Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 271

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2016/00732/И

      Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн 06-16 тоотод оршин суух, Ойдовын Амарзаяад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 4 428 800 төгрөг гаргуулах тухай,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо бага тойруу 33 дугаар байрны 24 тоотод оршин суух, Лувсандоржийн Мөнхцэцэгийн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24 өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“2013 оны 11 дүгээр сарын 29 өдөр О.Амарзаяатай бичгээр гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, хэрэв гэрээний үүргээ зөрчвөл 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. О.Амарзаяа зээл авснаас хойш нэг сарын хүү төлөөд гэрээгээ хоёр сарын хугацаагаар сунгая гээд цувуулан 400 000 төгрөгийг өгөөд холбоогүй болсон. ... Иймд О.Амарзаяагаас зээлийн бүгд 4 250 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн Л.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар дараах хариу тайлбар гаргаж байна. Иргэн Л.Мөнхцэцэг нь нэхэмжлэлдээ 2 500 000 төгрөг зээлсэн гэсэн байна. Би 2013 оны 11 дүгээр сарын үед түлшний мөнгөгүй болчихоод Л.Мөнхцэцэг эгчээс эхлээд 1 000 000 төгрөг, тэр өдөртөө дахиад 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг л зээлсэн ба тухайн үед зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө авсан өгсөн бичиг ч үйлдээгүй юм. 500 000 төгрөгийг нь гурав хоногийн дараа буцаан төлсөн ба зээлийн хүүнд төлөв гэж бич гээд надаар бичиг хиилгэж авсан. Хэд хоногийн дараа зээлийн гэрээ хийе чи энэ бичгэн дээр гарын үсэг зураад өг гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан ба доторх агуулгыг нь яах юм гэсэн би нөхөөд бичнэ санаа зоволтгүй гэхээр нь итгээд л зурсан. Надад нэг хувь ч өгөөгүй. Тэгсэн 2 500 000 төгрөг зээлсэн болгоод бичсэн байна. ... Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:

“... Хариуцагч О.Амарзаяа нь шүүхийн дуудсан хугацаанд ирээгүйгээс болж нэхэмжлэгчид учирсан нэмэлт зардал 178 800 төгрөгийг нэмж нэхэмжлэж байна. ...” гэжээ.

Зохигчдын байгуулсан 2017 оны 05 сарын 15 өдрийн №01/16 дугаартай эвлэрлийн гэрээнд:

“Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага /4 250 000+178 000/  4 428 800 төгрөгөөс 2 428 800 төгрөг нэхэмжилсэн хэсгийг татгалзаж, хариуцагч О.Амарзаяа нь 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15 өдөр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөхгүй байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа...

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийг гэрээний 2.1.2-р зүйлд заасан нөхцөлийн дагуу төлөх бөгөөд эхний төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15 өдрийн дотор бүрэн төлөөгүй тохиолдолд дараагийн төлбөр төлөх хугацаа дуусахыг хүлээхгүйгээр шууд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тохиролцсон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасны дараа, товлосон шүүх хуралдаанаас өмнө буюу шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигчид эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь хариуцагч О.Амарзаяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт /4 250 000+178 000/ 4 428 800  төгрөг шаардсан байна.

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 4 428 800 төгрөгөөс  2 428 800 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч О.Амарзаяа нь /4 428 800-2 428 800=2 000 000/ 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15 өдөр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Л.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, О.Амарзаяад холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 4 428 800 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт, хариуцагч О.Амарзаяа 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15 өдөр 1 000 000 төгрөг, нийт 2 000.000 /хоёр сая/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Амарзаяагаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахгүй гэж тохиролцсон болохыг дурдсугай.

3. О.Амарзаяа эхний төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15 өдрийн дотор бүрэн төлөөгүй тохиолдолд энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Э.АРИУНАА