Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/416

 

 

 

 

 

 

 

 

   2021             6           22                                    416            

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго, 

хохирогч: Г.О,

гэрч: Д.Э,

шүүгдэгч: Г.Ч, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг /3245/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чт холбогдох эрүүгийн 2005 0271 10609 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эгч, ах, дүүгийн хамт

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан, Ч.

 

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ог нөхөр Б.Эын хамт БНСУ-руу хамтлагийн гишүүдийн хамт авч явна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 8.000.000 төгрөг залилан авч, түүнд бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Ч  мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчоос авсан 8 000 000 төгрөгөөр өрөө дарсан. Э “хүнд мөнгө зээлүүлсэн чинь Солонгос улс руу зугтаасан, надад туслаач, араас нь явж мөнгөө авах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэр үед би манай хамтлагтай тоглолтоор яваад тэр хүнтэйгээ уулзаад, олоод авчихгүй гэж хэлсэн. Гэтэл манай хамтлагийн зарим гишүүд явж чадаагүй, би мөн явж чадаагүй. Манай хамтлагийн 2 гишүүний виз гараад хэдэн газар тоглолтоо хийгээд ирсэн. Тэр үед манай хүүхэд нялх, дээр нь би өртэй байсан тул мөнгө зээлсэн хүн өдөр шөнөгүй ирж хаалга нүдээд байхаар нь энэ мөнгийг аваад өгсөн. Гэхдээ би хохирогчийг залилна гэж бодоогүй. Одоо нийт хохирлоос 6 900 000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Би солонгосоос хоолны жор авчраад Монголд ашигтай ажиллаж байсан боловч 11 дүгээр сард Ковид-19 гараад үйл ажиллагаа маань хаагдсан. Хэрвээ ажлаа үргэлжлүүлээд хийж байсан бол төлөх боломжтой байсан. Харин 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлэх үедээ хуулийн мэдлэггүйн улмаас хэргээ нэгтгүүлж чадаагүй. Одоо би Ковид-19-ийн улмаас цалингүй байна. Удахгүй санхүүжилт авах гэж байгаа тул аваад мөнгийг ойрын хугацаанд төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.О мэдүүлэхдээ:

Э Солонгос улс руу явах зорилгоор Чт хандсан зүйл байхгүй. Чийн фейсбүүк дээр тавсан зарын дагуу Э бид хоёр гэрт нь очиж уулзаж, дуучин, хамтлагийн гишүүн, олны танил, мөн солонгос, америкийн виз гарч байсан учраас үүнд нь итгээд арай ч залилахгүй байх гээд Э бид 2 солонгос хамт явна гээд 1 өдрийн дотор шийдвэрээ гаргаад автомашин, ээмэг зүүлтээ  ломбардад тавьж  яаралтайгаар мөнгө өгсөн. Энэ өдрөөс хойш 2, 3 жилийн хугацаанд машинаа банк бусд төлж чадаагүй улмаас алдсан. Мөн ломбардын хүү төлж явдаг. Манай нөхөр Э Чт хүлээцтэй хандсан. Эр хүн алдаж, онож болдог, битгий дарамтал, цаг нь болохоор өгнө гээд маш хүлээцтэй хандсан. Чийг тоглолттой байхад нь хүртэл хоол хийгээд аваачиж өгч байсан. Ч Солонгос явахдаа бид хоёрын мөнгөөр зардал хийгээд явсан юм шиг байна. Солонгос улсад ажил хийгээд, мөнгөө төлөх байх гээд хүлээцтэй хандсан боловч төлөөгүй. Тэгээд Солонгос яваад ирэхэд нь манай нөхөр уулзаж, 2020 оны 7 дугаар сарын 11-ны өдөр өгнө гээд тохирсон талаараа надад хэлсэн. Тэгээд 7 дугаар сарын 10-ны өдөр очоод уулзахад надад 1 сарын хугацаа өгөөч, надад одоо өгөх ямар ч боломж байхгүй гэхэд нь бид хоёр 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээе гэж хэлээд тохиролцсон. Тэгээд мөнгө өгөхгүй байхаар нь сар, сарын хугацаа авсаар байгаад хэдэн жил болчихлоо гэхэд би өгнө хүлээцтэй байж бай гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сард хэрүүл хийж, нэхэж байж 1 000 000 төгрөг авсан. Тэгээд цувруулаад өгье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн хэдий ч бас л өгөөгүй. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш 100 000 төгрөг мөрдөгчийн хажууд байхад гарын үсгээ зураад авсан. Одоо хохирол, төлбөрөө авмаар байна. Өмнөх шүүх хурлын үеэр хохирлоо барагдуулчхаад өмгөөлөгчтэйгөө оролцоно гэсэн боловч өнөөдрийн байдлаар хохирол төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй байна. Нотариатын гэрээний дагуу 0,5 хувийн алданги тооцно гэсэн байдаг ч хүү, алданги тооцохгүйгээр 6 900 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Э мэдүүлэхдээ:

Би 3 жилийн өмнө Солонгос улс руу хүн явуулна гэсэн зарын дагуу фейсбүүкээр мессеж бичиж байсан. Тухайн үед Чийг олны танил хүн болохоор залилна гэж бодоогүй. Би уулзаад хүнд мөнгө зээлүүлсэн чинь солонгос яваад алга болсон талаар хэлээд явах боломж байдаг юм болов уу гэж асуухад болно, асуудалгүй гаргана гэж хэлж байсан. Эхнэртэйгээ хоёулаа явна гэхэд хүний 4 000 000 төгрөг гээд, бид хоёр машинаа ломбардад 3 000 000 төгрөгөөр тавиад, эхнэр болон өөрийнхөө ээмэг, зүүлтийг ломбардад тавиад 8 000 000 төгрөгийг яаралтай гаргаад өгсөн. Тэрнээс хойш 7 хоногийн хугацаанд гаргаад өгнө гэсэн боловч 1 сар орчим болсон. Сүүлдээ худлаа гэдгийг ойлгож эхэлсэн. Утсаар ярихаар одоо болно, ингэнэ, тэгнэ гэж явсаар өөрөө Солонгос яваад өгсөн. Энэ 3 жилийн хугацаанд фейсбүүкээр холбогдсон. Сүүлийн 5 сарын хугацаанд л холбогдоогүй байна. Солонгост байхад нь холбогдоход өгнө гэж ярьдаг байсан.  Олны танил хүн болохоор хүний мууг үзээд яах вэ гээд хүлээцтэй хандаж байсан гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Э мэдүүлэхдээ:

2018 онд хавар фейсбүүкээр БНСАУлсад виз гаргана гэсэн зар байсан. ...зарын дагуу Ч гэх хүнтэй фейсбүүкээр нь холбоо барьсан. Надад хэлэхдээ хэдэн хүн явуулах гэсэн юм гэж өөрөө фейсбүүкээрээ видео дуудлага хийсэн. Тэгээд бид нар маргааш нь уулзахаар болоод өдөр нь Хан-Уул дүүрэг 115 дугаар сургууль дээр уулзсан. Манай хамтлаг Солонгос Улсад тоглолтоор гарах гэж байгаа гээд ажлын баг гээд манай хамтлаг 2-3 хүн аваад явна гэж хэлсэн. ...30 хоногийн хугацаатай явна гэж хэлсэн. Тэгээд надад нэг хүн 4.000.000 төгрөг гээд хэлэхээр нь би эхнэртэйгээ хамт явах гэсэн юм гэж хэлсэн. Маргааш нь манай эхнэр өөрийнхөө болон миний гадаад паспорт мөн зарцуулалтад шаардагдах мөнгө болох 8.000.000 төгрөг бэлдээд хороололд байдаг Өргөөгийн замын урд талын автобусны буудал дээр уулзсан. ...Хаан банк орж ямар нэг баримт хэрэгтэй байгаа талаар хэлээд бэлэн мөнгө 3.000.000 төгрөг өгөөд мөн үлдэгдэл болох 5.000.000 төгрөг дансаар нь хийхээр болсон гээд надад манай эхнэр О хэлсэн. ...5429377500 дансаар 5.000.000 төгрөг Чийн данс гэх дансаар шилжүүлсэн. ..виз гаргуулах гэж өгсөн бөгөөд нотариатаар орох үед зээл гэсэн утгаар гүйлгээ хийсэн. Би тухайн үед хамт байгаагүй. Ажилтай байсан учир аавын дансаар гэрээсээ мөнгө шилжүүлж манай эхнэр тэр банкин дээрээс гаргуулж өгсөн байсан” гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ог нөхөр Б.Эынх нь хамт БНСУ-руу хамтлагийн гишүүдийнхээ хамт авч явна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 8 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.О, гэрч Б.Э нарын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Чийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар гэмт үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь хохирогчид нийт 8 000 000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 1 100 000 төгрөгийг хохирогчид буцаан өгсөн, үлдэх 6 900 000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Чоос 6 900 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Од олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Чийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Чизоригийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Г.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Чоос 6 900 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Од олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Ч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН