| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00177/И |
| Дугаар | 247 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00177/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өгөөмөр бойны хашаанд оршин суух, Хув овогт Цэрэнчимэдийн Даваадоржийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 20-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Даваадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баян-Бадрал”,“Сангийн далай” бригадад 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажилласан юм. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. Миний төрсөн эцгийг Долгорын Лувсандагва, ээжийг Цэнджавын Цэрэнчимэд гэдэг. Ээж Ц.Цэрэнчимэд дүү Сандагдоржтойгоо нэг гэрт амьдардаг байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг нэгдлийн дарга олгохдоо ах Сандагдоржоор овоглосон байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж миний улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү.
Иймд миний 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Даваадорж нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баян-Бадрал”,“Сангийн далай” бригадад 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан юм. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. Ц.Даваадоржийн төрсөн эцгийг Долгорын Лувсандагва, үрчилж авсан ээжийг Цэнджавын Цэрэнчимэд гэдэг. Ээж Ц.Цэрэнчимэд дүү Сандагдоржтойгоо нэг гэрт амьдардаг байсан. Ц.Даваадоржийн хөдөлмөрийн дэвтрийг нэгдлийн дарга олгохдоо ах Сандагдоржоор овоглосон байдаг.
Иймд Ц.Даваадоржийн 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1, 21 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хув овогт Цэрэнчимэдийн Даваадорж нь 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ц.Даваадорж нь хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэйн улмаас аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Даваадорж нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СЦ-67111700 регистрийн дугаартай, Хув овогт Цэрэнчимэдийн Даваадорж нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Ч.Мөнхбаатарын: ... Би 1984 оноос 2010 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Сангийн далай” нэгдэлд багийн даргаар ажиллаж байсан. Ц.Даваадорж нь 1984 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч 1989 оныг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын “Сангийн далай” нэгдэлд малчнаар ажилласан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21 тал)
2. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Чүлтэм овогт Цэрэнчимэдийн Даваадорж, 1967 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, СЦ-67111700 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 2 тал)
3. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч С.Даваадоржийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 9 тал)
4. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 40 дугаартай тушаалын хуулбарт:...нэгдлийн ажилчин албан хаагчид нэр бүхий 10 хүний ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтаар малчин 135 хүний амралтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус олгосугай....хавсралтын 12 дугаар...С.Даваадорж гэжээ. (хх-ийн 10-11 тал)
5. Хүсэлт гаргагч Ц.Даваадорж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 21 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иймд Ц.Даваадорж нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад насанд хүрээгүй байхдаа малчнаар ажиллаж байсан тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЦ-67111700 регистрийн дугаартай, Хув овогт Цэрэнчимэдийн Даваадоржийг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