Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/425

 

 

 

 

 

 

 

 

2021           6            24                                        425       

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

шүүгдэгч: Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шт холбогдох эрүүгийн 2005031420726 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 200 000  төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Ш.

 

Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кинотеатрын урд автобусны буудал орчим хохирогч А.Аы нүүрэн тус газарт цохиж, түүний биед хамар ясны далд хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч халзан толгойтой, малгай дараад өмссөн байсан болохоор эрэгтэй хүн гэж бодсон. Эмэгтэй хүн гэдгийг нь сүүлд мэдсэн. Би одоо ажил хийж байгаа. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй. Би хохирогчид 200 000 төгрөг төлсөн. Цаашид эмчилгээ хийлгэвэл төлнө. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -А.А мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ний шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кинотеатрын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр шорлогоо зараад зогсож байсан. Тухайн үед ТҮЦ-ний хажууд 20-25 орчим настай, намхан, махлагдуу залуу зогсож байсан ба ТҮЦ-ний худалдагчтай маргалдаад байх шиг байсан. Ингээд над дээр хүрч ирээд шорлого хэд вэ гэж асуухаар нь 2000 төгрөг гэж хэлэхэд шорлого хэзээ 2000 төгрөг болсон юм бэ, янхан минь чи ямар үнэтэй зардаг ал бэ гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би шорлого зараад зогсож байсан ба хажууд хүн байсан болохоор чимээгүй байсан. Ингээд би шорлогоо хүндээ өгөөд явуулах үед уг залуу өөдөөс харж байсан ба баруун гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Ингээд миний хамраас цус гараад, доошоо тонгойх үед сандал бариад над руу шидээд хөлөөрөө миний зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд гудамжинд байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд уг залууг аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэсэн.

Манай нөхөр, эгч хоёр түүний биед халдаагүй. Б.Ш цагдаа дээр ирээд би эд нарт зодуулсан гэж худлаа яриад байсан. Машинд суугаад цагдаа руу ирэх замдаа өөрийн нүд рүү гараараа цохиод байсан.

Б.Ш надад эмчилгээний зардалд 200 000 төгрөг өгсөн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 13-14, 16, 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч -О.Ам мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ний шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кинотеатрын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр Аы хамт шорлого зарж байсан чинь ТҮЦ-ний араас нүүр нь улайчихсан, хүнд зодуулсан бололтой үл таних нэг залуу намайг чиглээд ирсэн. Тэр залуу ирээд шорлого авах гэсэн юм гэхээр нь би түүнд хандаж, над дээр олон хүн байна, та хажуу талын хүнээс авчих гэж хэлсэн чинь тэр залуу А дээр очсон. Тэгээд би нэг харсан чинь А үл таних залуутай хэрүүл хийж байсан. Би тэр залууд хандаж, чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ, боль гэсэн чинь тэр залуу намайг заамдаад байсан. Би тэр залууг тавиулах гээд цааш түлхсэн чинь надаас салаад хажууд байх А дээр очоод түүнтэй хэрүүл хийгээд байсан. Би нэг харсан чинь үл таних залуу газар байх сандал аваад Аы нүүр хэсэг рүү цохисон. Би тэр залууг болиулах гээд түүний араас гүйж очоод тэвэрсэн чинь сандлаа газар хаяад Аы нүүр хэсэг рүү гараараа цохисон чинь А нүүрээ дараад газар суухад үл таних залуу над руу дайраад байсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12269 тоот дүгнэлтэд:

1. 2. А.Аы биед хамар ясны далд хугарал, хамрын нуруунд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Ш нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 140 дүгээр хуудас)                                                         

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Ш нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кинотеатрын урд автобусны буудал орчим хохирогч А.Аы нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны далд хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.А, гэрч О.Ам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12269 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Шт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч А.А нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд “эмчилгээний зардалд 200 000 төгрөг надад өгсөн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэж мэдүүлж байх тул Б.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн хулгайн хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Шт хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн энэ хэрэг нь дээрх шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй юм.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Шыг 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ш нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН