Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 156/2016/00633/И

         Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 9-9 тоотод оршин суух, иргэн Хошууд овогт Цэдэвдоржийн Амаржаргал /РД:СЮ92032705/-ын  нэхэмжлэлтэй

            “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

      Би хариуцагч Ж.Баасантогтохтой 2012 оноос эхлэн танилцаж үерхэж байгаад жирэмсэн болж 2014 оны 3 дугаар сарын 13-нд хүү Бархасыг төрүүлсэн. Хүү Бархас нь 2015 оны 4 дүгээр сарын 28-нд ЭХЭМҮТөв, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж сонсгол судлалын дэлгэрэнгүй шинжилгээгээр төрөлхийн хоёр талын чихний сонсгол мэдрэлийн гаралтай гүнзгий хэлбэрийн дүлий гэсэн онош нь батлагдаж таг дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засалд орох шаардлагатай гэж эмч нар зөвлөсөн, энэ байдлаа хүүгийнхээ аавд нь хэлсэн юм. Уг нь бид хоёр анх гэрлэж хойшид амьдарна гэж байсан Д.Баасантогтох нь ажилд ороод хүү бид 2-той цуг амьдарна гэж ярьдаг байсан боловч хүүг минь төрөлхийн сонсголгүй болохыг мэдээд хүү бид 2-оос удалгүй хөндийрсэн. Би хүү Бархасынхаа ирээдүйн амьдралыг бодож    2 настай болохоос нь өмнө сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгаанд оруулах болсон. Хагалгааг Монголдоо ЭМЖЖ эмнэлэгт хийлгэх болсон тул хагалгааны нийт өртөг 34 000 000 төгрөг болсон. Би ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй /зүүн гарын төрөлхийн хөгжил дутуу/ аав, ээж 4 дүүгийн хамт ам бүл 8 уулаа амьдардаг, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, 2 дүү оюутан учир аав, ээжийн цалин амьдралдаа хүрэлцэхгүй учир 2015 оны 10 дугаар сараас эхлэн 4 дэхь алим ТББ-д хандаж хүүгийнхээ хагалгаанд зориулж хандивын аян зохион байгуулж өгөх талаар хүсэлт тавьсан. Миний хүсэлтийг хүлээн авч орон даяар хандивын аян өрнөж, хандивын тоглолт зохион байгуулж, сайн санаат Монголын ах дүү нарынхаа хандиваар хүү маань 2016 оны 5 дугаар сард дунгийн суулгацын хагалгаанд орсон.

 

              Иймд хүү Бархасын эцэг Д.Баасантогтохоос хүүхдийн тэтгэлэг болон хагалгааны зардал гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 1х/

  

Нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 047-нд хариуцагч Дайриймаагийн Баасантогтохоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Д.Баасантогтох нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15-11 тоотод хаягт оршин суудаггүй, 95030919 дугаар дээрээ байхгүй гэж хариу ирсэн байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. /хх-ийн 28х/

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 9-9 тоотод оршин суух, Хошууд овогт Цэдэвдоржийн Амаржаргал нь Жамсран овогт Дайриймаагийн Баасантогтохыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь Д.Баасантогтохтой 2012 онд танилцаж, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Бархасыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүүхэд гаргасан нэхэмжлэл, 2301000141 дугаартай Жамсран овогт Баасантогтохын Бархасын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7х/

Иймд Жамсран овогт Дайриймаагийн Баасантогтохыг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 9-9 тоотод оршин суух, Хошууд овогт Цэдэвдоржийн Амаржаргал /РД:СЮ92032705/-ын  нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жамсран овогт Дайриймаагийн Баасантогтох /РД:УХ92032712/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баасантогтохыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоон, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баасантогтохтой холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Амаржаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР