| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2018/00957/И |
| Дугаар | 001/ХТ2019/00165 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2019/00165
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01429 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1935 дугаар магадлалтай
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д.Цт холбогдох
“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 56 800 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ц манай байгууллагатай 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 14/002 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэхээр гол нөхцөлөө тохиролцож, мөн энэхүү гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Ү-2203020563 улсын бүртгэлийн дугаартай 38 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан. Д.Ц нь үндсэн зээлийн гэрээгээр тохирсон хугацаа буюу 2 сарын хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй гэсэн тул 2014 оны 12 сарын 7-ны өдрийн хүртэл 9 сараар хугацааг сунгаж нэмэлт гэрээ хийсэн.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн хүүнд 9 000 000 төгрөг төлж, нийт 25 000 000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байсан. Үүнээс хойш бид төлбөрөө байнга шаардаж байсан боловч Д.Ц нь төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, зээлийн хүүнд 26 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 300 000 төгрөг буюу нийт 56 800 000 төгрөг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 47.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 14/002 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 56 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, төлбөрөө төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ц нь 2014 оны 01 сарын 08-ны өдөр “Г” ХХК-аас 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 25 000 000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 23 500 000 төгрөг төлсөн. Гэтэл санхүүгийн байгууллагаас 58 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Энэ хугацаанд санхүүгийн байгууллагад үндсэн зээлд 14 500 000 төгрөг, зээлийн хүүнд 9 000 000 төгрөг төлсөн. Гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөртэй нийлээд нийт 12 600 000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг өмнө нь шүүхэд гаргаж байсан. Гэвч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22 өдрийн 181/ШШ2018/01429 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Цаас 38 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан шаардлагаас 18 550 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020563 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000180628 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14193/, Их сургуулийн гудамжны 31 дүгээр байр 98 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 521 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамж 419 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1935 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22 өдрийн 181/ШШ2018/01429 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Цаас төлсөн 349 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...”Г” ХХК-ийн зүгээс шүүхэд хандах хүртэлх хугацаанд зээлдэгч нь үндсэн мөнгө хүүгийн хамт бүгд 23 500 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь баримтаар нотлогдож байгаа тул ББСБ хүлээн зөвшөөрдөг. Гэрээнд заасны дагуу бол үндсэн зээл 25 000 000 төгрөг зээлийн гэрээний хугацаа дахь 11 сарын хүүгийн төлбөр нэг сарын 4 хувийн хүү, 11 сарын 44 хувь буюу 11 000 000 төгрөгийг төлөх ёстой. Ингээд үндсэн зээл хүүнд тооцож бүгд 36 000 000 төгрөгийг төлөх ёстойгоос дансаар төлөгдсөн баримтуудын дагуу 23 500 000 төгрөгийг хасаж тооцоход үлдэгдэл мөнгөн дүн нь 12 500 000 төгрөг болж байна. Үүн дээр зээлийн гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүгийн 20 хувийг нэмж тооцоход 2 500 000 төгрөгийг нэмж гэрээнд заасан тохиролцоогоор бол “Г” ХХК-д нийтдээ 15 000 000 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь Д.Цт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 800 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/002 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч гэрээний хугацаа дуусахад зээл, түүний хүүг төлж дуусгах, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол /14193/, Их сургуулийн гудамжны 31 дүгээр байр 98 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу зээлдүүлэгч 25 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 9 сараар сунгаж, талууд “Сунгалтын гэрээ” байгуулсан, гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй, тэрээр 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 23 500 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.
Зохигчдын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 282 дугаар зүйлийн 282.2. дахь заалтыг баримтлан хариуцагчаас 38 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2. гэсэн заалтыг хасч, өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Анхан шатны шүүхийн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээг 11 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул гэрээний үлдэгдэл төлбөрт 15 000 000 төгрөгийг төлөх үүрэг үлдсэн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. дэх заалтад нийцсэн байна, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалын үндэслэлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэжээ.
Гэрээний хугацаа дууссан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт 14 300 000 төгрөгийг төлсөн байх ба дээрх төлбөрийг үндсэн үүрэг болох үндсэн зээлээс хасч, үлдэх төлбөрт тухай бүр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуухаар заасан хэмжээнээс илүү төлбөр үлдэж байх боловч нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний алдааг зассан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугара зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1935 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдсайханы гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД