Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/633

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Д.Нямбат,

иргэдийн төлөөлөгч _______,

шинжээч эмч Ж.Ганцэнгэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг,  

шүүгдэгч Ч.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай 2 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____-ны өдөр _____ төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ____ тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн ____ жижүүр ажилтай байсан,

урьд ___ аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ____ дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

____ аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн _____ дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, _____ овогт Ч.М- /РД:____/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ч.М- нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ____ хөл бөмбөгийн гадаа талбайн хаалганы үүдэнд Н.Ч-г “чи танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан байна” гэх шалтгаанаар түлхэж унагаагаад хүзүү хэсэгт нь гараараа цохих, толгой хэсэг рүү олон удаа цохиж, өшиглөн амь насыг нь хохироож алсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед найз Ч- ажил дээр ирсэн. Тэгээд надтай ярьж сууж байгаад “найз нь одоо гарлаа, 32 дугаар байрны тэнд хүнтэй уулзана” гэж байсан. Талбайд тоглож байсан хүмүүсийн нэг нь өрөөнд утсаа цэнэглүүлж байсан юм, тэр утас алга болсон байсан. “Манай найз аваад явсан юм шиг байна, би олж өгнөө” гээд явсан. Орой 22 цагийн үед Ч- буцаж ирсэн. Бид хоёр маргалдсан. Би “яагаад чи хүний утас авсан юм бэ” гээд уур хүрээд цүнхтэй хувцсыг нь авч шидээд найзыгаа зодсон. Би найзыгаа алъя, гэмтэл учруулъя гэж бодоогүй. Би үнэхээр гэмшиж байна. Түлхээд унангуут нь өшиглөөд, толгой руу нь гараараа цохисон. Хохирол төлөөгүй байгаа. Хохирогчийн толгой хагараагүй, цус нөж гоожсон зүйл байгаагүй. Найзыгаа зодсон нь үнэн, онц харгис хэрцгийгээр алаагүй, хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Том, жижиг судас хэрхэн гэмтсэн талаар анх задлан шинжилгээ хийсэн эмч бичих ёстой, бид нар задлан шинжилгээ хийсэн эмчийн акт дээр дүгнэлтийг гаргасан. Энэ акт дээр судасны талаар бичээгүй байсан бол хэлэх боломжтой. Гэхдээ цохилоо, тархи гэмтлээ, тархины судас гэмтээд цус шүүрэхээр цус нь бүлэгнээд, гавлынхаа ясанд багтахаа болиод тархиа дарж эхэлнэ, тархиа дарж эхлэхээр зүрх судасны дутагдалтай болж нас барна. Энэ хүн тухайн үед эмнэлгийн тусламж авсан бол амьдрах боломж байсан. Тархины судас гэмтээд аажимдаа тархи дарагдах хүртлээ энэ хүн амьд явна, манай эмч бүлэгнэлийн хугацааг нь 6-18 цаг гэж тогтоосон байсан. Ер нь бол том судас гэмтсэн байж магадгүй гэж бодож байна. Үхлийн гол шалтгаан нь зүүн зулайн яс, чамархайн суурь яс руу үргэлжилсэн хугаралтай, тухайн хугарлын доор хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа нь 170 мл том цусан хураа байна. Энэ цусан хураанаас болж тархи дарагдаж нас барсан гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй, хүнд гэмтлийнхээ хүндэрлээс нас барсан” гэв.

