Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00181/И

 

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгон 51-02 тоотод оршин суух, Шинэд овогт Сэр-Одын Алтанцэцэг /РД:СЖ91101002/, Ямаахайт овогт Гансүхийн Ангараг /РД:ЛЖ89081515/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны захирагчид холбогдох

 “Ажлаас үндэслэлгүй халсан болон үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

    

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Алтанцэцэг, Г.Ангараг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хурх тосгоны эмнэлэгт эмчлэгч эмчээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс салбарын эрхлэгч миний нөхөр Г.Ангараг 3 сарын хугацаатай чанд авиан мэргэжил дээшлүүлэх сургалтанд явахаар эрхлэгчийн ажлаа тосгоны захирагч Ж.Энххуягийн захирамжаар намайг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилуулан хүлээлгэж өгсөн. Өөрийгөө эмчлэгч эмчээр түр томилуулсан. 3 сарын хугацаанд үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж байтал нөхөр маань сургалтаа дуусган эргэн ирж эрхлэгч эмчийн ажлаа надаас хүлээн авах гэж тосгоны захирагч Гочоогийн Нацагдоржтой очиж уулзахад та 2 эхнэр, нөхөр нэг байгууллагад ажиллаж болохгүй ашиг сонирхлын зөрчил байгаа, хэн нэг чинь ажлаасаа халагд, хэнийгээ халахаа шийдээд ир гэж шаардлага тавьсан. Маргааш нь манай нөхөр Ангараг очиж уулзаж бид хэн хэнийгээ халуулахгүй, ажлаа хиймээр байна гэхэд эхнэрийг чинь хална гэж хэлсэн. Миний нөхөр та энэ тухай өөрт нь хэл гэж намайг дуудаж уулзуулсан. Чи нөхөртэйгээ хамт ажиллаж болохгүй ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна. Чамайг ажлаас чинь чөлөөлнө. Чи ажил дээрээ очоод эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгөхөд бэлдээд байж бай гэж хэлсэн. Ингээд 2 цагийн дараа ажлаас чөлөөлөх тушаалыг ажил хүлээлцэх комиссын гишүүн И.Ганшараар ирүүлсэн байсан. Тушаалыг авч үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу ажил албан тушаалд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг минь олгож өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

 

Нэхэмжлэгч Г.Ангараг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад 3 сарын хугацаатай чанд авиан мэргэжил дээшлүүлэх сургалтанд явахаар эрхлэгчийн ажлаа тосгоны захирагч Ж.Энххуягийн тушаалын дагуу Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч миний эхнэр С.Алтанцэцэгт Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилуулан хүлээлгэж өгсөн. Сургалтаа дуусган эргэн ирж эрхлэгч эмчийн ажлаа надаас хүлээн авах гэж тосгоны захирагч Гочоогийн Нацагдоржтой очиж уулзахад та 2 эхнэр, нөхөр нэг байгууллагад ажиллаж болохгүй ашиг сонирхлын зөрчил байгаа, хэн нэг чинь ажлаасаа халагд, хэнийгээ халахаа шийдээд ир гэж шаардлага тавьсан. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж оронд нь Б.Байгалтуяа гэх хүнийг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр томилж үндсэн ажлыг маань өөрт эргүүлж өгөлгүй албан тушаал бууруулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, 11.1.9 дэх заалтуудыг давхар зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын дагуу ажил албан тушаалд минь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгоно уу гэжээ.

 

 Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн ажлаас халсан. Урьдчилан мэдэгдсэн, сануулсан зүйл нэг ч байгаагүй. Манай нөхөр ирээд 3 хонож байхад Засаг дарга дуудаж байна гэсэн. Үнэхээр миний ажил хангалтгүй байсан бол 2 цагийн дотор алдаа мадаггүй хүлээлгэн өгч чадахгүй байсан. Дүгнэлтүүд нь байгаа байх. Хэрвээ намайг дутуу ажилласан гэж байгаа бол үзүүлэлтүүд нь сайжирч дүгнэгдэж байсан. Нацагдорж гуайн ажилд түр томилох тушаал байгаа. Өөрөө тушаалаа засаж гаргасан байгаа. Төсвийн хөрөнгийг журмын дагуу зарцуулж явсан. Миний болон гэр бүлийн маань нэр хүндэд халдсан. Хамтран ажиллах хугацаанд надтай олон удаа зүй бусаар харьцсан үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Надад янз бүрийн санал гомдол ирж байгаагүй. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн төвд шалгалт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол ажлаас буруу халсан тул 2017 оны 2 сарын 9-ний өдрийн Б/04 тушаалыг  хүчингүй болгож, эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байна. 1.018.750 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цалингийн зөрүүнд нэхэмжилж байна. Нэхэмжлэл өгөх гэж ирж очсон, хуралдаан хойшилсон, наашаа ирсэн, тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийлээд 1.583.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ангараг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ангараг миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хэвлийн хөндийн хэт авиан оношилгооны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Өөрийн эрхэлж байсан ажлаа Алтанцэцэгт үлдээгээд явсан. 2017 оны 02  дугаар сарын 9-нд Хурх тосгоны захирагчтай уулзахад буцааж чамайг томилох боломжгүй, эхнэрийг чинь халлаа, дагаад явна уу өөрөө мэд. Чи сурсан нь үнэн үү, хаагуур юу хийгээд яваад ирсэн бэ гэж байсан. Намайг явахад тосгоны захирагч өөр хүн байсан. Эрхлэгч эмчийг томилох болон чөлөөлөх нь Эрүүл Мэндийн Газрын дарга болон сум тосгоны захирагч нар зөвшилцөж тушаал гаргах ёстой байдаг. Гэтэл зөвшилцөөгүй тул Эрүүл мэндийн газраас ийм материал бүрдүүлсэн гэж үзэж байна. 2017 оны 02 дугаар 09-ний өдрийн Б/03 тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар захиргааны чөлөөтэй сургуульд явсан учир ажил албан тушаал хэвээр хадгалагдах ёстой байсан. Иймд Байгалтуяа эмчийг томилсон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  Б/03 тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. С.Алтанцэцэг нь Г.Ангарагийг эрхлэгчээр ажиллаж байхад эмчээр л ажилладаг байсан. Ангарагийг эзгүйд түр орлон гүйцэтгэж байсан учраас ашиг сонирхол үүсэхгүй юм. 2 жилийн өмнө нөхрийг нь ажилд авахдаа шалгасан шалгалтыг С.Алтанцэцэг дээр хэрэглэж болохгүй. С.Алтанцэцэгийн хувьд нийт 1 582 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсч байна. С.Ангарагийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн заалтын дагуу энэ хүн 2 жил бүтэн ажиллаагүй байхад халсан. Нэг гэр бүлийн 2 хүнийг хамт ажиллуулахдаа нэг нь дарга нөгөө нь нярав, нягтлан,  жолооч байвал болохгүй. Иймд нэхэмжлэгч С.Алтанцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг үндэслэн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч Г.Ангарагийг албан тушаал бууруулж, Байгалтуяаг томилсон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/03 тушаалыг хүчингүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар ажил үүргээ гүйцэтгээгүй үед хэвээр хадгалагдаж байсан гэдэг утгаар нь цалингийн зөрүү 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Г.Нацагдорж  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

