульчилсан ба  32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”,   32.5-т “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж  тус тус заажээ.

Гуравдагч этгээдээс эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтэд заасан газрын байршил нь бусдын газартай давхцаж байгаа эсэхийг  газрын даамал нь тухайн үед нягтлан хянаж,  бусдын газартай давхацсан нөхцөлд  шаардлага хангаагүй гэж хүсэлт гаргагчид мэдэгдэх үүрэгтэйг хуулийн дээрх заалтуудаар зохицуулсан байх ба захиргааны эрх бүхий албан тушаалтнаас энэхүү хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас иргэдэд газар давхцуулан олгогдсон гэж үзлээ.

Нэхэмжлэгчдийн газрын байршлын зургийг газар олголтын мэдээллийн нэгдсэн санд анхны эзэмшүүлсэн хэмжээгээр  оруулах, кадастрын зураг үйлдэх зэрэг нь  захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын үүрэг тул үүнд газар эзэмшигчийг буруутгах, эдгээр үндэслэлүүдээр газар эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “...Х.Бий эзэмшил газар нь Б.А, Б.И нарын эзэмшил газартай ямар ч давхцалгүй байгаа ба тэр нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим санд байгаа мэдээлэл, кадастрын зургаар бүрэн батлагдана” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд  хуулийн дээрх үндэслэлүүдээр Ө-сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 203 дугаар захирамжийн Б.И, Б.А нарт холбогдох хэсгийн зарим хэсэг нь  хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч Х.Бий газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий захиргааны актын холбогдох  хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.4,            32.5-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бээс Ө-сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг  хангаж, Ө-сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 203 дугаар захирамжаар Б.И, Б.А нарт эзэмшүүлсэн газрын зарим хэсэг буюу 909.5 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн  490.5 м2 газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША

 

 


[1] Хэргийн 12 дугаар хуудас

[2] Хэргийн 10 дугаар хуудас

[3] Хэргийн 23 дугаар хуудас

[4] Хэргийн 7 дугаар хуудас

[5] Хэргийн 5 дугаар хуудас

[6] Хэргийн 6 дугаар хуудас

[7] Хэргийн 8 дугаар хуудас

[8] Хэргийн 91 дүгээр хуудас

[9] Хэргийн 39 дүгээр хуудас

[10] Хэргийн 41, 45 дугаар хуудас

[11] Хэргийн 42, 46 дугаар хуудас

[12] Хэргийн 44, 48 дугаар хуудас

[13] Хэргийн 80-81 дүгээр хуудас

[14] Хэргийн 85-92 дугаар хуудас