| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
| Хэргийн индекс | 155/2017/00805/И |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00019
Х.Бямбачулууны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Х.Бямбачулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Р.Мөнхбат нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 371 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х.Бямбачулууны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Мөнхбатад холбогдох
7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Х.Бямбачулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Мөнхбаттай харилцан тохирч 2014.08.06-ны өдөр Мөрөн сумын 13-р багийн 22-р гудамжны 15 тоотод байрлах 6*8 харьцаатай өвлийн сууцтай хашааг худалдаж авахаар урьдчилгаа 7,500,000 төгрөгийг өгч 15 сая төгрөгөөр хашаа байшинг нь худалдаж авсан. 2015.6.15-нд хашааны бичиг баримтаа өгнө гэсэн боловч шилжүүлж өгөөгүй. Мөнхбат хашаа байшингаа өгөхгүй болсон учир Мөнхбатаас урьдчилгаа болгож өгсөн 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 8-р сарын 6-нд Хуягцоож овогтой Бямбачулуунд өөрийн өмч болох 13-р хорооны 22-15 тоот хашаа байшинг 15 саяд худалдаж харилцан тохиролцож урьдчилгаа 7,5 сая төгрөгийг бэлнээр авсан нь үнэн бөгөөд үлдэгдэл 7,5 сая төгрөгийг 2015 оны 6-р сарын 10-нд авахаар тохиролцож гэрээ хийсэн ба тухайн үед бэлнээр мөнгө өгөөгүй учир би хашаа байшингийн бичиг баримтаа өгөх боломжгүй байсан. Иймээс иргэн Ренчин овогтой Мөнхбат би нэхэмжлэгч Хуягцоож овогтой Бямбачулууны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин одоо өөрийн хашаа байшингийн үлдэгдэл төлбөр болох 7,5 сая төгрөгөө бэлнээр авсны дараа хашаа, байшингийн бичиг баримтаа өгнө гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Р.Мөнхбатаас 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбачулуунд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Мөнхбатаас 134.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Р.Мөнхбат давж заалдах гомдолдоо: … Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй, тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргуулах тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй, нотлох баримт байхгүй байхад талуудын тайлбарт тулгуурлан дүгнэлт хийж шийдвэр гаргалгүй нэхэмжлэгч Х.Бямбачулуунаас тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн.
Үүнд: Х.Бямбачулуун нь Мөрөн сумын 13-р багийн 22-р гудамжны 15 тоотод байрлах 6/8 хашаа байшинг ээжийнхээ нэр дээр шилжүүлэн авч мөнгийг бүрэн өгч дуусгасан. Одоо уг хашаа байшин маань Х.Бямбачулууны ээж Г.Жаргалсайханы нэр дээр бүрэн шилжсэн. Г.Жаргалсайхан нь тэтгэврийн зээл авч дутуу мөнгөө гүйцээж өгөөд бид нарын хооронд тооцоо бүрэн хийгдсэн. Нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд би нэгэнт тооцоо дууссан маргаан байхгүй хэрэг гээд шүүх хуралдаанд ортол намайг 7,500,000 төгрөг өг гэсэн шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Давж заалдах гомдлыг маань өмгөөлөгчид нь биш өөрт нь танилцуулж хариу тайлбар авбал тооцоо дууссан талаараа өөрөө бичгээр эсвэл давах хуралдаанд өөрөө оролцож хэлнэ гэсэн болно. Одоо аав Хуягцоож, ээж Г.Жаргалсайхан нь миний хашаа байшинд амьдарч байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд хэргийг бүрэн шалгалгүй зөвхөн нөгөө талын өмгөөлөгчийн хэлснээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд иргэн надаас ч асуулт асууж хэргийг бүрэн тодруулалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Би одоо хашаа байшингаа зарчихаад, үнэ хөлсөө бүрэн авчихаад, наймаа дуусчихаад байхад ямар үндэслэлээр би тэр Х.Бямбачулуунд мөнгө өгөх вэ гэдэгт гайхаад байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 7,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 7,500,000 төгрөгөө авна” гэсэн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 13-р багийн 22-р гудамжны 15 тоотод байрлах 6*8 харьцаатай өвлийн сууцтай хашааг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 7,500,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө эрхийн доголдолтой, гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан зохицуулалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж Иргэний хууль буруу хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах” эрхтэй.
Хариуцагч Р.Мөнхбатын нэхэмжлэгч Х.Бямбачулуунд худалдсан Мөрөн сумын 13 дугаар багийн 22 дугаар гудамжны 13 тоотод байрлах 48 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Үхэр онход овгийн Гонгорын Жаргалсайхан бүртгэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ү-1723004134 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
Хариуцагч Р.Мөнхбат нь маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч, захиран зарцуулах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй учир тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Өмчлөх эрхгүй этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө худалдсан хэлцэл хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн эрх зүйн үр дагавраас өөрийн шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: 1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилсүгэй.
2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Т.ГАНБАТ