Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 246

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00131/И

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би, Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, Бэрх тосгоны Бүрдийн 6-01 тоотод оршин суух, Төмөрийн Ариунболдод холбогдох, 

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 500 000 төгрөг гаргуулах тухай,

Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, Бэрх тосгоны хуучин тосгонд оршин суух, Мөнхтулгын Ариунаагийн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16 өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ариунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Т.Ариунболд нь 2014 оны 03 дугаар сарын 28 өдөр 900 000 төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг зээлээр худалдаж авсан. Уг хөргөгчийн үнэ 900 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон юм. Т.Ариунболд нь хөргөгчийн төлбөрөөс 2015 оны 08 дугаар сарын 23 өдөр 100 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 15 өдөр 100 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29 өдөр 200 000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймд худалдан авсан хөргөгчийн үнийн үлдэгдэл төлбөр 500 000 төгрөгийг Т.Ариунболдоос гаргуулж өгнө үү” гэжээ. /хх 1/

Хариуцагч Т.Ариунболд нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Би М.Ариунаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би М.Ариунаагаас 900 000 төгрөгийн хөргөгчийг зээлээр худалдаж авсан нь үнэн. Уг хөргөгчийн үлдэгдэл үнэ болох 500 000 төгрөгийг М.Ариунаад төлөх нь үнэн юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг ойлголоо. Энэ хэрэгт маргаангүй болно” гэжээ. /хх 16/

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ариунаа нь хариуцагч Т.Ариунболдод холбогдуулж 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Ариунболд нь нэхэмжлэлийн шаардлага 500 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Т.Ариунболдод холбогдох, М.Ариунаагийн нэхэмжлэлтэй, “500 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч М.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 7 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 825 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Ариунболдоос 7 825 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Т.Ариунболд нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА