Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 073

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:  М.М.Н.Д.Ихолбооны   нэхэмжлэлтэй;

              Гуравдагч этгээд: Х.Ш шашны байгууллагын бие даасан шаардлагатай;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргад  холбогдох;

             “Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн  “Газар эзэмшүүлсэн захирамжид  өөрчлөлт оруулах тухай” А/69 дүгээр захирамж, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай;

            “Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай” бие даасан шаардлагатай  захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Х.Бакен, гуравдагч этгээд Х.Ш шашны байгууллагын тэргүүн О.М, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Б сумын Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.А,  орчуулагч А.Еркегүл, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.М.Н.Д.Ихолбооны  гүйцэтгэх захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн  төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбооны харьяа Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн төв “Цагаан арал” гэх газар байршилтай мешит /сүм/-ийн хэрэгцээнд зориулж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу Б сумын Засаг даргын 2011.12.06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 тоот захирамжаар үйлчилгээний зориулалтаар 5000 м.кв газрыг эзэмшүүлж, мөн хуулийн 27  дугаар зүйлийн 27.1, 27.3-д зааснаар нэгж талбарын 8303001274 дугаартай, газар эзэмших эрхийн **** тоот гэрчилгээг олгож, 2011.12.06-ны өдөр 08310-2011/00001 тоот газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан юм. Мөн Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасан  заалтыг хангаж, 2017.11.16-ны өдөр “Үйлчилгээний газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгааны дүгнэлт” гаргуулж, Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбоо нь хуулийн бүх шаардлагыг хангаж, хууль ёсоор эзэмшиж байсан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл тухайн газрыг Монголын ислам шашинтны муфтият холбоо Б сумын 2 дугаар багт байршилтай, Өлгий сумын иргэн Муханы Сейлбекийн 2015 онд үүсгэн байгуулсан Х.Ш нэршилтэй мешит /сүм/-ийн эзэмшил газар хэмээн Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/110 тоот захирамжаар эзэмшиж байгаа болгож, ямар нэгэн огноо, дугааргүй 2011 оны үед хэвлэгдэн ашиглагдаагүй, сүүлийн үеийн загварын газар эзэмших гэрчилгээг хуурамчаар бичүүлж, Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбооны Б сумын 3 дугаар баг “Цагаан арал” мешит /сүм/-ийн эзэмшилд байгаа 5000 м.кв газартай бүхэлдээ давхцуулсан газар эзэмших эрхийн **** тоот хуурамч гэрчилгээ бичүүлсэн байна. Тухайн газрыг Х.Ш нэртэй мешит /сүм/-ийн байгууллагад хууль ёсоор эзэмшүүлсэн тухай Б сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” А/110 тоот захирамж гарч байгаагүй болохыг Монгол ислам шашинтны муфтият холбооны гомдлыг шалгасан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.05.16-ны өдрийн 01/520 тоот шалгалтын хариу нотлох ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д “...газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэснийг, мөн газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад Х.Ш нэртэй мешит /сүм/-д 5000 м.кв газар үйлчилгээний зориулалттай эзэмшүүлсэн болгож газар эзэмших эрхийн **** тоот гэрчилгээ хуурамчаар үйлдэж гардуулсан болох нь Б сумын газрын даамал Х.Аын тодорхойлолтоор давхар батлагдаж байх тул Х.Ш нэртэй мешит /сүм/-д  олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус байна. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Мөн Х.Ш нэртэй мешит /сүм/-ийн хүчин төгөлдөр бус байгаа газар эзэмших эрхийн **** тоот гэрчилгээнд заагдсан газар Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбооны харьяа Б сумын 3 дугаар баг “Цагаан арал”-д байршилтай мешит /сүм/-ийн Б сумын Засаг даргын 2011.12.06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 тоот захирамж, мөн өдрийн газар эзэмших эрхийн **** тоот гэрчилгээгээр эзэмшүүлсэн газартай бүрэн хэмжээгээр давхцаж байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 тоот захирамжаар олгосон газарт давхцуулан Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбоонд газар эзэмшүүлсэн тухай Б сумын Засаг даргын 2011.12.09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 110 тоот захирамжийг хууль бусаар өөрчилж, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлсэн захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/69 тоот захирамжаар “Хайдар мешитэд шашны зориулалтаар” эзэмшүүлэхээр өөрчилсөн нь Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбооны газарт давхцуулан газар эзэмшүүлсэн, уг холбооны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд саад учруулсан, Б сумын Засаг даргын 2011 оны 110 тоот захирамжаар тухайн газрыг Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбоонд эзэмшүүлсэн байхад ямар ч үндэслэлгүй, газар дээр нь судлаагүй байж, газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй байхад гаднаас шийдвэрлэсэн хууль бус эрхийн акт болсон байна.

 Монголын мусульман нийгэмлэгүүдийн дин ислам холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд Х.Ш шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.А  шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт болох  Архивын тасгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар албан бичгүүдийн хавсралтаар ирүүлсэн товьёог болон Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар захирамж нь хүүхэд үрчлүүлэх тухай байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 дугаар захирамж засвартай буюу хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Баймырзагийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.  Б сумын газрын даамал 2011 онд дээрх хуурамч нотлох баримтыг /106 дугаар захирамж/ үндэслэж нэхэмжлэгчид  **** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад гэрээ зэрэг баримт бичгүүдийг бичиж олгосон байна. Нэгэнт Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 дугаар захирамж хуурамч тул нэхэмжлэгчээс гаргаж өгсөн **** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох ёстой.

Иймд Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 дугаар захирамж болон **** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.М.Н.Д.И холбооны гүйцэтгэх захирал Х.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар  гаргасан тайлбартаа:

Бие даасан шаардлага бүхий нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй. Манай холбоо нь 2011 оны 12 дугаар сард Б сумын Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргаж, тус сумын Засаг даргын захирамж гарч, Б сумын 3 дугаар баг “Цагаан арал”-аас 5000 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Тэрний дагуу манай байгууллагад газар эзэмших гэрчилгээ бичиж өгч, гэрээ байгуулсан. Газар эзэмшүүлэх захирамжийн дугаарыг хэн зассаныг бид мэдэхгүй. Бид тухайн үед бичиж өгсөн гэрчилгээг авсан. Захирамжийг яагаад засах болсон, засвартай захирамжаар яагаад гэрчилгээ бичиж өгөх болсныг бид мэдэхгүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий 106, 110 дугаартай захирамжууд нь үг, үсэг, утга найруулгын хувьд нэг л захирамж байгаа. Тэгэхдээ Хайдар мешитэд эзэмшүүлэхээр шийдвэр гараагүй, зөвхөн Монголын мусульман нийгэмлэгт эзэмшүүлэхээр шийдвэр гарсан. Бие даасан шаардлага бүхий нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Ш шашны байгууллага 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан нь уг байгууллагын гэрчилгээ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоол, үүсгэн байгуулах  хурлын тогтоол,  тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хавтаст хэрэгт Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 41 дүгээр тогтоол авагдсан, уг тогтоолд Б сумын Цагаан арал багт Хайдар мешит байгуулахыг зөвшөөрсөн боловч үүнийг албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн үед үйл ажиллагаа явуулах эрх авсан талаарх ямар нэгэн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар сүм хийд байгуулах хүсэлтийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авч хянаад, зөвшөөрөл олгосон тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой.  Эндээс дүгнэж үзэхэд  Б сумын Цагаан арал багийн мешитэд  газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан 2011 оны 12 дугаар сард Х.Ш гэж шашны байгууллага үйл ажиллагаа явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

 Газар эзэмшүүлсэн 106, 110 дугаар захирамжийн талаар яригдаж байна. Энэ хоёр захирамж утга найруулга, үг, үсгийн хувьд нэг л захирамж байгаа.  Шинжээчийн дүгнэлтээр 106 дугаар захирамж нь 110 дугаар захирамж байсан гэдэг нь тодорхой гарсан. Уг 2 захирамжийн аль алинд ч Х.Ш гэж шашны байгууллагад газар эзэмшүүлэх талаар нэг ч үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Тухайн үед газар эзэмших талаар хүсэлтийг Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбооны К.Сайран, Х.Б нар гаргаж, тэр хүсэлтийн дагуу газар эзэмших нэг л захирамж гарсан гэдгийг гэрч Б сумын Засаг дарга мэдүүлсэн. Тэгэхээр энэ захирамжаар Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбоонд  харьяалан газар олгосон гэж үзэх үндэслэлтэй.

Б сумын Засаг дарга 2019 оны 04 дүгээр  сарын 23-ны  өдөр А/69 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2. “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримталсан байгаа. Энэ эрхийн хүрээнд Засаг дарга маргааныг шийдвэрлэхээс биш өөр нэг хуулийн этгээдийн нэр дээр байгаа газрыг дараагийн хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлж өгч байгаа  нь угаасаа буруу асуудал юм. Нөгөө талаар маргааныг шийдвэрлэж байгаа захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдэх ёстой байсан. Тухайн үед Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбоонд энэ талаар огт мэдэгдээгүй, шууд захирамж гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоох,25 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах талаар ажиллагаануудыг хийх ёстой. Энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. 

Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/203 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ “тус тусдаа шийдвэр гаргасан, техникийн шинжтэй алдаа гарсан учраас бид нар зассан” гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Тухайн хүний үзэж байгаагаар тус тусдаа 5000 м.кв газар байсан, захирамж гаргахдаа Хайдар мешит гэдгийг Монголын мусульманы нийгэмлэгүүд гэж техникийн алдаа гаргасан учраас зассан гэж байгаа нь угаасаа үндэслэлгүй асуудал байгаа. Эрх бүхий байгууллага болох Б сумын Засаг даргаас Хайдар мешитэд зориулан Цагаан арал багт ямар нэгэн газар эзэмшүүлсэн эрхийн акт гараагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа. Тийм учраас Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/69 дугаартай захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Гэрчилгээг сүүлд нөхөж бичсэн гэдэг нь тодорхой байгаа.  Үүнийг гэрч Х.А тодорхой мэдүүлсэн. Тийм учраас Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар нэхэмжлэл болон бие даасан шаардлагын талаар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Нэхэмжлэгч Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо болон тус сумын Цагаан  арал багийн Хайдар мешитийг үүсгэн байгуулсан хүмүүс 2011 онд Б сумын Засаг даргад хандаж, газар хүссэн тухай өргөдөл тус тус гаргасны дагуу Засаг даргаас аль алинд 5000 м.кв газрыг олгохоор шийдвэрлэсэн байдаг.Өөрөөр хэлбэл Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар захирамжаар Мусульманы нийгэмлэгүүдийн холбоонд, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамжаар Хайдар мешитэд тус тус 5000 м.кв газар олгохоор шийдвэрлэсэн байсан.Тухайн үед газрын даамлаас эдгээр захирамжуудын дагуу Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо болон Хайдар мешитэд тус тусдаа газар эзэмшүүлэх тухай гэрчилгээг нь бичиж олгосон байдаг.Дараа нь Цагаан арал багийн нэр бүхий 12 иргэнээс 2019 оны 4 дүгээр сард надад хандаж өргөдөл гомдол гаргасан ба уг гомдлын мөрөөр шалгалт хийж үзэхэд Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамж гарахдаа Хайдар мешитэд бус Мусульманы нийгэмлэгүүдийн холбоонд 5000 м.кв газар олгосон мэт техникийн шинжтэй алдаа байсан нь тогтоогдсон юм. Гэхдээ нэг газрыг өөр этгээдэд давхардуулан олгоогүй байсан. Тийм учраас маргаан бүхий актаар залруулга хийх шаардлага гарсан юм. Цагаан арал багийн мешит нь 2002 онд байгуулагдсан бөгөөд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 15 дугаар тогтоолоор Апсаламын Хайдарын нэрэмжит болгосон байдаг. Харин Мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбоонд 2011 онд 5000 м.кв газар олгогдсон боловч саяхан 2018 онд шинэ сүмтэй болсон юм.Эдгээр сүмүүдийн аль аль нь ард иргэдэд ислам шашныг түгээн сурталчлах зориулалтаар байгуулагдсан болно. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт  заасны дагуу Засаг даргын зүгээс дээр дурдсанчлан техникийн шинжтэй алдааг залруулсан болно.

2.Засаг даргын зүгээс М.Аы нэхэмжлэлийн дагуу 106 дугаартай захирамжийг хүчингүй болгох боломжгүй. Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбооны нэхэмжлэлтэй энэ талаарх маргаан нь шүүхэд хянагдаж байгаа учир М.Аы нэхэмжлэлийг тус хэргийн хамт шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд  Х.Ш шашны байгууллагын тэргүүн О.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хайдар мешит /сүм/ нь 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монголын ислам шашинтны муфтиат холбооны тэргүүн М.Ааас 500,000 төгрөгийн, иргэн Х.Арыстанаас 500,000 төгрөгийн болон Б сумын Цагаан арал багийн иргэдийн хандив тусламжаар баригдсан юм. Үүнийг тус  багийн иргэд болох Х.Хусман, Х.Сархытбек, Х.Жархын, Т.Мади, С.Тегшил, Х.Тогтаган, Х.Малшы, С.Княз, С.Нурбол, Б.Серикжан, М.Өсерхан нар гэрчилнэ. Хайдар мешитийг Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  тогтоолоор Апсаламын Хайдарын нэрэмжит болгосон байдаг.Улмаар Цагаан арал багийн ард иргэд, оршин суугчдын хүсэлтийн дагуу О.Мг 2009 оноос эхэлж Хайдар мешитийн имамаар томилуулж, өнөөдрийг хүртэл ажиллуулж ирсэн байна. Энэ нь мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1079 дугаар шийдвэртэй хавтаст хэрэгт байгаа 2010, 2011 онд авхуулсан фото зургуудаар нотлогдоно. Хайдар мешит нь 2011 онд Хайдар мешитийн газрыг албан ёсны болгож авахаар эрх бүхий этгээдэд хандаж өргөдөл гаргаснаар Б сумын Засаг даргын 2011 оны 110 дугаар шийдвэрээр **** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. 2015 онд Хайдар мешитийн барилгыг шинээр барихаар болж санхүүжилт хайж эхэлсэн.  Мөн Хайдар мешитийг албан ёсны бүртгэлтэй болгож, үйл ажиллагааг нь хуулийн дагуу явуулахаар болж хөөцөлдөж, улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сүм хийд байгуулах зөвшөөрөл авсан, дараа нь Хайдар мешитийг албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, 000075550 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг авсан юм. Ингээд 2016 оноос эхэлж ард иргэдээс хандив цуглуулж Хайдар мешитийн барилгыг шинэчилж барьсан болно. Өөрөөр хэлбэл шинээр мешит барих хөрөнгийн 70 хувийг Турк улсын иргэн Балапан Муневвер, үлдсэн 30 хувийн хөрөнгийг Цагаан арал багийн ард иргэдээс хандив цуглуулах байдлаар барьсан болно.Тэгээд шинэ мешитийг хуучин мешитийн хажууд барьсан. Дараа нь ийм асуудал гарна гэж ерөөсөө бодож байгаагүй. Уг шинэ мешитийн барилга байгууламжийн ажил 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр дуссанаар 10 дугаар сарын 01-ний өдөр тус багийн сүсэгтэн иргэдийг оролцуулан нээлтийн ажлыг хийж, имам О.Мд хүлээлгэн өгч, мешитийн хуучин байшингийн зориулалтыг өөрчлөн мешитийн ажилчдын байр болгон ашиглах шийдвэр гаргасан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1079 дугаар шийдвэртэй хавтаст хэрэгт байгаа болно.Гэтэл хаанаас, хэзээ, яаж гэдэг нь тодорхойгүй байдлаар Монголын мусульманы нийгэмлэгүүдийн дин ислам холбоо нь уг шинээр баригдсан мешитийг ямар нэгэн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж, нэхэмжлэлд дурдагдсан 000514234 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг авсан |байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Б сумын Засаг даргын 2011 оны 106 дугаар захирамж засвартай, аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 395 дугаар албан бичгээс үзэхэд тийм захирамж байдаггүй юм байна. Би тухайн мешитэд 10 жил ажиллахдаа Монголын мусульманы нийгэмлэгүүдийг хараагүй, ямар ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Одоо Монголын мусульман нийгэмлэгүүдийн дин ислам холбоо тухайн мешит бид нарын өмч, бид нар авна гэж маргаан гаргасан. Тиймээс шүүхийн өмнө ирж байгаа. Тэд нар шинэ мешитийг авч, би өөрийнхөө ажиллаж байгаа хуучин мешитэд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид нарын хуучин мешитэд газрын гэрчилгээ байгаа. Бид нар тийм их том газар авна гэхгүй. Бид нарт 500 кв.м газар байвал болно. Тиймээс бид нарт 500 кв.м газрыг олгож, үлдсэн 5000 кв.м газрыг нэхэмжлэгч талд олгож эвлэрүүлж өгөхийг хүсэж байна  гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2002 онд Хайдар мешит байсан. Энэ нь нэр бүхий 12 гэрчийн мэдүүлэг, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, фото зураг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 2005 онд уг мешитийг Хайдарын нэрэмжит болгож, дараа нь  2011,2015 онд Хайдар сүмд  шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага 2007 онд үүсгэн байгуулагдсан. 2011 оны 12 дугаар сард маргаан бүхий газрыг авсан гэж  байгаа. Ийм үйл баримт тогтоогдсон. Дараагийн үйл баримт нь миний үйлчлүүлэгч байгууллагын имам / тэргүүн/ нь  2009 оноос хойш Хайдар мешитийн  имамаар /тэргүүн/ ажиллаж ирсэн нь тушаал болон үйлчлүүлэгчийн өөрийнх нь гаргасан тайлбараар, мөн шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл  О.М нь Хайдар мешитийн имамаар /тэргүүн/ 10 дахь жилдээ ажиллаж  байгаа  нь тогтоогдсон. Маргаан юунаас үүссэн гэхэд Турк улсын Муневвер гэдэг иргэний санхүүжилтээр 2016 онд Цагаан арал багт шинэ сүм баригдсан. Энэ сүмийн 20 хувь нь ард иргэдийн хөрөнгөөр баригдсан байдаг. Дараа нь нэхэмжлэгч байгууллага гарч ирээд ямар нэгэн байдлаар хөөцөлдөж байгаад сүмийг  2018 онд өөрийнхөө нэр дээр буулгаж авсан. Ингэхдээ 2017 оны 11 дүгээр сард кадастрын зураг үйлдүүлсэн. Тэрнээс өмнө нэхэмжлэгч байгууллагын дээр дурдсан хоёр захирамжийн дагуу кадастрын зураг үйлдэгдээгүй. 2018 онд шинээр баригдсан сүмийн өмчлөх эрхийн гэрчилгээг  авахын өмнө кадастрын зураг үйлдүүлж авсан.

  Мөн шинээр баригдсан сүмд  имамаар /тэргүүн/ О.Мг ажиллуулах юм уу, эсхүл Монголын мусульманы нийгэмлэгээс нэг хүн гарч ирсэн, тэрийг ажиллуулах юм уу гэсэн хүний нөөцтэй холбоотой маргаан гарсан. Ингээд энэ нь газрын маргаан болж хувирсан. 2016 оноос хойш маргалдаж явсаар 2019 онд 2 байгууллагын хооронд таарамжгүй байдал үүсээд О.Мг шинэ сүм болон 5000 м.кв газар, түүгээр барахгүй хуучин сүмээс албадан гаргах хэрэгтэй гэсэн нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 427 тоот шийдвэрийн 1 дүгээр заалтаар Баян-Өлгий аймгийн Б сумын 3-р баг, Цагаан аралд 120 м.кв талбайтай шашны хийдийн зориулалттай барилгыг О.Мн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл 120 м.кв  газарт  сүм байгаа, ийшээ л орж болохгүй гэж шийдвэрлэсэн. Тэгээд  О.Мгийн Б сумын 3-р баг Цагаан аралд байршилтай Монголын мусульман нийгэмлэгүүдийн холбоонд эзэмшүүлсэн 5000 м.кв газрыг хууль бусаар ашиглаж байгаа үйлдлийг тогтоож, түүнийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх энэ асуудлыг шийдчихсэн, өөрөөр хэлбэл О.М болон Хайдар мешитийн хувьд аль аль нь нэхэмжлэгч байгууллагын 5000 м.кв газарт  хууль бусаар оршин сууж байгаа  үйл баримт  тогтоогдохгүй байна, тийм учраас албадан нүүлгэх шаардлага байхгүй, хуучин 2002 онд  баригдсан Хайдар мешит нь ард иргэдийн санхүүжилтээр баригдсан байна, уг мешитийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд талын аль аль нь өмчилдөг болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэн шийдвэр гарсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж байгаа. 2002 онд Хайдар гэдэг  оноосон нэртэй сүм байгаагүй, Цагаан арал багийн сүм гэж нэрлэгдэж байсан. 2005 онд Хайдарын нэрэмжит болж, 2015 онд албан ёсоор бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа.Нийтэд илэрхий гэдгийг Хайдар мешитийн хувьд ярих юм бол Цагаан аралд байгаа бүх ард иргэд 2002 онд байгуулсан мешитийг  Хайдар мешит  гэдэг байдлаар гэж бүгд мэдэж байгаа,одоо ч гэсэн тэгж нэрлэдэг. Тэгэхээр тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй гэхээр  Хайдар мешит биш болчихгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр 106 дугаар захирамж хуурамч, засвартай болох нь нотлогдсон. 106 дугаар захирамжийг үндэслээд олгосон гэрчилгээ нь өөрөө хууль бус гэж үзэх үндэслэлтэй.  Тийм учраас нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн одоо ч эвлэрэх боломжтой, шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэлсэн санал маань хэвээрээ гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь: 

Нэг. Нэхэмжлэгчийн Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн  “Газар эзэмшүүлсэн захирамжид  өөрчлөлт оруулах тухай” А/69 дүгээр захирамж, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 Маргаан бүхий захиргааны акт болох Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар[1]  тус сумын Засаг даргын  2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар “Газар эзэмшүүлэх тухай”  захирамжид өөрчлөлт оруулсан ба  хариуцагч Б сумын Засаг даргаас уг А/69 дүгээр захирамжийн үндэслэлийн талаар “Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбоо болон Хайдар мешитийг үүсгэн байгуулсан хүмүүс 2011 онд Б сумын Засаг даргад хандаж газар хүссэн тухай өргөдөл гаргасны дагуу Засаг даргаас аль алинд 5000 м.кв газрыг олгохоор  шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар захирамжаар Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбоонд, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамжаар  Хайдар мешитэд  тус тус 5000 м.кв газар  олгохоор шийдвэрлэсэн байсан. Гэхдээ Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамж гарахдаа Хайдар мешитэд бус Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбоонд 5000 м.кв газар олгосон мэт техникийн шинжтэй алдаа байсан нь тогтоогдсон. Тийм учраас маргаан бүхий актаар залруулга хийсэн” гэсэн  тайлбар гаргасан. 

Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Манай холбоо нь 2011 оны 12 дугаар сард Б сумын Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргаж,  Б сумын 3 дугаар баг /Цагаан арал/-аас 5000 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Тэрний дагуу манай байгууллагад газар эзэмших гэрчилгээ бичиж өгч, гэрээ байгуулсан. Газар эзэмшүүлэх захирамжийн дугаарыг хэн зассаныг бид мэдэхгүй. Бид тухайн үед бичиж өгсөн гэрчилгээг авсан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий 106, 110 дугаартай захирамжууд нь үг, үсэг, утга найруулгын хувьд нэг л захирамж байгаа. Зөвхөн Монголын мусульман нийгэмлэгт газар эзэмшүүлэхээр шийдвэр гарсан. Эрх бүхий байгууллага болох Б сумын Засаг даргаас Хайдар мешитэд зориулан Цагаан арал багт ямар нэгэн газар эзэмшүүлсэн эрхийн акт гараагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа”  гэж тайлбарласан.

Б сумын 3 дугаар багт /Цагаан арал/  байршилтай  сүмийн /хуучин/ барилга нь 2002 онд тус багийн иргэдийн хандиваар  баригдсан ба сүмийг А.Хайдарын нэрээр  буюу Х.Ш гэж нэрлэдэг байсан,  уг сүмийн  барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийн   өмчлөгчөөр хэн нэгэн бүртгэгдээгүй,  энэхүү  сүмийн барилгын хажууд 2016 онд баригдсан 120  м.кв талбайтай шинэ сүмийн барилга  буюу үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны  өмчлөгчөөр М.М.Н.Д.Ихолбоог улсын бүртгэлд  бүртгэж, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өмчлөх эрхийн  гэрчилгээ олгосон, мөн нэхэмжлэгч болох М.М.Н.Д.Ихолбоо нь 2008 онд байгуулагдан улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргахгүй байна.

Хэрэгт Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай[3] “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай[4] “Газар эзэмшүүлэх тухай”  гэсэн захирамжууд авагдсан ба уг захирамжуудын огноо, дугаар  нь өөр байгаа боловч утга агуулгын хувьд адилхан буюу “Б сумын Цагаан арал дахь мешитэд 5000 м.кв талбайтай газрыг Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбооны Б сумын 3 дугаар багийн төв дэх салбарын мусульман шашныг сурталчилгааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэжээ.

Энэ талаар гэрчүүд болох Б сумын Засаг даргаар 2009-2012 онд ажиллаж байсан З.Мадениет “...2011 оны 106,110 дугаар захирамжуудад байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн. Гэхдээ 2011 оны 106 дугаар захирамжийн 06 гэсэн өдөр болон 106 гэсэн дугаарын хэсэг засвартай байна. Би үүнийг засварлаагүй, яагаад ийм засвартай байгааг мэдэхгүй. Гэхдээ миний санаж байгаагаар Цагаан арал багийн сүм байрлаж байгаа 5000 м.кв  газрыг Монголын мусульманы нийгэмлэгийн хүсэлтээр  уг байгууллагад эзэмшүүлсэн нь үнэн.Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа үүнээс  өөрөөр  тухайн багт ямар нэгэн шашны байгууллага, сүм, хийдэд газар эзэмшүүлж байгаагүй. ... Харин тухайн үед Хайдар мешит гэж байгууллага байсныг мэдэхгүй. ...Тухайн үед Монголын  мусульманы нийгэмлэгт К.Сайран, Х.Б гэж хүмүүс байсныг санаж байна.Эдгээр хүмүүсийн хүсэлтээр Цагаан арал багт 5000 м.кв газар эзэмшүүлснээ санаж байна” гэж мэдүүлсэн[5]. 2004 оноос тус сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаар ажиллаж байгаа Х.А  “2011.12.06-ны  өдөр 106 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Уг захирамжаар Б сумын Цагаан арал баг буюу 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс сүм байрлаж байгаа 5000 м.кв газрыг Монголын мусульман нийгэмлэгт эзэмшүүлсэн. ... газар эзэмших гэрээ байгуулан, **** дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон. Уг гэрчилгээг тухайн үед буюу 2011.12.06-ны өдөр бичиж олгосон” гэж мэдүүлсэн[6] ба М.М.Н.Д.Ихолбоо нь 2017, 2018  онуудад   уг газрын төлбөрийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7]  тогтоогдсон.

Мөн  шинжээчийн дүгнэлтээр[8]  2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай  захирамжийн огноо хэсгийн 06 гэсэн тоог засварласан, дугаарын хэсгийн 106 гэсэн тоог засварласан буюу өмнө нь 110 гэсэн тоо байсан нь  тус тус нотлогдсоноос гадна  Б сумын Засаг даргын 2011 оны 106 дугаартай захирамж нь 12 дугаар сарын 07-ны өдөр гарсан  “Хүүхэд үрчлүүлэх тухай”  агуулгатай захирамж болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[9] тогтоогдсон болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд 2011 онд М.М.Н.Д.Ихолбоонд Б сумын 3 дугаар /Цагаан арал/ багийн 2002 онд баригдсан сүм байрлаж байгаа 5000 м.кв газрыг тус сумын Засаг даргын 2011 онд 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар “Газар эзэмшүүлэх тухай”  захирамжаар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өмнө нь дурдсанаар маргаан бүхий А/69 дүгээр захирамжаар Б сумын Цагаан арал багийн сүм байрлаж байгаа 5000 м.кв талбайтай газрыг М.М.Н.Д.И холбоонд  эзэмшүүлснийг  Хайдар мешит /сүм/-д эзэмшүүлэхээр дээрх 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан ба гуравдагч этгээд Х.Ш шашны байгууллагын тэргүүн О.Мгаас “Хайдар мешит нь 2011 онд Хайдар мешитийн газрыг албан ёсны болгож авахаар эрх бүхий этгээдэд хандаж өргөдөл гаргаснаар Б сумын Засаг даргын 2011 оны 110 дугаар шийдвэрээр **** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Хайдар мешитийг албан ёсны бүртгэлтэй болгож, үйл ажиллагааг нь хуулийн дагуу явуулахаар болж хөөцөлдөж, улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сүм хийд байгуулах зөвшөөрөл авсан, дараа нь Хайдар мешитийг албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, 000075550 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг авсан” гэсэн тайлбар гаргасан.

Газрын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж,  улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ: 8.1.7.шашны байгууллага”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  1-д “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ” гэж  тус тус зааснаас  үзэхэд  газрыг  зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага,өөрөөр хэлбэл тодорхой субъектэд эзэмшүүлэх бөгөөд аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдийн хувьд  улсын бүртгэлд бүртгүүлснээр  газар эзэмших эрх үүсэхээр  зохицуулжээ.

Гэтэл 2002 онд Б сумын 3 дугаар багт /Цагаан арал/ сүмийн барилга баригдсан, уг сүмийг Х.Ш  гэж  нэрлэдэг байсан, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Б сумын Цагаан арал багт Хайдар мешит /сүм/ байгуулах зөвшөөрөл олгосон боловч уг сүмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гуравдагч этгээд нь  Х.Ш нэртэй  шашны байгууллага  2015 онд байгуулан  улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[10] нотлогдсон.

Үүнээс гадна дээрх байдлаар 2011 онд М.М.Н.Д.Ихолбоонд Б сумын 3 дугаар /Цагаан арал/ багаас 5000 м.кв газрыг тус сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн нь тогтоогдсон, харин  тухайн  онд  эрх бүхий этгээдээс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс М.М.Н.Д.Ихолбооноос гадна өөр ямар нэгэн шашны байгууллагад газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй. Мөн Хайдар мешитэд Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/110 дугаар шийдвэрийг үндэслэн тус сумын 3 дугаар багт 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар,  үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх тухай агуулгатай 2011 оны 12 сарын 09 гэсэн огноотой,  **** дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэт цаас нь  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б сумын газрын даамалд хуваарилагдсан, уг гэрчилгээг 2017 онд гуравдагч этгээд О.Мгийн хүсэлтээр  2011.12.09-ний өдөр гэсэн огноотойгоор  бичиж өгсөн болох нь  тус тус гэрч З.Мадениет, Х.А нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[11] нотлогдож  байх тул Хайдар мешит /сүм/-д Б сумын Засаг даргын 2011 онд 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамжаар  3 дугаар багаас 5000 м.кв газар эзэмшүүлсэн гэх гуравдагч этгээдийн тайлбар нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа, мөн 2011 онд улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд мөн үед газар эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй  болно.   

Иймд Хайдар мешит /сүм/-д  эрх бүхий этгээдээс Б сумын  3 дугаар багаас 5000 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй,  мөн хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд аж ахуйн нэгжийн хувиар газар эзэмшүүлэх эрх зүйн үндэслэлгүй  байхад  М.М.Н.Д.Ихолбоонд   Б сумын 3 дугаар /Цагаан арал/  багийн сүм байрлаж байгаа 5000 м.кв талбайтай газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамжид өөрчлөлт оруулж,  уг 5000 кв.м газрыг Хайдар мешит /сүм/-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт болох Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/69 дүгээр захирамж нь бодит нөхцөл байдалд тохироогүй,  үндэслэлгүй шийдвэр байгаагаас гадна Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь заалттай тус тус нийцээгүй,  35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.

Мөн эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байхад  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх  заалттай тус тус нийцэхгүй байх тул 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  огноотой, **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ   гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/69 дүгээр захирамж,  2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  огноотой, **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр.Гуравдагч этгээдийн Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар захирамж, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай бие даасан шаардлагын хувьд:

Гуравдагч этгээдийн маргаж буй Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэсэн огноотой,  106 дугаартай  “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн огноо, дугаарыг засварласан, хуурамч  болох нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба Б сумын Цагаан арал багийн сүм байрлаж байгаа 5000 м.кв газрыг  М.М.Н.Д.Ихолбоонд Б сумын Засаг даргын 2011 оны  12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар захирамжаар  эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул  уг эрх зүйн үр дагаваргүй захиргааны акт болох 106 дугаар захирамжийг  хүчингүй болгох шаардлагагүй  байна гэж үзлээ. Түүнчлэн  дээр дурдсанчлан Хайдар мешит /сүм/-д  Б сумын Цагаан арал багаас 5000 м.кв газрыг  эзэмшүүлсэн  шийдвэр гараагүйгээс гадна хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд аж ахуйн нэгжийн хувиар газар эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч М.М.Н.Д.Ихолбоонд олгосон 2011 оны 12 дугаар сарын 06 гэсэн огноотой **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Уг газар эзэмших эрхийн  гэрчилгээнд газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг буруу бичсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй  ба энэ нь уг газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгох  үндэслэл болохгүй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн дээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1,106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

              1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,27 дугаар зүйлийн 27.2,31 дүгээр зүйлийн 31.1,31.3,34 дүгээр зүйлийн 34.1,35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М.Н.Д.Ихолбооны   нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн  “Газар эзэмшүүлсэн захирамжид  өөрчлөлт оруулах тухай” А/69 дүгээр захирамж, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Х.Ш шашны байгууллагын “Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЕРКЕШ

 


[1] Хэргийн 210-рхуудас

[2] Хэргийн 26,40-41,170-р хуудас, 13-24,29-р хуудас/2-р хавтас/

[3] Хэргийн 164-р хуудас

[4] Хэргийн 163-р хуудас

[5] Хэргийн 122-р хуудас

[6] Хэргийн 115-117-р хуудас

[7] Хэргийн 214-215-р хуудас,101-102-р хуудас/2-р хавтас/

[8] Хэргийн 161-162-р хуудас

[9] Хэргийн 80-83-р хуудас

[10] Хэргийн 86,88-108,122,139-141-р хуудас

[11] Хэргийн 60,122,151-152-р  хуудас