С.Алтанцэцэгийг Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмчийн ажлаас чөлөөлөх болсон дараах шалтгаан байсан юм. Үүнд: 1. Монгол улсын авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 05/3876 тоотын “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “ 3.1.11 зүйлд “ ...олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" бий болохоор байна” гэсэн заалт ба Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 27.1. зүйлийг үндэслэсэн болно. 2. С.Алтанцэцэгийг Эрхлэгч, их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөх үед дээр дурдсан хуулийн бүх нөхцөл хангагдсан болох нь санхүүгийн баримт, Эрхлэгч эмч асан Г.Ангараг (албан ёсны нөхөр)-ийн гаргаж байсан тушаал, шийдвэрүүд, хамт ажиллаж байсан сувилагч, асрагч нарын гаргасан өргөдөл ба Тосгоны иргэдээс ирүүлсэн гомдол зэргээр нотлогдсон байсан юм. (Жич: С.Алтанцэцэг болон түүний нөхөр Г.Ангараг нар нь жилийн 185 сая төгрөгийн жилийн төсөвтэй байгууллагын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан гэдгийг 2015, 2016 онуудын санхүүгийн тайлангаас харж болно.) 3. Хэнтий Аймгийн Эрүүл мэндийн газраас хийсэн зөвлөмж ба түүний мөрөөр хийсэн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн байдал ч бас түлхэц болсныг тэмдэглэж байна. Эмчийн тангараг өргөсөн иргэн С.Алтанцэцэгийн ёс зүйн ба харьцааны алдаа байнга гаргадаг байдал нь Хурх тосгонд олон жил ажиллаж амьдарч буй сувилагч, асрагч хамт олны ажиллах нөхцөлийг хүндрүүлж, иргэдэд үйлчлэх үндсэн чиг үүрэгт нь харшлах болсон тул “чөлөөлөх” шийдвэр гаргасан болно. С.Алтанцэцэгийг эрхлэгч, их эмчийн ажлаас чөлөөлөхийн өмнө дээр дурдсан өргөдөл гомдол, санхүүгийн материал, гаргасан шийдвэр зэргийг нь дурдаж, “ажлаас халахгүй”-гээр хуулийн заалтад нийцүүлэн “зөөлрүүлж чөлөөлөх” санал тавьсан минь үнэн гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны захирагч Г.Нацагдорж  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 04 дүгээр сараас хойш би Хурх тосгонд амьдарч байгаа. Энэ хугацаанд өвдөж Эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлж байсан. Урьд ямар байсан, одоо ямар болсныг сайн мэднэ. Хэнтий аймгийн Эрүүл Мэндийн Газрын хүмүүс ирж дүгнэлт өгсөн. 4 сувилагчаас 3 нь гомдол өргөдөл өгсөн байна. 4 гол хөдөлгөгч хүчний гурав нь ийм гомдол өгснөөр ямар харьцаа үүссэн нь батлагдаж байна. Ард иргэдээс мөн гомдол ирсэн байсан. Зан харьцааны хувьд маш доголдолтой ёс зүйгүй гэдэг дүгнэлтийг өргөдөл дээр тодорхой бичсэн байсан. Хамгийн гол үндэслэл нь Эрүүл мэндийн газраас ирсэн зөвлөмж юм. 2 сарын дараа уг зөвлөмжийг хэрхэн биелүүлсэн талаар шалгахаар ирсэн. Өглөө 11 цагт ирээд орой 15 цаг гээд явсан. Энэ нь шалгалтын хангалттай хугацаа юм. Анх ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчиж авсан, мөн Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэсэн байдаг. Иймд Хөдөлмөрийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т эхнэр, нөхөр хоёр нэг дор төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Г.Ангараг Хурх тосгоны хөрөнгөөр 3 сарын хугацаатай сургалтанд явуулсан учраас түүнийг ажилд нь үлдээсэн. Эхнэр С.Алтанцэцэгийн хувьд ёс зүйн зөрчилтэй, харилцааны доголдолтой хүн юм. Олон удаа гомдол санал ирээд, ёс зүйн хороонд хандаад байхад үүнийг Г.Ангараг нуун дарагдуулж өнгөрөөсөн. Эрхлэгч эмч болчихвол сурсан зүйлийг нь амьдрал дээр хэрэглэхэд түвэгтэй болно. Шууд хариуцсан эмчилгээндээ, эхоны аппаратаа хэрхэн эзэмшсэн, сурсан зүйлээ баталгаажуулахад түвэгтэй болно гэж үзэж эрхлэгчээр томилоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:                                                                           

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг, Г.Ангараг нар нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны захирагч Г.Нацагдоржид холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халсан болон үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

Нэг: нэхэмжлэгч Г.Ангарагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Ж.Энххуягийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар Г.Ангарагийг Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр томилсон байх ба Г.Ангараг нь мэргэжил дээшлүүлэх урт хугацааны сургалтанд хамрагдах болсон тул түүний ажлыг их эмч С.Алтанцэцэгээр түр орлон гүйцэтгүүлэхээр Хурх тосгоны захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай захирамж гарсан байна. Өөрөөр хэлбэл захиргааны чөлөөг авсан, өгсөн байдал тодорхойлогдож байна.

Г.Ангараг нь хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо судлалын давтан сургалтанд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын захиалгаар хамрагдан 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 02 сар хүртэлх хугацаанд суралцаж дүүргэсэн болох нь Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаагийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 655 дугаартай албан тоот, Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ, сургалтын гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заажээ.

 Гэтэл хариуцагч Хурх тосгоны захирагч Г.Нацагдорж нь ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байх ёстой Г.Ангарагийн ажил албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулж, түүний эрхэлж байсан ажил албан тушаалд өөр хүнийг томилсон нь хууль бус байна.

Иймд Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай Б.Байгалтуяаг Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр томилсон захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч                   Г.Ангарагийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хэнтий аймгийн Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Хоёр: Нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Хурх тосгоны захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн б/04 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч С.Алтанцэцэгийг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт нь:..Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглосон заалт байна.

Алслагдсан хөдөө орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа их эмч С.Алтанцэцэгийн хувьд нөхөр болох эрхлэгч их эмч Г.Ангарагтай хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ажил мэргэжлийн онцлог, шаардлага, эмч мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ хангамж зэргээс шалтгаалан зарим тохиолдолд бие биенийхээ ажлыг нөхөн гүйцэтгэх, түр орлох зэрэг ажил, амьдралын хэрэгцээ шаардлага гарч болох юм.

Иймд түүнийг Хэнтий аймгийн Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, их эмчийн ажлаас чөлөөлсөн Хурх тосгоны захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Алтанцэцэгийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хэнтий аймгийн Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Дашрамд хариуцагч Хурх тосгоны захирагч Г.Нацагдорж нь нэхэмжлэгч                        С.Алтанцэцэгийг ёс зүйгүй, зан харьцааны доголдолтой, хамт ажиллаж байгаа сувилагч нараас нь гадна иргэдээс энэ хүний тухай гомдол санал их ирдэг гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар нотолсонгүй. Түүнчлэн нэхэмжлэгч               Г.Ангарагийг 2016 оны Улсын их хурлын сонгуулийн үеэр их улс төржиж байсан гэсэн тайлбарыг хийж байгаа боловч мөн л энэ тухайгаа баримтаар нотолсонгүй. 

Хариуцагч нь мөн Хэнтий Аймгийн Эрүүл мэндийн газраас хийсэн зөвлөмж ба түүний мөрөөр хийсэн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн байдал ч эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулахад түлхэц болсныг тэмдэглэж байна гэж байгаа хэдий ч Хэнтий аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүдийн 2015 оны ажил дүгнэсэн үзүүлэлтэнд Хурх тосгон буюу Гурван-баяны Эрүүл мэндийн төв 89 хувьтай, 2016 оны ажил дүгнэсэн үзүүлэлтэнд 90,3 хувьтай буюу хангалттай сайн хэмжээнд дүгнэгдсэн болох нь Сумын эрүүл мэндийн төвүүдийн 2015 он болон 2016 оны ажил, гэрээний биелэлтийг дүгнэсэн байдлуудаар нотлогдож байна.

Нэгэнт нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулсан нь тогтоогдож байх тул тэдгээрийн цалин, нэмэгдэл, холбогдох бусад урамшууллыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нь нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Хурх тосгоны захирагч болон Хурх тосгоны Эрүүл мэндийн төвд хамтад нь үүрэг болгох нь зүйтэй байна

Мөн нэхэмжлэгч нарын үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурсантай холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан, ирж очсон, өмгөөлөгчөөс хуульзүйн туслалцаа авахдаа төлсөн хөлс мөнгийг хариуцагч буюу Хэнтий аймгийн Хурх тосгоны Захирагчийн ажлын албанаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг, Г.Ангараг нарын ажлаас үндэслэлгүй халагдсан, үндэслэлгүйгээр албан тушаал буурсан гэх гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл мөн байх тул тэдгээрийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн 70 200 төгрөг, Г.Ангарагийн 70200 төгрөгийг тус тус Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж өөрсдөд нь буцаан олгож, хариуцагч Хэнтий аймгийн Хурх тосгоны Захирагчийн ажлын албанаас 70 200 төгрөгийг нөхөн төлүүлэх шүүхийн зардалд тооцон гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                      

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч С.Алтанцэцэг, Г.Ангараг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/03 дугаартай Б.Байгалтуяаг Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр томилсон, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай С.Алтанцэцэгийг Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ангарагийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хэнтий аймгийн Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн, нэхэмжлэгч          С.Алтанцэцэгийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хэнтий аймгийн Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ангараг, С.Алтанцэцэг нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, тэдгээрийн цалин, нэмэгдэл, холбогдох бусад урамшууллыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нь нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хурх тосгоны захирагч болон Хурх тосгоны Эрүүл мэндийн төвд үүрэг болгосугай.

3. Нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн өмгөөллийн хөлсөнд 300 000 төгрөг, шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан ирж очсон замын зардал 190 000 төгрөг, нийт 490 000 төгрөг, нэхэмжлэгч Г.Ангарагийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 300 000 төгрөг, нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд ирж очсон 112 450 төгрөг, Монгол шуудан ХК-д шуудангийн үйлчилгээнд 6 140 төгрөг, нийт 418 590 төгрөгийг Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн ажлын албанаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,        56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч С.Алтанцэцэг, Г.Ангараг нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн С.Алтанцэцэгийн 70 200 төгрөг, Г.Ангарагийн 70200 төгрөгийг тус тус Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчдэд буцаан олгож, хариуцагч Хэнтий аймгийн Хурх тосгоны Захирагчийн ажлын албанаас 70 200 төгрөгийг нөхөн төлүүлэх шүүхийн зардалд тооцон гаргуулж улсын орлого болгосугай.

  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР