Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 53-8 тоотод оршин суух Лхагвасүрэнгийн Сэржмядаг /РД:АЭ78042801/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 6-13 тоотод оршин суух Баярсайханы Алтаншагай /РД:АЮ92070915/-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хохирлын 2083880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Сэржмядаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, хариуцагч Б.Алтаншагай, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Сэржмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 03 дугаар сард Б.Алтаншагайтай танилцан 10 сараас дотноссон. 2016 оны 05 дугаар сарын 07-нд Б.Алтаншагайгийн хүүхдийг төрүүлсэн. Гэтэл Б.Алтаншагай өөрийн хүүхдээ сар нь зөрсөн биш гэж үзэж байгаа тул хүүхдийн эцгээр хариуцагч Б.Алтаншагайг тогтоож, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Алтаншагай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус шүүхэд иргэн Лхагвамсүрэнгийн Сэржмядагийн шүүхэд хандаж гаргасан хүсэлт нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Л.Сэржмядаг нь надаас хүүхдийн тэтгэлэг нэхэж нэхэмжлэл хүсэлт гаргасныг уншин танилцаж ойлголоо. Энэ хүний хүүхдийн тэтгэлэг нэхэж гаргасан өргөдлийн утга учирыг би ойлгохгүй байна. Энэ хүнээс гарсан гээд байгаа хүүхэд нь минийх биш учир нь цаг хугацааны хувьд тохирохгүй байгаа. Хоёрдугаарт шууд хэлэхэд энэ хүн надаас өөрийгөө буюу хүүхдээ, амьдралаа тэтгэхийн тулд үндэслэлгүй хүүхдийн тэтгэлэг нэхэж байгааг би зүс танихаас биш харьцаж байгаагүй. Ийм учир Л.Сэржмядагийн хүүхдийн нэхэмжлэл тэтгэлэг нэхэж байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Сэржмядаг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.Сэржмядаг миний бие нь Алтаншагайг хүү Төгөлдөрийн эцгээр тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Дээрх хэргийг шийдвэрлэх явцад Алтаншагайгаас шалтгаалж Улаанбаатар хот руу ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр 3 удаа явсаны зардалыг нэмж нэхэмжилж байна. Үүнд:

- 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүүхдээ ээлжилж тэвэрч явах хүүхэдтэй хамт явж ирсэн зардал 93600 төгрөг

- Драгоноос тосон аваад хотод байх хугацаанд үйлчилсэн машины зардал 120000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 22-нд Алтаншагай ирсэн байна гэж тохиролцоод орой 18 цаг болтол ирээгүй энэ хооронд хүлээж байхдаа алдсан утасны төлбөр 300000 төгрөг, сим карт 3000 төгрөг

-2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу 2 дахь удаагаа явсан ирсэн, зардал 158000 төгрөг

- ДНХ-ийн шинжилгээний төлбөр 147000 төгрөг

- LG маркийн утасыг минь эвдсэн төлбөр 160000 төгрөг

-тэмдэгтийн хураамж 70200 төгрөг

-хүүхдийн хотод хэрэглэсэн зүйл 46980 төгрөг

- 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу 3 дахь удаагаа явсан зардал 70000 төгрөг, хүүхэддээ авсан хүнс 7500 төгрөг, нийт 77500 төгрөг

-11 дүгээр сарын 11-нд Архангай аймагт буцаж ирсэн зардал 60000 төгрөг

-2016 оны 11 дүгээр сарын 7-нд ирсэн байна гэсэн ирээгүй байсан, 11 сарын 08-нд Дамбын эцэсээс шинжилгээний төв рүү дахин ирсэн зардал 25000 төгрөг

- 11 сарын 09-нд хүүхэд халуурч ханиад хүрч авсан эм тариа болон пампарсны үнэ 111100 төгрөг

-Архангай аймагт ирээд нялх биен дээр гам алдаж олон дахин явснаас болж чих шуугиад хөл гар татаж босож чадахгүй ядаргааны эмчилгээ шингэн витамин хийлгэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны эм тарианы баримт 211700 төгрөг

-нэхэмжлэлийн шаардлагад нэмэгдүүлсэн тэмдэгтийн хураамж 46950 төгрөг

-өмгөөлөгчийн 500000 төгрөг, нийт 2083880 төгрөгийг Б.Алтаншагайгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтаншагай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Баярсайхан овогтой Алтаншагай миний бие сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Сэржмядагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.Сэржмядаг нь хувийн чанартай нэхэмжлэлүүдийг надаас гаргуулахаар тулган шаардсан байгаа учир би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Сэржмядаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 07 сарын 03-ны өдөр шинжилгээ хийлгэхээр хот руу явах эсэх талаар ярилцахаар очсон боловч Б.Алтаншагай болон түүнтэй хамт амьдарч байгаа бүсгүй хоёрт зодуулж, утсаа Б.Алтаншагайгаар эвдүүлсэн. Мөн намайг түлхэж унагасны улмаас өвдөгнүүд маань хавдаж, гар маань гэмтсэн. Тухайн үед ярилцаж чадаагүй. Нялх биетэйн дээр гар гэмтэлтэй байсан учир замдаа хүүхдээ өөр хүүхэдтэй ээлжилж тэвэрч автобусаар хот руу явсан. Энэ талаарх 93600 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Архангай аймгаас явахаасаа өмнө ээжийнхээ дүү Отгон гэх хүнтэй “Драгоноос буугаад хүүхдээ тэврээд автобусны буудал орж, автобус хүлээж, автобусаар явж чадахгүй учир хотод унаагаар үйлчилж өгөөч” гэж утсаар ярьсан. 10 гаруй хоногийн хугацаанд Б.Алтаншагай ерөөсөө надтай хамт яваагүй. Энэ хугацаанд 120000 төгрөгөөс ч их зардал гарсан. Би ээжийнхээ дүүтэй ярилцаж тохиролцоод 120000 төгрөг төлж хотод байх хугацаандаа унаагаар үйлчлүүлсэн. Энэ талаарх баримтаа мөн хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ хүн маань Драгоноос биднийг тосон авсан, мөн хот мэдэхгүй байсан учир шинжилгээний төвийг хаана байдаг, яаж шинжилгээ өгдөг талаар хүмүүсээс асууж байсан. Энэ болгонд тухайн хүн маань унаагаар үйлчилж байсан. Өдрийнхөө 50000-60000 төгрөгийн орлого олдог ажлаа орхиод, манай ээж гуйсан учир тухайн үед явах ёстой өдрүүдэд нь унаагаар үйлчилж байсан. Би тухай бүр бензин шатахууныг нь хийж өгч байсан. Хотын төвөөс хол буюу Тахилтаас явж байсан учир 120000 төгрөгийн зардал гарсан байгаа. 300000 төгрөгийн хувьд Б.Алтаншагай нь анхнаасаа тохиролцож яваагүй, намайг хүүхдээ тэврээд дахин дахин шинжилгээний төв дээр очсон учир шинжилгээний төвийн хүмүүс Б.Алтаншагай руу ярьж өгсөн. Тэгээд Б.Алтаншагай нь 2016 оны 08 сарын 22-ны өдөр шинжилгээний төв дээр байж байя гэж тохиролцсон боловч мөн л тэр өдрөө ирээгүй. Тэр өдөр би шинжилгээний төв дээр очиж өглөөний 08 цагаас оройн 10 цаг хүртэл Б.Алтаншагайг хүлээж байх зуураа цайнд орох гэж явахдаа утсаа шүүрүүлсэн. Тэр үедээ Б.Алтаншагайгаас боллоо гээд бухимдсан. Шинжилгээний төвд орж утсаа алдсан талаараа хэлсэн. Тухайн үед гэнэт бухимдсанаас болж сав хөөрсөн. Миний утас эвдэрсэн байсан учир оюутан хүүхдийн шинээр авсан байсан утсыг гуйж авч явсан. Гэтэл утсыг нь алдчихсан. Одоо би өөрөө эргээд төлбөрт орчихоод байна. Тэр хүүхэд одоо надаас утсаа нэхэж байгаа, би утасных нь мөнгийг өгнө гэдгээ хэлсэн. Утасны эзэн хүүхэд рүү нь нь залгаад асуусан ч болно. Алдсан утасны үнэ болон дугаар сэргээсэн төлбөрөө нэхэмжилсэн байгаа. Намайг эргэж ирсний дараа Б.Алтаншагай шинжилгээ өгөхөөр явахгүй гэсэн. Тэгээд шүүгчийн туслах Б.Ууганбаяр “Яв” гэж хэлээд явсан. Б.Алтаншагай “Чи байхгүй байна. Би буцлаа” гэхэд нь хоёр дахь удаагаа хот руу явсан. Би автобусанд явахаар бөөлждөг, мөн олон хүмүүстэй хамт явахаар хүүхэд уйлаад хэцүү байсан зэрэг шалтгааны улмаас хувийн унаагаар хот явсан. Ингэхдээ ирэх, очих замынхаа зардалд 158000 төгрөгт бензин, шатахуун хийж явсан. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Шинжилгээний зардал 147000 төгрөгийг би өөрөө өгч хүүхдийнхээ шинжилгээг хийлгэсэн. Б.Алтаншагай нь өөрийнх нь хүүхэд мөн гэсэн шинжилгээний хариу гарсаар байтал, анхнаасаа өөрийнхөө хүүхэд мөн гэдгийг мэдсээр байж шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаж 3 дахь удаагаа хот руу очиж, шинжилгээ өгсөн. Ер нь бол эхний шинжилгээнд ч явах шаардлага байгаагүй. 3 дахь удаа 70000 төгрөгөөр хот руу явсан он, сартай баримтууд хавтаст хэрэгт байгаа. Мөн буцаж ирэхдээ 60000 төгрөгийн зардал гаргасан. Энэ талаарх баримтыг авсан байгаа. Хот дотор зүгээр байхгүй нааш цааш явсан баримтууд мөн хавтаст хэрэгт байгаа. Дамбын эцэст байдаг манай ахыг Б.Алтаншагай танина. Хотод байхдаа Дамбын эцэс рүү хийдийн ард байдаг ахындаа байсан. Дамбын эцсээс 25000 төгрөгөөр колонкоос шатахуун авч байсан талаарх баримтыг мөн хавтаст хэрэгт өгсөн. Би Дамбын эцсээс 25000 төгрөгөөр бензин хийж, шинжилгээний төв дээр нэг дэх өдөр уулзахаар тохирсон байсан тул шинжилгээний төв дээр ирсэн. 2016 оны 11 сарын 02-ны өдөр шүүхээс бид нарыг шинжилгээ өгөхөөр яв гэсэн. Тэгтэл Б.Алтаншагайтай хамт амьдардаг эмэгтэй нь намайг өшиглөсөн, би зөрүүлээд хүүхдээ хамгаалаад түлхсэн. Тэгтэл цагдаагийн байгууллагад намайг өгсөн. Б.Алтаншагай баривчлуулсан байсан учир явахгүй гэсэн. Аль болох хот руу явахгүй арга заль хэрэглэж байсан. Би тохирсон цагтаа очно гээд байцаагчаасаа чөлөө аваад 1 дэх өдөр очсон боловч Б.Алтаншагай мөн л ирээгүй байсан. Дамбын эцсээс явсан зардлынхаа баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Өмнө нь очсон айлаасаа санаа зовоод дахин очоогүй. Тэр өдөр уулзах байх гэж бодсон боловч Б.Алтаншагай ирээгүй.  2016 оны 11 сарын 07-ны өдөр хүйтэн орсон байсан учир хүүхэд маань ханиад хүрч, 111000 төгрөгөөр эм тариа авсан. Би тухайн үедээ явах мөнгөгүй гэж байсан боловч олон түмэн надад тусалсан. 1000000 төгрөг надад зээлүүлж, миний дансаар шилжүүлсэн. Энэ талаарх баримт мөн хавтаст хэрэгт байгаа. Энэ мөнгөнөөс би 400000 төгрөгийг л Б.Алтаншагайгаас нэхэмжилж байгаа. Угтаа бол энэ мөнгөнөөс их зардал гарсан. Замдаа идсэн хоолны мөнгө, авч явсан ганзаганы мөнгө гэх мэт. Би хоосон очоод хүмүүст ад үздэгдэхийг хүсэхгүй шүү дээ. Би бодитой мөнгө л нэхэмжилж байгаа. Тэгээд би хүүхэдтэйгээ буцаад аймагт ирсэн байсан. Би нялх биетэйн дээр 2-3 удаа хот орж, хотын төвөөр халуунд халж, хүйтэнд хөрж, хүүхдээ тэврээд нуруу нугас өвдөж л явсан. Үнэнийг хэлэхэд өнөөдөр би та нарыг харахад тийм ч сайхан царайтай харагдахгүй байгаа байх. Царай алдаж, харлаад, турж эцсэн мал шиг л энэ бүхнийг даван туулна гэсэн зорилготой явж байна. Хотоос ирснийхээ дараа сэтгэл санаа болон цагдаа сэргийлэхийн байгууллагын дарамтаас болоод хүүхэдтэйгээ хамт 211700 төгрөгийн эм тариа, шингэн авч хийлгэсэн. Нүүрэндээ сайхан юм авч түрхэх ч чадал алга. Би 3 удаа хот явсны дараа хүүхдээ ч авч чадахгүй сульдаж байсан. Одоо ч цагдаагийн байгууллагаас салаагүй л байна. Бүтэн өвлийн турш ханиад хүрсэн халуунтай хүүхдээ тэврээд хулгай хийсэн хүн шиг, хүн алсан хүн шиг цагдаагийн байгууллагаар явж байна. Намайг жирэмсэн эмэгтэйг зодсон гэж гүжирдэж, баахан төлбөр нэхэмжилж өргөдөл өгчихсөн байгаа. 2083880 төгрөг надаас л гарсан мөнгө, хүүхдийнхээ асуудлыг шийдүүлэх гэж явахдаа л зарцуулсан мөнгө шүү дээ. Энэ асуудлыг шийдэж өгвөл надад үнэхээр хэрэгтэй байна. Би цагдаа дээр шалгагдаж байгаа асуудал дээрээ өмгөөлөгч ч авч чадахгүй байна. Энэ хэрэг дээр өмгөөлөгч авч чадахгүй байснаа М.Алтанчимэг өмгөөлөгчийг арай гэж л авсан. Би ганцаараа хурал дээр суухыг хүсээгүй. М.Алтанчимэг өмгөөлөгч надад их тус болж байгаа. 211700 төгрөгийн эм тариаг хүүхэдтэйгээ хамт хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой 46950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж, баримтаа мөн хавсаргасан байгаа. Өмгөөллийн хөлс 500000 төгрөг болсон. Хүүхдээ нэг сардаа байхад нь эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Б.Алтаншагай өөрийнхөө хүүхэд мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан бол 2-3 удаа хот руу явах, тэр бүү хэл цагдаа сэргийлэхийн байгууллагаар явах, Б.Алтаншагай түүний хамт амьдардаг эмэгтэй хоёрт дахин дахин зодуулж биедээ гэмтэл авах асуудал үүсэхгүй байх байсан. Хүүхдийн тэтгэмж төлөхгүй, өнөөдрийн миний нэхэмжилж байгаа 2083880 төгрөгийн төлбөрийг төлөхгүй гэсэн санаа. Цагдаа сэргийлэхээр хүртэл явж байна. Ичих гээд ч ичих зүйл надад алга. Би энэ мөнгийг цагдаа сэргийлэхэд орооцолдсон гэж нэхэмжлээгүй. Надаас гарсан л зардал. Хүүхэдтэй хүн 3 удаа хот явахад 1300000 төгрөгийн зардал дор хаяж гарна. 3 дахь удаагаа хот ороход гарсан зарим зардлыг би нэхэмжлээгүй. Айлд хүүхэд маань уйлаад халуураад байхаар нь би хүнээс мөнгө зээлж аваад, шарандаа хүүхдээ авч гараад буудалд орсон. Өөрөө ч гэсэн ядраад хүүхдээ уйллаа гэж байнга аваад хэцүү байхаар нь буудалд орж хоёр хонохдоо хүүхдэдээ ч тэр, өөртөө ч тэр тариа хийсэн. Энэ мөнгийг би нэхэмжлээгүй. Надаас өөр хэн ч ингэж л явна. Энэнээс ч илүү зардал гарахыг үгүйсгэхгүй. Хүнээс зээлсэн 1000000 төгрөгийг би яах юм бэ?, хүүхдийн утасны мөнгийг би яах юм бэ?. Ямартай ч би өрнөөс гармаар байна. Цагдаа сэргийлэхийн асуудлаас өмгөөлөгч авч салмаар байна.  Б.Алтаншагай өнөөдрийг хүртэл цаг хугацаа сунгаад байж л байна шүү дээ. Нэгэнт төрсөн хүүхэд нь мөнөөс хойш нэхэмжилж байгаа мөнгийг төлчхөөсэй гэж бодож байна. Мөн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Ийм ийм нөхцөл байдал байсан учраас би энэ нэхэмжлэлийг гаргасан ... Колонкийн НӨАТ-ын баримт нь яалт ч үгүй Улаанбаатарын зам гэдгийг нотолно. Ер нь НӨАТ-ын баримтыг авахад их хэцүү юм билээ. Хүмүүс миний үгэнд орохгүй шууд давхиж явчих гээд би тэр хүмүүсийг “Хүлээж байгаарай. НӨАТ-ын баримт авъя” гэж гуйж байж баримт авч байсан. Баримтыг амар бүрдүүлдэггүй юм билээ. Цаг хугацаа ч их ордог юм билээ. Тэр болгонд баримт бүрдүүлж чадаагүй. Яах аргагүй би 3 удаа хот руу явсан. 150000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Г.Энхбаяр гуай ч гэсэн энэ зэргийн настай хүн байж ингэж худлаа хэлж болохгүй шүү дээ. Надад 100000 төгрөг л өгсөн. Тухайн өдөр мөнгө өгсөн талаар баримт үйлдээгүйг ашиглаж надад 150000 төгрөг өгсөн гэж ярьж байгаа байх. Цаад хүн нь ч тэр, наад хүн нь ч тэр ингэж ярьж яах гэсэн юм бэ?. Нэгэнт л бидний дунд үр хүүхэд байна. Хаашдаа энэ хүн надад тэгж ярьснаа хүлээн зөвшөөрөхөөс хойш хоёрын хооронд юмны төлөө худал хэлж яах гэсэн юм бэ?. Би 100000 төгрөг тоолоод авсан. Гарын үсэг зурж аваагүй болохоор ингэж хэлж байх шиг байна. Цаад хүн нь 50000 төгрөг илүү хэлсэн байж магадгүй. Өнөөдөр намайг чадаж л байгаа биз. Ийм юманд баясаад ч яахав. Муу хүмүүс муу юманд баясдаг л юм гэсэн. Би 100000 төгрөг л авсан, 150000 төгрөг аваагүй. ... Надад өгсөн 100000 төгрөгийг уг зардлаас хасах эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэв.

 

Хариуцагч Б.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Товчхон тайлбар хэлье. Л.Сэржмядагийн тайлбартай маргалдах зүйл зөндөө байсан боловч шүүх хуралдааныг хүндэтгэж түрүүнээс хойш чимээгүй сууж байлаа. Намайг өөрийг нь зодсон, утсыг нь эвдсэн гэж байна. Үнэндээ би Л.Сэржмядагийг зодоогүй, утсыг нь эвдээгүй. Ярих ёстой зүйлийг л ярих ёстой байх. Гэтэл шүүх хуралдааныг сунжруулж байгаа ч юм шиг, нэг бол өөрийгөө хэтэрхий өрөвдүүлэх гэж байгаа ч юм шиг олон зүйлийг ярьж байгааг нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Улаанбаатар хотод хамгийн эхэлж Л.Сэржмядаг очоод “Би ирчихсэн байна. Чи хүрээд ирээч” гэж ярих үед нь би Архангай аймгийн Ихтамир суманд манай ээжийн эгч нь өөд болчихсон буяны ажилтай байсан учир энэ талаар шүүгчийн туслах Б.Ууганбаярт утсаар мэдэгдсэн. Тухайн үед үнэхээр очиж боломжгүй байсан. Ийм нөхцөл байдлын улмаас тухайн үед очиж чадаагүй маань үнэн. Тэр хугацаанд би наашаа эргээд ирсэн байсан. Маргааш нь Л.Сэржмядаг бид хоёр дахин холбогдоод Улаанбаатар хот руу очсон. Тэр үед Л.Сэржмядаг хувийн унаагаар ирсэн талаар надад юу ч хэлээгүй. Замын унаагаар ирсэн гэж хэлсэн. Сая тайлбартаа хувийн унаагаар очсон, тодорхой хэмжээний зардал гарсан гэж ярьж байна. Энэ болгоныг нэр цохож ярих шаардлагагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Цаг хугацааны хувьд ч тэр надад үнэхээр эргэлзээтэй байсан тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт ирэхэд мөн л надад эргэлзээ байсан учир өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд одоо эргэлзэхгүй байна. 2 удаагийн шинжилгээний дүгнэлт адилхан гарсан учир одоо би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд одоо би эргэлзэхгүй байна. Хүлээн зөвшөөрч байгаа. Харин Л.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг худлаа нэмэгдүүлж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч тодорхой тайлбаруудыг хийх байх. ... Л.Сэржмядаг анх Улаанбаатар луу явсан зардлын асуудал дээр маргаан үүсэж байна. Би Л.Сэржмядагийг анх Улаанбаатар хот руу явах гэж байна гэхэд нь өөрийнхөө нөхцөл байдлыг хэлсэн боловч хүлээн зөвшөөрөлгүй, өөрөө явчихсан байсан. Тэр үед хамт цуг явж болох л байсан байх. Хэрэв хамт явсан бол Л.Сэржмядаг алдсан гэх утсаа нэхэмжлэх ч байсан юм уу, үгүй ч юм уу. Л.Сэржмядаг намайг хүүхдээ тэвэрсэн хүүхэд ирэхэд нь урдаас нь зодож цохидог ухааны юм ярьж байна. Тийм юм гэж юу байх юм бэ. Тухайн үед манай эцэг, эхээс эхлээд зөндөө олон хүмүүс дэргэд байсан. Ийм олон хүмүүсийн нүдэн дээр би хүүхэдтэй эмэгтэй барьж аваад, зодож нүдээд догшин авирлах боломжгүй байх гэж бодож байна. Энэ болгоныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Шинжилгээний зардал 147000 төгрөг, 2 удаа нааш цааш явсны 96600 төгрөг, мөн өмгөөлөгчийн хэлсэнчлэн хүүхдийн эмчилгээнд зарцуулсан мөнгөний тал хувь буюу 55000 төгрөг, нийт 300000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна . Бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Сэржмядаг нь Б.Алтаншагайд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хохирлын 2083880 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Алтаншагай нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн С.Төгөлдөрийг цаг хугацааны хувьд тохирохгүй байх тул өөрийн хүү биш гэж үзэн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1253 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6136 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Алтаншагай нь С.Төгөлдөрийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэжээ.

Хариуцагч Б.Алтаншагай нь дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1868 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9222 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг ирүүлжээ. Уг дүгнэлтэд “Б.Алтаншагай нь С.Төгөлдөрийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэжээ.

          Хариуцагч Б.Алтаншагай нь шүүх хуралдааны явцад С.Төгөлдөрийг өөрийн хүү мөн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6136 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9222 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн С.Төгөлдөрийн эцэг Б.Алтаншагай болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Алтаншагайгаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч Л.Сэржмядаг нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Б.Алтаншагайгаас улсын  тэмдэгтийн хураамжийг оролцуулан нийт 2083880 төгрөгийн зардал, хохирол нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг нэгтгэн тооцоолоход /нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200+46950=117150 төгрөгийг оруулж тооцохгүйгээр/ нэхэмжлэлийн шаардлага нь 2013880 төгрөг болж байна.

            Нэхэмжлэгч Л.Сэржмядаг хариуцагч Б.Алтаншагайн хүсэлтээр эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр явахад гарсан замын зардал болон гарсан хохиролд

          - 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүүхдээ ээлжилж тэвэрч явах хүүхэдтэй хамт явж ирсэн зардал 93600 төгрөг

- Драгоноос тосон аваад хотод байх хугацаанд үйлчилсэн машины зардал 120000 төгрөг

- 2016 оны 08 дугаар сарын 22-нд Алтаншагай ирсэн байна гэж тохиролцоод орой 18 цаг болтол ирээгүй энэ хооронд хүлээж байхдаа алдсан утасны төлбөр 300000 төгрөг, сим карт 3000 төгрөг

-2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу 2 дахь удаагаа явсан ирсэн, зардал 158000 төгрөг

- ДНХ-ийн шинжилгээний төлбөр 147000 төгрөг

- LG маркийн утасыг минь эвдсэн төлбөр 160000 төгрөг

- 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу 3 дахь удаагаа явсан зардал 70000 төгрөг

-11 дүгээр сарын 11-нд Архангай аймагт буцаж ирсэн зардал 60000 төгрөг

-2016 оны 11 дүгээр сарын 7-нд ирсэн байна гэсэн ирээгүй байсан, 11 сарын 08-нд Дамбын эцэсээс шинжилгээний төв рүү дахин ирсэн зардал 25000 төгрөг

-Архангай аймагт ирээд нялх биен дээр гам алдаж олон дахин явснаас болж чих шуугиад хөл гар татаж босож чадахгүй ядаргааны эмчилгээ шингэн витамин хийлгэсэн 211700 төгрөг

          -өмгөөлөгчийн 500000 төгрөг, нийт 1848300 төгрөг нэхэмжилжээ.

          Нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            -ДНХ-ийн шинжилгээний төлбөр нэхэмжлэгч Л.Сэржмядаг төлсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч энэ үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрч байгаа тул ДНХ-ийн шинжилгээний 147000 төгрөгийн төлбөр болон 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 23-нд Архангай аймгаас Улаанбаатар хот руу явах, буцах замд хүү С.Төгөлдөрийг өөрийн хүү С.Мягмарнарантай ээлжлэн тэвэрч хамт явсан зардал 93600 төгрөг / 53 ху/,  2016 оны 09 дүгээр сарын 01-нд Л.Сэржмядаг өөрийн дүү Л.Сайнзаяагийн машинаар Улаанбаатараас ирсэн шатахууны зардал 45000 төгрөг / 56 ху/  нотлох баримтаар нотлогдож байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр явахад гарсан замын зардал болон гарсан хохиролд нийт 285600 төгрөгийг хариуцагч Б.Алтаншагайгаас гаргуулж нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1562700 төгрөгийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           1.Замын зардал хохиролтой холбоотой доорх баримтуудыг

  • 2016 оны 08 сарын 20-нд Петростараас авсан АИ92 шатахууны үнэ 20000 төгрөг /54 ху/
  • 2016 оны 08 сарын 20-нд Петростараас авсан АИ92 шатахууны үнэ 25000 төгрөг /54 ху/
  • 2016 оны 08 сарын 21-нд Петростараас авсан АИ92 шатахууны үнэ 30000 төгрөг /54 ху/
  • 2016 оны 08 сарын 22-нд Алханатрейд ШТС-аас авсан шатахууны үнэ 10000 төгрөг /54 ху Б тал/
  • 2016 оны 08 сарын 22-нд Алханатрейд ШТС-аас авсан шатахууны үнэ 15000 төгрөг /54 ху Б тал/
  • 2016 оны 08 сарын 28-нд МТ штс-аас 50000 төгрөгийн шатахуун авсан баримт /56 ху/
  • 2016 оны 08 сарын 29-нд Тэс петролиумаас 20000 төгрөгийн шатахуун авсан баримт /56 ху/
  • 2016 оны 09 сарын 01-нд Гүн зэгэстэйгээс 40000 төгрөгийн шатахуун авсан баримт /56 ху/
  • Еврофарм эмийн сангаас эм тариа авсан үнэ 70500 төгрөг /60 ху/
  • Еврофарм эмийн сангаас эм тариа авсан 141200 төгрөг /60 ху/
  • 2016 оны 11 сарын 06-нд МТ штс-с АИ92 шатахуун авсан үнэ 50000 төгрөг /58 ху/,
  • 2016 оны 11 сарын 06-нд Шунхлай ШТС-аас АИ92 шатахуун авсан үнэ 10000 төгрөг /58 ху/,
  • 2016 оны 11 сарын 06-нд Гүн зэгэстэй АИ92 шатахуун авсан үнэ 10000 төгрөг /58 ху/
  • 2016 оны 11 сарын 07нд Нөмрөг сүү тараг пиржин 7500 төгрөг
  • 2016 оны 11 сарын 10-ны Алхана трейд шатахуун авсан үнэ 21000 төгрөг /58 ху/,
  • 2016 оны 11 сарын 11-ний өдөр НИК ШТС-аас  шатахууны авсан 50000 төгрөгийн баримт /58 ху/

эцэг тогтоох шинжилгээ хийлгэхтэй холбогдон гаргасан зардалд хамааралгүй бөгөөд хавтаст хэргийн /54 ху Б тал/-д  Д.Отгон гэх хүний тодорхойлолт авагдсан ч нэхэмжлэгч Л.Сэржмядаг ямар машинд шатахуун авсан, хаашаа үйлчлүүлсэн нь тодорхойгүй гэж үзлээ.

          Мөн эмийн сангаас эм тариа авсан гэх 211700 төгрөгийн баримтаар хариуцагч Б.Алтаншагайн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Л.Сэржмядагийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх боломжгүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

          2.Мөн эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр явахад гарсан замын зардал болон гарсан хохиролд нотлох баримтаар өгсөн бичвэрийн хэсэг илтэд унших боломжгүй 54-р хуудасны Б талд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.         

          3.Нэхэмжлэгч Л.Сэржмядаг хариуцагч Б.Алтаншагай гар утсыг нь эвдэлсэн хохирол 160000 төгрөг, алдсан утасны үнэ 300000 төгрөг, алдсан утасны сим карт сэргээсэн 3000 төгрөг, нийт 463000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Алтаншагайг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

          4.Өмгөөллийн хөлс 500000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаагаар хангагдах нь хуулиар олгогдсон эрх тул хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзнэ.

          Нэхэмжлэгч Л.Сэржмядаг хүүхдийн хэрэглэсэн зүйл 46980 төгрөг / 57 ху/ , 3 дахь удаагаа Улаанбаатар явахдаа хүүхэддээ авсан хүнсний зардал 7500 төгрөг /58 ху/ , хүүхдэдээ авсан памперс 71200 төгрөг /59 ху/, хүүхдэд хэрэглэсэн эм тариа /59 ху/ 39900 төгрөг нийт 165580 төгрөгийн эд зүйл хүүхэддээ зарцуулсан гэж нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч 55000 төгрөгийн зардлыг төлөхийг зөвшөөрсөн болно.

          -2016 оны 09 сарын 27-ны өдөр авсан янта үнэ 3960 төгрөг

          - 2016 оны 09 сарын 12-ны өдөр авсан живхний үнэ 5000 төгрөг

          -2016 оны 07 сарын 04-ний өдөр авсан живхний үнэ 5000 төгрөг

          -2016 оны 08 сарын 15-ны өдөр авсан сосканы үнэ 1000 төгрөг

          -2016 оны 08 сарын 16-ны өдөр авсан живхний үнэ 1080 төгрөг

          - 2016 оны 08 сарын 17-ны өдөр авсан живхний үнэ 5100 төгрөг /57 ху/

          - хүүхдийн эм тарианы үнэ 39900 /59 ху/

          -хүүхдэд авсан живхний үнэ 71200/ 59ху/ нийт 132240 төгрөгийн зардал нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлд зарцуулсан зардал байх тул баримтаар нотлогдож байгаа эдгээр зардлыг хүү С.Төгөлдөрийн эцэг хариуцагч Б.Алтаншагайгаас нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  Үлдэх 33340 төгрөгийн зардлыг

  • Хүүхдэд хэрэглэсэн эд зүйл гэх бичвэр арилсан баримт 3 ширхэг /57 ху/ 3,8,9 гэж дугаарласан баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй
  • 2016 оны 05 сарын 06-ны өдөр печень, саль, порлон, живх, 0-н цаас худалдан авсан баримт нь хүү С.Төгөлдөр 2016 оны 05 сарын 07-ны өдөр төрөхөөс өмнө авсан баримт байх тул хэрэгт хамааралгүй гэж тус тус үзэж нотлох баримтаар үнэлэхгүй хэрэгсэхгүй болголоо.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгч Ц.Батмөнх дүгнэлт гаргахдаа “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн болно.

          Нэхэмжлэлийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж хохирол болон зардал гаргуулах шаардлагаас нийт 417840 төгрөг гаргуулж үлдэх 1596040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгийн хураамжийг дараахь байдлаар шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч Л.Сэржмядаг эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн, 2013880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 47172 төгрөг төлөхөөс 46950 төгрөг  төлж 222 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж дутуу тушаасан байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Алтаншагайгаас нэхэмжлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200, хангагдаж байгаа зардал буюу 417840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 13185 төгрөг, нийт 83385 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгохоор шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Сэржмядаг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Алтаншагайгаас 2016 оны 05 сарын 07-нд төрсөн хүү С.Төгөлдөрийн оршин сууж байгаа бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар тэжээн тэтгэх 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцон  улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэржмядагаас дутуу тушаасан 222 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж  орон нутгийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Тагар овогт Сэржмядагийн Төгөлдөрийн эцгээр Гөрөөчин овогт Баярсайханы Алтаншагайг тогтоосугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Сэржмядагийн Төгөлдөрийг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Алтаншагайгаар тэжээн тэтгүүлсүгэй.

          3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Алтаншагайгаас эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр явахад гарсан замын зардал болон гарсан хохирол 285600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1562700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг баримтлан хариуцагч Б.Алтаншагайгаас хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлд хэрэглэсэн зүйлийн зардал 132240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгож, 33340 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 117150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Алтаншагайгаас 83385 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгох, нэхэмжлэгч Л.Сэржмядагаас 222 төгрөг, хариуцагч Б.Алтаншагайгаас 29534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд  нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН

                                                ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