Эрүүгийн _____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ийн: “Миний төрсөн ах Н.Ч- ...2018 оноос хойш тэнэмэл амьдралтай болж сураг тасарсан. Хамгийн сүүлд 2020 оны 7 дугаар сард наадмын өмнө утсаар холбогдоод “мөнгө шилжүүлээч” гэхээр нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш ахтайгаа холбогдоогүй. Миний ахын үхэлд хэн нэгэн холбоотой байвал гомдолтой. М- гэх хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Ахыг минь зодож амь насыг хохироосонд гомдолтой байна. Талийгаач ахыг маань тодорхой хугацаанд гэр орондоо байлгаж тусалж байсан болохоор М-оос мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-62-64, 65-66/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020.09.10-ны өдрийн _____ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2.3. Талийгаач Н.Ч-гийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170мл/, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдпоо. Дээрх гавал тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсч болох шинэ гэмтлүүд байна. 5.6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй, шээсэнд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 7.8. Талийгаач нь ходоодны архаг үрэвсэлтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. 9. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна. 10. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэжээ /1 дүгээр хавтас, хх-120-131/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн: “...Амь хохирогч нь тархины гэмтлийн улмаас нас барсан тухай дүгнэлтэд дурдсан. Дээрх гэмтлүүд дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Шинэ гэмтэл гэдэг нь 72 цагийн дотор үүссэн гэмтлийг ойлгож болно. Амь хохирогч Н.Ч-г нас барахад хүргэсэн гол гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Гэмтсэн даруйд эмнэлгийн тусламж авч, мэс заслын эмчилгээ хийлгэсэн бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Талийгаач шууд нас бараагүй, дээрх хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-136-139/,

Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 2021.04.26-ны өдрийн ___ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Амь хохирогч Н.Ч-гийн биед зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170мл/, баруун тал бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа /50мл/, баруун чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун, зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 2.3. Амь хохирогч Н.Ч- нь гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж цус шүүрэн тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4. Амь хохирогч Н.Ч- нь гэмтсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэс засал хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж цус шүүрэн тархи дарагдах хүртэл амьд явах боломжтой” гэжээ /2 дугаар хавтас, хх-64-68/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “Амь хохирогч Н.Ч-гийн цогцосны гадна үзлэгийг хийхэд толгойн дагзны дээд хэсгээс цус гарч урсаж гоожиж, дусалсан зүйл байгаагүй. Дагзны дээд хэсгийн үенүүд хоорондоо наалдаж зууралдсан байсан. Амь хохирогчийн толгойн дагзны дээд хэсэгт гэмтэл учирсан байсан бол задлан шинжилгээгээр хуйхны дотор талд гэмтэл цус хуралт, шарх байгаа нь тогтоогдоно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-69-71/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “Гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж тархи дарагдах хүртэл янз бүрийн хугацаатай байдаг. Тархины том судас, эсвэл жижиг судас гэмтсэн үү, эсвэл жижиг хэмжээний, том хэмжээний гэмтсэн эсэхээс хамаарч 1 цаг, 24 цаг, 1 сар ч хүртэл амьд явах боломжтой. Задлан шинжилгээний гадна үзлэг, гавал тархины үзлэгт толгойн дагзны ар хэсэгт гэмтэл, шарх тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас дахь хэвлэмэл зургийг харахад хохирогчийн толгойн дагзны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, гэмтсэн байж болзошгүй гэх дүрс нь хэвлэмэл зурган дээр гэрэл ойсны улмаас цус мэт зүйл гарч байгаагаар харагдсан байна. Задлан шинжилгээний үеийн зургийг харахад тухайн хэсэгт ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Амь хохирогчийн биед учирсан тархины гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй, уг гэмтлийн улмаас тархины судас гэмтэж аажмаар цус шүүрч, тархи дарагдаж нас барсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-72-75/,

Гэрч П.Д-ын: “2020 оны 8 дугаар сарын 19-ний үүрээр 5 цагт орцоо цэвэрлэж байтал 7 дугаар давхарын хог хаядаг хэсэгт нэг эрэгтэй хүн цүнхээ дэрлээд унтаж байсан. Сэрээх гээд сэрэхгүй байхаар нь Амартүвшингийн хамт өргөж гаргаад орцны гадаа сандал дээр тавьсан. Буцаж ороод 2 цүнхийг нь ухсан, авч буугаад хогийн цэг рүү хийсэн. Цүнх дотор нь хувцас, эм тариа байхаар нь буцааж хийгээд сэрэхээр нь гаргаж өгнө гэж бодсон. Их хүчтэй амьсгалаад их чанга хурхираад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-67-73/,

Гэрч Ч.А-гийн: “...өглөө 06 цагийн үед “дээр согтуу хүн байна гаргалцаад өг” гэхээр нь 7 давхарт гарахад нэг хүн дээшээ хараад хурхираад цүнхээ дэрлээд унтаж байсан. Сэрээх гээд хацар луу нь алгадсан чинь сэрэхгүй байсан. Би цээжнээс нь бариад Долгор ээж хөлнөөс нь бариад гадаа гаргаад сандал дээр хэвтүүлсэн. Өглөө 8 цаг 30 минутад гараад явахад тэр хүн хэвтэж л байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-74-77/,

Гэрч О.А-ын: “...камерын бичлэгийг шүүж үзэж эхлэхэд М- манай найз Ч- хэд хоногийн өмнө надаас салж яваад сураггүй байгаа гэсэн. Камерын бичлэгт М- нь Ч-г зодож байгаа бичлэг байсан тул хэлтэс дээр ирээд мэдүүлэг авахад манай ажил дээр цэнэглэж байсан хүний гар утсыг хулгайлсан болохоор нь Ч-г зодсон гэдгээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-85-86/,

Гэрч Н.Б-ийн: “...34а байрны 1 дүгээр орцны үүдэнд байрлах сандал дээр толгойн зүүн хойд дагз хэсэг нь хавдсан, бага зэргийн цус мэт зүйл гарсан байдалтай, баруун гарын ядам хуруу нь шалбарсан 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Ухаангүй хурхираад унтаад байх шиг байсан. Түргэн тусламж ирээд аваад явахад хурхирсан чигтээ л байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-87-88/,

Гэрч Н.Н-ын: “...сургуулийн талбай дээр хөлбөмбөг тоглож байгаад утасны цэнэг дууссан байхаар нь дүүг “манаачаас гуйгаад цэнэглүүлчих” гээд өгөөд явуулсан. Гар утсаа авахаар очиход алга болсон байсан. Манаач ах “түрүүн манай найз орж ирээд гарсан юм, чиний гар утсыг авчихсан юм шиг байна, уучлаарай ах нь утсыг чинь олж өгнө, жоохон хүлээчих” гэсэн. 2-3 хоногийн дараа утасдаад асуухад манай найз олдохгүй байна гэсэн. Хуучин Самсунг нөт-3 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-89-90/,

Сонгинохайрхан дүүргийн _____хөл бөмбөгийн талбайн камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийг шүүх үзэхэд 23 цаг 02 минут 00 секундэд амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай алхаж ирээд хашааны хаалгыг онгойлгон дотогш орно. 23 цаг 03 минут 37 секундэд манаач нь цүнх мэт зүйл барин хаалгыг онгойлгож гаргаж хаяад дахин нэг цүнх гаргаж хаясны дараа амь хохирогчийг 23 цаг 05 минут 26 секундэд түлхэн гаргана. 23 цаг 07 минут 03 секундэд амь хохирогчийн бие рүү баруун хөлөөрөө нэг өшиглөөд, толгой хэсэг рүү баруун гараараа цохиход амь хохирогч газар унахад очоод баруун хөлөөрөө элэг рүү 1, дээрээс нь 1, мөр хэсэг рүү 1, толгойн хэсэгт зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөөд эргэж харан хяналтын камерын зүүн доод талаас гартаа ямар зүйл нь харагдахгүй биет барин баруун гараараа толгой хэсэгт цохиод зүүн гартаа шилжүүлж бариад толгой хэсэгт 1 цохисны дараа барьсан биетээ эргэж харан газар хаяна. 23 цаг 08 минут 31 секундэд хаясан биетээ дахин аваад гараараа далайж очиж бие рүү нь 1, хавирга руу нь 1 өшиглөөд барьсан зүйлээрээ далайна. 23 цаг 13 минут 55 секундэд баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа алгадна. 23 цаг 14 минут 06 секундэд зүүн хөлөөрөө нүүр лүү нь нэг өшиглөөд нөгөө хаясан биетээ баруун гартаа аваад эргэж алхаж очин 3 удаа толгой хэсэгт нь цохичхоод барьсан зүйлээ хаяад амь хохирогч дээр очно. Буцаад нөгөө биетээ баруун гартаа авч очин баруун хөлөөрөө нүүрэн тус газарт нэг өшиглөөд доош явган сууж, босоод дахин 2 удаа баруун хөлөөрөө нүүр хэсэгт өшиглөөд, дээрээс нь 2 удаа дэвсэнэ. Цааш нүүр хэсэгт баруун гараараа хэд хэдэн удаа ойрхон давтамжтай цохиод цаагуур явж байсан хүнтэй муудалцаад. ...амь хохирогч хэсэг зуур сууж байгаад 23 цаг 30 минут 14 секундэд хоёр гартаа цүнхээ бариад цааш гуйваад алхаж байгаа... бичлэгт үзлэг хийх ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-44-48/,

Шүүгдэгч Ч.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Орой 19 цаг өнгөрч байхад Ч- орж ирээд сууж байтал манай өрөөнд нэг залуу утсаа цэнэглээд үлдээсэн. 20 цаг болохоор нь талбайд байсан хүмүүсийг “Цаг дууслаа” гэж хэлчхээд жижүүрийн байрандаа ирэхэд Ч- “хүнтэй уулзаад ирье” гээд гарсан. Утсаа цэнэглээд орхисон залуу утсаа авах гэтэл алга болсон байсан. 22 цаг өнгөрч байхад Ч- нэлээн согтуу ажил дээр ирэхээр нь би уурлаад асуухад би аваагүй гэсэн. Ажлын өрөөнд байсан  цүнхтэй хувцсыг нь хашаанаас гаргаад шидсэн. Хашааны хаалга түгжих гэж байхад Ч- намайг өдөж “Юун сүртэй юм бэ, чамайг дараа ална аа” гээд байхаар нь Ч-г 1 өшиглөн, гараараа цохиход газар унасан. Толгой, цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөн, сууж байгаад толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. ...Дахин Ч-гийн толгой хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд, нүүрээ дараад хэвтэхээр нь дэвсэж, дахин толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон. ...2-3 минутын дараа босоод 2 цүнхээ бариад хойшоо яваад өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. Би Ч-г зодож амь насыг нь хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, санаатайгаар амь насыг хохироогоогүй, санаандгүй байдлаас ийм асуудал боллоо. Найзынхаа амь насыг хохироосондоо үнэхээр их гэмшиж байна.

...Би хяналтын камерын бичлэгтэй маргах зүйл байхгүй. Өөрийн найз Ч-г үргэлжилсэн идэвхтэй үйлдлээр зодож амь насыг нь хохироосноо хүлээн зөвшөөрч байна. Алах санаа зорилго байгаагүй, мөн зодох үедээ онц харгис хэрцгийгээр зодож байна гэдгээ ухамсарлаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-219-221, 2 дугаар хавтас, хх-84-87/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.09.21-ний өдрийн _____ дугаар дүгнэлтэд: “1. Ч.М- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байна. Ч.М- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. Ч.М-ид хэргийн дараа сэтгэцийн эмгэгтэй болсон гэх шинж, баримт үгүй байна. 4. Ч.М- нь үйл явдлыг тусган ойлгох чадвартай байна. 5. Ч.М-ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 6. Ч.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-134-135/,

Сонгинохайрхан дүүргийн ______ орц болон лифт рүү амь хохирогч Н.Ч- орж байгаа болон түүнийг дамжлаад гаргаж байгаа бичлэг бүхий СӨХ-ны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-32-33/,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34А байр, 1 дүгээр орцны лифтний бичлэгт амь хохирогч Н.Ч- орж байгаа, ар дагз хэсэгт хагарсан цус мэт зүйлээр бохирлогдсон гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-39-41/,

Цагдаагийн байгууллага 2020.08.19-ний өдрийн 13 цаг 52 минутад “Гэмтлийн эмнэлэгт хэн болох нь тодорхойгүй, ухаангүй эрэгтэй хүн хүргэгдэж ирээд хүлээн авах дээр нас барчихсан орж ирлээ” гэсэн утгатай гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн авсан лавлагаа /1 дүгээр хавтас, хх-2/, илтгэх хуудас /1 дүгээр хавтас, хх-3/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-6-11/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-12-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-17-23/, хүний бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-24-27/, гэрч Э.Дарханбатын гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-29-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-55/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-52/, гэрч Г.Алтанцацралын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-80/, гэрч С.Дарханбатын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-92/, гэрч Д.Ц-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-93-95/, шинжээчийн 3586 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-100-107/, шийтгэлийн хуудас, албан бичиг, тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-145-150/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-183/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-153/, ______ талбайн жижүүрээр ажиллах хугацаандаа зөрчил гаргаагүй” гэх тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-151/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-161-174/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-177/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-178/, амь хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-201/, мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-223/ зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч.М- нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ______ хөл бөмбөгийн гадаа талбайн хаалга орчимд хохирогч Н.Ч-г “чи танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан байна” гэх шалтгаанаар түлхэж унагаан хүзүү хэсэгт гараараа цохих, толгой хэсэг рүү олон удаа гараараа цохиж, өшиглөж амь насыг нь хохироож алсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Амь хохирогч Ч- тархины гэмтлийн улмаас судас гэмтэн цус шүүрэн тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан. Амь хохирогч нь гэмтсэн даруйд эмнэлгийн тусламж үзүүлж мэс засал хийлгэсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөхдөө амь хохирогчийн биед учирсан тархины гэмтэл нь шууд үхэлд хүрээгүй, уг гэмтлийн улмаас тархины судас гэмтэж аажмаар цус шүүрч тархи дарагдаж нас барсан гэх мэдүүлгээр үхлийн шалтгааныг тодорхойлж өгсөн. Шүүгдэгч М- талийгаачтай маргаж, өшиглөж байгаа бичлэг байгаа боловч түүний цохилтоос амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр зодож, зовоон тарчлаасан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Мөн энэ гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгч М- амь хохирогчийг зодож амь насыг нь хохироосон гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ амь хохирогчийг алах, тэр тусмаа зовоон тарчлааж алах санаа зорилго байгаагүй. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг харьцуулж ялган зүйлчлэхэд гэмт этгээдийн үйлдэлтэй болон хор уршигт хандсан хандлага буюу бодит санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас нас барсан эсвэл бусад хүндрэлээс болж нас барсан зэргийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч М- нь хүнийг санаатай алах субьектив санаа зорилго байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Шүүгдэгч М- нь хохирогч Ч-гийн биед хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн байж болохоор байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хохирогч болон хохирогчийн талаас нэхэмжилсэн зүйл байхгүй” гэж,

иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” ойлголт нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Түүнчлэн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхыг шаарддаг ойлголт юм.

Хэрэгт авагдсан камерын бичлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь амь хохирогчийг олон удаагийн цохих, өшиглөх зэргээр зодон олон тооны шарх, гэмтэл учруулсан байх боловч уг учруулсан олон тооны буюу баруун, зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл нь амь хохирогчийн үхэлд нөлөөлөөгүй, нөгөөтэйгүүр уг олон тооны шарх, гэмтлээс шалтгаалсан өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, зовж зүдрэхээр байдал бий болгосон эсэх, шүүгдэгчийн үйлдлийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарласан, үр дагаврыг урьдчилан харж хүсэж үйлдсэн түүнчлэн уг үйлдэлдээ хандсан шүүгдэгчийн сэтгэхүйн харьцаа зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нягтлан шалгаж, хөдөлбөргүйгээр тогтоож чадаагүй байна гэж шүүх дүгнээд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.        

Шүүгдэгчийн амь хохирогчийг зодсон үйлдлийн улмаас амь хохирогч гавал тархины гэмтэл буюу зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины судас гэмтэж, тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн шинжийг хангахгүй болно. Хэдийгээр шинжээч эмч, шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй гэж байгаа ч хууль зүйн хувьд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч, түүнчлэн иргэдийн төлөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлтийг тус тус үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. 

 Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.М- нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ____ хөл бөмбөгийн гадаа талбай хаалга орчимд хохирогч Н.Ч-г “чи танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан” гэх шалтгаанаар түлхэж унагаагаад цохиж зодсоноос гавал тархины гэмтэл учруулан амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь гэрч О.А-ын “...Камерын бичлэгт М- нь Ч-г зодож байгаа бичлэг ...хүний гар утсыг хулгайлсан болохоор нь зодсон гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-85-86/, шүүх эмнэлгийн 1779 дугаар “1.2.3. Талийгаач Н.Ч-гийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зулай, чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа /170мл/, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун зүүн чамархайн булчин, дух, зулайн хуйхны цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, мөр, гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсч болох шинэ гэмтлүүд байна. 10. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-120-125/, шүүх эмнэлгийн 318 дугаар “...2.3. Амь хохирогч Н.Ч- нь гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж цус шүүрэн тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4. Амь хохирогч Н.Ч- нь гэмтсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэс засал хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Гавал тархины гэмтлийн улмаас тархины судас гэмтэж цус шүүрэн тархи дарагдах хүртэл амьд явах боломжтой” гэх шинжилгээ /2 дугаар хавтас, хх-64-68/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...Амь хохирогчийн биед учирсан тархины гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй ба уг гэмтлийн улмаас тархины судас гэмтэж аажмаар цус шүүрч, тархи дарагдаж нас барсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-72-75/, гэрч П.Д-ын “...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үүрээр 5 цагт орцоо цэвэрлэж байтал 7 дугаар давхрын хог хаядаг хэсэгт нэг эрэгтэй хүн цүнхээ дэрлээд унтаж байсан. Их хүчтэй амьсгалаад их чанга хурхираад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-67-73/, гэрч Н.Б-ийн “...орцны үүдэнд толгойн зүүн хойд дагз хэсэг нь хавдсан, бага зэргийн цус гарсан байдалтай, баруун гарын ядам хуруу нь шалбарсан 50 орчим насны эрэгтэй хүн сандал дээр дээшээ хараад хэвтэж байсан. Ухаангүй хурхираад унтаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-87-88/, шүүгдэгч Ч.М-ийн “...Найзыгаа зодсон нь үнэн. Онц харгис хэрцгийгээр алаагүй, тийм санаа байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-219-221, 2 дугаар хавтас, хх-84-87/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.М-ийн амь хохирогч Н.Ч-г “танихгүй хүний цэнэглээд үлдээсэн утас хулгайлсан” гэх шалтгаанаар түлхэж унагаад хэд хэдэн удаа цохиж, өшиглөж улмаар гавал тархинд гэмтэл учруулж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ч-гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ын “Талийгаач ахыг маань тодорхой хугацаанд гэр орондоо байлгаж тусалж байсан тул М-оос мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-64-66/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өмнө 2 удаагийн ял шийтгэгдсэн боловч хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрч ялгүйд тооцогдсон байгаа. Иймд Ч.М-ийн үйлдлийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбоотой, төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийг “бусдын гар утсыг хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдан түлхэж унаган, бие рүү хэд хэдэн удаагийн гараар цохих, өшиглөх, толгой хэсэг рүү олон удаа цохих, өшиглөх үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Ахыг маань тодорхой хугацаанд гэр орондоо байлгаж тусалж байсан тул М-оос мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Гомдолтой байна” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг багасгаж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан. Ялангуяа тус зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заажээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй, хохирол төлсөн зүйлгүйг харгалзан хохирлыг төлсөн гэж үзэн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.  

Шүүгдэгч Ч.М-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 6 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 294 /хоёр зуун ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 4 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ____ овогт Ч.М-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ийг 10 /арав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.М-ийн цагдан хоригдсон 294 /хоёр зуун ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 4 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.М-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.М-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

                   ШҮҮГЧИД                                  Б.БЯМБААБААТАР

 

                                                        Г.МӨНХЗУЛ